Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Бат-Оргил,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-т холбогдох 2330000000142 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ...-р баг “Бн” гэх газар нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

М овогт Б-ы Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Х-тэй таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас зүүн гарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн гарын бугалгад хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Х-тэй таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас зүүн гарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн гарын бугалгад хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6 /, эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл /хх 7-8/, хохирогч Т.Х-ийн мэдүүлэг /хх 16-18/,  Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 209 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 33-34/, хохирогч Т.Х-д үзлэг хийсэн “Яаралтай түргэн тусламжийн хуудас /хх 39/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан бөгөөд яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байгаа ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэргийн улмаас хохирогч Т.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, шүүгдэгчийн зүгээс гэм хорын хохиролд 480,000 төгрөгийг сайн дураараа хохирогчид нөхөн төлсөн бөгөөд хохирогч нь хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Хохирогч Т.Х нь өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгээс 161,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд шүүгдэгч Б.Б тухайн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд нөхөн төлсөн болно. 

Хохирогчийн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “22 сантиметрийн урттай, хүрэн өнгийн иштэй, ажлын хэсгийн ар талд хөндлөн “Stainless steel Japan” гэсэн бичигтэй 1 ширхэг хутга”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг “Эрдэнэчулуун” гэх газарт нутаглах Ч.Б-д буцаан олгуулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Б-ы Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б-т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч Т.Х гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Хохирогч Т.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “22 сантиметрийн урттай, хүрэн өнгийн иштэй, ажлын хэсгийн ар талд хөндлөн “Stainless steel Japan” гэсэн бичигтэй 1 ширхэг хутга”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг “Эрдэнэчулуун” гэх газарт нутаглах Б овогт Ч-ы Б-д буцаан олгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдсугай.

11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ