Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2026/0009

 

 

 

 

 

 

 

 

                           “Л” ХХК  нарын 8 иргэн, хуулийн

                               этгээдийн нэхэмжлэлтэй захиргааны

                                                хэргийн тухай   

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:   

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа  

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа  

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч  “Л” ХХК , “Р” ХХК, “С” ХХК,  “Ч” ХХК,  М.Б, Г.Б, Ж.Э, Д.А  

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ

Гуравдагч этгээд “Э” ХХК   

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1058 болон 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/276 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай      

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0654 дүгээр шийдвэр      

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул   

Хэргийн индекс: 128/2025/0111/3     

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч “Л” ХХК , “Р” ХХК, “С” ХХК,  “Ч” ХХК,  М.Б, Г.Б, Ж.Э, Д.А нараас Нийслэлийн Засаг дарга, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1058 болон 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/276 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.       

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0654 дүгээр  шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.13, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч "Л" ХХК, "Р" ХХК, "С" ХХК, "Ч" ХХК, М.Б, Г.Б, Ж.Э, Д.А нараас нийслэлийн Засаг дарга, "Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮГ-т холбогдуулан гаргасан "Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1058, болон 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/276 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.          

3. Давж заалдах гомдлын агуулга:  

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б давж заалдах гомдолдоо:  

“Нэхэмжлэгч нийтийн эдэлбэр газрыг өөрийгөө ашиглах бүрэн эрхтэй гэж маргаагүй, нийслэлийн Засаг дарга нийтийн эдэлбэр газрыг өөрийн эрх хэмжээний хүрээнд авто зогсоолын болон бусад зориулалтаар ашиглах талаар захирамж гаргах эрхтэй талаар маргаагүй бөгөөд тухайн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх, өөрөөр хэлбэл “төлбөртэй авто зогсоолын үйл ажиллагаа" эрхлэгчийн эрхийг зөрчихгүй байх ёстой гэж маргасан. Гэтэл анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан эрхээ хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүхэд дараах нотлох баримтыг тайлбарын хамт хүргүүлж, нэг төслийг хоёр дахин хэрэгжүүлж байгаа талаар дараах нотлох баримтыг хүргүүлж маргасан боловч шүүх дээрх нотлох баримт болон энэ талаар дараах байдлаар маргасан нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан. Үүнд:

"Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл" хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтын дагуу “Э” ХХК, “Г” ХХК-ийн түншлэлийг шалгаруулан дээрх 50 байршлын ихэнхийг чөлөөлөн үйл ажиллагаагаа эхлүүлж, тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах ерөнхий шаардлага /UCS0902B:2022/-ийн дагуу засвар арчлалтыг хийх, зогсоолыг бүрэн цахимжуулах ажлын хүрээнд авто машины хяналтын камер, шаардлагатай тоног төхөөрөмжийн суурилуулалт хийх, төслийн үйл ажиллагаанд ашиглагдах урьдчилсан болон бусад систем хөгжүүлэлт хийх, төлбөр тооцооны ухаалаг шийдэл болох цахим хэтэвчийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний "SmartCar" системтэй холболт хийх зэрэг ажлыг хийж байгаа болно.

Төслийн дагуу дээрх үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа атлаа дахин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар "Ухаалаг зогсоолын менежментийн төслийн хүрээнд зогсоолын менежментийн системийн үндсийг тавих, төрийн болон хувийн зогсоолын мэдээллийг нэгтгэх, төлбөрийн систем болон талбайн тоног төхөөрөмжийг сайжруулах, илүү дэлгэрэнгүй зураг төсөл боловсруулах, одоогийн байгаа зураг төслийг улам сайжруулан хөгжүүлэх, зураг төсөл тусгасан газар шорооны ажил хийх, сонгосон 3 байрлалд системийг нэвтрүүлэх, энэхүү төсөл амжилттай хэрэгжсэний дараагаар Улаанбаатар хотын бусад байрлал дахь зогсоолуудад төслийг хэрэгжүүлэх, системийн үйл ажиллагаа болон зогсоолын менежментэд техникийн туслалцаа үзүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ" гэсэн нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Энэ сонгон шалгаруулалтын зарыг Өдрийн сонины 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4 дүгээр нүүрэнд англи хэлээр нийтэлсэн байна. Дээрх үйлдлийг нэг төслийг давхардуулан хэрэгжүүлж байгаа гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0654 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү.” гэв.     

ХЯНАВАЛ:  

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Л” ХХК  нарын 8 иргэн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.       

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.   

 

2.1. Нэхэмжлэгч “Л” ХХК , “Р” ХХК, “С” ХХК,  “Ч” ХХК,  М.Б, Г.Б, Ж.Э, Д.А нараас Нийслэлийн Засаг дарга, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1058 болон 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/276 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.    

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатайгаар М.Б-тай Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж 100 айл, “Бумбат”, Барилгачин дэлгүүрийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд 37 автомашины, “С” ХХК-тай Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж 1, “Н” ХХК-ийн урд тал, “Соёлын төв өргөө”-ийн хойд талын нийтийн эзэмшлийн талбайд 20 автомашины, “Ч” ХХК-тай Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-8, Эрдэнэс таван толгойн оффисын барилгын зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд 24 автомашины, Г.Б-тэй Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж 100 айл, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд 20 автомашины, “Л” ХХК -тай Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, “Эрэл” 40 дүгээр байрны зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд 53 автомашины, “Р” ХХК-тай Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, 4/3-т “Р” үйлчилгээний төвийн зүүн урд талын нийтийн эзэмшлийн талбайд 10 автомашины, Ж.Э-тэй Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбайн урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд 21 автомашины, Д.А-тай Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Барилгачдын талбай орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд 65 автомашины тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээг тус тус байгуулсан байна.

2.3. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1058 дугаар захирамжийн 1 дэх заалтаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, нэгдсэн удирдлагын системд холбох зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн талбай дахь 50 байршилд байгаа зогсоолын менежмент, засвар, арчлалтыг хариуцан гүйцэтгэхээр нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан хуулийн этгээдтэй зохих журмын дагуу гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК (Н.Б)-т даалгасан байна.[1]

2.4. Дээрх менежмент, засвар, арчлалтыг нь сайжруулах нийтийн эзэмшлийн талбай дахь 50 байршилд байгаа тээврийн хэрэгслийн зогсоолын жагсаалтад нэхэмжлэгч 8 иргэн, хуулийн этгээдийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулж буй зогсоол багтдаг[2].

2.5. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл” хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг[3] үндэслэн Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаар тогтоолоор[4] “Э” ХХК болон “Г” ХХК-ийн түншлэлд гэрээ байгуулах эрх олгож, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан  [5] байх ба тус төсөл сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээд нар оролцоогүй байна.  

2.6. “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээд нарт 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 01/1121 дүгээр “...төслийг хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн талбайд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэгчидтэй хийсэн гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгааг үүгээр мэдэгдэж байна.” гэх албан бичгийг хүргүүлсэн.[6]

2.7. “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээд нарт 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 01/57 дугаар “...Иймд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ /ТЗГ-2024/-ний 4 дүгээр зүйлийн 4.1.4-т үйлчилгээ эрхлэгчээс гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа тохиолдолд зориулалтын талбайг гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойш 5 өдрийн дотор хэрэгжүүлэгч байгууллагад хүлээлгэн өгөх гэж заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч байгууллага болох "Э" ХХК болон "Г" ХХК-ийн түншлэлд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нийтийн эзэмшлийн талбайг хүлээлгэн өгнө үү” гэх мэдэгдлийг хүргүүлсэн.  

2.8. Үүний дараа нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/276 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайд авто зогсоолын үйл ажиллагаа явуулж, иргэдээс авто зогсоол ашигласны төлбөр хураамж авч байгаа иргэн, хуулийн этгээдийн зогсоолын хаалт, объектыг албадан буулгаж, үйл ажиллагааг зогсоон газрыг албадан чөлөөлөх тухай шийдвэр гаргасан байна.

2.9. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Нийслэлийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна”, 24.1.13-т “нийслэлийн авто зам, зогсоолын төлөвлөлт, байршил”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Нийслэл хот нь дараах бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 8.3.11-д “авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах үүргийг хэрэгжүүлнэ”, 9.4.2-т “замын хөдөлгөөний түгжрэл, саатлын шалтгаан, нөхцөлийг судалж, түүнийг арилгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх” гэж тус тус хуульчилсан.

2.10. Нийслэлийн Засаг дарга нь дээрх хууль тогтоомжид заасны дагуу өөрийн бүрэн эрх хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, нэгдсэн удирдлагын системд холбох зорилтынхоо хүрээнд дээрх захирамжуудыг гаргасан байх ба хуульд нийцсэн байна.

2.11. Нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхлэн явуулах гэрээг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатайгаар байгуулсан ба гэрээ дуусгавар болж байгаа талаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас тус өдрөө буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн.  

Үүнээс үзвэл нэхэмжлэгч 8 иргэн, хуулийн этгээд нарын маргаан бүхий байршлуудад тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах эрх нь дуусгавар болж, талбайг хүлээлгэн өгөх үүрэг үүссэн тул “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 01/57 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн нь хууль тогтоомжид нийцсэн байна.

2.12. Нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээд нар нь маргаан бүхий нийтийн эзэмшлийн талбайг мэдэгдэлд заасан хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хүлээлгэн өгөөгүй тул нийслэлийн Засаг дарга 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр А/276 дугаар “Зөрчил арилгаж, газар албадан чөлөөлөх тухай” захирамжийг гаргасан нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална”, 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 57 дугаар зүйлийн 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.”, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.7-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьсан, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг шилжүүлэх, албадан буулгах зэргээр орц, гарцыг гаргах арга хэмжээг авах”, 9.2-т “Энэ хуулийн 9.1.7-д заасан барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг шилжүүлэх, албадан буулгахтай холбоотой зардлыг буруутай этгээдээр гаргуулна.” гэж тус тус заасанд нийцсэн.

2.13. Тодруулбал, нэхэмжлэгч 8 иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ дуусгавар болсон, нийтийн эзэмшлийн талбайг хүлээлгэн өгөх үүрэг үүссэн, төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч нар оролцоогүй, мөн нэхэмжлэгч нартай  тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ байгуулахаас өмнө төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Э” ХХК болон “Г” ХХК-ийн түншлэлтэй “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх гэрээ” байгуулсан зэргээс нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1058, 2025 оны А/276 дугаар захирамж, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын 01/57 дугаар мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0654 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б-оос  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               А.САРАНГЭРЭЛ  

 

                      ШҮҮГЧ                                              Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] 1 хавтаст хэргийн 156 дахь тал

[2] 2 хавтаст хэргийн 101-102 хуудас

[3] 2 хавтаст хэргийн 212-218 хуудас

[4] 2 хавтаст хэргийн 219 дэх тал

[5] 1 хавтаст хэргийн 179-196 хуудас

[6] 3 хавтаст хэргийн 41-48 хуудас