| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0114/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/122 |
| Огноо | 2023-06-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Шүүгдэгч Я.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Ч-т холбогдох эрүүгийн 2330000000115 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг Нэгдэл дундын найман айлын орон сууцны ... тоотод оршин суух,
Урьд 2007оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 46 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
мөн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар,
мөн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, Л овогт Я-ын Ч
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Я.Ч нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө Сүхбаатар аймгийн ... сумын ... тоот хашаанд хохирогч Ц.С-ийн гэрээс “Самсунг А-33” болон “Рэдми нөт-8” маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 693,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Я.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би бүх зүйлд буруутай шүүх бүрэлдэхүүнээс уучлалт гуйж байна. Би архи их ууснаас болж С-р орж энэ хулгайн хэргийг үйлдсэн. Миний эхнэр групптэй байдаг. Би мэргэжилгүй учир энэ тэнд ажил хийгээд гэр бүлээ тэжээдэг. Одоо түрээсийн орон сууцны барилгын ажил дээр ажиллаж байгаа. Тийм болохоор надад оногдуулах ялыг хөнгөлж өгнө үү гэв.
Эрүүгийн 2330000000115 дугаартай хэргээс:
-Хохирогч Ц.С-ийн “... Би өөрөө гэртээ байгаагүй бөгөөд би өөрийн мөнгөөрөө худалдаж авч, хүүдээ бариулж байсан “Самсунг А-33”, “Рэдми нөт-8” маркийн 2 ширхэг гар утсыг манай хүү болох С.Э-ыг А-ийн ... тоотод гэртээ 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр унтаж байхад нь гаднаас хүн орж ирээд хулгайлаад аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх 6-7-р хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Ц.Н-ийн “... Я.Ч манай дэлгүүрт төлөх ёстой байсан 44,200 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан..” гэх мэдүүлэг /хх 11-12-р хуудас/
-Иргэний нэхэмжлэгч Ц.Н-ийн гэрчээр өгсөн “... Би өнөөдөр өөрийн эрхлэн үйл ажиллагаа явуулж байгаа “Гандөш2” нэртэй дэлгүүрт 04 дүгээр сарын 28-ны өдөр дэлгүүртээ байж байтал манай худалдагч Содоо гэх эмэгтэйд гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд “2 ширхэг гар утсаа хөдөө явах гэж байгаа тул ганц шил архинд барьцаанд тавьчхаад үд гээд ирээд авчихна” гэж хэлэхээр нь худалдагч надаас асууж “барьцаанд аваад, авах гэж байгаа юмыг нь өгөөд явуулах юм уу” гэхээр нь би “тэг” гэсэн. Тэгээд тэр хүн худалдагчид 2 ширхэг гар утсыг барьцаанд үлдээгээд 2 шил 0,75 литрийн Хараа архи, 1 ширхэг бургер, тамхи зэрэг эд зүйлс авч нийт тооцоо нь 44.200 төгрөг болсон байсан. ...тухайн хүн өөрийнх нь утас юм шиг, “битгий унтраагаарай, хүн залгавал битгий аваарай” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 19-20-р хуудас/,
-Гэрч С.Э-ын “... Би өнөөдөр өглөө буюу 04 дүгээр сарын 28-ны өглөө 04 цагийн үед өөрийн дүүгийн найз болох О.Батгэрэл гэх залуутай түүний машинтай манай дүү М-ийн хамт ирээд манай гэр болох А-ийн ... тоотод аав С ээлжийн ажилтай гэртээ байхгүй, ээж эмээгийнд хоносон, манай ах Н унтаж байсан бөгөөд бид гурав манай гэрт унтаад өглөө 08 цагийн үед миний сэрүүлэг дуугараад сэрүүлэг нь унтрахгүй, манай дүү М “сэрүүлгийг чинь яаж унтраадаг юм бэ” гээд надаас асууж байсан болохоор тэр үед утас байсан гэдгийг санаад байна. Тэгээд 11 цаг гээд босоод утсаа үзтэл миний утас байдаггүй, надтай Улаанбаатараас цуг ирж хоносон Б явчихсан байсан. Тэгээд би Б-ээс чатаар асуулгасан чинь аваагүй гэж байсан, тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх 15-16-р хуудас/,
-Гэрч Ц.Н-ээс эд зүйл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч Ц.С-т эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх 73-74х/,
-“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2302128 дугаартай “...Самсунг А-33”, “Рэдми нөт-8” гар утасны зах зээлийн үнэлгээ 693,300 төгрөг болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх 29-40 дүгээр хуудас/
-Шүүгдэгч Я.Ч-ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх 57,76-87 дугаар хуудас/,
-Эд зүйл/баримт бичиг,гомдол, мэдээлэл,бусад баримт/ хүлээн авсан “Ц.Н-ээс Самсунг А-33, Рэдми нөт-8 загварын гар утаснуудыг хураан авсан” тэмдэглэл /хх 74 дүгээр хуудас/
-Эд зүйл/баримт бичиг,гомдол, мэдээлэл,бусад баримт/ хүлээлгэн өгсөн “хохирогч Ц.Ст Самсунг А-33, Рэдми нөт-8 загварын гар утаснуудыг хүлээлгэн өгсөн” тэмдэглэл /хх 74 дүгээр хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Я.Ч нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө Сүхбаатар аймгийн .... сумын ... дүгээр баг А-ийн ... тоот хашаанд хохирогч Ц.Сийн гэрээс “Самсунг А-33” болон “Рэдми нөт-8” маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 693,300 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ц.С, иргэний нэхэмжлэгч Ц.Нэ, гэрч С.Э нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний -“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2302128 дугаартай “...Самсунг А-33, “Рэдми нөт-8” гар утасны зах зээлийн үнэлгээ 693,300 төгрөг болно” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.2. Эрх зүйн дүгнэлт:
1.2.1. Хулгайлах гэмт хэрэг гэдэгт: Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр далд, нууц аргаар авахыг ойлгохоор хуульчилжээ.
Тодруулбал, шүүгдэгч Я.Ч нь хохирогч Ц.С-ийн гэрт байсан 2 ширхэг гар утсыг түүний гэрт унтаж байсан хүүхдүүд болох С.М, С.Э, Н нарт мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авснаар хулгайлах гэмт хэрэг төгсөж, уг үйлдлийн улмаас хохирогчийн өмчлөх эрхэд хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
1.2.2. Шүүгдэгч Я.Ч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
1.2.3. Прокуророос шүүгдэгч Я.Ч-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Шүүхээс шүүгдэгч Я.Ч-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гар утаснуудыг буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч Ц.Ням-Эрдэнэд хохирлыг бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.2. Шүүгдэгч Я.Ч-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин тус хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Я.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өөрийн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохирол төлбөр нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй. Шүүгдэгч өмнө 3 удаагийн ял эдэлж байсан зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ болон 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хамт хэрэглэх саналтай байна. Шүүгдэгч нь хохирол төлбөр барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй байна. Энэ хэргийн улмаас шүүгдэгч Я.Ч нь цагдан хоригдоогүй тул эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан баримт байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг гаргаж, шүүгдэгч Я.Ч нь “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна дахиж ийм гэмт хэрэг хийхгүй. Хохирогчийн хохирлыг барагдуулсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
2.3. Шүүхээс шүүгдэгч Я.Ч-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”,“согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
3. Хохирол, хор уршгийн талаар
3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч Я.Ч нь хохирогч Ц.Сийн эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, мөн иргэний нэхэмжлэгч Ц.Ням-Эрдэнэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар
4.1. Шүүгдэгч Я.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.С, иргэний нэхэмжлэгч Ц.Н нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт Я-ын Ч-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ч-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”, 3.3 дахь хэсэгт заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Я.Ч-т мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Я.Ч-т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Я.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.С, иргэний нэхэмжлэгч Ц.Н нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ