Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/470

 

 

 

 

 

 

 

 

   2023        05          04                                   2023/ШЦТ/470   

 

                                

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Энх-Амар

Улсын яллагч: Г.Б нар оролцсон эрүүгийн 2309000000472 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1044 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт С.Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 11- 12-ны өдрүүдэд өдөр цахим орчин болох фейсбүүкт “uuriin tuya” гэх хуурамч хаягийг ашиглан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байрны 61 тоотод оршин суудаг иргэн Ш.З-тэй гэртээ байхад нь харилцаж улмаар харилцсан зурвасыг нь ашиглаж ашиглаж мөнгө нэхэж, “зураг хэлбэрт оруулж ойр дотны хүмүүс рүү чинь явуулна” хэмээн сүрдүүлж 300.000 төгрөгийг “ХБ”-ны .... дугаарын данс руу шилжүүлэн авч иргэн Ш.З-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримтыг тараахаар сүрдүүлж заналхийлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед би Үүрийнтуяа гэх эмэгтэй хүний фэйсбүүк хаяг нээсэн байсан. Тэгээд З гэх хүний хаяг руу “санхүү авна” гэсэн мессэж явуулахад хариу бичихээр нь мөнгө нэхсэн. Нийт 300.000 төгрөг авсан. Үүндээ гэмшиж байна...” гэв.

Эрүүгийн 2309000000472 дугаартай хэргээс:

Хохирогч Ш.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр С.Б-ий эзэмшлийн “Самсунг” SM-A605K загварын утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12 дугаар хуудас/,

Ш.Зийн “ГБ”ны 1105106773 тоот данснаас С.Б-ий “ХБ”ны .....тоот данс руу мөнгө шилжүүлсэн талаарх хуулга /хх-ийн 30 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/ болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч С.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 11- 12-ны өдрүүдэд өдөр цахим орчин болох фейсбүүкт “uuriin tuya” гэх хуурамч хаягийг ашиглан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байрны 61 тоотод оршин суудаг иргэн Ш.Зтэй гэртээ байхад нь харилцаж улмаар харилцсан зурвасыг нь ашиглаж ашиглаж мөнгө нэхэж, “зураг хэлбэрт оруулж ойр дотны хүмүүс рүү чинь явуулна” хэмээн сүрдүүлж 300.000 төгрөгийг “ХБ”ны 5926203425 дугаарын данс руу шилжүүлэн авч иргэн Ш.Зийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримтыг тараахаар сүрдүүлж заналхийлсэн гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч Ш.З-ийн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 11-ний оройн 20 цагийн орчимд гар утсаараа фейсбүүк үзэж байгаад "u” нэртэй фейсбүүк хаяг руу “hi hansh” гэсэн мессеж бичсэн юм. Тэгсэн удалгүй тухайн хаягаас “урьдчилгаа 50.000 төгрөг өгөөд утасны дугаараа өгнө, цагийн 100.000 төгрөг, хоногийн 300.000 төгрөг гээд ханшийн мэдээлэл ирсэн. Би тэгээд хариу өгөөгүй, бичсэн юмаа устгаад байж байтал миний фейсбүүк мессенжер хаяг руу "u" хаягаас "урьдчилгаа 350.000 төгрөгийг хий, миний цаг завыг алаад байна" гэх утга бүхий зүйл бичээд над руу хэд, хэдэн зураг явуулаад “чиний бичсэн мессежийг зураг хэлбэрт оруулаад ойр дотны хүмүүс рүү явууллаа гээд сүрдүүлсэн. Би тэгээд 50.000 төгрөгийг “ХБ”ны 5926203425 дугаарын данс руу шилжүүлээд унтаад өгсөн юм. Маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр миний " Z " нэртэй фейсбүүк мессенжер хаяг руу "u" хаягаас "амьд уу, үлдэгдэл мөнгөө шилжүүл” гэх утга бүхий зүйл бичсэн. Тэгээд “надад мөнгө байхгүй 100.000 төгрөг шилжүүлье” гэж хэлээд “ХБ”ны 5926203425 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд өдөр 14 цагийн орчимд “u" хаягаас дахин “маргааш гэхэд 250.000 төгрөг эсхүл өнөөдөр 150.000 төгрөг шилжүүл” гэсэн мессеж над руу явуулсан. Би тэгээд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 8-61 тоотод байхдаа 150.000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлээд “дахин над руу битгий бичээрэй, хүн амьтан руу зураг битгий явуулаарай, дахиж над руу мессеж бичиж битгий дарамтлаарай” гэж "uuriin tuya" хаяг руу бичсэн. Тэгээд над руу хэсэг хугацааны дараа “ломбардаас зөөврийн компьютероо авах хэрэгтэй байна, 16 цаг гэхэд 450.000 төгрөг шилжүүл, хэрэв шилжүүлбэл дахин хүн амьтан руу мессеж бичихгүй” гэх утгатай мессеж бичсэн бөгөөд хариу бичээгүй...би өөрийн ашигладаг “ГБ”ны 1105106773 дугаартай данснаас “ХБ”ны 6666 дугаарын С.Б гэх нэртэй данс руу 300.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр С.Бий эзэмшлийн “Самсунг” SM-A605K загварын утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Хохирогч Ш.З-ийн “ГБ”ны 1105106773 тоот данснаас Сонгинотуул Бий “ХБ”ны .... тоот данс руу мөнгө шилжүүлсэн талаарх хуулга зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдсон  болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг нь гэмт этгээдээс эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөх шаардлагыг хохирогчид тавьж, өөрт нь эсхүл ойр дотнын хүмүүсийн эрх, эрх чөлөө, нэр хүнд, хувийн нууц мэдээллийг тараахаар сүрдүүлэх,  эсхүл хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн зэрэг үйлдлээр илрэх бөгөөд гэм буруугийн хувьд шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэгддэг.

Шүүгдэгч С.Б-ий дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, хохирогч Ш.З-тэй харилцсан зурвасыг ашиглаж мөнгө нэхэж, бусдын өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдэл нь ““Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болж хувийн хэрэгцээгээ хангах гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч С.Б-ий “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийг улмаас хохирогч Ш.З-д 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 103 дугаар хуудаст авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Б-д Сүхбаатар дүүргийн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. 

 Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч С.Б-д ял шийтгэл оногдуулахдаа тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч Б овогт С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН