| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0142/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/146 |
| Огноо | 2023-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Г- холбогдох 2330000000131 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн .... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Сүхбаатар аймгийн ... сумын ... дүгээр баг “...” гэх газарт оршин суух үндсэн хаягтай, Сүхбаатар аймаг ... сум ... дугаар баг ... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, У овогт Л-ы Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Л.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймаг ... сумын .. дугаар багийн ... тоотод гэр бүлийн харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Б.Ц-той таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний өвөр дээр сууж байсан биеэ хамгаалах чадваргүй буюу бага насны хүүхэд болох Ц.Б-ын зүүн гарыг модоор цохиж эрүүл мэндэд нь “зүүн гарын шууны ясны цууралт, шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймаг ... сумын ... дугаар багийн .... тоотод гэр бүлийн харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Б.Ц-той таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний өвөр дээр сууж байсан биеэ хамгаалах чадваргүй буюу бага насны хүүхэд болох Ц.Б-ын зүүн гарыг модоор цохиж эрүүл мэндэд нь “зүүн гарын шууны ясны цууралт, шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц /хх 32-33/, гэрч Г.Д, Г.О нарын мэдүүлэг /хх 36-37, 40-41/, насанд хүрээгүй хохирогч Ц.Б-ад үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас” /хх 46-47/, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 185 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 48-49/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан бөгөөд яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Л.Г өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байгаа ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ц.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ц нь хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хувиараа мал аж ахуй эрхэлдэг байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Л-ы Г-ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Г- оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Г шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Л.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн бөгөөд шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ