Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймгийн С  сумын 7-р баг, Нарлаг 30-р байр, 1 тоотод оршин суух, О овогт Дын Ч /ХД /-ий нөхөн олговор гаргуулах тухай 139/2020/00001/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д.Ч миний төрсөн эцэг болох Бын Д нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 сарын 7-ны өдрийн 34-р тогтоолоор Шүүх цаазын бичгийн 42, 43, 44, 48 зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэн. Улмаар Дээд шүүхийн эрүүгийн хяналтын  шатны шүүхийн 1993 оны 9 сарын 28-ны өдрийн 109 дүгээр магадлалаар цагаатгагдсан билээ. Иймд Б.Дын төрсөн хүү болох Д.Ч миний биед оногдох нөхөх олговорыг гаргуулж өгнө үү   гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ч нь нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

“Зууны мэдээ” сонины 2019 оны 10 сарын 11-ний өдрийн №202 дугаарын 6 дугаар нүүрийн  нэрсийн жагсаалтын 98 дугаарт Бын Д  төрсөн хүүхэд Дын Ч гэж бичигдсэн байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн Засаг даргын  2019 оны 12 сарын 12-ны өдрийн  тус сумын 7-р багийн  иргэн Д овогтой Ч нь тус сумын 7-р баг, 30-р байр, 1 тоотод оршин суудаг талаарх тодорхойлолт,

-Дын Ч-ий 16 дугаартай 1954 оны 4 сарын 2-ны өдрийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 11 сарын 18-ны өдрийн 163 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар,

-Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 9 сарын 28-ны өдрийн 109 дугаартай магадлалын хуулбар,

-Б.Дын цагаатгалын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 

-Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Үндэсний төв архивын 1998 оны 5 сарын 12-ны өдрийн Архивын магадлагааны хуулбар,

-Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын 1998 оны 6 сарын 8-ны өдрийн 10/5981 дугаартай архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

“Зууны мэдээ” сонины 2019 оны 10 сарын 11-ний өдрийн №202 дугаарын 6 дугаар нүүрийн  нэрсийн жагсаалтын 98 дугаарт Бын Д  төрсөн хүүхэд Дын Ч гэж бичигдсэн дугаар,

-Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын архиваас олгосон Д.Цэ    нөхөн олговорын 500000 төгрөг гаргуулах тухай 1998 оны 11 сарын 18-ны өдрийн 163 дугаартай  шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг бичгийн баримтууд болно.

Бын Ч  нь улс төрийн хэрэгт баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 сарын 7-ны өдрийн  34 дүгээр хурлын тогтоолоор, шүүх цаазын бичгийн 43, 48 дугаар зүйлээр хөрөнгө хурааж, 10 жил хорих ялаар шийтгэгдсэн болох нь Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын 1998 оны 6 сарын 9-ний өдрийн 10/5981 дугаартай лавлагааг, Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 9 сарын 28-ны өдрийн 109 дугаартай магадлалаар цагаатгагдсан болох нь   цагаатгалын үнэмлэхний хуулбараар тус тус тогтоогдож байна.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.8, 115 дугаар зүйлийн 115.1. 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13.2 дугаар зүйлий 13.2.1-т зааснаар улсын төсвөөс 40000000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О овгийн Дын.Чд /ХД /-д олгосугай. 
  2. Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг  дурдсугай.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У