| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 109/2025/0004/З |
| Дугаар | 221/МА2025/0793 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2025/0793
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.М
Нэхэмжлэгч: “Ц” ХХК
Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/755 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 29 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч А.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 109/2025/0004/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/755 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 109/ШШ2025/0029 дүгээр шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дэх хэсгийн 4.2.5 дахь заалт, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг тус тус баримтлан “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/755 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.
3.1. “...Маргаан бүхий газар нь олон жилийн туршид барилгын болон бусад хур хог хаягдал овоорсон, ухагдаж хөрс нь эвдэрсэн зарим хэсэгтээ 10 гаруй метр гүн нүх, жалгатай газар байсныг аймгийн төвийнхөн бүгд мэддэг нийтэд илэрхий орхигдсон газар байсан. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаар тогтоолоор аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа "барилгын хог хаягдлаар элэгдэж эвдэрсэн газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх газрын хэмжээ байршлыг хавсралтаар баталсны дотор маргаан бүхий газрыг тусгасан.
3.2. Нэхэмжлэгч 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай “Байгаль орчныг хамгаалах нийгмийн хариуцлагын гэрээ"-г байгуулж, барилгын хогийн цэгийн хог хаягдлыг нэгдсэн цэгт хүргэх, талбайг байгалийн төрхөд дөхүүлж тэгшилж түрж нөхөн сэргээхээр болсон. 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тухайн гэрээний гүйцэтгэлийг дүгнэн акт үйлдэхэд "... нийт 400 гаруй удаагийн явалтаар 10,000 тонн орчим хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт зөөвөрлөн хаяж тухайн газрыг түрж тэгшилж янзалсан тул гэрээнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэснээр тооцож дүгнэв гэсэн. Манай компани цэвэрлэж, тэгшлэх энэхүү ажилд 74 гаруй сая төгрөгийн зардал гаргасан. 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу хур хогийг өөрийн хөрөнгөөр цэвэрлэсэн 5 га газартаа эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг гаргасан.
3.3. Улмаар Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/569 дүгээр захирамжаар Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Тээвэрчдийн гудамж-7, 721 хаягт орших 50,000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар олгож, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулан гэрчилгээг олгосон. Харин Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/755 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/569 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3.4. Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа буюу аливаа захиргааны шийдвэр нь зорилгодоо нийцсэн", "бодит нөхцөлд тохирсон байх еренхий зарчмыг баримтлахаар Захиргааны ерөнхий хуульд заасан, эдгээр еренхий зарчмыг хэрэгжүүлэх арга журмыг мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэж заасан. Маргаан бүхий А/755 дугаар захирамжаар нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон байна. Харин үндэслэлээ газар эзэмших явцад үүссэн зөрчлөөс үүдэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримталжээ.
3.5. Анхан шатны шүүхийн шийдвэрт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 "Заcar даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно" гэснийг заасан бөгөөд энэ тохиолдолд аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/569 дүгээр захирамжаар "Ц" ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан журмыг баримталсан, ямар нэгэн зөрчилгүй байна. Гэтэл анх газар эзэмшүүлсэн харилцаанд хууль тогтоомж зөрчсөн мэтээр А/569 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус.
3.6. Түүнчлэн Газрын тухай хуульд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох зохицуулалт байхгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт нь анх олгогдсон асуудлаар бус газар эзэмших явцад үүсэх харилцааг зохицуулсан байна.
3.7. Мөн шүүхээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасныг үндэслэж, "хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох эрх хариуцагчид олгогдсон гэж үзнэ гэжээ.
Гэтэл дээр дурдсанчлан анх газар эзэмшүүлсэн захирамж хууль бус, газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, түүнийг тогтоосон зүйлгүй тул харилцан хамааралгүй зохицуулалттай хуулийг үндэслэн тодорхойгүй шийдвэр гаргасан.
3.8. Иймд маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах"-ыг зөрчсөн байна. Шүүхээс "Газрын тухай хуулийг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын дагуу "газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн 2 жилийн дотор газар дээрээ тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй/барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна" гэжээ.
3.9. Нэхэмжлэгчийн хувьд эзэмшил газартаа барилга байгууламж бодитоор бариагүй боловч "Ц" ХХК болон "Батдах" ХХК-иудын хооронд 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан "Барилгын зураг төсөл зохиох ажлын гэрээ" байгуулсан бөгөөд түүний дагуу хотхоны барилгын эскиз загвар зургийн ажил хийгдсэн, түүний үр дүнг хүлээн авсан, гэрээний төлбөрийг харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл, газар эзэмших зориулалтын хүрээнд барилгын ажил гүйцэтгэхэд шаардлагатай үйл ажиллагааг эрхлэн явуулсан, түүндээ зориулж хөрөнгө, төлбөр зарцуулсан тул газартаа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ. Харин төлбөр төлөгдсөн эсэх тухай асуудал нь гэрээнээс үүдэлтэй хоёр компанийн хоорондын иргэний эрх зүйгээр зохицуулагдах бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байгаа, гүйцэтгэл үргэлжилж байгаа нөхцөлд тухайн газарт зориулагдан хийгдсэн зураг төслийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
3.10. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ", 24.4-т “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно" гэх зэргээр тусгайлан заажээ. Түүнчлэн, захиргааны байгууллага нь шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж тухайн нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох талаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д тус тус заасан байна.
3.11. Гэтэл хариуцагчаас сонсох ажиллагаа эхэлж байхад илт газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор бусад мэргэжилтэнтэй харилцаж байснаас болж, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс бодит байдлыг тогтоох биш, нэг талыг баримталж хэлбэрийн төдий ажиллагаа явуулж байна гэж орхин гарсан. Сонсох ажиллагаа явуулсан мэргэжилтнийг гэрчээр асуухад сонсох ажиллагааны тэмдэглэлийг гараар хөтөлсөн, баталгаажуулсан бичлэг зэрэг байхгүй, Д.Б гарын үсэг зуруулаагүй гэсэн. Өөрөөр хэлбэл, сонсох ажиллагааны тэмдэглэлийг болсон бодит байдлыг бичээгүй, өөрөө бичиж, гарын үсгээ зурснаа тэмдэглэл гэж шүүхэд ирүүлсэн байгаа тул сонсох ажиллагаа нь хуульд нийцээгүй. зохих журмаар явуулаагүй.
3.12. Ашиглах боломжгүй олон жил хаягдсан, эвдэрсэн байсан газрыг олон сая төгрөгийн зардал гаргаж, ажил цаг хугацаагаа зарцуулан байж цэвэрлэж, тохижуулж эзэмших эрхтэй болсон байхад гэрээ байгуулснаас хоёр жилийн хугацаа дөнгөж дуусмагц бусад компанид өгөхөөр хүчингүй болгох захирамж гаргаж байгаа нь захиргаанаас тэгш бус хандаж шударга бус шийдвэр гаргаж байгааг илтгэж байна.
Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 109/ШШ2025/0029 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар маргаан бүхий актыг гурван сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж, 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж тус тус зааснаар хэрэв маргаан бүхий акт хууль бус болох нь мөн уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тус тус тогтоогдсон тохиолдолд шүүх уг актыг хүчингүй болгох, харин хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, тэрхүү нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шинжлэх, судлах боломжоос хэтэрсэн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй захиргааны актыг /шийдвэрийг/ тодорхой хугацаа зааж түдгэлзүүлж шийдвэрлэх үүрэгтэй.
3. Нэхэмжлэгч “Ц” ХХК нь Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/755 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ “...Аймгийн Засаг даргын зүгээс маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/755 дугаартай захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах хуулиар тогтоосон журмын хүрээнд ...оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах зэрэг ажиллагааг хийгээгүй. “Ц” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөс тайлбар, санал авч нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй, ерөнхий хуульд заасан журмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан ... Сонсох ажиллагаа явуулах ... хуулиар тогтоосон журмыг бүхэлд нь зөрчсөн гэж үзнэ. ...Аймгийн Засаг дарга нь маргаан бүхий А/755 дугаартай захирамж гаргахдаа газар эзэмшигч “Ц” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүсэхийг, цаашлаад нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан эвдрэл, элэгдэлд орсон газар нь бусад байгалийн унаган төрхөөрөө байгаа буюу эрүүл газартай адилтган зориулалтын дагуу эзэмших боломжтой эсэх дээрх нөхцөл байдалтай уялдуулж “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийн харилцаанд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хууль зүйн үндэслэл тогтоогдох боломжтой эсэхийг тусгай мэргэжлийн байгууллагаар тогтоолгох, газар эзэмшигч “Ц” ХХК-иас дээрх нөхцөл байдлын талаар санал, хүсэлт, тайлбарыг гаргуулалгүй шууд газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа нь газар эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл...” гэж тайлбарлан маргасан.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 12 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар барилгын хог хаягдлаар элэгдэж эвдэрсэн газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх газрын хэмжээг баталсан бөгөөд Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Булганхангай хороололд 5 га газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр болжээ.
5. Үүний дараа Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Ц” ХХК-тай “Байгаль орчныг хамгаалах нийгмийн хариуцлагын гэрээ”-г байгуулж, “Ц” ХХК нь Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үүссэн 5.2 гектар талбай бүхий хогийн цэгийг цэвэрлэж, засварлах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлсэн тул Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” “...Ц ХХК нь гэрээнд заасан хугацаанд тухайн газарт үүссэн хог хаягдлыг 25 тонны даацтай Howo маркийн өөрөө буулгагч 2 ширхэг машинаар нийт 400 гаруй удаагийн явалтаар 10,000 тонн орчим, хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт зөөвөрлөн хаяж тухайн газрыг түрж тэгшилж, янзалсан тул гэрээнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэснээр тооцож гэрээ, гэрээг дүгнэсэн акт фото зургийн хамт хүргүүлэв” гэх агуулга бүхий 233 дугаар албан бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.
6. Улмаар Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/569 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдсан 2022 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 233 дугаар албан тоотоор ирүүлсэн дүгнэлтийг тус тус үндэслэн 50000 м.кв газрыг 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
7. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч “Ц” ХХК нь барилгын хог хаягдлаар элэгдэж эвдэрсэн газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн тул аймгийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно” зааснаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн байна.
8. Архангай аймгийн Засаг даргын маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/755 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Ц” ХХК-д анх газар эзэмшүүлсэн Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/569 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ.
9. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасан.
10. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа үндэслэл тус бүрт хамаарах нөхцөл байдлыг буюу нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, уг газрыг анхнаасаа зориулалтын дагуу ашиглах боломжтой байсан эсэх талаар шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй, мөн шийдвэр гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөөр байхад нэхэмжлэгчид гаргах гэж буй шийдвэрийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар танилцуулж санал тайлбар гаргах боломжийг олгон сонсох ажиллагааг хийх хуулиар хүлээсэн үүрэгтэй.
11. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна”, Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна”, 62 дугаар зүйлийн 62.3-д “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заасан.
12. Хариуцагчаас “...сонсох ажиллагаанд Д.Б оролцуулсан...” гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх удирдлага буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Т.М болох нь хэрэгт авагдсан “Ц” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул сонсох ажиллагаанд “Ц” ХХК-ийн төлөөлөх эрхтэй этгээдийг оролцуулсан гэж үзэх үндэслэлгүй.
13. Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар газраа зориулалтын дагуу 2 жил дараалал ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай. Гэтэл маргаан бүхий актаар нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлсэн Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/569 дүгээр захирамжийг хүчингүй болгосноос үзэхэд хариуцагч нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар анх газар эзэмшүүлсэн захирамж нь газрын тухай хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр захирамжийг хүчингүй болгосон, эсхүл нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон эсэхийн аль нь болох нь ойлгомжгүй.
Эдгээр үндэслэлтэй холбоотойгоор захиргааны байгууллага нь шийдвэр гаргахад хамаарах нөхцөл байдлыг тогтоох талаарх Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан ажиллагааг бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцээгүй байна.
14. Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно”, 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно”, гэж тус тус заасан.
Гэтэл хэрэгт авагдсан Орхон-Чулуут голын сав газрын захиргааны 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 63 дугаар албан бичгээр “...”Ц” ХХК-ийн нэгж талбарыг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу зураглаж үзэхэд усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хилийн заагтай 1.61 га, энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай байна” гэх албан бичгээс үзвэл маргаан бүхий газар нь усны сан бүхий газартай давхцалтай болох нь тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий газрыг анх нэхэмжлэгчид эзэмшүүлэхдээ хууль болон холбогдох журамд газар эзэмших, ашиглах эрх олгохыг хориглосон бүсэд олгосон гэж үзэхээр байна.
15. Тодруулбал, газрыг анхнаасаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд заасан зориулалтын дагуу эзэмшүүлэх боломжтой байсан эсэх, анх газар эзэмшүүлсэн захирамжийн үндэслэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоол хүчин төгөлдөр байгаа эсэх талаар эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг тодруулж, хэрэв захиргааны байгууллагаас өөрийн гаргасан алдаатай шийдвэрийг хүчингүй болгох, залруулах тохиолдолд уг газарт тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах эрх хуулиар олгогдсон тул эдгээрийг харгалзан үзсэний үндсэн дээр шийдвэрлэх нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т тус тус заасанд нийцнэ.
16. Тухайлбал нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлэхдээ хогийн цэг байсан газрыг тодорхой хөрөнгө мөнгө зарцуулан засаж сайжруулсны үндсэн дээр эзэмшүүлэх гэрчилгээ гарсан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий газар нь усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд газрыг зориулалтын дагуу ашиглах боломжтой байсан эсэх талаар нөхцөл байдлыг тогтоолгүйгээр, нэхэмжлэгчийг хоёр жил дараалан газраа ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгох нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байх тул захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгахаас илүүтэйгээр анх нэхэмжлэгчид орон сууц барьж зориулалтын дагуу ашиглах боломжтой газар эзэмшүүлсэн эсэх, цаашид уг газрыг зориулалтын дагуу эзэмшүүлэх боломжтой эсэх талаар бодит нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай.
17. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлэхдээ усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу газар олгосон атлаа хуульд заасан хугацаа дуусмагц газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгож байгаа нь учир дутагдалтай бөгөөд анх газар эзэмших эрх олгосон шийдвэрийн хууль зүйн үндэслэл, тухайн газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн эсэхийг тогтоох шаардлагатай бөгөөд, үүнтэй холбоотойгоор шүүх захиргааны байгууллагаас гаргасан хууль бус гэх актыг хянаж байгаагийн хувьд захиргааны байгууллагын үйл ажиллагааг хуульд нийцүүлэх шаардлагын үүднээс захиргааны шийдвэр гаргах ажиллагааг холбогдох журмын дагуу дахин явуулах нь зүйтэй гэж үзлээ.
18. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг тодруулах ажиллагаа нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох тухай” А/755 дугаар захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчаас тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болохыг мөн хариуцагчаас дахин шинэ акт гаргах тохиолдолд тухайн актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд хуульд заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргах боломжтойг тус тус дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 109/ШШ2025/0029 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/755 дугаар захирамжийг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж өөрчилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон гурван сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд хариуцагч Архангай аймгийн Засаг даргын 2024 оны А/755 дугаар захирамж хүчингүй болохыг мэдэгдсүгэй гэсэн заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3, 3 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН