Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1224

 

 

 

 

   2023        09         25                                    2023/ШЦТ/1224

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч М.Ариунцэцэг,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

хохирогч, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс,

хохирогч, шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Сн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хн овогт Пын А нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 01056 2143 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б, П.А нарыг 2023 оны 01 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол кино үйлдвэрийн гадна талбайд үл ялих зүйлээс шалтаглан харилцан бие биенээ гараараа цохих зэргээр хэн хэнийхээ биед халдаж шүүгдэгч С.Б нь хохирогч П.Аын биед хөнгөн хохирол, шүүгдэгч П.А нь хохирогч С.Бийн биед хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн 2306 01056 2143 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

Хохирогч, шүүгдэгч С.Б, П.А нь 2023 оны 01 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монгол кино үйлдвэрийн гадна талбайд харилцан зодолдож шүүгдэгч П.А нь хохирогч С.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.Б нь хохирогч П.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/,

- БЗДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 08/,

- Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 09/,

- Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 31-32, 40-41/,

- С.Бийн Эм Жи Жи эмнэлгийн түр карт /хх-ийн 76-77/,

- фото зургууд /хх-ийн 78-79/,

 

Хохирогч П.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Баянхонгор аймгийн Тэмүүжин театрын дарга Батболд гэх найз Улаанбаатар хотод 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирээд бид хоёр 19 цагийн орчимд манай ажил болох Монгол кино нэгтгэлийн байранд миний өрөөнд уулзаад би хүүхдийн кино хийж дуусаад орон нутагт театруудад кино гаргах ажлаа ярилцахдаа нэг шил архи хувааж уусан. Надтай хамт ажилладаг Батбаатар гэх залуу гадуур ажилтай явж байгаад 20 цагийн орчимд ирээд ажлаа хийж байсан. 00 цагийн үед Батболдыг Батбаатараар гэрт нь хүргүүлэхээр ажлаас гарсан. Би өөрөө манай кино нэгтгэлийн 2 давхарт оператороор ажилладаг дүүгээрээ гэртээ хүргүүлэхээр утас руу нь залгахад утас нь болохгүй байсан. Зогсоол дээр нэг эрэгтэй хүн байхаар нь би тэр дүүтэй андуураад тэр залуу дээр очоод “юу байна, ахын дүү чинь энд байдаг билүү, чамайг танихгүй юм байна, энд байдаг билүү” гэж хэлэхэд “чиний дүү байснаа санахгүй юм байна шүү” гэж томроод эхэлсэн. Намайг зодолдох уу гэж асуусан. Манай хоёр надаас “чи наад хүнээ таних юм уу” гэж асуухаар нь би “танихгүй, намайг үзье гээд болохгүй байна” гэж хэлэхэд Батбаатар тухайн үед эрүүл байсан хүн учир “орхи явъя” гэж хэлсэн. Батбаатарын машин дээр ирэхэд өдөр нь машинаа угаалгасан тул хаалга нь онгойхгүй байсан. Батбаатар хаалгаа онгойлгох гээд ноцолдож байх үед би машины ард зогсож байсан. Тэр залуу машиндаа суугаад явахгүй өдөөд “гөлөг минь” гээд байсан. Би явж очоод “ахын дүү чинь яах гээд байна аа” гээд очоод барьж авах гэсэн чинь тэр залуу миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Би цохиулчихлаа гэж орилсон. Манай хоёр найз машины хаалга онгойлгох гэж байгаад над дээр хүрч ирсэн. Тэгсэн нөгөө залуу гадуур хувцсаа тайлаад “та гурвыг ална, аавын зэвсгийн эрдмийг маргааш та нарт үзүүлнэ” гэж хэлсэн. Батбаатар машины хаалга онгойлгохоор аптерка барьсан байсныг хараад “чамайг мэсний хэргээр шоронд хатаана” гэж хэлсэн. Батбаатар салгах гэж ирээд нэг удаа цохиулаад шил нь газар унаад шилээ хайсан бөгөөд тэр залуу ойртсон хүн рүү дайраад Батболдыг мөн очиход толгой хэсэгт цохисон. Тэгээд нэг нэгээрээ тулаад үзье гээд би Батбаатарыг цагдаа дууд гэж хэлсэн. Тэр залуу намайг ганц цохилт даахгүй гөлөг гээд дайраад камергүй газар үзье гээд намайг өдөөд камергүй харанхуй хэсэгт очоод цамцны захаар хоолой боогоод хоёр нүдэн дээр олон удаа цохисон. Хэдэн удаа цохисныг санахгүй байна. Нэг хэсэг ухаан алдсан бөгөөд цээж нуруу хэсэгт өвдөглөж цохисон. Тэр үед жижүүр салгах гэж ирсэн. Би тэр залуугийн хоолой боосныг салгах гэж гараараа савах үед жижүүр миний гарт түлхүүлээд тэр залуу намайг жижүүр зодлоо гээд цагдаа дуудсаны дараа салаад тэр залуу явах гэхээр нь би цагдаа ирэх хүртэл байлгаж бай гээд тэр залуу машин тойрч зугтаасан. Цагдаа ирэхэд хөдөлгөөнгүй болоод зогссон. Бид хоёр цагдаагийн машинд суугаад явж байх хооронд намайг урьд дарамталдаг байсан гэж ойлгомжгүй зүйл хэлсэн. Би танихгүй гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Хохирогч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Монгол кино нэгтгэлийн 208 тоотод манай ажил байдаг ба тэндээ ажлаа хийж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 27-ны шөнийн 00 цаг 10 минутын урд зогсоол дээр байсан автомашинаа халааж байсан чинь 3 эрэгтэй хүн ирснээ зүс таних эрэгтэй нь “чи хэн бэ, ахыгаа мэдэх үү” гэхээр нь би “мэдэхгүй, би явлаа” гэсэн чинь хаашаа явдаг юм гээд маргаан эхэлсэн. Тэгэхээр нь би гар бариад таныг харж байсан, одоо янз бүрийн асуудал байхгүй гэж хэлж салцгаагаад би машин руугаа орох гэж байх үед зүс таних эрэгтэй нь буцаж ирээд миний нүүр  хэсэгт нэг удаа мөргөсөн. Тэгээд хойшоо ухраад бид хоёр харилцан зодолдсон. Тэгж байсан чинь хажуу талаас цуг явж байсан нэг эрэгтэй нь аптерка гаргаж ирээд над руу дайраад би тэрээс нь зугтаж байсан. Тэр эрэгтэй аптеркаар миний бие рүү хэд хэдэн удаа хатгасан. Миний зүс таних эрэгтэй нь миний хамар хэсэг, хүзүүг боогоод заамдаад байсан. Тэгээд цагдаа дуудаад салчихсан байсан чинь миний хамар руу гараараа цохисон. Мөн миний куртикны энгэр хэсгийг урсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Гэрч Н.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гадуур зураг авалттай явж байгаад орой 20-21 цагийн орчимд ажил дээр ирэхэд А, Батболд хоёр хамт нэг шил архи ууж эхэлж байсан. Би ажлаа хийж суусан. Архи уугаагүй. 00 цагийн үед бид гурав гарсан. Машин дээрээ ирээд хаалгаа онгойлгох гэхэд угаалгасан байсан тул хөлдсөн онгойхгүй байсан. Би ажлаас гал авах гээд буцаад явсан чинь үүдэн дээр жижүүр, А, Батболд нар гарч ирсэн. Тэгсэн чинь А энэ залуу намайг “үзэх үү гээд байх юм” гээд зогсож байсан. Тухайн залуу нь машины хажууд зогсоол дээр байсан. Би “таньдаг хүн чинь юм уу” гэхэд “танихгүй хүн байна” гэсэн би “хаяач явъя” гэж хэлсэн. Тэгээд асаагуур аваад буцаад машин дээр очоод машинаа онгойлгох гээд байж байх үед А гэнэт “найзыг нь цохичихлоо шүү дээ” гээд гараад ирсэн. А машины хойно тухайн залуутай юм яриад байсан. Тэр залуу мөн цаанаас нь юм яриад байсан. Би юу ярихыг нь сонсоогүй. А цохиулсан гэхээр нь “юу болж байна” гэсэн чинь нөгөө залуу “чи ч гэсэн үзмээр байна уу” гэсэн, би “ахын дүү боль” гэхэд “чамтай ах дүү байснаа санахгүй юм байна” гээд надтай зодолдох гээд дайрсан бөгөөд би гартаа аптерка барьсан байсан чинь тэр залуу “би чамайг мэсний хэргээр шоронд суулгана аа” гэсэн би “юу яриад байгаа юм бэ” гээд ойртсон чинь жижүүр ах, Батболд хоёр “гай болно боль” гээд би холдоод машин дээр очсон. Намайг машин дээр байх үед нөгөө залуу А руу дайраад намайг харж байх үед нүүр хэсэгт 2 удаа цохисон. Дараа нь над руу дайраад заамдаад куртик урсан. Намайг нэг удаа хальт зүүн шанаа руу цохисон. А “наадахаа явуулж болохгүй, зугтана шүү” гэж орилоод байсан. би машины дугаарыг харж авсан. А тухайн залууг барьж авах гээд хөөгөөд тэр залуу нь зугтаагаад байсан. Тэр залуу зугтаж байхдаа 2-3 удаа дахин цохисон. Буцаж ирээд намайг халзагнах уу гээд хөөхөөр нь би ухараад зугтсан. Нөгөө залуу буцаад А руу яваад би машин дээрээ үлдсэн. Тэд нар машины хойшоо яваад буцаж гарч ирэхэд Аын хоёр нүд хэсэгт нэлээн цохиулсан байдалтай хоёр нүд нь хавдсан байсан. Аын нүд нь хавдахаас өмнө Батболд над дээр ирээд нөгөө залууг “гайтай юмаа, ойртуулахгүй, ойртох гэхээр зодох гээд, цохиулчих гээд байх юм, би явлаа” гээд яваад өгсөн. Аыг нүд нь хавдсаны дараа цагдаа ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Гэрч Д.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2023 оны 01 дүгээр сард Монгол кино үйлдвэрт 24 цагийн жижүүрийн ээлжтэй хонож байсан бөгөөд шөнө 23 цагийн орчим гадна зогсоол дээр хүмүүс чанга дуугараад зодолдоод байх шиг байсан. Гараад харахад манай Монгол кино үйлдвэрт ажилладаг А гэх залуу мөн кино үйлдвэрт ажилладаг Б гэх залууд хандаж “чи надад үзэгдэж харагдахгүй хаана юу хийж явсан юм” гэх зэргээр хоорондоо маргалдаад орилж байсан. Улмаар Аын хажууд хоёр залуу зогсож байсан бөгөөд А нь Бийн нүүрэн тус газарт гараараа цохиод авсан. Тэр үед Б “намайг цохьчихлоо пизда минь” гээд орилоод байсан бөгөөд тэр үед Бийн нүүрээс цус гарч байсан. Тухайн үед Б Аын биед зөрүүлээд халдаж байсан. А, Б нар хоорондоо бие биенээ цохиж байсан. Аын хажууд зогсож байсан үл таних залуу машинаасаа аптерка гаргаж ирээд “хатгана шүү” гэж хэлж байсан. А, Б нарын дундуур салгахаар ороод Ат толгой руугаа цохиулаад авсан. Дахиж тэдний дундуур ороогүй. Б нь утсаа гаргаж ирээд цагдаа дуудаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1938 дугаар:

“С.Бийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт, зүүн бугалга, зүүн өвдөгт зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 29-30/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1948 дугаар:

“П.Аын биед зүүн 1, 2-р шүдний түүшин, баруун ухархайн дотор хана, хамрын хянга яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн 2, 3-р шүдний булгарал, доод уруулд шарх, баруун чамархай, баруун, зүүн зовхи, баруун нүдний алимны салст, зүүн хацар, хамрын нуруу, хүзүү, зүүн эгэм, баруун мөр, хамрын самсаа, зүүн бугалга, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт, баруун, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

П.Аын биед үүссэн зүүн 1, 2-р шүдний түүшингийн хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэг, баруун ухархайн дотор хана, хамрын хянга яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн 2, 3-р шүдний булгарал, доод уруулд шарх, баруун, зүүн зовхи, баруун нүдний алимны салстад үүссэн цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун чамархай, зүүн хацар, хамрын нуруу, хүзүү, зүүн эгэм, баруун мөр, хамрын самсаа, зүүн бугалга, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт, баруун, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/,

 

Шүүгдэгч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгт болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа. Мөн би тухайн үед эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгсөн шинжилгээний хариу болон тухайн үед ямар байдалтай байсан гэрэл зураг зэргийг хавтаст хэргийн материалд тусгуулахаар гаргаж өгөх болно. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60/,

 

Шүүгдэгч П.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...би 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар дэлгэрэнгүй өгсөн байгаа тухайн мэдүүлэг дээр дахин нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Шүүгдэгч С.Бийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/, ниймгийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 67-68/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 70/, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 73/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 74/, шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 75/, Богд банкны 8140004071 тоот дансны хуулга /хх-ийн 80-88/,

шүүгдэгч П.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 90/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92/, шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 93/, жолоочийн эрхийн лавлагаа /хх-ийн 94/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 95/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 96/, Абу фильм ХХК-ийн Хас банкны 5004464064 тоот дансны хуулга /хх-ийн 97-107/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.  

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүндэвтэр хохирол санаатай учруулж, шүүгдэгч П.А нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулж, тус тус хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч С.Бийн хохирогч П.Аын биед зүүн 1, 2-р шүдний түүшин, баруун ухархайн дотор хана, хамрын хянга яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн 2, 3-р шүдний булгарал, доод уруулд шарх, баруун чамархай, баруун, зүүн зовхи, баруун нүдний алимны салст, зүүн хацар, хамрын нуруу, хүзүү, зүүн эгэм, баруун мөр, хамрын самсаа, зүүн бугалга, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт, баруун, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч П.Аын хохирогч С.Бийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт, зүүн бугалга, зүүн өвдөгт зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч П.А нь шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 17 ширхэг баримтыг гаргаж өгсөн бөгөөд үүдэн 2 шүдний дэлгэрэнгүй зураг, “Оргил дент” эмнэлгийн эмчилгээний тодорхойлолт, “Незо” ХХК-ийн шүдний эмчийн үйлчилгээний төлөлтийн баримт, эмчилгээ хийлгэсэн талаар болон бараа материал худалдан авсан баримтууд нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын баримт гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Бөөс 5.345.686 төгрөгийг гаргуулж хохирогч П.Ат, шүүгдэгч П.Ааас 1.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Бөд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг түр завсарлуулахад С.Баямнөнхийн төлөх 5.345.686 төгрөгийн дүнгээс П.Аын төлөх 1.900.000 төгрөгийн дүнг хасаад 3.445.686 төгрөгийн дүн үлдсэнээс С.Б нь 2.000.000 төгрөгийг хохирогч П.Ат төлж, үлдэгдэл 1.445.686 төгрөгийн хохирлоос хохирогч П.А татгалзаж тэд хоорондоо хохирол төлбөргүй болцгоож хохирол барагдуулсан тухай хүсэлтийг шүүхэд гаргаж өгөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан учир шүүгдэгч С.Б, П.А нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Хохирогч нар нь зөвхөн уг гэмт хэргийн улмаас үүссэн бусад хохирлыг холбогдох нотлох баримтыг хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас цаашид нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

Шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, шүүгдэгч П.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус бүртээ хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэх нөхцөл байдал шүүгдэгч нарын хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч С.Бийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг бага хэмжээгээр,

шүүгдэгч П.Ариунболдыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг бага хэмжээгээр тус тус оногдуулж, тодорхой хугацаа тогтоож төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч С.Б, П.А нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Сын Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Х овогт Пын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, П.А нарт оногдуулсан торгох ялыг тус тус гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б, П.А нарт мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нар хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, П.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ