Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 126/ШШ2022/0005

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дугаартай Л.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай захирамжаар хүчингүй болгуулах, Л.Б-ийг Хөвсгөл аймшгийн Рашаант сумын Соёлын төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Рашаант сумын Засаг даргад даалгах, Л.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд зохих бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий Л.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л-ийн Б /РЗ86061901/ би Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын төвийн даргын албан тушаалд 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад тус сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дугаартай Л.Баярцэнгэлийг ажлаас чөлөөлөх тухай захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн юм.

Намайг ажлаас чөлөөлсөн захирамжид албан тушаалын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, удаа дараагийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх маш ойлгомжгүй шалтгаан дурьдагдсан бөгөөд миний ажил албаны чанар, үр дүнгээрээ аймагтаа 2018 онд 8-р байр, 2019 онд 3-р байр, 2020 онд 4-р байрт орж сүүлийн 3 жил хангалттай сайн үнэлэгдсэн бодит байдалтай уг шийдвэр нийцээгүй.

Миний хувьд урьд нь албан үүргээ биелүүлээгүй шалтгаанаар ямар ч шийтгэлийн арга хэмжээ авч байгаагүй бөгөөд ажлаас халсан шалтгааныг,

1.Миний хүү Б-ийн Ж 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хүндээр өвдөж 10 сарын эхээр түнхэнд тулах чөмөгний толгой хайлсан оноштойгоор эмнэлэгт хагалгаанд орж, тулах цэг өөрчлөх мэс засал хийлгэж, улмаар миний бие хүүгээ асарч сувилан ажилдаа ирэн очиж явсан шалтгаантай холбоотой,

2. Рашаант сумын ИТХ-ын тэргүүлэгчдээс тухайн сумын бүхий л төсөвт байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч нарын үйл ажиллагаанд Хангалтгүй үнэлгээ өгсөн буюу ийнхүү сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн өөрийн чиг үүрэг, бүрэн эрхэд огт байхгүй илт хууль бус үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой гэж ойлгож байна.

Би 13 жил тухайн албан тушаалд ажиллахдаа бусдын зовлон жаргалыг ойлгодоггүй, хүнлэг энэрэнгүй бус төрийн эрх хэрэгжүүлэгч хүмүүстэй анх удаа таарч ажлаас халагдсандаа маш их гомдолтой байна.

Төрийн албан хаагчийн хувьд аль ч нам бүлгийн ашиг сонирхлыг дагахгүй тул 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн Ардчилсан намын гэх хүмүүст тэднийг эрх мэдэл авсан цагаас нь хойш дарамтлуулж, ажлаа хүлээлгэж өгөхийг тулган шаардуулж, эцэст нь өвчтэй ганц хүүдээ эм тариа авах наад захын боломжоос ч салж халагдлаа. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийх, оролцогчийг сонсох, шийдвэр гаргахдаа харгалзан үзэх зэрэг хуулийн наад захын эрхийг ч эдлүүлэхгүй ажлаас халсанд гомдолтой байна. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын тухайд одоогоор ажлаас чөлөөлөгдөөд 1 сар ч хүрээгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр хэргийг хэлэлцэх үед тодруулж нэхэмжлэх хүсэлтэй байна.

Иймд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дугаартай Л.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Л.Б намайг урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын төвийн даргын ажил албан тушаалд эгүүлэн томилохыг тус сумын Засаг даргад даалгаж, миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд зохих бичилтийг хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Рашаант сумын Засаг дарга Д.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Л.Б-тэй биечлэн уулзаж ... эвлэрэх гэрээ байгуулан харилцан тохиролцож, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, 2022 оны 03 дугаар сард Соёлын төвийн эрхлэгчээр томилж, ажилгүй байсан хугацааны үндсэн цалинтай дүйцэх төгрөгийг 2022 онд багтаан өгөхөөр гэрээнд тусгаж эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдуулан Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дугаартай Л.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, Л.Б-ийг Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Рашаант сумын Засаг даргад даалгах, Л.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд зохих бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх, хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга Д.А нь 2022 оны 03 сарын 09-ний өдрийн 1/106 дугаар албан бичгээр:

1. Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож,

2. 2022 оны 3 сард Рашаант сумын Соёлын төвийн эрхлэгчээр томилж,

3. Ажилгүй байсан хугацааны үндсэн цалинтай дүйцэх төгрөгийг 2022 онд багтаан өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дээрхи хуулийн дагуу эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлээгүй, хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай албан бичгийг шүүхэд ирүүлсэн учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байх тул Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дугаартай Л.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай захирамжаар хүчингүй болгуулах, Л.Б-ийг Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Рашаант сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Харин ... Л.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд зохих бичилт хийлгүүлэх тухай шаардлагын тухайд хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй, энэ талаар хэргийн оролцогчид эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1,109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дугаартай Л.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай захирамжаар хүчингүй болгуулах, Л.Б-ийг Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Рашаант сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга Д.А зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь ... ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд зохих бичилт хийлгүүлэх тухай шаардлагаа иргэний журмаар жич шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН