| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0128/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/135 |
| Огноо | 2023-07-21 |
| Зүйл хэсэг | 13.8.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ит холбогдох 2330001710125 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, малчин, ам бүл 6, нөхөр 3 хүүхэд, хадам дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ... дүгээр баг ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д овогт Б-ын И
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.И нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн .... сумын ... дүгээр багийн “Б”-ийн .... тоотод хохирогч Б.Э-ийн орон байранд зөвшөөрөлгүйгээр дуу-дүрсний бичлэг хийх буюу өөрийн “Б.И” гэх “Facebook” хаягаар “Уулбаян сум, Сүхбаатар аймаг” гэх нэртэй “Facebook” группт шууд дамжуулан олон нийтэд тарааж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, орон байрны халдашгүй байдалд халдах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.И нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймаг ... сумын ... дүгээр багийн “Б”-ийн ... тоотод хохирогч Б.Э-ийн орон байранд зөвшөөрөлгүйгээр дуу-дүрсний бичлэг хийх буюу өөрийн “Б.И” гэх “Facebook” хаягаар “Уулбаян сум, Сүхбаатар аймаг” гэх нэртэй “Facebook” группт шууд дамжуулан олон нийтэд тарааж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, орон байрны халдашгүй байдалд халдах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна хохирогч Б.Э-ийн мэдүүлэг /хх 13-15/, гэрч нарын мэдүүлэг /хх 17-55/, 6 минут 54 секундийн CD бичлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан бөгөөд яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.И өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байгаа ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Э-ийн орон байрны доторх орчны болон орох, гарах хэсгийг хамруулан дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан бөгөөд хохирогч хор уршигтай холбоотой нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Бусад асуудлаар:
Хэрэгт 6 минут 54 секундийн бичлэг бүхий CD диск ирүүлснийг хэрэгт хавсаргаж хадгалах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Б-ын И-ыг “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байрны доторх орчны болон орох, гарах хэсгийг хамруулан дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ит оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.И-т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.И энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD дискийг хэрэгт хавсарган хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ