Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1273

 

 

 

 

 

 

 

 

 

                               “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/00652 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э” ХХК болон БНХАУ-ын иргэн Ү нарт  холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ганхуяг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Батбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Эрдэнэбаатар,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Батхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Хэнтий аймгийн Дархан сумын Хажуу улаан гэх газарт 15474 тоот хайгуулын тусгай зөвшөөрлөөр хайгуулын ажлыг эхлүүлж жоншны ордны нөөцийг тогтооход 2010 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр БНХАУ-ын иргэн хүний эмч Ү уг ажлыг сонирхож эхлэн хамтран ажиллах гэрээг байгуулсан. Манай талаас хийсэн хайгуулын ажил, жоншны нөөц тогтоох зэргээр хөрөнгө оруулсан, харин Үйзэнхуан нь шаардлагатай тоног төхөөрөмж зэргийг гарган манай компани 30, Үйзэнхуан 70 хувиар ашгийг тус тус хуваан авахаар тохиролцсон. Ийнхүү тохиролцохдоо гэрээний хавсралтаар 91 000 000 төгрөгийг хамтран ажиллахад шаардлагатай бүхий л зөвшөөрөл, зардал гаргасан. Гэвч уг мөнгийг манай компанид зээл байдлаар олгуулсан. Дараагаар нь энэ 91 000 000 төгрөгийн зээлийг төлж чадахгүй байгаа гэх үндэслэлээр манай ашгийг 20 хувь болгон багасгаж, 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр жоншны уурхайд хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Ингээд үйлдвэрээ ажиллуулахыг шаардаж ашиг орлогоо авъя гэхэд Ү Хятад Улсаас хөрөнгө оруулалт оруулсны дараа ажиллуулъя, Монголчуудтай хамтарч байгаа болохоор Хятадууд хөрөнгө оруулахгүй гээд байна. Хурдан хөрөнгө оруулж, ашиг хүртэхийн тулд манай эхнэрийн “Э” ХХК руу тусгай зөвшөөрлөө шилжүүлчих. Би энэ ордыг 100 хувь эзэмшдэг гэсэн баримтыг үндэслэж хятадуудаас хөрөнгө оруулъя гээд байсан. Ингээд “Босстон-Интернэшнл” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлээд, ашгаас өдөрт 1 000 000 төгрөг өгнө гэж хэлээд 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх болон баяжуулах үйлдвэрийг “Э” ХХК-д шилжүүлэхээр гэрээг Ү болон “Э” ХХК-ийн захирал С.Соёл-Эрдэнэтэй байгуулсан.  Гэтэл үүний дараа 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ хийе гэсэн. Энэ бол дүр үзүүлээд ашигт малтмалын газарт өгөөд тусгай зөвшөөрлөө шилжүүлэх зорилгоор хийгдэж байгаа гэрээ гэж итгүүлж манай компаниар гарын үсэг зуруулж, тамга даруулж авсан. Харин 130 000 000 төгрөгийг үйлдвэр удахгүй ашигтай ажиллана гээд хамтран ажиллах гэрээний урьдчилгаа болгон өгсөн. “Э” ХХК-д шилжүүлсний дараагаар баяжуулах үйлдвэр ажиллаж, үйлдвэрээс гарсан баяжмалыг гадагшаа гаргаж ашиг олж байсан хирнээ ашгаас огт өгөөгүй. Ингээд ашгаа өгөхийг шаардахад эхлээд өгнө гэж хэлж байснаа сүүлдээ утсаа авахгүй таг алга болсон. Ингэхээр нь 2012 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд МҮ-016818 дугаартай лицензийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээгээр манай компани 400 000 000 төгрөг авч “Э” ХХК-ийн өмчлөлд баяжуулах үйлдвэр, үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүхий эд зэрэг үйлдвэр болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л зүйлийг шилжүүлэхээр тохирсон. Эвлэрлийн гэрээний дагуу “Э” ХХК 40 000 000 төгрөг л өгсөн. Үлдэх төлбөрийг төлөөгүй явсаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын 15474Х тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэх үндэслэлээр талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдэд шинээр тусгай зөвшөөрөл олгохоор Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоол гарч, хүчингүй болсон 106 лицензийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгохоор болсон. Ашигт малтмалын газрын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/229 тоот шийдвэрээр уг сонгон шалгаруулалтад “Э” ХХК оролцоно гэх агуулгатай хариу өгсөн нь манай компанийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм. 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ нь зөвхөн хөрөнгө оруулагч нарт үзүүлж хөрөнгө оруулалт авч үйлдвэрээ явуулах зорилготой гэж итгүүлж зөвхөн хөрөнгө оруулалт татаж үйлдвэрээ ашигтай ажиллуулахын тулд өмнө байгуулсан хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон гэрээ хэлцлээ халхавчилж хийсэн. Тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д шилжүүлэх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, үр дагавар болох Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолын дагуу сонгон шалгаруулалтад орох эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Босстон-Интернэшнл” ХХК нь 2009 онд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан байдаг. Тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Ганхуяг, Г.Амарсайхан нартай Үйзэнхуан нь 2009 оны 5 дугаар сард Ө.Батхүүгээр дамжуулан танилцаж, жоншны уурхайд хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар ярилцсан. Талууд Хэнтий, Дорноговь аймгийн нутгуудаар хамт явж ашиг малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжтой газруудтай танилцсан. Үзүүлсэн газрын нэг болох Хэнтий аймгийн Дархан сумын нутагт байрлах хажуу улаан жоншны уурхай байсан. Б.Ганхуяг, Г.Амарсайхан нар уурхайн амыг бид өөрсдөө гаргасан жонштой, хайгуулаар нөөц батлагдсан гэсэн тул тэдгээрийн үгэнд итгэж уурхайд хөрөнгө оруулахаар хамтран ажиллахаар тохиролцсон. Ингээд тэдний хэлсний дагуу уурхайн аманд 6 сарын турш усыг соруулахад жонш байгаагүй. Уурхайгаас соруулсан усны улмаас тогтоол ус үүсэж, хажуугийн уурхайн цооногийг усанд автуулж болзошгүй гээд Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас уурхайн үйл ажиллагааг зогсоох мэдэгдлийг 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өгсөн тул ус соруулах, уурхайг ажиллуулах ажлыг зогсоосон. Хариуцагч алдагдлаа нөхөх талаар эрэлхийлэл хийж байсан ба хятадын мэргэжилтэн ус ихээр гардаг, жонш олборлох боломжгүй тул ойр хавийн уурхайгаас жонш аваад олборлолт хийж зардлаа нөхөх боломжтой гэж зөвлөсний дагуу “Э” ХХК болон Үйзэнхуан нар их хэмжээний хөрөнгө гаргаж 2011 оны 5 дугаар сараас эхлэн жонш баяжуулах үйлдвэрийг барин 2012 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан. Б.Ганхуяг, Г.Амарсайхан нар уурхайгаас жонш олборлохгүй болохыг тооцоолоод МҮ016818 дугаартай лицензийг 130 000 000 төгрөгөөр “Э” ХХК болон Үйзэнхуан нарт 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээгээр худалдаж, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 110 000 000  төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус лицензийн үнэд шилжүүлсэн. 2010 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн болон 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хамтран ажиллах болон Жоншны уурхайд хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээнүүдэд урьдчилгаа төлбөр төлөхөөр тохироогүй тул 130 000 000 төгрөгийг МҮ016818 дугаартай лицензийг худалдан авсан үнэ юм. Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ нь нотариатаар батлагдсан, Ашигт малтмалын тухай хуулийн 49.3-т нийцсэн, мөн нэхэмжлэлд дурдсан шиг хятадуудад үзүүлэхийн тулд дүр үзүүлэн, хууран мэхлэн хийгээгүй. Тусгай зөвшөөрлийг нэгээс нөгөөд шилжүүлэхэд заавал худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ёстой гээд дээрх худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээг талууд өөрсдөө сайн дураараа харилцан тохиролцож байгуулсан. Нэг нь шилжүүлэн өгөх нөгөө тал нь хүлээж авах гэж Ашигт малтмалын кадастрын албанд хүсэлтээ гаргаад гэрээ байгуулсан. “Босстон-Интернэшнл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хуралдаад хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хүртэл гарсан. Энэ гэрээг байгуулсны дараа 2012 оны  4 дүгээр сард Ашигт малтмалын газар лицензийг шилжүүлсэн тухай мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.4-т заасныг баримтлан “Босстон-Интернэшнл” ХХК, “Э” ХХК-ийн хооронд 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2.4 дүгээр заалтаар сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болохыг тогтоолгох шаардлага болон хариуцагч БНХАУ-ын иргэн Ү /Wu Zhinghong/-д холбогдох шаардлагыг бүхэлд тус тус хэрэгсэхгүй болгож,

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Э” ХХК-аас 222 950 гаргуулан нэхэмжлэгч “Босстон-Интернэшнл” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх шийдвэртээ талуудын хооронд болсон үйл явдал, нотлох баримтыг тоочин, "нэхэмжлэгч удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан нь шаардлагыг хангах үндэслэл" болсон гэсэн агуулгатай дүгнэлтийг хийсэн. Мөн "Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл" гэж үзэхдээ уг хэлцлийн шинж болон үр дагавар үүсгэсэн эсэх талаар эрх зүйн ямар ч дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үпдэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй юм. Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 01 сарын 10-ны өдрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх болон баяжуулах үйлдвэрийг “Э” ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээ, 2012 оны 01 сарын 12-ны өдрийн  техник мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээнүүдийн аль алинаар нь МҮ-016818 дугаартай тусгай  зөвшөөрлийг шилжүүлэхээр тохиролцсон нь нотлогдсоор байхад шүүх зориуд үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хэт нэг талыг баримталж шударга бус шийдвэр гаргасныг харуулна. Өөрөөр хэлбэл дээрхи 2 гэрээний аль алинд хууль зөрчсөн, хууль бус гэрээний агуулгыг нуух, халхавчлах зорилго байхгүй байгааг шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн дээр дурдсан 2 гэрээний хувьд агуулга болон зорилго нь тодорхой, гэрээний талууд хүсэл зоригоо бүрэн дүүрэн илэрхийлэн хэлцэл хийсэн болох нь илэрхий нотлогдсон байхад шүүх өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж үзсэн нь шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ач холбогдол бүхий нотлох баримтуудад тал бүрээс нь бодитой дүгнэлт хийж чадаагүйг илтгэнэ. Ашигтай ажилласан нөхцөлд ашгаас өдрийн 1 000 000 төгрөгийг өгөх тохиролцооны гол үндэслэл болсон зүйл нь  "хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл" болохыг шүүх анхаараагүй. Ашгийн гэх 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч авч байсан, “Э” ХХК болон БНХАУ-ын иргэн Үйзенхуа нар нэг ашиг сонирхол бүхий тал бөгөөд эдгээрийн хооронд дээрх 2 гэрээний талаар маргаагүй. Техник мэдээллийг худалдах, худалдан авах гэрээний үнэ 13 000 000 төгрөгийг нэхэмжлэгч тал өөрөө захиран зарцуулсан, талууд гэрээний үнийн дүнгийн хэмжээний талаар маргаагүй байхад шүүх гэрээний үнийн дүнгийн хэмжээг хийсвэрээр харж "...энэхүү үр дагаврыг бий болгохыг зориогүй, 13 000 000 төгрөг болгон өөрчилсөн агуулгагүй...” гэх мэт дүгнэлт хийж, талуудын 2012 оны 01 сарын 12-ны өдрийн техник мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан шаардлагад нийцэхгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хүчингүй болгож өөрчлөн, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Э” ХХК болон БНХАУ-ын иргэн Ү нарт  холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч БНХАУ-ын иргэн Үйзэнхуан нар 2010 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр Үйзэнхуан жоншны уурхайн олборлолт хийхэд шаардлагатай техник тоног төхөөрөмж, хөрөнгө мөнгийг гарган, орлогоос 70 хувийг ашиг хүртэх, “Б” ХХК нь уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төлөвлөгөө, материалаар ханган, орлогоос 20 хувийн ашиг хүртэхээр,

Мөн 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Жоншны уурхайд хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр дээр дурдсан жоншны уурхайд Үйзэнхуан 500 000 000 төгрөгөөр хөрөнгө оруулж, уурхайн 20 хувийг “Б” ХХК, 80 хувийг Үйзэнхуан эзэмшихээр тус тус тохиролцсон, зохигчид Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаатай байсан үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй тайлбарласан байна. /1-р хх-ийн 14-21, 22-24 дүгээр тал/

 

Дээрх хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Э” ХХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх болон баяжуулах үйлдвэр шилжүүлэх гэрээ,  2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг тус тус байгуулжээ. /1-р хх-ийн 25-36 дугаар тал/

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх болон баяжуулах үйлдвэр шилжүүлэх гэрээний 2.1.5, 2.2.1, 3.2-т заасан зохицуулалтуудаас үзэхэд талуудын явуулах үйл ажиллагаанаас олох орлого, түүнийг хэрхэн хуваарилах талаар тохирсон байх тул анхан шатны шүүх уг гэрээгээр талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээгээр “Б” ХХК-иас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 13 000 000 төгрөгөөр “Э” ХХК-д худалдахаар тохиролцсон нь талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсгэсэн шинжтэй гэж зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний дагуу хамтран ажиллаж, үйл ажиллагаа явуулахаар эрх бүхий байгууллагад холбогдох бүртгэл хийлгэхийн тулд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээг халхавчилж байгуулсан” гэж,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээг бодитоор байгуулсан, тусгай зөвшөөрлийн үнэд 130 000 000 төгрөг төлсөн” гэж тус тус тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, Ашигт малтмалын газрын лавлагаа, Татварын ерөнхий газрын лавлагаа зэргээр талууд Ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрөл шилжүүлэх бүртгэл хийлгэхийн тулд 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх болон баяжуулах үйлдвэр шилжүүлэх гэрээг  халхавчлах зорилгоор 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг  байгуулсан байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд  анхан шатны шүүх “Босстон-Интернэшнл” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг  хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасантай нийцжээ.

 

Мөн анхан шатны шүүх 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг  “Босстон-Интернэшнл” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан тул хариуцагч БНХАУ-ын иргэн Үйзэнхуанд  уг гэрээний үүрэг хамааралгүй талаар зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад давуу эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлага нь хариуцагч “Э” ХХК-д хамааралгүй юм. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2.4 дүгээр заалтаар сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/00652 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА                                           

                                                          ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД                                                                                                   

                                                                                                       Г.ДАВААДОРЖ