Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1272

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 З.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2018/00716 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: З.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Чт холбогдох

 

Хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үр дагаварыг арилгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цэнгүүн,

Хариуцагч: Ж.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

       Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч Ж.Чт холбогдуулан “Верна” маркын УНС 24- 21 дугаартай автомашины эзэмших эрхийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ж.Ч нь иргэн С.Атарбаясгалантай зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөгийг зээлдүүлсэн. Тухайн үед С.Атарбаясгалан нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Атарбаясгалан зам" ХХК-ийн захирал байсан бөгөөд нэхэмжлэгчийг уг зээлийн гэрээний барьцаа байдлаар автомашины эзэмших эрхийг Ж.Чын нэр дээр шилжүүлчих гэсний дагуу эзэмших эрхийг барьцаа болгож хариуцагч Ж.Чт шилжүүлсэн. Иргэний хуульд зааснаар хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих зохицуулалтыг тусгайлан заасан. Хариуцагч нь өмчлөх эрхийг үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож шилжүүлэн авсан гэж мэдүүлдэг. Мөн нэхэмжпэгчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийн барьцаа байдлаар уг автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн болохоо илэрхийлдэг. Уг автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхдээ зохигчид ямар нэгэн байдлаар бичгээр огт гэрээ хийгээгүй юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 235 дугаар зүйлийн 235.5-д тус тус зааснаар уг автомашиныг шилжүүлсэн хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд зохигчдын хооронд хийгдсэн З.Бын өмчлөлийн “Верна” маркын УНС 24-21 дугаартай автомашины эзэмших эрхийг шилжүүлсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул автомашины эзэмших эрхийг З.Бын  нэр дээр шилжүүлэхийг даалган шийдвэрлэж өгнө үү. З.Б 1 500 000 төгрөгийг зээлж аваагүй, Ж.Ч 2015 оны 12 сарын 30-нд С.Атарбаясгаланд зээлсэн. З.Бын дансаар дамжуулж авсан. Тухайн үед нэхэмжлэгч нь "Атарбаясгалан зам " ХХК-ийн захирлын жолооч байсан учир захирлынхаа үгнээс зөрж чадалгүй өөрийн машиныг Ж.Чын  нэр дээр түр шилжүүлсэн юм. Иймд С.Атарбаясгалангаас нэхэмжлэх эрх хариуцагчид нээлттэй  байгаа гэжээ.

 

   Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: З.Б нь өөрийн нэр дээр байх “Верна” маркын 24-41 УНС улсын дугаартай автомашинаа Ж.Ч миний нэр дээр сайн дураараа шилжүүлж, надаас 1 сарын хугацаатай 1 500 000 төгрөгийг зээлж авсан болно. Энэ мөнгөө хугацаанд нь төлж дуусгаад машинаа өөрийн нэр дээр буцаан шилжүүлэх аман хэлцэл хийсэн. Миний нэр дээр автомашинаа шилжүүлсэн хэлцлээ бичгээр хийгээгүй нь үнэн. Бид бие биенээ сайн таньдаг учир итгэж өгсөн. Би 2015 оны 12 сарын 22-ны өдөр З.Бын ХААН банк дахь дансанд 1 500 000 төгрөг шилжүүлсэн. Би С.Атарбаясгалан гэж хүнд зээлүүлээгүй. З.Б 2016 оны 9 сарын 18-нд  миний гараар С.Атарбаясгалан гэж хүнд мөнгө зээлсэн гэх агуулгатай бичиг бичүүлсэн тэр бичигт ганцхан миний гарын үсэг байгаа. З.Б, С.Атарбаясгалан нарын аль нь ч гарын үсэг зураагүй. Дараа нь ийм байдлаар ашиглана гэж бодоогүй гэжээ.

 

   Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлж авсан 1 500 000 төгрөгийг одоо болтол надад өгөөгүй байгаа бөгөөд өгсөн тохиолдолд би машиныг нь түүний нэр дээр нь шилжүүлнэ. Нэхэмжлэгч нь уг автомашинаа одоог хүртэл өөрөө эзэмшиж ашиглаж байгаа. Иймээс З.Боос 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөнгөө авсан тохиолдолд автомашины нэрийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

       Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бидний хооронд зээлийн   гэрээ байгуулагдаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

           Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 235 дугаар зүйлийн 235.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцлийн тал болох хариуцагч Ж.Чт 24-41 УНС улсын дугаартай “Аксент верна” маркын тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг З.Бын нэр дээр шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэгч З.Боос 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан хариуцагч Ж.Чт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 39 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 38 950 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, нэхэмжлэгч, хариуцагч нapaac урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчаас нэхэмжлэгчийн дансанд 1 500 000 төгрөг шилжүүлсэн үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байсан эсэх буюу гэрээний талуудыг шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөв тодорхойлж үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хариуцагч Ж.Ч нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан "Атарбаясгалан ХХК-ийн захирал С.Атарбаясгалантай зээлийн гэрээ байгуулж 1 500 000 төгрөгийг зээлсэн болохоо хэрэг маргаан үүсэхээс өмнө өөрөө тайлбарлаж, өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн бөгөөд энэхүү баримт хэрэгт авагдсан. Мөн С.Атарбаясгалан гэгч нь Ж.Чтой зээлийн гэрээний үүргийн барьцаа болгож нэхэмжлэгчийн автомашиныг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн  болохоо тайлбарлан уг зээлийн гэрээний төлбөрийг Ж.Чт төлж барагдуулах баталсан баримт хэрэгт мөн авагдсан. Иймд шүүх нэхэмжлэгчийг зээлдэгч мөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй,  хэрэгт авагдсан баримтанд нийцээгүй дүгнэлт болсон. Нэхэмжлэгчийн хувьд зөвхөн С.Атарбаясгалан, Ж.Ч нарын хүсэлтийн дагуу зээлийн мөнгийг нь дансаараа дамжуулсан байдаг бөгөөд ямарваа нэгэн байдлаар өөрийн өмчлөлд авч захиран зарцуулаагүй. Шүүх хуралдаанд зөвхөн зээлийн гэрээний талуудын төлбөрийг л дамжуулан үйлдэл хийсэн тухайгаа шүүхэд үнэн зөвөөр тайлбарласан. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч Ж.Чт холбогдуулан автомашин эзэмших эрхийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэг 1 500 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Нэхэмжлэгч З.Б нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 24-41 УНС улсын дугаартай автомашиныг хариуцагч Ж.Чын эзэмшилд шилжүүлсэн болох нь тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 43-45 дугаар тал/

 

            Хариуцагч уг тээврийн хэрэгслийн эзэмшлийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн эзэмшилд шилжүүлж авсан талаар тайлбарлаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээг бичгээр байгуулаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл тул автомашины эзэмшлийг буцаан авна” гэж тус тус тайлбарласан.

 

            Талуудын тайлбараар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний харилцаа үүссэн байх боловч Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт энэ гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг тогтоосон байна. Зохигчид уг хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй, фидуцийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул анхан шатны шүүх тэдгээрийн хооронд байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж  үзсэн нь үндэслэлтэй.

 

            Түүнчлэн анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, уг хэлцлээр шилжүүлсэн 24-41 УНС улсын дугаартай, “Аксент верна” маркын автомашины эзэмшлийг нэхэмжлэгч З.Бын эзэмшилд буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцжээ. Харин шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй байх тул зөвтгөх шаардлагатай.

 

            Хариуцагч Ж.Ч нь зээлийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгч З.Боос гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч З.Б нь сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тайлбартаа: “би Ж.Чтой зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй, харин С.Атарбаясгалан 1 500 000 төгрөгийг Ж.Чоос зээлдэн авсан гэж” маргажээ.

 

            Нэхэмжлэгч З.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж маргасан тул нотлох үүргийн хуваариалтын хувьд Ж.Ч нь З.Бод зээлийн гэрээний дагуу 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн гэдгээ нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Харин “Хаан” банк дахь 5606009250 тоот, нэхэмжлэгч З.Бын дансанд хариуцагч Ж.Чоос 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон. /хх-ийн 17 дугаар тал/ Нэхэмжлэгч З.Б нь уг мөнгөн хөрөнгийг авч ашиглаагүй, бусдын зээлийг өөрийн дансаар дамжуулан авч өгсөн гэж маргасан боловч уг тайлбараа нотлоогүй.

 

            Нэгэнт нэхэмжлэгч З.Бын дансанд хариуцагч Ж.Чоос 1 500 000 төгрөгийн мөнгөн хөрөнгө орсон, тэдгээрийн хооронд гэрээний үүргийн харилцаа үүсээгүй байх тул анхан шатны шүүх уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцнэ. Харин анхан шатны шүүх уг мөнгөн хөрөнгийг гаргуулж шийдвэрлэхдээ зээлийн гэрээний үүрэг гэж тодорхойлсон нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцээний зарчмаар хэрэгжих бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Гэтэл талуудаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч оролцуулах хүсэлт гаргаагүй байхад шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШЗ2018/02724 дүгээр захирамжаар гэрч оролцуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд дээрх захирамжийн биелэлт хангагдаагүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2018/00716 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

            1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 235 дугаар зүйлийн 235.1, 281 дүгээр зүйлийн 281.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1” гэж  өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА                                           

                                                          ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД                                                                                                   

                                                                                                       Г.ДАВААДОРЖ