Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 04 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00075                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д  аймгийн Г сумын 3-р баг, Ч  гэх газар   оршин суух, Б овогт Вгийн О /ЗВ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00063/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б  овогт Вгийн О миний бие 1986 онд Говь-Угтаал сумын Ерөнхий боловсролын дунд сургууль төгсч эвлэлийн илгээлтээр мал аж ахуй дээр гарч 1986 оны 6 сарын 30-ны өдрийн Нэгдэлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 20-р тогтоолоор Говийн-Өрнөлт нэгдлийн Ажирхай бргиадад хоньчноор томилогдсон юм. 1986 оны 8 сараас 1990 оны 9 сарын 1-ний өдөр хүртэл Говь-Угтаал сумын “Говийн-Өрнөлт” нэгдэлд бог мал маллаж байгаад 1990 онд Гурвансайхан сумын 3-р багийн малчин Сосорын Энхтайвантай гэр бүл болж 1990 оны 9 сарын 1-нээс 1993 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл тасралтгүй Гурвансайхан сумын "Давших зам нэгдэл”-д бог мал маллаж байсан. Тухайн үед Говь-Угтаал суманд ажилласан үеийн Хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, “олгов” тамга тэмдэг дарагдаагүй хөдөлмөрийн дэвтэр нээсэн хүний гарын үсэг зурагдаагүй зэрэг зөрүүтэй, Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн цалингийн бичилтэнд буруу тамга тэмдэг дарагдсан, томилгооны бичилт байхгүй. Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд ажиллаж байсан үеийн нотлох баримт цалин цэст бусад баримтууд Давших зам нэгдлийн конторын барилга 2000 онд гал түймэрт өртөн шатаж үгүй болоход устаж үрэгдсэн. 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 6 жил 6 cap тооцуулсан. Иймд тухайн үед мал маллаж байсныг хамт мал маллаж байсан гэрчийн мэдүүлэг, Аймгийн төрийн архиваас олгосон лавлагаа, хуулбар, сумын архиваас олгосон Засаг даргын орлогчийн сейф болон шкафанд байсан зүйлийн жагсаалт, Давших зам нэгдлийн контор барилга шатахад үрэгдсэн зүйлийн тодорхойлолт зэргийг үндэслэн Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд 1986 оны 08-р сарын 01-ноос 1990 оны 9-р сарын 1-ний өдрийг хүртэл, Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1990 оны 9-р сарын 1-ний өдрөөс 1993 оны 1 сарын 1-ний өдрийг дуусталх хугацаанд бог мал маллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.О нь малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч В.О нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд 1986 оны 8-р сарын 1-ноос 1990 оны 9-р сарын 1-ний өдрийг хүртэл, Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1990 оны 9-р сарын 1-ний өдрөөс 1993 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан талаарх Дундговь аймгийн Архивын тасгийн сан  хөмрөгт В овогтой Отэй  холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй нь  2020 оны 1 сарын 13-ны өдрийн 30 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

              

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Дундговь аймгийн Татварын хэлтсийн  “Говь-Угтаал сумын  Говийн-Өрнөлт нэгдэл нь  1990 оны 3 сарын 13-нд улсын шинэчилсэн  бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад  1992 оны 9 сарын 21-нд Говийн-Өрнөлт хоршоо болон өөрчлөгдсөн талаарх ” тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

            -Дундговь аймгийн   нийгмийн даатгалын хэлтсийн  Гурвансайхан сумын 3-р багийн иргэн В овогтой О /ЗВ /-ийн 1986, 1991 оны хөдөлмөрийн дэвтэр нь нөхөн бичилттэй, тамга тэмдгийн зөрчилтэй тул 1986- оноос 1993 оны 1 сарын 1-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх” тодорхойлолт /хэргийн 7-р хуудас /

            -Дундговь аймгийн Татварын хэлтсийн  “Гурвансайхан сумын  Давших зам  нэгдэл нь  1992 оны 3 сарын 23-нд улсын шинэчилсэн  бүртгэлд бүртгэгдэн Давших зам ХК, 1994 оны 5 сарын 28-нд Давших зам ББХКомпани,  1996 оны 4 сарын 30-ны өдөр Давших зам хоршоо болж үйл ажиллагаа явуулж байгаа талаарх ” тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/

            -Дундговь аймгийн Говь-Угтаал Засаг даргын тамгын газрын 2020 оны 1 сарын 8-ны өдрийн 3/07 дугаартай Вгийн Оийн Говийн-Өрнөлт нэгдэлд ажиллаж байх үеийн цалингийн жагсаалт /хэргийн 9-р хуудас/

            -Дундговь аймгийн Онцгой байдлын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн  2020 оны 1 сарын 14-ний өдрийн 25-2 тоот тодорхойлолт /хэргийн 11р хуудас/

            -Дундговь аймгийн Говийн-Өрнөлт нэгдлээс Вгийн Од 1988 оны 5 сарын 31-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 12-14 хуудас/

            -Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс Вгийн Од 1992 оны 1 сарын 1-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 15-р хуудас/

            -В.Оийн 1988 оноос 1990 оны 9 сар хүртэл Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 17-38/

            -Дундговь аймгийн Говийн-Өрнөлт нэгдлийн  даргын  1986 оны 6 сарын 21-ний өдрийн 33 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 40-р хуудас /

            -Дундговь аймгийн Говийн-Өрнөлт нэгдлийн  даргын  1989 оны 11 сарын 26-ны өдрийн 85 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 41-р хуудас /

            -Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн  контор шатахад үрэгдсэн зүйлийн талаарх тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 42-46 хуудас /

-Гэрч Д.Д-н “В.О нь 1986 оны 8 сарын 1-ний өдрөөс 1990 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдлийн Ажирхай бригадад аав ээжийн хамт маллаж байсан нь үнэн.  Би тэр үед Вгийнхтай айл саахалт нутагладаг байсан учраас Оийг илгээлтээр гарч нэгдэлд мал маллаж байсан талаар нь сайн мэдэж байна. Анх  1986 оноос 1990 оны 9 сар хүртэл нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан. Би 1960 оноос 1990 оныг дуустал Говь-Угтаал  сумын Говийн-Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан.  Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг   /хэргийн 53-р хуудас/

-Гэрч Л.Л-н “ В.О нь  1990 оны намар Гурвансайхан сумын иргэн Сосор гэж байлын бэр болж ирсэн. Гурвансайхан суманд ирснээс хойш Энхтайвантай  1990 оны 9 сараас мал авч Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчин болж байсан. Нэгдэлд малчин болсноос хойш хувьчлал тарах хүртэл тасралтгүй мал маллаж байсан.  В.О нь нэгдэлд малчин болсноос хойш хувьчлал тарах хүртэл нэгдлийн малчин, нэгдэл тарснаас хойш хувиараа мал маллаж байгаа малчин хүн.  Би тэр үед нэгдлийн нягтлан бодогч  байсан учраас В.Оийг нэгдэлд мал маллаж байсан талаар нь сайн мэдэж байна.  Анх  1990 оны 9 сараас хувьчлал тарах хүртэл нэгдэлд малчнаар ажиллаж байсан.  1981 оноос 1993 онд хувьчлал  тарах хүртэл Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн нягтлан бодогчоор ажиллаж, малчдын цалин хөлсний тооцоог бичиж олгодог байсан учраас Оийг нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаар нь сайн мэднэ.  Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг /хэргийн 54-р хуудас / гэх мэдүүлэг

-Гэрч Н.Эр-ын “ В овогтой О нь 1986 оны 8 сарын 1-ний өдрөөс 1990 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдлийн Ажирхай бригадад  илгээлтээр гарч маллаж байсан.  Би тэр үед Говь-Угтаал сумын Санхүү тасгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан болохоор Оийг илгээлтээр гарч нэгдэлд мал маллаж байсан талаар нь сайн мэдэж байна.  Анх  1986 оноос 1990 оны 9 сар хүртэл нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан.  Би 1978 оноос 1995 он дуустал Говь-Угтаал сумын Санхүүгийн тасгийн нягтлан бодогч, татварын байцаагчаар ажиллаж байсан. В.О нь Говь-Угтаал сумын нэгдэлд мал маллаж байгаад Гурвансайхан сумын малчин Энхтайвантай гэр бүл болж Гурвансайхан сум шилжиж байсан санагдаж байна. Өөр нэмж ярих зүйлгүй ” /хэргийн 55-р хуудас/ гэх мэдүүлэг

-Гэрч У.Бя-ын “ В.О нь 1990 оны намар Гурвансайхан сумын иргэн Сосорынд бэр болж ирсэн. Гурвансайхан суманд ирснээс хойш Энхтайвантай  1990 оны 9 сараас мал авч Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчин болж байсан. Нэгдэлд малчин болсноос хойш хувьчлал тарах хүртэл тасралтгүй мал маллаж байсан.  В.О нь нэгдэлд малчин болсноос хойш хувьчлал тарах хүртэл нэгдлийн малчин, нэгдэл тарснаас хойш хувиараа мал маллаж байгаа малчин хүн.  Би тэр үед мал эмнэлэгт жолооч  байсан учраас В.Оийг   нэгдэлд мал маллаж байсан талаар нь сайн мэдэж байна.  Анх  1990 оны 9 сараас хувьчлал тарах хүртэл нэгдэлд малчнаар ажиллаж байсан.  1985 оноос 1995 он хүртэл Гурвансайхан сумын мал эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед би малын эмчтэй малчдын гэрээр ороход Энхтайвантай гэр бүл болж мал маллаж байсан   учраас Оийг нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаар нь сайн мэднэ  Өөр нэмж ярих зүйлгүй  ” /хэргийн 56-р хуудас/  

-Гэрч Д.Ба-ын “ В овогтой О нь 1986 оны 8 сарын 1-ний өдрөөс 1990 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдлийн Ажирхай бригадад  илгээлтээр гарч маллаж байсан.  Би тэр үед Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан болохоор Оийг илгээлтээр гарч нэгдэлд мал маллаж байсан талаар нь сайн мэдэж байна.  Анх  1986 оноос 1990 оны 9 сар хүртэл нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан. Би 1980 оноос 1992 он дуустал Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан. В.О нь Говь-Угтаал сумын нэгдэлд мал маллаж байгаад Гурвансайхан сумын малчин Энхтайвантай гэр бүл болж Гурвансайхан сум шилжиж байсан санагдаж байна. Өөр нэмж ярих зүйлгүй” /хэргийн 57-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар В.О нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд 1986 оны 8-р сарын 1-нээс 1990 оны 9-р сарын 1-ний өдрийг хүртэл, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1990 оны 9-р сарын 1-ний өдрөөс 1993 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Вгийн О /ЗВ / нь 1986 оны 8 сарын 1-нээс 1990 оны 9-р сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд 1990 оны 9-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 3 сарын 23-ны өдрийг хүртэл  Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд, 1992 оны 3 сарын 23-ны өдрөөс 1993 оны 1 сарын 1-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-нд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У