Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1243

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       “Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00599 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Түмэннаст,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Баяр-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдаа хөгжлийн банк шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2016 оны 3 дугаар сарын 25-ны болон 28-ны өдрүүдийн шүүгчийн захирамжаар нийт 605 000 000 төгрөгийг банкинд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх явцад хөндлөнгийн шинжээчээр барьцаа хөрөнгийн үнэлгээ хийгдсэн. Хөндлөнгийн шинжээч “Хөрөнгө-Эстимейт” ХХК нь компанийн жоншны уурхайг үнэлэхдээ уурхайн нөөцөд тулгуурлан үнэлгээ тогтоосон нь учир дутагдалтай. Бид өөрийн уурхайд ашиглалт явуулахын тулд зөвхөн тухайн орд газарт зориулан ашиглах зорилгоор орон нутгаас олгосон газар эзэмших зөвшөөрөлтэй талбайд ажилчдын болон амрах байр, ажилчдын хоолны газар, саун душ бүхий угаалгын газар, спорт талбай бүхий уурхайн хотхон, хүнд машин механизм болон тоног төхөөрөмжүүдийн гарааш, тэсэлгээний агуулах, түлшний агуулах, гүний худаг зэрэг бүтээн байгуулалтыг 6 жилийн хугацаанд өөрийн хөрөнгөөр бий болгон тохижуулан байгуулсан. Энэ бүх бүтээн байгуулсан зүйлсийг үнэлгээнд огт тусгаагүй байна. Эзэмшиж буй газартаа бий болгосон, газраас салгаж болохгүй хөрөнгүүдийг хамтад нь үнэлэх ёстой гэж үзэж байна. Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд бариулсан зургаан орон сууцны үнэлгээг зах зээлийн өнөөгийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байна. Манай компанийн эзэмшин ашиглаж буй Худалдаа хөгжлийн банкны барьцаанд бариулсан техник тоног төхөөрөмжүүдийг бүгдийг хамруулаагүй. Өөрөөр хэлбэл банкны зээлээр уурхайд авсан 3 замтай бутлуурыг үнэлгээнд хамруулаагүй. Уг бутлуурыг Худалдаа хөгжлийн банк 225 000 000 төгрөгөөр үнэлэн зээлийн барьцаа хөрөнгөнд бүртгэн авсан болно. Мөн шинжээч уурхайд очиж үзэлгүйгээр үнэлгээг хийсэн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна. Өөрөө ачигч 87-88УБ дугаартай самосвал, 18-88 УБ дугаартай ачигч ковш зэргийг үнэлээгүй. Мөн шүүхийн шийдвэрт ямар хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай заагаагүй тул хуулиар төлбөр төлөгчийн саналыг харгалзан үзнэ гэж заасан. Гэтэл санал аваагүй, зарим хөрөнгөд ажиллагаа явуулсан. Мөн шинжээч томилсон тогтоолд ашигт малтмалын 1555А тоот тусгай зөвшөөрөлд үнэлгээ хийхээр заасан байхад шинжээч 1455А зөвшөөрөлд үнэлгээ хийсэн. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлж дүгнэлт гаргасан шинжээч Д.Гантулгад эрх, үүргийг тайлбарлаж баримтжуулаагүй байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2694 дүгээр шийдвэрээр “Үнэн-анд ХХК-иас 478 287 995 төгрөгийг, тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2655 дугаар шийдвэрээр 126 026 914 төгрөгийг тус тус гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 9 сарын 22-ны өдөр үүсгэж шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа гардуулан өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй тул тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу дараах барьцаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан. Үүнд:

1.Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 32 дугаар байрны 98 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006187 дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

2.Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 32 дугаар байрны 96 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003962 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

3.Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 32 дугаар байрны 137 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006497 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

4.Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 19 дүгээр байрны 47 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014563 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

5.Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2, ХД-54 дүгээр байрны 05 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204023142 дугаарт бүртгэлтэй, 56.2 м.кв талбайтай бүхийн 2 өрөө орон сууц,

6.Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-107 дугаар байрны 39 тоот, эрхийн улсийн бүртгэлийн Ү-2205026467 дугаарт бүртгэлтэй, 47.5 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц,

7.Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг Мануулт нэртэй газар 40 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 1455А тоот тусгай зөвшөөрөл,

8.Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг Мануулт нэртэй газар уурхайд ашиглаж байгаа КТ-315 маркийн өөрөө явагч тэсэлгээний өрөм 1 ширхэг, СVFҮ-13/7 маркийн хийн компрессор 2 ширхэг, 30 кв хүчин чадалтай цахилгаан үүсгүүр 2 ширхэг,

9.Хөрсний краз автомашин 1 ширхэг, 87-88 УНЛ улсын дугаартай Хово маркийн ачааны автомашин 1 ширхэг, 51-76 УБ улсын дугаартай Хьюндай робекс маркийн эксковатор 1 ширхэг, 28-88 УБ улсын дугаартай Хьюндай робекс LC-7А маркийн эксковатор 1 ширхэг.

Битүүмжилж, хураасан дээрх барьцаа хөрөнгүүдийн өмчлөгч нараас үнийн санал өгөх талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч, үнийн саналаа ирүүлээгүй талаар төлбөр авагч талд танилцуулахад хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд зах зээлийн үнэлгээг тогтоосон. Үүнд: Т.Төмөрсолийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол 32-96 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003962 дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 185 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 129 500 000 төгрөгөөр,

Т.Төмөрсоль, С.Үенбаатар, Ц.Буянжаргал, Ү.Янжмаа, Ү.Илдбаатар нарын хамтран өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол 32-137 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006497 дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 185 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 129 500 000 төгрөгөөр,

Т.Төмөрсолийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 19-47 тоот Улсын бүртгэлийн Ү-2205014563 дугаарт бүртгэлтэй 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 132 600 000 төгрөгийн 70 хувиар тооцон 92 820 000 төгрөгөөр,

Д.Ганболдын өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол К-107 дугаар байрны 39 тоот, улсын бүртгэлийн Ү-2205026467 дугаарт бүртгэлтэй 47.5 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 118 750 000 төгрөгийн 70 хувиар тооцон 83 125 000 төгрөгөөр,

“Ү” ХХК-ийн эзэмшлийн Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг Мануулт нэртэй газар орших 40 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 1455А тоот тусгай зөвшөөрлийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны сагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 1 529 039 000 төгрөгийн 70 хувиар тооцон      1 070 327 300 төгрөгөөр,

Үнэн анд ХХК-ийн эзэмшлийн КТ-315 маркийн өөрөө явагч тэсэлгээний өрөм 8 800 000 төгрөг, СVFҮ-13/7 маркийн хийн компрессор 1 ширхэг нэг бүрийн үнэ 1 937 500 төгрөг, 30 кв хүчин чадалтай цахилгаан үүсгүүр 2 ширхэг, нэг бүрийн үнэ 400 000 төгрөг, хөрсний краз автомашин 1 ширхэг, 87-88 УНЛ улсын дугаартай Хово маркийн ачааны автомашин 1 ширхэг 47 200 000 төгрөг, 51-76 УБ улсын дугаартай Хьюндай робекс маркийн эксковатор 1 ширхэг 77 450 000 төгрөг, 28-88 УБ улсын дугаартай Хьюндай робекс LC-7А маркийн эксковатор 1 ширхэг 44 450 000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Уг үнэлгээг төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2017 оны 10 дугаар сарын 24, 25, 26-нд мэдэгдсэн.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлд хавсаргасан хацарт бутлуур, шигшүүр зэргийг барьцаалсан барьцааны гэрээ, фидуцийн гэрээг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч, авагч талаас баримтаар ирүүлээгүй. Иймд шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт байхгүй тул ажиллагаа хийгээгүй, үнэлүүлээгүй болно. Хураах, битүүмжлэх ажиллагаа хийсэн барьцаа хөрөнгө төлбөрт хангалттай хүрэлцэхээр байгаа тул өөр хөрөнгөд ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн. Хоёр шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан ажиллагааг нэгтгээгүй. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар нэг тул зэрэг ажиллагаа хийгдсэн. Уурхай дээрх ажилчдын байр, хоолны газар, угаалгын газар, уурхайн хотхон, гарааш, агуулах, гүний худаг зэрэг нь барьцаа хөрөнгө биш тул үнэлүүлээгүй. Харин шинжээч томилсон тогтоолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дугаар 1455А байхыг 1555А гэж техникийн алдаатай бичигдсэн байна. Гэхдээ энэ нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Шинжээчээр манай зүгээс хамтран ажилладаг гэрээт байгууллагыг томилсон. Байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд болох Д.Гантулгад хууль сануулж, гарын үсэг зуруулсан тул бусад шинжээчээр заавал гарын үсэг зуруулах шаардлагагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул “Ү” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Ү” ХХК нь тус банктай  зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулан 450 000 000 төгрөгийг зээлж авсан. ”Ү” ХХК нь зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 101/ШШ2016/02655, мөн 2016 оны 3 дугаар 28-ны өдрийн 101/ШШ2016/02694 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Манайх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээгээр барьцаалсан. Өөрөөр хэлбэл газрын доорх баялагийг барьцаалсан тул газар дээрх худаг, гарааш, агуулах зэргийг үнэлүүлэх ёсгүй. Манай зүгээс фидуцийн гэрээ, барьцааны гэрээг шийдвэр гүйцэтгэгчид өгөөгүй тул ажиллагаа хийгээгүй нь зөв. Одоогийн ажиллагаа хийсэн хөрөнгө шүүхийн шийдвэрийн дагуу манайд олгогдох төлбөрт хангалттай хүрэлцэхээр байгаа. Шийдвэр гүйцэтгэх газар шийдвэрт тусгагдсан барьцаа хөрөнгийн хүрээнд ажиллагаа хийх ёстой. Үүнийхээ дагуу ажиллагааг гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч талаас барьцааны 6 орон сууцны үнэлгээг бага гэж маргаж байх боловч дээрх тайлбараа нотлосон баримтыг ирүүлээгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Анх шүүхээс 2694 дүгээр шийдвэрийг гаргахдаа барьцаа хөрөнгийг дурдаагүй алдаа гарсан. Гэхдээ энэ талаар манайх шүүхэд гомдол гаргаагүй. Мөн 2694 дүгээр шийдвэрийн дагуу зээлийн барьцааны гэрээг шийдвэр гүйцэтгэгчид өгөөгүй ч манай зүгээс барьцааны зүйл адилхан гэдгийг хэлсэн байсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүх хянан хэлэлцэхдээ зөвхөн гомдлын хүрээнд хэлэлцэх тул ажиллагаа нэгтгэгдсэн эсэх, хураах, битүүмжлэх ажиллагаа зөв явагдсан эсэх энэ хэрэгт хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

    Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/02694 дүгээр шийдвэрийг биелүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 229 дүгээр тогтоолын дагуу үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгонжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байхад Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00599 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгосонд гомдолтой байгаа тул уг шийдвэрийг хүчингүй болгож "Үнэн Анд" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Ү” ХХК хариуцагч НШШГГт холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/02655 дугаар захирамжаар ”Ү” ХХК нь 125 633 854 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд төлөхийг хүлээн зөвшөөрснийг, мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/02694 дүгээр захирамжаар ”Ү” ХХК нь 477 016 479 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд төлөхийг тус тус хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэжээ. /1-р хх-ийн 10-13 дугаар тал/

 

Дээрх шийдвэрүүдийг гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шийдвэр тус бүрт үүссэн байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 101/ШШ2016/02655 дугаар шийдвэрийн дагуу Т.Төмөрсоль, С.Үенбаатар, Ц.Буянжаргал, Ү.Янжмаа, Ү.Илдбаатар нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол 32-137 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг, “Ү” ХХК-ийн эзэмшлийн, Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг Мануулт нэртэй газар орших 40 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 1455А тоот тусгай зөвшөөрөл болон КТ-315 маркийн өөрөө явагч тэсэлгээний өрөм 1 ширхэг, СVFҮ-13/7 маркийн хийн компрессор 2 ширхэг, 30 кв хүчин чадалтай цахилгаан үүсгүүр 2 ширхэг, 87-88 УНЛ улсын дугаартай краз автомашин 1 ширхэг, 51-76 УБ улсын дугаартай “Хово” маркийн ачааны автомашин 1 ширхэг, 28-88 УБ улсын дугаартай “Хьюндай робекс” маркийн эксковатор 1 ширхэг, 18-88 УБ улсын дугаартай “Хьюндай робекс LC-7А” маркийн эксковатор 1 ширхэгийг тус тус битүүмжилж хураажээ. /1-р хх-ийн 90-104 дүгээр тал/

Мөн 101/ШШ2016/02694 дүгээр шийдвэрийн дагуу Т.Төмөрсоль, Т.Дуламсүрэн нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 32 дугаар байрны 98 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,  Т.Төмөрсолийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол 32-96 тоот 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 19-47 тоот 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, Г.Нямдорж, Т.Төмөрсоль нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2, ХД-54 дүгээр байрны 05 тоот, 56.2 мкв талбай бүхий орон сууц, Д.Ганболдын өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол К-107 дугаар байрны 39 тоот, 47.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус битүүмжилж, хураасан байна. /хх-ийн 123-143 дугаар тал/

 

            Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт  зааснаар талууд үнийн санал гаргаагүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөндлөнгийн шинжээч томилсон нь үндэслэлтэй байх боловч 2 тусдаа үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгээгүй атлаа дээрх хоёр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэг шинжээч томилж ажиллагаа явуулсан нь буруу байна.

 

            Тодруулбал, 101/ШШ2016/02694 дүгээр шийдвэрийн дагуу “Ү” ХХК-ийн эзэмшлийн Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг Мануулт нэртэй газар орших 40 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 1555А тоот тусгай зөвшөөрөл болон КТ-315 маркийн өөрөө явагч тэсэлгээний өрөм 1 ширхэг, СVFҮ-13/7 маркийн хийн компрессор 2 ширхэг, 30 кв хүчин чадалтай цахилгаан үүсгүүр 2 ширхэг, 87-88 УНЛ улсын дугаартай краз автомашин 1 ширхэг, 51-76 УБ улсын дугаартай “Хово” маркийн ачааны автомашин 1 ширхэг, 28-88 УБ улсын дугаартай “Хьюндай робекс” маркийн эксковатор 1 ширхэг, 18-88 УБ улсын дугаартай “Хьюндай робекс LC-7А” маркийн эксковатор 1 ширхэгийг битүүмжилж, хураагаагүй атлаа уг хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнэлгээнд тооцож төлбөр төлөгч болон эд хөрөнгийн өмчлөгч нарт үнэлгээний мэдэгдэл хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

            Хөрөнгөд үнэлгээ хийсэн шинжээч нар шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй уурхайд биечлэн очиж үнэлгээ гаргаагүй, бичгийн баримтад тулгуурлан гаргасан, уг газар дээр байрлах бусад үл хөдлөх эд хөрөнгийг үнэлээгүй талаар мэдүүлсэн байна. Шинжээч нь хөрөнгийн үнэлгээнд дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасныг зөрчиж бодит үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй байна. /2-р хх-н 66-р тал/

 

            Иймд анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 9 сарын 08-ны өдрийн 229 дүгээр тогтоолын дагуу үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцжээ.   

           

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00599 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                С.ЭНХТӨР

                                               

                                          ШҮҮГЧИД                                               А.ОТГОНЦЭЦЭГ        

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ