Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 3

 

                                      А.О-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн

                              шийтгэх тогтоолд давж заалдах журмаар эсэргүүцэл бичих 

                                    хэтэрсэн хугацааг сэргээлгэхтэй холбогдож гарсан 

                                                       шүүхийн шийдвэрийн тухай

      Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                      Б.М

Нарийн бичгийн дарга   Б.Э нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г-ын шийдвэрлэсэн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ЕШЗ/372 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.М-ын гаргасан гомдлыг үндэслэн А.О-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар эсэргүүцэл бичих хэтэрсэн хугацааг сэргээлгэхтэй холбогдож гарсан шүүхийн шийдвэртэй 1812004400311 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн  47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар  хорих ялын  заримыг буюу 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн А.О

 Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М-ын Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтэд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор А.О-ийг 2018 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 06-13 тоотод оршин суух иргэн Д.Э-ын гэрт хууль бусаар нэвтэрч, нууцаар, хууль бусаар Гоо марал хөрөг зураг, Чингис хааны хөрөг зураг, хуучны хятад тонгорог 1 ширхэг, Нокио маркийн гар утас 1 ширхэг, цагдаагийн гар чийдэн, зургийн аппарат зэрэг эд зүйлийг хулгайлсан, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 58-13 тоотод иргэн Т.О-ыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, биечлэн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолыг шүүхээс тус аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн тоо бүртгэл хариуцсан туслах ажилтанд хүлээлгэн өгсөн бөгөөд туслах ажилтан ээлжийн амралттай байсан учраас шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүнчлэн дээд шатны прокурорт танилцуулаагүйгээс шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичих хугацааг хэтрүүлсэн байна. Иймд дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас А.О-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичих хэтэрсэн хугацааг сэргээлгэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргаж байна гэжээ. 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ЕШЗ/372 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар:

Шүүгдэгч А.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/194 тоот шийтгэх тогтоолыг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн. Түүнээс хойш 66 хоногийн хугацаа өнгөрч тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна. 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон захирамжийг тус Прокурорын газарт хүргүүлэхэд Прокурорын газрын эрүүгийн хэргийн тоо бүртгэл хариуцсан туслах ажилтан хүлээн авдаг. Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлаын дагуу үүнийг прокурорт гардуулсан гэж үзнэ. Харин тус Прокурорын газрын ажилтан ээлжийн амралтаа авсан асуудал нь тухайн байгууллагын зохион байгуулалттай холбоотой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй юм. Иймд Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М-с ирүүлсэн “Хэтэрсэн хугацааг сэргээлгэх тухай” хүсэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна гээд

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М-с ирүүлсэн “Хэтэрсэн хугацаа сэргээлгэх тухай” хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, Энэ захирамжийг эс зөвшөөрвөл Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Прокурор Б.М-ын гаргасан гомдолд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М би хэтэрсэн хугацааг сэргээлгэх тухай прокурорын хүсэлтийг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г-ын хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 372 дугаартай захирамжийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолоор А.О-ийг 2018 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 06-13 тоотод оршин суух иргэн Д.Э-ын гэрт хууль бусаар нэвтэрч, нууцаар, хууль бусаар Гоо марал хөрөг зураг, Чингис хааны хөрөг зураг, хуучны хятад тонгорог 1 ширхэг, Нокио маркийн гар утас 1 ширхэг, цагдаагийн гар чийдэн, зургийн аппарат зэрэг эд зүйлийг хулгайлсан, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 58-13 тоотод иргэн Т.О-ыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, биечлэн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолыг шүүхээс тус аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн тоо бүртгэл хариуцсан туслах ажилтанд хүлээлгэн өгсөн бөгөөд туслах ажилтан ээлжийн амралтаа авсан учраас шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүнчлэн дээд шатны прокурорт танилцуулаагүйгээс шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичих хугацааг хэтрүүлсэн тул уг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас А.О-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичих хэтэрсэн хугацааг сэргээлгэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь А.О-д Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ. 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ХМШЗ/11 дугаартай захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 01 жил 11 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон бөгөөд А.О нь хяналтын хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байтал анхан шатны шүүхээс өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 01 жил 11 хоногийн ялыг шийдвэрлэлгүй орхигдуулж, шүүгдэгчийг ял завшихад хүргэсэн нөхцөл байдал бий болсон. 

Иймд хэтэрсэн хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 372 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэтэрсэн хугацааг сэргээх арга хэмжээ авч өгнө үү. Гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох болно гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор А.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолд А.О-ийн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн ялын зарим нь буюу 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. А.О-ийг ял эдэлж байх хугацаанд нь Өвөрхангай аймгийн Хахорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 11 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн. А.О нь түүнээс хойш дахин гэмт хэрэг үйлдсэн учраас тухайн хорих ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх ёстой байсан. Гэвч анхан шатны шүүх дээрх ялыг нэмж нэтгээгүй нь түүнд 1 жил 11 хоногийн хугацаагаар хорих ялыг завших нөхцөл байдал бий болгосон. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолыг Архангай аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн боловч эрүүгийн хэргийн тоо бүртгэл хариуцсан туслах ажилтан ээлжийн амралтаа авсан шалтгаанаар уг шийтгэх тогтоолын улсын яллагч, дээд шатны прокурорт танилцуулаагүй байдлаас болж шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичих хугацаа хэтэрсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд эрүүгийн анхан шатны шүүхэд хэтэрсэн хугацааг сэргээлгэх талаарх хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 372 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. А.О нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 хоногийн хорих ялыг завших нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 372 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эсэргүүцэл бичих хэтэрсэн хугацааг сэргээлгэх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Б.М-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч А.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн болох нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баримт №12 /Шийтгэх, цагаатгах тогтоол гардуулсан, танилцуулсан тухай/-оор тогтоогдсон байна. 

 

 Архангай аймгийн Прокурорын газарт хүргүүлэхэд тус газрын эрүүгийн хэргийн тоо бүртгэл хариуцсан туслах ажилтан хүлээн авсан, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын дагуу тус эрх зүйн актыг дээрх ажилтан хүлээн авснаар тухайн хэргийн хяналтын прокурор болон дээд шатны прокурорт гардуулсанд тооцох нь хуульд нийцнэ.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ЕШЗ/372 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

 

Прокурор Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолыг Архангай аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн боловч эрүүгийн хэргийн тоо бүртгэл хариуцсан туслах ажилтан ээлжийн амралтаа авсан шалтгаанаар уг шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурорт танилцуулаагүй байдлаас болж шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичих хугацаа хэтэрсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 372 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  эсэргүүцэл бичих хэтэрсэн хугацааг сэргээлгэх нь зүйтэй гэсэн санлыг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд улсын яллагчаар Б.М оролцож, улмаар хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгоход байлцаж, шийдвэрийг мэдсэн, туслах ажилтан ээлжийн амралт авсан тул эрх бүхий этгээдэд танилцуулаагүй гэх үндэслэл нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.

 

Мөн улсын яллагч А.О-д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ түүнийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 хоногийн хорих ялтай эсэхийг бичээгүй улмаар анхан шатны шүүх хуралдаанд дээрх асуудлын талаар дүгнэлт гаргаагүй байна. 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ЕШЗ/372 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дах хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

                                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Т.ДАВААСҮРЭН

                                                                                  ШҮҮГЧИД          Д.БЯМБАСҮРЭН

                                                                                                             В.ЦЭЦЭНБИЛЭГ