Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 39

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Алтанцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Хохирогч Ч.Доржпүрэв, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Иргэний хариуцагч “Сайнжигүүр” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Түвшинболд,

Шүүгдэгч Ц.Дөлгөөн, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Бурхант овогт Цэрэнсодномын Дөлгөөнд холбогдох 201624000709 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 08-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сайн шал” ХХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 360 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй Бурхант овогт Цэрэнсодномын Дөлгөөн /РД:91070830/

 

Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Дөлгөөн нь 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 22:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг, Шинэ давхар дэлгүүрийн автобусны буудлын замд Хюндай Соната-6 маркийн 31-24 ӨМА улсын дугаартай автомашиныг жолоодож явах үед явган зорчигч Ч.Доржпүрэвийг мөргөж бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

 

Шүүгдэгч Ц.Дөлгөөн нь 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 22:00 цагийн орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ давхар дэлгүүрийн автобусны буудлын замд “Сайн жигүүр” ХХК-ийн эзэмшлийн Хюндай Соната-6 маркийн 31-24 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 дахь заалт  “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км/цаг-аас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчин 62 км/цагийн хурдтай явсаны улмаас явган зорчигч Ч.Доржпүрэвийг мөргөж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь:

 

            1.Осол, хэргийн газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5 х/

            2.Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 х/

 

3. Хохирогч Ч.Доржпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 7 дугаар сарын 30-ны орой 22:00 цагийн орчим Баянхошууны 5 дугаар хорооны Шинэ давхар дэлгүүрийн автобусны буудлын ойролцоо гэр рүүгээ харихаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү зам хөндлөн гарч яваад ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явж байсан суудлын автомашинд баруун гар талаас мөргүүлж, машины копут дээр дарж газар шидэгдэж унасан. Осолд орсны маргаашнаас нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд 10 хоноод эмнэлгээс гарсан. Осолд орох үедээ ганцаараа явж байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний биед зүүн эгэм ясны хугарал, 4 хавирганы хугарал, зүүн хөмсөг, зүүн чамархай, зүүн хацрын нуманд шарх, зүүн мөр, зүүн бугалга, баруун гуя, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн хөлний шагайнд цус хуралт, зүүн бугалга, зүүн шилбэ, баруун тавхай, баруун хөлний шагайд зулгаралт гэмтэл учирсан болно. Тухайн өдөр би бага зэрэг уусан байсан. Машин ирж явахыг хараад гараа өргөөд явж байтал ирээд мөргөчихсөн. Миний эмчилгээнд гарсан зардал болох 1.300.000 төгрөгийг жолооч залуу Дөлгөөн нь миний дүү Энэбишид өгсөн байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг барагдуулж авахыг хүсэж байна...

...2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  нэгдсэн эмнэлэг буюу 14 дүгээр төвийн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Энэ хугацаанд  биеийн эсэргүүцлийг дэмжих, дусал  хийлгэж байгаад гарсан. Ослын үеэр учирсан гэмтлийн улмаас одоо хүртэл бие зүгээр болохгүй байна. Одоо миний мөргүүлсэн талын сүүж хэсгээр, толгой байнга өвдөж, өвчин намдаах эм уугаад явж байна.

...Намайг дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байх үед би өөрөө босож чадахгүй байсан тул дүү Энэбишээр өргөдөл бичүүлэн тээврийн прокурорын газарт өгч дахин хэргийг шалгуулсан, би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20, 86,107 х/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянхошууны Шинэ давхар буудлын хажууд байхад шар өнгийн машин явж байсан. Би гар өргөөд зам хөндлөн гарах гэж явж байгаад  баруун хажуу талаараа машинд мөргүүлээд гэмтсэн ба эмнэлэгт очоод 2, 3 хоног ухаангүй байсан. Шүүгдэгч намайг эмнэлэгт хүргүүлсэн гэсэн. Суухаар хажуу талаар өвддөг болсон. Миний сонсгол их муудаж байна. Толгойндоо эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Шүүгдэгч надаас ирж уучлалт гуйгаагүй, уулзаагүй. Шүүгдэгчээс өгсөн 1,300,000 төгрөг эмчилгээ үйлчилгээний зардалд зарцуулагдсан. Цаашид гарах зардалаа нэхэмжилнэ. Миний толгой өвдөж, чихний сонсгол муудсан байгаа тул “Мөнгөн гүүр” эмнэлэгт толгойн MRI хийлгэх шаардлагатай байгаа” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

4.Иргэний хариуцагч “Сайнжигүүр” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Түвшинболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Манай байгууллагын ажилтан Дөлгөөн нь байгууллагын эзэмшлийн Хюндай Соната-6 маркийн 31-24 ӨМА улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг, Шинэ давхар дэлгүүрийн автобусны буудлын замд явган зорчигч Ч.Доржпүрэвийг мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсаныг мэдсэн. Одоогийн байдлаар хохирогчийн эмчилгээний зардал байгууллагын зүгээс, мөн Дөлгөөний зүгээс нийт 1.300.000 төгрөгийг барагдуулсан. Цаашид хуучин 5 ханатай гэр байгаа, зайлшгүй шаардлагатай бол уг гэрийг хохирогчид өгөх саналтай байна. Өөр хохирол барагдуулах боломжгүй байна. Хохирогч өөрөө явган хүний гарцгүй газраар явж байгаад осол орсон учир өөрөө ч гэсэн буруутай. Байгууллагын зүгээс автомашинд учирсан хохирол дээр, Дөлгөөнөөс нэхэмжпэх зүйл байхгүй, бид машинд учирсан эвдэрлийн үнэлгээг хийлгэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Тухайн осол болсныг сонсоод хохирогчтой уулзах гэсэн боловч хохирогчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас уулзах боломжгүй байсан. Хохирогчийн ар гэрийн хүмүүстэй уулзаж, шүүгдэгчийн зүгээс болон “Сайн жигүүр” ХХК-ны зүгээс гарсан эмчилгээний зардлыг нийтдээ 1,300,000 төгрөгийг төлсөн. Хохирлын мөнгийг ямар байдлаар яаж дамжуулж өгснийг мэдэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр хавирга хугарсан гэж гарсан. Хохирогчийн толгой өвдөөд байна гэдэг нь магадгүй өндөр настай хүний ужиг өвчинтэй холбоотой байж магадгүй юм. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлын хувьд манай компани ажил зогссон болохоор төлөхөд хэцүү байна. Дөлгөөн нь манай компанид ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан. Дөлгөөн нь манай барилгын компанийн хашаа, хайлш гээд мод чулуугаар хийдэг бүхий л ажлыг хийж байсан ба зан байдлын хувьд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Би Дөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан хугацаа чинь дууссан бол урамшуулал болгож Эрдэнэбатын хашаанд байгаа Сонато-6 маркийн машиныг албан ёсоор нэр дээрээ шилжүүлж аваарай гэж албан тоот бичиж өсгөн. Дөлгөөн нь ар гэрийн амьдралын түвшин тийм ч боломжтой биш учраас энд тэнд ажил олдохоор дагуулж авч явж ажил хийлгэдэг. Шүүгдэгч Дөлгөөн нь хий гэсэн ажлыг итгэлтэй сайн хийдэг хүүхэд байгаа юм” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

5. Гэрч Ж.Батаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 22:00 цагийн орчим би охины хамт Баянхошууны Шинэ давхар дэлгүүр орохоор явж байтал манай гэрийн хойд талын гудамжинд амьдардаг Доржпүрэв буюу Гүүлаа ах замын эсрэг талд зогсож байсан. Доржпүрэв буюу Гүүлаа ах ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү зам хөндлөн гарч явах үед ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү 3 автомашины 1 дүгээр эгнээгээр ирж явсан микроавтобус автобусны буудал руу зогссон, харин араас нь явж байсан нэг автомашин хоёр дугаар эгээн рүү шилжиж орохоор гэрэл дохио өгөөд зогсож байхад араас нь явж байсан Хюндай Соната-6 маркийн 31-24 ӨМА улсын дугаартай автомашин 2 дугаар эгнээ рүү шилжиж ороод хурдаа нэмсэн, энэ үед Гүүлаа ах зам гарч явтал хурдаа нэмж орж ирсэн дээрх автомашин нь зүүн талынхаа толиор Доржпүрэв буюу Гүүлаа ахын зүүн тал руу мөргөхөд Гүүлаа ах машины зүүн талын крыло хэсгээр мөргөгдөж зүүн урд талын шил рүү толгойгоороо цохиж газар шидэгдэж унасан. Би түргэнд дуудлага өгсөн. Удалгүй дуудлаганд явж байсан түргэний эмч анхны тусламж үзүүлээд явсны дараа дараагийн түргэний машин ирж Доржпүрэв ахыг авч явсан. Үүний дараа замын цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн. Хюндай Соната-6 маркийн 31-24 ӨМА улсын дугаартай автомашины жолооч “ахаа би бичиг баримтгүй явж байгаа” гээд сандраад байсан. Доржпүрэв ах гарцаар гарч яваагүй, гарц буудлын хойд талд байдаг. Тухайн үед замын гэрэлтүүлэг асаагүй байсан, харин автомашинууд гэрлээ асаасан явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 х/

6. Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10795 дүгнэлтэд:

             а/ Ч.Доржпүрэвийн биед зүүн эгэм ясны хугарал, 4 хавирганы хугарал, зүүн хөмсөг, зүүн чамархай, зүүн хацрын нуманд шарх, зүүн мөр, зүүн бугалга, баруун гуя, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн хөлийн шагайнд цус хуралт, зүүн бугалга, зүүн шилбэ, баруун тавхай, баруун хөлийн шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           в/ Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           г/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална гэжээ. /хх-ийн 111 х/

            7. Улаанбаатар хотын цагдаагийн газрын шинжээчийн № 2127 дүгнэлтэд:

           а/ Хюндай Соната-6 маркийн 31-24 ӨМА улсын дугаартай автомашины жолооч Ц.Дөлгөөн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх гэсэн заалтыг зөрчсөн, мөн дүрмийн 9.3 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км/цаг-аас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

 

              б/ Явган зорчигч Ч.Доржпүрэв нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. /хх-ийн 37 х/

 

            8. Шүүгдэгч Ц.Дөлгөөний мөрдөн байцаалтад өгсөн:

            “...2016 оны 7 дугаар сарын 30-нд 22:18 цагийн орчим би “Сайн жигүүр” ХХК-ний эзэмшлийн Хюндай Соната-6 маркийн 31-24 ӨМА улсын дугаартай автомашиныг жолоодон Баянхошуунаас 1 дүгээр хороолол орохоор ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү Баянхошууны Шинэ давхар автобусны буудлын замаар 2 дугаар эгнээгээр явж байтал ертөнцийн зүгээр зүүн зүгээс явган зорчигч замын голд 2 дугаар эгнээнд зогсож байсныг хараад тоормос гишгэсэн боловч явган зорчигчийг өөрийн жолоодож явсан автомашины зүүн урд талын гуфер хэсгээр мөргөхөд явган зорчигч толгойгоороо машины шилийг мөргөж газар шидэгдэж унасан. Осол болох үед би ганцаараа явж байсан. Замын гэрэлтүүлэг тухайн үед асаагүй байсан, өөдөөс холын гэрэлтэй автомашин ирж байсан. Түргэн болон цагдаад би өөрөө дуудлага өгсөн. Түргэн ирж явган зорчигчийг гэмтлийн эмнэлэг рүү авч явсны дараа замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн. Тухайн осол болох үед би 60-наас 70 км цагийн хооронд явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44, 49, 115 х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2016 оны 07 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед Баянхошуунаас 1 дүгээр хороолол орохоор ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү Баянхошууны Шинэ давхар автобусны буудлын замаар явж байтал ертөнцийн зүгээр зүүн зүгээс явган зорчигч зам хөндлөн гарч явахыг харсан. Харсан даруйдаа тоормос гишгэж, зогсоох арга хэмжээ авсан боловч зогсоож чадалгүй мөргөсөн. Тухайн үед өөдөөс ирж явсан машины гэрэл гялбаад сайн харагдахгүй байсан. Цагдаа болон түргэнд дуудлага өгсөн. Өөр түргэний эмч анхны тусламж үзүүлээд явсан. Дараа нь дуудлага өгсөн түргэн эмч ирээд хохирогчийг аваад явсан ба хохирогчоос архи үнэртэж байна гэж хэлж байсан. Цагдаагийн машин ирээд тээврийн хэрэгслийн бичиг баримтыг аваад явсан. Замын цагдаагаас хэмжилтийнх ирж хэмжилт хийсэн. Миний зүгээс 850,000 төгрөг, байгууллагаас 450,000 төгрөг нийт 1,300,000 төгрөг хохиролд төлсөн байгаа” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Дөлгөөнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь  үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

          Шүүгдэгч Ц.Дөлгөөний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т зааснаар “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарагдсан,  хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш даруй 6 сарын хугацаа өнгөрсөн буюу эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул тус эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол, нөхцөл байдал үүссэн байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр Ц.Дөлгөөнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн” гэсэн үндэслэлээр Ц.Дөлгөөнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Дөлгөөн нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 52 х/ тогтоогдов.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ч.Доржпүрэв нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардал гэж нэхэмжилж 1.062.500 төгрөгийн баримт/хх-ийн 69-75 х/-ыг  мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч Ц.Дөлгөөн нь 850.000 төгрөг, “Сайн жигүүр”ХХК нь 450.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийг хохирогчид төлсөн болох нь хохирогч,  иргэний хариуцагч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөнгө хүлээн авсан тухай баримт /хх-ийн 75 х/ зэргээр тогтоогдлоо.

Харин хохирогч Ч.Доржпүрэвийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 970.000 төгрөгийн үнийн дүн бүхий “Мөнгөн гүүр” эмнэлгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй, нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Учир нь: уг нэхэмжлэлд эмчийн үзлэг 20.000 төгрөг, толгойн MRI хийлгэхэд 350.000 төгрөг, эмнэлгийн ор хоногийн мөнгө 600.000 төгрөг, нийт 970.000 төгрөг болно гэжээ.

 Хохирогч Ч.Доржпүрэв нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахдаа өөрийн биеэр үзүүлснээс гадна толгой, цээжний зургийг үзүүлж дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд надад учирсан гэж мэдүүлснээс гадна одоо миний толгой их өвдөж байгаа учир толгойн MRI хийлгэх, мөн чихний сонсгол муудсан тул сонсголын аппараттай болмоор байна” гэж мэдүүлсэн болно.

Гэтэл шүүх эмнэлгийн №10795 дүгнэлтээр, хохирогчийн биед зүүн эгэм ясны хугарал, 4 хавирганы хугарал, зүүн хөмсөг, зүүн чамархай, зүүн хацрын нуманд шарх, зүүн мөр, зүүн бугалга, баруун гуя, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн хөлийн шагайнд цус хуралт, зүүн бугалга, зүүн шилбэ, баруун тавхай, баруун хөлийн шагайнд зулгаралт гэмтэл бүхий гэмтэл учирсан /хх-ийн 111х/ нь тогтоогдсон,  харин хохирогч Ч.Доржпүрэвийн толгой болон чихэнд ямар нэгэн гэмтэл учирсан болох нь тогтоогдоогүй, энэ тухай ямар нэгэн баримтгүй байх тул түүний толгойн MRI хийлгэхтэй холбогдуулан гарах зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

Харин хохирогч Ч.Доржпүрэв нь тус ослоос үүдсэн гэмтэлтэй холбогдуулан  цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч “Сайн жигүүр “ХХК-иас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 Учир нь:  “Сайн жигүүр “ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Түвшинболд шүүхийн хэлэлцүүлэгт “...Ц.Дөлгөөнийг эрхээ хасуулсныг бол мэдэж байсан, гэхдээ эрх нь сэргээгдсэн байх гэж бодоод автомашинаа жолоодохыг зөвшөөрсөн” гэсэн тайлбарыг гаргасан /шүүх хуралдааны тэмдэглэл/, мөн шүүгдэгч Ц.Дөлгөөн нь мэдүүлэхдээ “...уг машиныг Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын Баянхошуу хүртэл тус компаний ажилтан Энхболд жолоодож явсан, харин би Баянхошуунаас, 1 дүгээр хороолол руу жолоодож явсан /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх мэдүүлэг зэргээс үзвэл “Сайн жигүүр “ХХК нь шүүгдэгч Ц.Дөлгөөнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгийг мэдсээр байж түүний эрхээ сэргээлгэсэн эсэхийг нягтлалгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох бодит бололцоог олгосноор тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн байна.  Иймд хохирогчийн зүгээс цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдуулан гарах зардлыг иргэний хариуцагчаас гаргуулах нь зөв гэж дүгнэлээ.

Харин “Сайн жигүүр “ХХК нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 284, 286, 290, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бурхант овогт Цэрэнсодномын Дөлгөөнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Дөлгөөнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  шүүгдэгч Ц.Дөлгөөн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

           4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.Доржпүрэв нь тус гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдуулан гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч “Сайн жигүүр” ХХК-иас нэхэмжлэх, иргэний хариуцагч “Сайн жигүүр” ХХК нь өөрт учирсан хохирлыг шүүгдэгч Ц.Дөлгөөнөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Дөлгөөнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ:                                        Г.АЛТАНЦЭЦЭГ