Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/125

 
                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Д-д холбогдох эрүүгийн 2330000000140 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Холбоочин мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын .....-р сургуульд цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн .... сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Э-ын Д

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Д нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 02 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум ... дүгээр баг О байрны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Г-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамар, зүүн хацарт зулгаралт, үүдэн 2 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                               

  ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 02 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум ... дүгээр баг О байрны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Г-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамар, зүүн хацарт зулгаралт, үүдэн 2 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, хохирогч Б.Г-ийн /хх 6-7 дугаар хуудас/ мэдүүлэг, гэрч С.М-ийн /хх 9-10 дугаар хуудас/ мэдүүлэг, В.З-ийн /хх 12-13 дугаар хуудас/ мэдүүлэг, М.Х-ын /хх 15-16 дугаар хуудас/ мэдүүлэг, Ж.Д-гийн/хх 18-19 дүгээр хуудас/ мэдүүлэг, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №169 дугаартай шинжээчийн “...1.Б.Г-ийн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамар, зүүн хацарт зулгаралт, үүдэн 2 шүдний эмтрэл бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх /хэргийн 26-27-р хуудас/ дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан бөгөөд яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Э.Д өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байгаа ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “Б.Г миний бие  Д-үүд гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтээр нотлогдох тул Э.Д нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй.

Хохирогч Б.Г нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох” ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Д-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон болно.

Шүүгдэгч Э.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Э-ын Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Д-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.Д-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Э.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай. 

7. Хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.АЛТАННАВЧ