Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00322

 

 

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00322

 

 

И.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 132/ШШ2021/00461 дүгээр шийдвэр,

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 214/МА2021/16 дугаар магадлалтай,

И.*******ын нэхэмжлэлтэй,

Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны олговорт 15,519,176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч И.******* нь хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 15,519,176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 132/ШШ2021/00461 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас И.*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 15,519,176 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.*******ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан И.*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 235,546 төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулж, хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас 235,546 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 214/МА2021/16 дугаар магадлалаар: Хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 461 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг 15,519,176 төгрөг гэснийг 4,585,250 төгрөг гэж, нэхэмжлэлийн шаардлагаас 10,933,926 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтыг ... Засаг даргын тамгын газраас 235,546 төгрөг гэснийг 88,314 гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.16-ны өдрийн 2014/МА2021/16 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1-д заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа И.******* нь 2021.05.25-наас 9-р сарын 11-ний өдрийг хүртэл 4 сар 11 хоног ажилгүй байсан нь нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гээд 2020.05-р сараас 2021.05.25 хүртэлх давж заалдах болон хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ магадлалдаа дурдаагүй нь ИХШХШТХ-ийн 167-р зүйлийн 167.2-т заасан гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус заана гэсэнтэй нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх заалт / энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно/ анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэсэн буюу ИХШХШТХ-ийн 172-р зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн 2020 оны 5-р сараас 2021.05.25-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг хасан тооцсон үндэслэлээ дурдалгүй И.*******ын ажилгүй байсан хугацаа 4 сар 11 хоног гэж дүгнэсэн нь хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцаагүйгээс 2020 оны 5 сарын анхан шатны шүүхийн шийдвэрийг 2021 он гэж андуурч ойлгон тооцоолсон бололтой. И.******* нь анх 2019.10.17-ны өдөр ажлаас халагдаж анхан шатны шүүхэд хандсанаар 2020.04.30-нд шүүх хянан хэлэлцээд ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан тухайн хугацааны цалин болох 6,040,467 төгрөгийн цалинтай тэнцэх нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч 2020.06.09-ний өдөр давж заалдах гомдол гаргасан. Гомдлыг давж заалдах шатны шүүх 7-р сарын 06-ны өдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн боловч хариуцагчийн өмгөөлөгч 8-р сарын 17-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг хяналтын шатны шүүх 2021.05.25-ны өдөр хэлэлцээд ажилд эгүүлэн томилсон шийдвэрийг хэвээр үлдээж, ажилгүй байсан 2019.10.17-ны өдрөөс 2020.04.30 /анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр/-ныг хүртэлх цалинтай тэнцэх олговрыг Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрийг өөрчилсөн. Энэ шийдвэрийн И.******* 2020.09.08-ны өдөр хүлээн аваад шийдвэрийг албадан биелүүлэх болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговроо гаргуулахаар дахин шүүхэд хандсан. Ингэж бүх шатны шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлсэн хариуцагч 2021.10.22-ны өдрийн 461-р шийдвэрийг хүлээн аваад манай Засаг даргын Тамгын газар Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.30-ны өдрийн шийдвэрийн дагуу И.*******ыг ажилд нь буцаан томилох шийдвэрийг биелүүлэх зорилгоор удаа дараа дуудсан боловч огт ирээгүй, холбогдож чадаагүй учраас ажилд томилж чадаагүй өдий хүрсэн гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй бөгөөд Тамгын газрын дарга түүнийг ажилд томилох эрх бүхий албан тушаалтан биш тул анхан шатны шүүхээр ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн асуудлыг хэлэлцсэн дээрх өдөр ч И.*******ыг ажилд томилоогүй байсан. Бодит байдал ийм байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагаас 10,933,926 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь ИХШХШТХ-ийн 172-р зүйлийн 172,2.1 дэх заалтыг зөрчиж, нэхэмжлэгчид цаг хугацааны болоод бусад байдлаар сөрөг үр дагаврыг бий болгосон тул Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.16-ны өдрийн 214/МА2021/16 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч И.******* нь хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан 2020.05.25-ны өдрөөс 2021.09.11-ний өдрийг хүртэл 16 сар 18 хоног ажилгүй байсан хугацааны олговор 15,519,176 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч 15,519,176 төгрөгийг төлөх боломжгүй, харин иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.30-ны өдрийн 436 дугаар шийдвэрээр төлөхөөр гарсан 6,040,467 төгрөгийг төлнө гэжээ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас И.*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 15,519,176 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.*******ад олгож, И.*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэсэн.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 4,585,250 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан байна.

 

7. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.02.25-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 

8. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.30-ны өдрийн 436 дугаар шийдвэрээр И.*******ыг Булган аймгийн Бугат сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоосон байх ба Монгол Улсын Дээд шүүхийн 2021.05.25-ны өдрийн 530 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч И.*******ыг Булган аймгийн Бугат сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Бугат сумын Засаг даргын Тамгын газраас 6,040,467 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.*******ад олгохоор өөрчлөлт оруулсан, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба зохигчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй. 

 

9. Анхан шатны шүүх ... ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцсэн байна.

 

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно гэж анхан шатны шүүх дүгнэхдээ маргааны үйл баримтад хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

10. Давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгч И.******* нь хяналтын шатны шүүхийн тогтоол 2021.05.25-ны өдрөөс хүчин төгөлдөр болсныг нэхэмжлэгч 2021.09.08-ны өдөр хүлээн авч, 2021.09.11-ний өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх 2020.05.25-наас 2021.09.11-ний өдрийг хүртэл 16 сар 8 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговор 15,519,176 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж анхан шатны шүүхийг буруутгаад нэхэмжлэгч И.*******ыг 2021.05.25-наас 2021.09.11-ний өдрийг хүртэл 4 сар 18 хоног ажилгүй байсан гэж дүгнэн, 4,585,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш зохигч хуульд зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхээ эдэлсэн боловч энэ хугацаа нь ажилтны цалин хөлсийг төлөхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж И.*******ыг  Булган аймгийн Бугат сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилох хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байх тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.  

 

11. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 214/МА2021/16 дугаар магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 132/ШШ2021/00461 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 189,893 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД