Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0325

 

 

 

 

  

  2022            04             27                                          128/ШШ2022/0325               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Т.Б********* оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:  Д.Б************

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Б***************

Хариуцагч: Гаалийн ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Л***********, Ч.Т************ нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б**********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л************** Ч.Т**********, нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б********** нь  Гаалийн ерөнхий газарт холбогдуулан “...Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/115 дугаартай Гаалийн албан тушаалаас халах тухай тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-аар маргаж байна.

2. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/552 тоот “Албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаалд томилох тухай” тушаалаар “...Авлигатай тэмцэх газрын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 05/8896 дугаар бүхий албан бичиг ирсний дагуу Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн зөрчил, хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Д.Б*************ийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн  гаалийн улсын байцаагчаар Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилжээ.

 3. Үүний дараагаар Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/673 тоот “Д.Б**********ийг албан тушаалаас нь түр чөлөөлөн, албан тушаалд түр томилж, эгүүлэн томилох тухай” тушаалаар “...Ковид-19 цар тахлын үед гаалийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.Б**********ийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс албан тушаалаас нь түр чөлөөлж, мөн өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Гашуунсухайт дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар түр, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар эгүүлэн томилсон байна.

            4. Нэхэмжлэгч Д.Б******ийг Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 02 сарын 10-ны өдрийн Д.Б*********ийг гаалийн албанаас чөлөөлөх тухай Б/73 дугаар тушаалаар өөрийнх нь хүсэлтээр гаалийн албанаас чөлөөлсөн байх боловч маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн Б/115 дугаар тушаалаар дээрх Б/73 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.

5. Улмаар Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/115 дугаар тушаалаар Д.Б********ийг Гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангаргаа зөрчин, улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед хилийн зурваст ёс зүй сахилгын зөрчил гаргаж, согтууруулах ундаа хэрэглэн бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан гэж үзэж албан тушаалаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

  6. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Монгол Улсын Гаалийн албанд 2003 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Гаалийн улсын байцаагчийн албан үүргийг хууль дүрмийн дагуу зохих ёсоор гүйцэтгэж 2020 оны ажлын гүйцэтгэлийг А үнэлгээтэй хийж гүйцэтгэсэн. Миний бие Гашуунсухайт дах Гаалийн газарт түр томилогдон ажиллаж байхад 2020 оны 02 сарын 06-ны өдрийн 23-аас 24 цагийн хооронд өөрийн гэртээ унтаж байхад ирэн дарж суугаад улмаар хоолой боож, цохиж зодсон болно. Намайг Улаанбаатар хотод дуудсан учир 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Гашуунсухайтаас Улаанбаатар хот руу явж байхад Гаалийн Ерөнхий Газрын даргын 2021 оны 02 сарын 10-ны өдрийн Б/73 дугаартай тушаал гарч өөрийн хүсэлтээр чөлөөлсөн гэж утсаар мэдэгдсэн. Улаанбаатар хотод 2021 оны 02 сарын 11-ний өдрийн 06 цагаас хатуу хөл хорио тогтоосон байсан учир намайг юун тушаал гарсан талаар асуухад чамайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан гэж хэлсэн Б/73 тушаалыг Фэйсбүүк дээр байхыг харсан тэрийг нь хуулж авсан. Би хүний нөөцийн ажилтанд утсаар намайг гэртээ унтаж байгаад бусдад зодуулсан байхад тухайн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, надаас тайлбар, мэдүүлэг аваагүй байж хууль бус тушаал гаргаж болохгүйг хэлж би өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүйг мөн тайлбарлан хэлсэн. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж хэний гэм буруу ба хэрэг учралын байдлыг бүрэн тогтоогоогүй байхад Гаалийн ерөнхий газар дахин холбогдон 2021 оны 03 сарын 09-ний өдрийн Б/115 тушаалаар гаалийн алба албан тушаалаас халах тухай тушаал гаргасан байна.Тушаалын үндэслэлд Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.3, Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.11, 273 дугаар зүйлийн 273.4, 274 дүгээр зүйлийн 274.2.5, 284 дүгээр зүйлийн 284.1.5, Засгийн Газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам-ын 1 дүгээр зүйлийн 1.3.1, 1.3.5, Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дүгээр тушаалаар баталсан Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2, 3 дугаар зүйлийн 3.1.9, 2021 оны 01 сарын 04-ний өдрийн Гаалийн ерөнхий газрын даргын 01 тоот албан даалгаврын 23 дах заалтуудыг тус тус үндэслэл болгосон байна. Мөн тушаалын нэгдүгээр заалтад өргөсөн тангаргаа зөрчин улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед хилийн зурваст ёс зүй, сахилгын зөрчил гаргаж, согтууруулах ундаа хэрэглэн бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан ... гэсэн зүйлийг бичсэн байна. Энэ тухай тушаал бодит байдалд нийцэхгүй, Гаалийн ерөнхий газрын даргын эрх хэмжээний бус суудлаар дүгнэлт хийж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т ... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... гэсэн заалтыг зөрчсөн илт хууль бус тушаал байна” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гаалийн ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/115 тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа. Гаалийн ерөнхий газрын тус тушаал нь хууль, бодит байдалд нийцээгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл төрийн алба хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар 47.1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол төрийн албанаас хална гэж заасан байдаг. Тухайн асуудлыг эрүүгийн хэргийн журмаар хянан шийдвэрлээгүй байхад Гаалийн ерөнхий газрын ажлын хэсгээс сахилгын шийтгэл оногдуулсан нь илт хууль бус. Өөрөөр хэлбэл төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол хууль дээдлэх зарчим. Хууль дээдлэх зарчмыг баримтлалгүйгээр болсон үйл явдлын талаар нэхэмжлэгчээс тайлбар авалгүйгээр шууд тушаал гаргасан нь илт хууль бус гэж үзэж байна. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б/73 дугаартай тушаал гаргасан. Тус тушаалыг гаргахдаа өөрийн хүсэлтээр гэсэн байдаг. Д.Б******** бол 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод өглөө үүрээр ирсэн, тухайн өдрийн оройноос хатуу хөл хорио тогтоосон. Гаалийн ерөнхий газарт яагаад намайг өөрийн хүсэлтээр ажлаас халсан бэ, би унтаж байгаад хүнд зодуулсан, яагаад ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан бэ гэж утсаар мэдэгдсэн. Гаалийн ерөнхий газрын дарга 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Б/115 тоот тушаалыг гаргахдаа 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/73 тушаалыг хүчингүй болгоод Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.3, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.11, 273 дугаар зүйлийн 273.4, 274 дүгээр зүйлийн 274.2.5, 284 дүгээр зүйлийн 284.1.5, Засгийн газрын ерөнхий тогтоолоор баталсан Ёс зүйн дүрмийн 4.1-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүх гэм буруутай эсэхийг тогтоогоогүй, Төрийн албаны тухай хуульд ажлаас халах зохицуулалтыг тусгайлан заасан байхад гэм буруутайд үзэж Б/115 дугаар тушаал гаргасан нь өөрөө илт хууль бус захиргааны акт байгаа тул тус тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.  Яагаад гэвэл тушаал, шийдвэр, захиргааны акт нь хуульд үндэслэх, бодит байдалд нийцсэн байх, үр нөлөөтэй байх ёстой. Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тухайн хэрэг дээр Эрүүгийн хэрэг үүсгэж, шалгагдаж байгаа гэхэд шууд тушаал гаргаж байгаа нь захиргааны актын шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Ажлын бус цагаар 13, 14 албан хаагч хөзөр тоглоод сууж байгаад маргаан үүсэхэд нь ахмад албан хаагч нь та хоёр боль гэхэд Д.Б************ нь гэртээ хариад унтаж байсан. Гэтэл Б.И****** нь өөр дөрвөн хүнтэй үргэлжлүүлж архидаад, би Батцоожийг ална гэж гарахад нь түүний араас үлдсэн хүмүүс нь гараад очтол Д.Бийн дээр гараад зодож байхад нь салгасан үйлдэл болсон. Унтаж байгаа хүнээс ёс зүй, төрийн албан хаагч тангарагтаа үнэнч байх, сахилгын зөрчлийн тухай шаардаж болохгүй. Байгалийн бодгалийн хувьд унтаж амарч байгаа хүнийг төрийн албан хаагчийн ёс зүй, тангараг зөрчсөн, төрийн албаны нэр хүндийг гутаасан гэж дүгнэж байгаа Б/115 дугаартай тушаал нь бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй тушаал учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Тухайн үед Д.Б нь олон улсын шуудан, илгээмжийн газарт улсын байцаагчаар ажиллаж байсан. 3 сарын хугацаатай Гашуунсухайтын хилийн боомт дээр улсын байцаагчийн нэмэгдүүлсэн хүчээр ажилласан. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаад шуудан, илгээмжийн газарт улсын байцаагчаар эргүүлэн томилуулж өгнө үү” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ч.Т******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайт дахь хилийн боомтод гаалийн улсын байцаагч нарын хооронд зодоон болж нэгнийхээ биед гэмтэл учруулсан, ингэх явцдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан талаарх мэдээлэл Сангийн яамд, Сангийн яамны Б.Ж********* сайдад хүргэгдсэн гэсэн мэдээллийг авсан. Гаалийн ерөнхий газрын дарга Б.А*********** уг асуудлын талаар Б.Ж********* сайдаас тодруул гэсэн чиглэлийг өгсөн. Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт тухайн үед Д.Б********ийн ажиллаж байсан Гашуунсухайт дахь Гаалийн газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч  н.М*********** тодруулсан байдаг. Мөнх-Амар нь тухайн газрын хэмжээнд Гаалийн ажлын иж бүрнээр нь зохицуулах үүрэгтэй томилогдсон. 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байцаагч нарын дунд, тэр тусмаа Б.И********, Д.Б******* нар зодолдсон үйлдэл гарсан байна. Зодолдох явцдаа нэгнийхээ биед ямар мэсээр тодорхойгүй гэмтэл учруулсан, Б.И*********** цус алдаад Улаанбаатар хот руу яаралтай явлаа гэсэн мэдээллийг өгсөн. Энэ мэдээлэл дээр үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/73 тоот тушаалыг гаргасан. Тушаал нь халах биш чөлөөлөх утгатай гаргасан. Ийм утгатай тушаал гаргасныг нэмэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л******** хэлэх байх. Яагаад гэвэл тус тушаал нь хүчингүй болсон. Хүчинтэй тушаалын тухайд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Б/115 тоот тушаал гаргасан, тус тушаал дээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т заасан төрийн албан хаагчийн гүйцэтгэх ёстой үүрэг болох ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах, байгууллагыг сахилга, дэг журам, соёлыг мөрдөж ажиллах, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх ёстой гэснийг зөрчсөн гэж Гаалийн байгууллагын удирдлагаас үзсэн байна. Гаалийн улсын байцаагчийг албан үүргээ гүйцэтгэх явцад нь үйл ажиллагаандаа мөрдлөг болгох сахилгын дүрэм гэж байдаг. Засгийн газрын 2009 оны 1-р тогтоолоор баталсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм байдаг. Сахилгын дүрмийн 2.1.4 дээр Гаалийн улсын байцаагч нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа ёс зүйн хэм хэмжээг зөрчихгүй байх гэсэн хоёр заалтыг гол үндэслэл болгоод өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хилийн боомтын хориотой зурваст томилогдоод албан үүргээ гүйцэтгэж байх үедээ бусдын биед гэмтэл учруулсан энэ үйлдэл нь тухайн байгууллага, нийгмийн харилцаа, хууль тогтоомжоор тогтоосон ёс зүйн дүрэм журмыг зөрчсөн, гаалийн албанд ажиллах үндэслэлгүй гэж үзээд Гаалийн ерөнхий газрын удирдлагаас шийдвэр гаргаж ажлаас халсан байдаг. Энэ гаргасан тушаал, шийдвэр нь Гаалийн ерөнхий газрын удирдлагаас үндэслэлтэйг уламжилж хэлээрэй гэснийг би өчигдөр энэ хэрэгт томилогдсон учраас энэ хэвээр нь уламжилж хэлж байна. Нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй.” гэсэн тайлбар гаргажээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Л********* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/73 тоот тушаалыг Гаалийн байгууллагын тухайн нэг албаны дарга байсан н.Г******** гэдэг хүн тэр үеийн удирдлагуудтай холбогдож 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Гашуунсухайт дахь гаалийн газарт нөхцөл байдал үүссэний дараагаар манай дүү Д.Б********* зөрчил гаргасан байна, ажлаас халагдах гээд байна, оронд нь өөрийг нь чөлөөлсөн байдлаар харагдуулахад цаашдаа залуу хүн ажиллахад дэмжлэг туслалцаа болно, гаалийн байгууллагад олон жил ажилласан байцаагч юм байна, энэ байдлыг харгалзан үзэж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдлаар харагдуулж өгөөч гэж гуйсан. Үүний дагуу цаашдаа залуу хүн ажиллах боломжоор хангаж, өөрийн хүсэлтээр гээд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/73 тоот тушаалыг гаргасан. Тухайн үедээ ийм өргөдөл гаргана гэж утсаар ярьж хэлж байсан ч тушаал гарсны дараа Д.Б********* нь би энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна, өөрийн хүсэлтээр ийм өргөдөл гаргаагүй гэсэн нөхцөл байдал үүсэж эхэлсэн. Энэ асуудлын дагуу холбогдох ажиллагаа хийгдээд, сахилгын зөрчлүүд нь шалгагдаад явсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмаар сахилгын хороо хуралдахгүйгээр сахилгын зөрчил хариуцсан байцаагч нь тухайн үеийн нөхцөл байдлыг шалгаж тогтоогоод эрх бүхий албан тушаалтанд танилцуулсны дагуу тушаалыг гаргах эрхтэй учраас сахилгын хороо хуралдаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б************ хэлсэн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад гаалийн албанаас халчихсан гэсэн асуудал яриад байна. Тухайн үед эрүүгийн зөрчил үйлдсэн бус төрийн тусгай албанд ажиллаж байгаа тангараг өргөсөн гаалийн улсын байцаагч байж ийм үйлдэл гаргасан нь ёс зүйн зөрчил, бусад хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж үзэж сахилгын арга хэмжээ авч гаалийн албанаас халсан. Гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр гаалийн албанаас халаагүй, ёс зүй, сахилгын зөрчил гаргасан гэж үзэж гаалийн албанаас халсан байгаа. Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар 09-ний өдрийн Б/115 тушаал нь Төрийн албаны тухай хууль, Гаалийн улсын байцаагчийн ёс зүй, сахилгын дүрэм, Засгийн газрын 2009 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм, Гаалийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Д.Бийн гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэсний үндсэн дээр гарсан. Иймд энэхүү тушаалыг хэвээр үлдээж өгнө үү. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан. Гаалийн ерөнхий газрын даргын 01 дугаартай албан даалгавар гарч гаалийн ерөнхий газрын харьяа байгууллага бүгдэд хүргэгдэж, тухайн газрын дарга нар нь ёс зүйтэй байж, өндөржүүлсэн бэлэн байдлын халдвар хамгаалал болон бусад  дэглэмүүдийг сайн сахиж ажиллаж, бүх алба хаагчдаа мэдэгдээрэй гэж албан даалгаврыг хүргүүлсэн. 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр буюу бэлэн байдлын зэрэгт шилжсэн байхад тухайн асуудал үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

10. Иргэдийн төлөөлөгч Т.Б*********** нь дүгнэлтдээ: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн үүднээс сайн ойлгохгүй байна. Тухайн үед Д.Б**********ийн согтолтын зэрэг бага байсан гэж ойлгож байна. Харилцан зодоон хийсэн үед тэгш бус байдлаар сахилгын шийтгэл оногдуулж нэг албан хаагчид нь цалингийн хувиар, нөгөө албан хаагчийг ажлаас халсан нь шударга бус гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Д.Б***********ийг гаалийн алба, албан тушаалаас халах тухай Б/115 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Б************ийг Гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангаргаа зөрчин, улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед хилийн зурваст ёс зүй сахилгын зөрчил гаргаж, согтууруулах ундаа хэрэглэн бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан гэж үзэж, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалт, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.11 зэх заалт, 273 дугаар зүйлийн 273.4 дэх заалт, 274 дүгээр зүйлийн 274.2.5 дахь заалт, 284 дүгээр зүйлийн 284.1.5 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалт, Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1 дүгээр зүйлийн 1.3.1, 1.5.3 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дүгээр тушаалаар баталсан "Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2, 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Гаалийн ерөнхий газрын даргын 01 тоот албан даалгаврын 23 дугаар заалтыг тус тус үндэслэн “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.

            2. Нэхэмжлэгчийн зүгээс “гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж үзэж, бодит байдалд нийцээгүй тушаал гаргасан нь үндэслэлгүй тул урьд ажиллаж байсан албан тушаалд нэхэмжлэгчийг эгүүлэн томилж, үргэлжлүүлэн ажиллуулах ёстой” гэж, хариуцагчаас “нэхэмжлэгч нь Гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангаргаа зөрчин, улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед хилийн зурваст ёс зүй сахилгын зөрчил гаргаж, согтууруулах ундаа хэрэглэн бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан тул уг тушаал нь хуульд нийцсэн” гэх үндэслэлээр тус тус маргаж байна.

3. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайн үед Ковид-19 халдварт өвчний өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай албан даалгаврын 23 дахь хэсэгт “...Төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчихгүй байх, сахилга, хариуцлагыг дээд зэргээр сахиулахад хяналт тавьж ажиллах, гаргасан зөрчилд эрх хэмжээний хүрээнд хатуу хариуцлага тооцож, Гаалийн ерөнхий газрын холбогдох нэгжид нэн даруй мэдэгдэх” гэж заасан үүрэг даалгаврыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

5. Маргаан бүхий зөрчлийг шалгаж, танилцуулсан гэх Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын гаалийн улсын байцаагч Г.Г********** Т.С*********** нарын нэхэмжлэгч Д.Б***********, гаалийн улсын байцаагч Ц.Н************ авсан тайлбар, Гаалийн улсын байцаагч Ж.Х*********, О.Б***********, Б.И*********** нарын бичгээр гаргасан тайлбар зэргээр “2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21-22 цагийн үед буюу ажлын бус цагаар н.Баттөр, н.Болор, Ганзориг нарын хамт, тэдний амьдардаг байранд нэхэмжлэгч Д.Б нь Ц.Н*******, Д.Н*********, Б.Б********, О.Б*******, Г.Г********* нарын хамт хөзөр тоглож эхэлсэн, тоглож байх хугацаандаа гаалийн улсын байцаагч Б.И********, Ж.Х********** нарын авч ирсэн нэг шил архийг хувааж ууцгаасан” гэх үйл баримт тогтоогдсон байна.

            6. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Д.Б******** нь ажлын бус цагаар, амралтын өдрөөр хамт ажилладаг гэх улсын байцаагч нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байх ба дээр дурдсан албан даалгавраар ажлын бус цагаар, амралтын өдрөөр согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг шууд хориглоогүй байх бөгөөд нэхэмжлэгчийг ажлын бус цагаар, амралтын өдрөөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь ёс зүйн дүрэм болон албан даалгаврыг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй.

            7. Мөн Д.Б******, хамт байсан гэх гаалийн улсын байцаагч нарын тайлбар зэргээр нэхэмжлэгч Д.Б*******, гаалийн улсын байцаагч Б.И******** нар нь хоорондоо зодолдож, нэхэмжлэгч Д.Б******* нь гаалийн улсын байцаагч Б.И******* зүүн ташаа хэсэгт ундаа задлагчаар цохиж гэмтэл учруулсан гэх боловч ямар шалтгааны улмаас маргалдаж, зодолдсон, тухайн маргаан гарах болсон шалтгаан, хэн нь буруутай болох, мөн Б.И******** учирсан гэх гэмтлийг нэхэмжлэгч Д.Б******* учруулсан эсэх, Б.И******** учирсан гэх гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт /хөнгөн, хүндэвтэр, хүнд гэх мэт/ хамаарах зэргийг эрх бүхий байгууллагууд шалгаж тогтоогоогүй байхад маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг шууд буруутган ажлаас халсан нь үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            8. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан зохицуулалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон этгээдээс сахилгын шийтгэлийг ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал мөн зөрчлийг анх эсхүл давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэхийн дээр албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчиж албан үүргээ биелүүлсэн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулжээ.

9. Иймд шийдвэр гаргагч нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ төрийн албанд ёс зүй, хуулийг дээдлэх, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх үндсэн зарчмын хүрээнд тухайн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэл хүлээх болсон үндэслэлийг тодруулан тогтоож, зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэж, харьцуулан дүгнэсний үндсэн дээр тохирох сахилгын шийтгэлийг ногдуулсан тохиолдолд тухайн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэх тул Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Д.Б*********ийг гаалийн алба, албан тушаалаас халах тухай Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 10. Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 130 дугаар цагаатгах тогтоолоор “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бид холбогдох эрүүгийн 21290*********** дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Б*********ийг цагаатгасугай” гэж шийдвэрлэснийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ДШМ/06**** дугаартай магадлалаар “...Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 130 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй” гэж шийдвэрлэсэн бөгөөд магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогчдоос хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокуророос эсэргүүцэл бичээгүй хуулийн хүчин төгөлдөр болсон байгааг дурдах нь зүйтэй.  

11. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана” 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх;” гэж зааснаар нэхэмжлэгч нь 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын гаалийн улсын байцаагчийн тангараг өргөсөн буюу төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан “төрийн албанаас халах;” сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

12. Иймд шүүхээс маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Д.Б*******ийг гаалийн алба, албан тушаалаас халах тухай Б/115 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул  нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох  Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилохыг Гаалийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэв.  

13. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд: Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ДШМ/06******* дугаартай магадлал нь гарсан өдрөөс буюу 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн уг магадлал хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, шалгагдаж байсан тул энэ хугацаанд эрхэлж байсан албан тушаалаас нь түдгэлзүүлж шийдвэрлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа нэхэмжлэгчийг ажлаас халах эсэх асуудлыг шийдвэрлэх эсхүл харилцан зодолдож ёс зүйн зөрчил гаргасан гэх албан хаагчтай ижил төрлийн шийтгэл ногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

            14. Иймд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

15. Иргэдийн төлөөлөгчийн “...Харилцан зодоон хийсэн ажилтнуудад өөр төрлийн сахилгын шийтгэл ногдуулсан нь шударга бус гэж дүгнэж байна” гаргасан дүгнэлт шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй байна.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.4, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б***********оос Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Д.Б**********ийг гаалийн алба, албан тушаалаас халах тухай Б/115 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б**********ийг Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Д.Б********д 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газар /Гаалийн ерөнхий газрын дарга/-т даалгаж, үлдэх хэсэг болох 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

                        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газраас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОДМАА

                                             ШҮҮГЧ                             Н.ДУЛАМСҮРЭН

                                             ШҮҮГЧ                             Ц.МӨНХЗУЛ