Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 112/ШШ2022/0019

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би тус аймгийн *******  сумын иргэн Б.Маас  ******* сумын  ******* С.С, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Т нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн  Хурлын болон бүх шатны ******* ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” хэсэгт зааснаар 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохыг даалгах

 Нэхэмжлэлийн үндэслэл: Б.М миний бие 2016-2020 онд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байгаад ******* сумын ИТХ-ын даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Б.Мыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар захирамжаар сонгуулийн үр дүнгээс шалтгаалан ажлаасаа чөлөөлөгдсөн болно.

 

Улмаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.1/Аймаг, нийслэл, сум, дүүргийн  Хурлын болон бүх шатны ******* ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно/ дэх заалтыг үндэслэн 6 сарын тэтгэмжийн материалаа заасан хугацаанд бүрдүүлэн 2021 оны төсөвт тусгуулахаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албанд өгсөн. Гэвч 2022 оны төсөвт миний тэтгэмжийн мөнгө суугдаагүй байна гэдгийг 2021 оны 12 дугаар сарын сүүлээр буюу төсөв батлагдаж ирэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Н.Н-аас мэдсэн.

Ингээд учир явдлыг тодруулж Санхүүгийн албаны дарга Н.Г, нягтлан бодогч Б.Ө нараас асуухад аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Н.П Засгийн газрын 2021 оны “төсвийн талаар авах арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын дагуу төрийн албанд томилогдсон хүнд тэтгэмж тооцохгүй гэсэн тул таны материалыг явуулаагүй гэж тайлбарласан. Ингэж төрийн албанд томилогдсон гэх шалтгаанаар албан ёсны бичиг тоот, шийдвэргүйгээр амаар хэлэлцэж, миний өмнөөс шийдвэр гаргасан, гаргасан шийдвэрээ тухайн үедээ надад мэдэгдээгүй ба уг 43 дугаар тогтоолд тэтгэмж хасах талаар ямар нэгэн заалт тусгагдаагүй байгаа болно.        

 

          Улмаар аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр энэ асуудлаар өргөдөл өгөхөд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/1450 тоот албан бичгээр “******* сумын Санхүүгийн албанаас тэтгэмжийн санал ирүүлээгүй” гэсэн хариу ирүүлсэн болно.   Би 2021 оны 02 дугаар сард ******* сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн анхдугаар хурлаар багийн *******ар сонгогдож сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар Баянгол багийн *******ар томилогдон ажиллаж байна. Дээрх шалтгаанаар надад олгох 6 сарын тэтгэмжийг 2022 оны төсөвт тусгаагүй орхигдуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Б.М миний бие иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан 1 сарын үндсэн цалин 1,052.207 төгрөг бөгөөд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн дүн болох 6,313.242 төгрөгийг 2022 оны төсөвт тодотголоор тусгуулах шаардлагатай байна.

 

Хариуцагч ******* сумын ******* С.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 2016-2020 оны хооронд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан ******* сумын иргэн Б.Мын нэхэмжлэлтэй хэрэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгох ёстой байсан. Иймд Б.Мын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие холбогдох хуулийн дагуу хөөцөлдөж тэтгэмжийг төсөвт суулгах талаар ажиллана. Иймд хариуцагчийн зөвшөөрлөөр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Т шүүхэд ирүүлсэн хүсэллтдээ: ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 2016-2020 онд ажиллаж байгаад ээлжит сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн Б.Мын тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тус байгууллагын 2022 оны төсөв нэмэлт өөрчлөлтөөр эсхүл 2023 оны төсөвт оруулж батлуулах асуудал тулгарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Б.М  тус аймгийн ******* сумын ******* С.С, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Т нарт холбогдуулан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн  Хурлын болон бүх шатны ******* ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж зааснаар 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* сумын ******* С.С, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Х.Т нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.  Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. Иймд хариуцагчийн зөвшөөрлөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд холбогдох хуулийг зөрчөөгүй байна.

 

Мөн хариуцагч ******* сумын ******* С.С, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Т нар нь Б.Мын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгох ёстой байсан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа нь  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 38 дугаар зүйлийн 38.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны ******* ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор заасантай нийцэж байгааг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан ******* сумын иргэн Б.Маас  ******* сумын  ******* С.С, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Т нарт холбогдуулан гаргасан аймаг, нийслэл, сум, дүүргийн  Хурлын болон бүх шатны ******* ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж зааснаар 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохыг даалгах  шаардлага бүхий захиргааны хэргийг хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Саас 35100, хариуцагч Х.Тас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛБАДРАХ