Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 173

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар магадлалтай, 1725002350147 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн ар талын офицер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Б-ын М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирох” гэмт хэрэгт холбогджээ. 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.М-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хугацаагаар хасч, 2 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.М-д оногдуулсан 2 жил хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, 30 хоногийн дотор гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Г.Б болон өмгөөлөгч М.Ганзориг нар хамтран гаргасан гомдолдоо “Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийн хэт болгоомжгүй байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзсэн. Хохирогч нь явган хүний гарцаар гараагүй боловч Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц буюу гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр эгц хөндлөн гарна” гэсэн заалт болон Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хохирогч нь гарцгүй замаар зам хөндлөн гарсан. Шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт урдаас ирсэн машины гэрэлд гялбасан, машинаа зогсоох арга хэмжээ аваагүй миний буруу хэмээн мэдүүлж, Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дүгээр хэсэгт заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэх заалтыг зөрчсөн нь тогтоогддог. Шүүгдэгч дээрх Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөр хохирогчийн амь нас эрсдсэн шууд шалтгаант холбоо бий болсон байхад хохирогчийн хэт болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн хэмээн үзэж ялыг хөнгөрүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч машинаа Замын хөдөлгөөний дүрмийн дагуу нүд гялбам нөхцөлд үүсэхэд машинаа шууд зогсоох арга хэмжээ авсан бол хохирогчийн амь нас эрсдэхгүй байх боломжтой байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасахаар хууль тогтоогч тогтоосон. Гэтэл шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж нэмэгдэл ялыг хэрэглэсэн бөгөөд ямар үндэслэлээр нэмэгдэл ялыг бага хэмжээгээр оногдуулсан нь тодорхой бус байна. Нөгөө талаас хэргийн нөхцөл байдлаас харахад нэмэгдэл ялыг ийнхүү багаар тогтоох үндэслэл харагдахгүй байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар ялын санкц нь 1-5 жилийн хорих ялтай байтал шүүгдэгчид 2 жил хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон байтал анхан шатны шүүх шүүгдэгчид ашигтайгаар үндсэн болон нэмэгдэл ялын хэмжээг хамгийн багаар оногдуулж, хохирогчийн гэмт буруутай үйлдэл байсан гэж хохирогчийг буруутгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасныг буруу хэрэглэхэд хүргэсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан. Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол болох бөгөөд амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардал болон бусад холбогдох зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдоно. Гэтэл анхан шатны шүүх 21 хоногийн буяны ажилд 3,011,905 төгрөг, 49 хоногийн буяны ажилд зарцуулсан 3,574,700 төгрөг, хохирогчид тэтгэврийн зээлийн үлдэгдэл 4,672,307 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй. Иймд Б.М-д оногдуулсан ялыг хүндрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга хэлсэн саналдаа “Шүүгдэгчид оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуульд нийцсэн. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх боломжтой. Шүүгдэгч нь анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэж, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэн улмаар цагдаа дуудсан. Мөн хэрэг гарах үед хохирогчийн хууль бус үйлдэл байсан. Хохирогч явган хүний гарцаас 6 метрийн зайд байсан ба явган хүний гарцаас 5 метр дотор гарцад хамаардаг юм билээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуульд нийцсэн байх хуулийн шаардлага хангасан тул хэвээр үлдээж өгөхийг хүсч байна. Хохирлын асуудлаар талийгаачийн 21 хоногийн буяны ажилд 3,011,905 төгрөг, 49 хоногийн буяны ажилд 3,574,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Оршуулгын бодит зардлыг шүүгдэгч төлсөн. Мөн тэтгэврийн зээлийн асуудлыг хамтран зээлдэгч, батлан даагч нь даах ёстой” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Энэ хэргийн тухайд шалгах ёстой асуудлуудыг шалгасан. Хэргийн зүйлчлэл тохирсон, шинжээчийн 144 тоот дүгнэлтээр шүүгдэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 15.1, талийгаач Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн. Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлд нөлөөлсөн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. Хохирлын хувьд шүүгдэгчээс 4,833,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг бүрэн төлж барагдуулсан байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь шүүгдэгч Б.М-ын холбогдсон 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ 1 жил, дээд хэмжээ 5 жил байхаар хуульчилсан нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар 1.2 дахь хэсгийг журамлан хорих ялыг тэнсэхдээ мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх байтал оногдуулсан ялыг тэнсэж хуулийг буруу хэрэглэжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэмэгдэл болон үндсэн ялыг доод хэмжээгээр оногдуулсан шалтгаан болон хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн үндэслэлээ тайлбарлан бичээгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.М-ын тухайд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хорих ялыг тэнсэх болсон үндэслэлийг шийтгэх тогтоолд тусгаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж дүгнэв.

Иймд хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан ял хөнгөдсөн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Б.М-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.М-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН