Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2025/0763

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.С нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Н.Сын өмгөөлөгч Ө.Э нэхэмжлэгч “А х м б э х” ГҮТББ-ын төлөөлөгч П.Гнар,

 

Нэхэмжлэгч: Н.С, Ш.Е, “А х м б э х” ГҮТББ нар

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай,

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0620 дугаар шийдвэртэй,

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Н.С, “А х м б э х” ГҮТББ-ын төлөөлөгч П.Г, нэхэмжлэгч Н.Сын өмгөөлөгч Ш.А,  хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Ш.Н, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нар,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2024/0934/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.С-аас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай,

Нэхэмжлэгч Ш.Е Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай,

Нэхэмжлэгч А х м б э х ГҮТББ-аас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолыг болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0620 дугаар шийдвэрээр: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллын орон сууцжуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1.3, Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.5, 171.7-д тус тус заасныг баримтлан иргэн Н.С, Ш.Е, А х м б э х ГҮТББ нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Н.Сын өмгөөлөгч Ө.Э-оос дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. ...Монгол Улсын үндсэн хуулийн 16-р зүйл Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ" гэж заасан баталгаатай эдлэх үндсэн эрх болох өмчлөх эрх түүний дотор өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах, эрхийг мөн хуулийн 19.2-д "Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно" гэж заасан нөхцөл бий болоогүй байхад тус хэм хэмжээний актаар хязгаарласан байгаа нь Үндсэн хуулийн тус заалтуудыг зөрчсөн, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1-д заасан 60.1.1 "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх" гэж заасныг зөрчсөн байна гэж маргасан.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн "1.2-1.3-д тус хэм хэмжээний акт батлан гарсан процессыг бичиж, 1.4-"Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий захиргааны акт нь процессын хувьд зөрчилгүй, Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэж, дугаарын хязгаарлалт тогтоох эрхийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хуулиар олгосон байх бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна. Учир нь нэхэмжлэгч иргэдийн тухайд бусад сонголт буюу дугаартай автомашин худалдан авах, нийтийн тээврээр зорчих боломжтой. 1.5-д "... тухайлсан иргэн, хуулийн этгээдийн эрх, хөндөгдсөн гэж үзэх боломжгүй" гэжээ. Тус дүгнэлт бүхэлдээ нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүйгээрээ ЗХШХШТХ-ын 106.2-д "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасан хууль ёсны байх үндсэн шаардлагыг биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрх Үндсэн хуулийн зөвшөөрснөөс бусад хэлбэрээр хязгаарлагдсан эсэх талаар огт дүгнэлт өгөөгүй байна.

3.2. Нэхэмжлэгч Н.С нь Монгол улсад ашиглаж байгаагүй шинэвтэр 2016 онд үйлдвэрлэгдсэн, 2024 онд Монгол Улсад импортолсон өмнө нь Монгол улсад ашиглаж байгаагүй Toyota Pruis-Alpha маркын автомашин худалдан авсан бөгөөд түүнийгээ өөрийн нэр дээр шилжүүлэн авч өөрийн амьдарч, ажиллаж буй Улаанбаатар хотын дугаар авч тус эд хөрөнгийг зориулалтынх нь дагуу ашиглахад саад хязгаарлалт учруулж эрх зөрчсөн гэж маргаж байгаа юм. Гэтэл шүүхийн шийдвэрт "дугаартай автомашин худалдан авах, нийтийн тээврээр зорчих боломжтой" гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгч тус сонголт байгаа тухайд бус өөрийн худалдах, худалдан авсан тул тээврийн хэрэгслийг өмчлөх, түүнийгээ ашиглах эрхийг хязгаарласан гэж маргаж байгаа тус эрх, ашиг сонирхол зөрчигдсөн хөндөгдсөн эсэх тухайд бус нэхэмжлэлд хамааралгүй, нийтлэг агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн дүгнэлт хийсэн нь ЗХШХШТХ-ын 106.5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг зөрчжээ.

3.3. Мөн шүүх "тогтоол нь иргэн, хуулийн этгээдээс илүүтэйгээр нийтийн эрх, ашигт чиглэсэн, нийслэлийн авто замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэх зорилготой байх тул тухайлсан иргэн, хуулийн этгээдийн эрх, хөндөгдсөн гэж үзэх боломжгүй" гэсэн дүгнэлт өгсөн нь огтоос ойлгомжгүй хууль зүйн үндэслэлгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно" гэж зааснаар захиргааны байгууллага угаас нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн үйл ажиллагаа явуулдаг үндсэн шинж чанартай. Тиймээс бух захиргааны шүүхийн маргаан захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн үйл ажиллагаа явуулахдаа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар л маргаан байдаг.

Гэтэл дээрх дүгнэлтийн логикоор нийтийн ашиг сонирхолд чиглэгдсэн үйл ажиллагаанд хувийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй бол захиргааны маргаан, захиргааны хэргийн шүүх гэж байх боломжгүй юм. Дашрамд дурьдахад "нийтийн ашиг сонирхол" гэж байж болохоос "нийтийн эрх" гэх ойлголт байхгүй. Энэ нь иргэний Монгол Улсын үндсэн хуулийн 16-ын 14-д "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах шударга шүүхээр шүүлгэх" гэж заасан үндсэн эрхийг давхар хөсөрдүүлж, шүүх ЗХШХШТХ-ны 1.1-д "Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж заасан өөрийн үндсэн үүргийг зөрчжээ

3.4. Захиргааны үйл ажиллагааны зорилгоор түүний хууль зүйн болон эрхийн зөрчлийг зөвтгөсөн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.5-д "нийслэлийн авто замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэх зорилготой байх тул тухайлсан иргэн, хуулийн этгээдийн эрх, хөндөгдсөн гэж үзэх боломжгүй, 2.5-д "Одоогоор Нийслэлд 801 920 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас оргил цагийн хурд 5-9 км/ц-ийн хурдтай байгаа нь О зогсолт гэж үзэхээр байна", 2.6-д "Дээрх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж дугаарын дээд хязгаарыг тогтоосон, оноогоор эрэмбэлж тухайн хязгаарт багтаан дугаар олгох болсон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна" гэх зэргээр маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт, захиргааны актуудын зорилгод чиглэгдсэн агуулгаар дүгнэлт хийжээ. Гэвч нийслэлийн авто замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэх болон 0 зогсолтоос урьдчилан сэргийлэх зорилгод чиглэгдсэн арга хэмжээ гэдэгтэй нэхэмжлэгч маргаагүй бөгөөд дээрх зорилгод иргэний үндсэн эрхийг хязгаарлах байдлаар хүрэхээр зорьж буй нь хүний эрхийн болон хууль зүйн ноцтой зөрчил гэж маргаж байгаа юм.

3.5. Гэтэл шүүх маргаж буй хууль зүйн зөрчилд бус үүсээд буй асуудалд шууд тулгуурлан шийдвэрээ гаргасан нь "зорилго нь зөв тул арга нь хамаагүй" гэх харгис үзэл санааг дэмжсэн агуулгатай байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1-д "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэж заасан. Гэтэл тус үүргийн эсрэг аливаа ямар ч хууль, хэм хэмжээний акт, захиргааны актыг батлан гаргахыг зөвшөөрөх ёсгүй. Өөрөөр хэлбэл төр тухайн тохиолдолд хариуцагч НИТХ, НЗД нар нь "Улаанбаатар хотын авто замын түгжрэл" гэх асуудал, хүндрэлийг шийдвэрлэхийн тулд хүний үндсэн эрхийг зөрчих, хязгаарлах эрх байхгүй юм.

3.6. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.8-д нэхэмжлэгч иргэд нь дээр дурдсан сонголтуудаас хийх бүрэн боломжтой бөгөөд тээврийн хэрэгсэлтэй болж, автомашины дугаар авснаар мөн л замын хөдөлгөөнд оролцож дээрх хүндрэлүүдтэй тулгарах бөгөөд ингэснээр тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй гэжээ. Нэхэмжлэгч Н.Сын хувьд дээрх "Улаанбаатар хотын дугаартай хүний хэрэглэж байсан хуучин автомашин хэрэглэх, эсвэл нийтийн тээврийн хэрэгслээр зорчих" гэх боломж байгаа эсэх талаар огт маргаагүй буюу тухайн сонголтуудыг хийхийг хүсэхгүй байгаа учраас шинэ эвсэл шинэвтэр авто машин өмчлөх эрхийг нь захиргааны байгууллага хэм хэмжээний акт батлах байдлаар зөрчсөн тул тус эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3.7. Мөн нэхэмжлэгч нь шинээр тээврийн хэрэгсэл худалдан авснаар замын хөдөлгөөний түгжрэлтэй тулгарахаа ухаарч, тус хүндрэлтэй өөрийн шинэ авто машинтайгаар даван туулахыг хүсэж байна. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн хүсэл зорилгыг үл хэрэгсэн өөрийнхөөрөө буцааж хүсээгүй зүйлийг нь тайлбарлаж буй нь утгагүй юм. Ингэхдээ маргаж буй хууль зүйн үндэслэлийн талаар ямар ч хууль хэрэглэж тайлбар хийгээгүй нь ЗХШХШТХ-ын 11.1-д "Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ" гэж заасныг зөрчсөн байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.09.10-ны 0620 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч “А х м б э х” ГҮТББ-ын төлөөлөгч П.Г-оос дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

4.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөв тодорхойлоогүй.
Нэхэмжлэгчдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа "Өмчлөх эрхэд өмчийн зүйлээ захиран зарцуулах, эзэмшиж, ашиглах эрх хамаарна. Төр иргэний өмчлөх эрх тухайн тохиолдолд автомашин өмчлөх түүнийгээ өмчлөлийн зүйлээ ашиглах, эзэмших эрхийг баталгаажуулахтай холбогдуулан нийгэм, эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүрэгтэй. Улаанбаатар хотод иргэн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ ашиглахад шаардлагатай зам гүүр, дэд бүтцийн баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг бөгөөд түүний төлөө иргэдээс татвар авч санхүүжин үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл Улаанбаатар хотын хот байгуулалт, төлөвлөлт, хэрэгжүүлэлтэд алдаа, зөрчил гаргаж хотын зам харилцаа, дэд бүтцийг ачаалал даахуйц бий болгож бүрдүүлж чадаагүй тус алдаагаа эргээд хамгаалах ёстой үндсэн эрхийг хязгаарлах байдлаар шийдвэрлэхээр оролдож буй нь төр өөрийн зорилгын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэхээр байна. Улаанбаатар хотын авто замын ачаалал нэмэгдэж түгжрэл бий болсон гэх хүндрэл, асуудал байгаа боловч тус асуудал хүндрэлийг шийдвэрлэхийн тулд миний үндсэн эрх болох өмчлөх эрхэд халдах эрх хэмжээ НИТХ-д байхгүй" гэж өмчлөх эрх зөрчигдлөө гэсэн агуулгаар маргасан.

Өөрөөр хэлбэл, Монгол улсад орж ирсэн дугаар аваагүй автомашиныг өөрийн санхүүгийн боломжиндоо худалдан авах, эсхүл тэр санхүүгийн боломжтой хүмүүст тохирсон тодорхой гүйлттэй, хоёрдогч зах зээлийн, доголдолгүй зөрчилгүй автомашинуудыг оруулж ирж худалдан борлуулах харилцаа нь эдийн засгийн харилцаа бөгөөд өмчлөх эрх, өмчийн зүйлийг сайн дураар гэрээний үндсэн дээр арилжаалахад тухайн хөрөнгийг бүртгэлийг хийхгүй буюу улсын дугаар шинээр олгохгүй байгаа нь Монгол улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Авто тээврийн тухай хууль, Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалуудыг тус тус зөрчсөн гэж үзэж маргасан байдаг.

4.2. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.4-т "...дугаартай автомашин худалдан авах, нийтийн тээврээр зорчих боломжтой, нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд автомашин экспортлох эрхийг хязгаарлаагүй, борлуулалтын тухайд шүүд үр дагавар үүсгэж байгаа талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй" хэмээн дүгнэсэн байдаг. Гэтэл холбооны нэхэмжлэлийн хувьд Монгол улсад авто машин импортлохыг хязгаарласан, эсхүл орлого буурлаа гэдэг агуулгаар нэхэмжлэлээ гаргаагүй, харин гадаад улсаас оруулж ирсэн хөрөнгийг бусдад чөлөөтэй шилжүүлэх, өмчлөлийн зүйлээ чөлөөтэйгөөр хэрэгжүүлэхэд буюу бүртгэгдэж дугаар олгодог хөрөнгийг Улаанбаатар хотод бүртгэхгүй, дугаар олгохгүй, мөн бусад байдлаар хязгаарлалт тогтоож борлуулах зориулалттай оруулж ирсэн хөрөнгүүдийг худалдан борлуулах эрхийг хязгаарласан гэсэн агуулгыг анхан шатны шүүх ойлгосонгүй. Нөгөө талаар нэхэмжлэгч иргэн С-ын хувьд байгаа эдийн засгийн боломжийнхоо хэмжээнд өмчтэй болох эрхийг шууд хязгаарлалаа гэсэн байхад шүүхийн зүгээс УБ дугаартай хуучин автомашин, эсхүл автобусаар явах сонголт байна буюу зөвхөн Улаанбаатар хотод зорчих хөдөлгөөн хийх эрхийн хүрээнд ойлгож, түүндээ үндэслэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д "Үндэслэх хэсэгт хэрэг байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана" гэж заасан байх ба энэ нь тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн шаардлагыг хангах чухал шаардлага юм. Харамсалтай нь анхан шатны шүүхийн шийдвэр 20 нүүр байх ба үндэслэх хэсэг нь 2 нүүр буюу 18-19-р талд маш товчхон дүгнэлт хийгээд, улмаар үлдсэн бүхий л хэсэг нь талуудын тайлбаруудыг жагсааж бичсэн байна. Уг талуудын маргасан асуудлууд мөн хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын хууль хэрэглээний аль ч асуудлаар дүгнэлт хийгээгүйгээс гадна үндэслэх хэсгийн 1.3, 1.4 дэх дүгнэлтүүд нь 2.8, 2.9 дэх хэсэгт давхардуулан дүгнэхдээ нэхэмжлэгч нараас гаргасан хоёр маргаан бүхий актуудыг зөвтгөх үндэслэл болгон хэрэглэж буй нь талуудын байр суурьд дүгнэлт өгч, хууль зүйн үүднээс маргаан бүхий актуудын эрх зүйн үндэслэлийг тайлбарлах хуулиар хүлээсэн үндсэн ажлаа огтоос хийгээгүй байгааг харуулж байна.

4.4. Маргаан бүхий актуудын талаар нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, болон бусад хуульд нийцсэн байх", мөн зүйлийн 60.1.4-д "шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх" гэж заасныг тус тус зөрчсөн байна. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Авто тээврийн тухай хуулийн 171.2-д "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж буюу Зам тээврийн Сайдын хуулиар хүлээсэн онцгой бүрэн эрх байна. Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалын 1-р заалтаар "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ыг баталсан байна. Уг "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1-д "бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн болон ашиглалттай холбоотой бүртгэлийг холбогдох хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн хөтөлнө" гээд 3.1-д "импортоор оруулж ирсэн болон Монгол улсад үйлдвэрлэсэн автотээврийн хэрэгслийг мэдээллийн санд шинээр бүртгэнэ" гэж тус тус заасан ба аливаа хэмжээ хязгаарын дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх тухай агуулга байхгүй учир Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйлийг зөрчсөн талаар үндэслэл бүхий нэхэмжлэл гаргасан ч уг шаардлага үндэслэлийг дүгнэлгүй маргааны үйл баримтыг нэхэмжлэгчид иргэн талаасаа нийтийн тээврээр зорчин явах эрх нээлттэй, худалдаа эрхлэгч талаасаа импортоор оруулж ирэхэд саад байхгүй талаар л дүгнэсэнд гомдолтой байна.

Иймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.09.10-ний өдрийн 128/ШШ2025/0620 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах байдлаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Н.Саас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай,

Нэхэмжлэгч Ш.Е  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай,

Нэхэмжлэгч А х м б э х ГҮТББ-аас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолыг болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай” тогтоолоор Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730.000 байхаар тогтоож шийдвэрлэсэн.

Харин Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 дугаар захирамжаар Нийслэл хотод авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг баталсан байна.

4. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, нэхэмжлэлийн шаардлага болон бодит үүссэн нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ..., 32 дугаар зүйлийн 32.1-д Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, 34 дүгээр зүйлийн 34.1-т Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 107 дугаар зүйлийн 107.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж тус тус заасантай нийцээгүй байна.

4.1. Учир нь анхан шатны шүүх дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан дүгнэлт хийлгүйгээр “...нэхэмжлэгч иргэдийн тухайд бусад сонголт буюу дугаартай автомашин худалдан авах, нийтийн тээврээр зорчих боломжтой, нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд автомашин экспортлох эрхийг хязгаарлаагүй, ...0 зогсолтын давтамж нэмэгдэж буй нь нийтэд илэрхий баримт бөгөөд дээрх шалгуур үзүүлэлт батлагдсанаараа нэхэмжлэгч нарын эрхийг шууд зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, …тээврийн хэрэгсэлтэй болж, автомашины дугаар авснаар мөн л замын хөдөлгөөнд оролцож дээрх хүндрэлүүд тулгарах бөгөөд ингэснээр тэдгээрийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй, …нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд мөн л автомашин экспортлох эрхийг хязгаарлаагүй, экспортолсон автомашинаа орон нутгийн иргэдэд худалдан борлуулах боломжтой, дээрх шалгуур үзүүлэлт нь автомашин худалдан авсан иргэн, хуулийн этгээдүүдийн дугаар авахтай нь холбоотой зохицуулалт болохоос бус автомашин нийлүүлэгчид хамааралтай зохицуулалт биш...” гэж дүгнэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

5. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд, нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх  хуралдаануудад гаргасан тайлбартаа “…Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалаар баталсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам” одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа, ...зах зээлд нэхэмжлэгч Н.С өөр бусад амьжиргааны түвшин доогуур орлого өндөртэй биш хүмүүс хэрхэх талаар шийдвэрлэхгүй хаясан, ...Японоос буруу рултэй машин оруулж ирж борлуулдаг хүмүүсийн ашиг сонирхлыг харгалзан үзээгүй, тэдэнд мэдэгдээгүй, зөвхөн зөв рултэй автомашин импортолж оруулж ирдэг том компани руу бичиг явуулсан, ...Улаанбаатар хотын авто замын ачаалал нэмэгдэж түгжрэл бий болсон гэх хүндрэл, асуудал байгаа боловч тус асуудал хүндрэлийг шийдвэрлэхийн тулд миний үндсэн эрх болох өмчлөх эрхэд халдах эрх хэмжээ НИТХ-д байхгүй, ...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн дугаарыг зогсоож автомашины дугаар авах иргэдийг бүртгэсэн боловч өнөөдрийг хүртэл 730 мянгаас доошоо буугаагүй үндэслэлээр шинээр дугаар бүртгэж өгөөгүй, ямар ч хүчин төгөлдөр шийдвэргүйгээр олон иргэдийн, тэр дундаа нэхэмжлэл гаргагч миний эрхийг ноцтой зөрчиж байна, ...Одоогийн байдлаар Тяньжин боомтод 4000 орчим чингэлэг гацаад байгаа энэ ойролцоогоор 16.000 мянган машин, Япон улсаас хөдлөөгүй ойролцоогоор 10.000 мянган машин нийт төлбөрийг төлөөд худалдаад авчихсан 25,000-30,000 машин ирээгүй байгаа бөгөөд түүнд оруулсан бүхий л худалдаа эрхлэгч нарыг шууд дампууруулах, өр зээлэнд унагах нөхцөл байдалд хүргэхээр байна, ...эдгээр актууд нь Монгол улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Авто тээврийн тухай хууль, Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалуудыг тус тус зөрчсөн гэж...” гэж,

хариуцагч нараас “...холбогдох тооцоо, судалгаа хийгдсэний үндсэн дээр автомашины дугаар олголтыг тодорхой хэмжээнд хязгаарлах түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдолтой оновчтой шийдвэр гаргаж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болсон, ...тогтоолыг гаргахдаа нийт Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамааралтай гэж үзэн ulaanbaatar.mn цахим хуудсаар иргэдийн дунд санал асуулга явуулсан, ...18 дугаар тогтоол нь Хууль зүй дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлийн 6655 дугаарт бүртгэсэн, А/1348 дугаар захирамж нь бүртгэлийн 6990 дугаарт бүртгэгдэж хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр иргэд мэдээлэл авч танилцах нөхцөлөөр бүрэн хангагдсан, ...өөрийн хувийн бизнесийн цаг хугацаагаа төлөвлөх хангалттай цаг хугацаа болсон, ...тогтоолыг өргөн барих үед тээврийн хэрэгсэл 680,000 байсан. Энэ нь энэ жилийнхээ импортоор орж ирэх хүлээлтэд үүсчихсэн байгаа 50,000 машиныг иргэддээ хүндрэл учруулахгүй энэ эрсдэлийг бодож үзсэний үндсэн дээр 50,000-аар нэмэгдүүлж тус тогтоолыг гаргасан, ...2024 онд импортоор гаднаас орж ирэх тээврийн хэрэгслийг тооцоо судалгаа тооллого авч байгаад орж ирсэн, захиалчихсан байгаа машинуудыг нь нэмсэн байдлаар дээд хязгаараа тогтооё гэдэг үүднээс тогтоосон, ...730.000 улсын дугаар олгох дээд хязгаарыг тогтоосон боловч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 801.920 тээврийн хэрэгслийн улсын дугаар олгогдсон, ...Эдгээр зохицуулалт нь хөдөлшгүй, өөрчлөгдөх боломжгүй хатуу журам биш. Авто замын нягтрал, түгжрэлийн нөхцөл байдалд нийцүүлэн тогтоол, захирамжид өөрчлөлт оруулах бүрэн боломжтой...” гэж тус тус тайлбарлан маргаж байхад анхан шатны шүүхээс эдгээр эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт тодруулаагүй, талуудын маргаж буй үндэслэл тус бүрд дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу  байна.

6. Тодруулбал, маргаан бүхий хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуульд зааснаар хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байхдаа буюу 2024 оны 11 сарын 08-ны өдрөөс хойш бүртгэлийг зогсоож байгаа нь хүчин төгөлдөр шийдвэргүйгээр олон иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн эсэх, ...Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалаар баталсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам” одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд 2 шийдвэрийн биелэлт, 2 журмын биелэлт аль нь хэрэгжих нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн эсэх зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг тодруулж, талуудын маргаж буй дээр дурдсан үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.

7. Түүнчлэн хариуцагчаас “...2024 онд импортоор гаднаас орж ирэх тээврийн хэрэгслийг тооцоо судалгаа тооллого авч байгаад иргэдэд бухимдал учруулахгүйн тулд орж ирсэн захиалчихсан байгаа машинуудыг нь нэмсэн байдлаар дээд хязгаараа тогтоосон” гэж, нэхэмжлэгчээс “...2025 оны 08 дугаар сарын 6-ны өдөр н.Д дарга шууд гэнэтийн байдлаар олон нийтийн телевизээр энэ журмыг  хэрэгжүүлэх талаар ярьсан боловч тухайн үед бид 37.000 тээврийн хэрэгслийг Япон улсаас эдгээр 180 гаруй аж ахуйн нэгжүүд татан авсан байсан. 37.000 тээврийн хэрэгслийг татсан тухай мэдээллийг н.Д дарга, Н.Н дарга нар өөрсдөө гаалийн байгууллагаас татан авч бидэнд танилцуулж байсан. Гэтэл одоо  улсын дугаар олгогдох боломжгүйгээр 37.000 автомашин зогсож байгаа” гэж зөрүүтэй тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд шүүхээс бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулж, захиргааны байгууллагаас тоон дээд хязгаарыг тогтоохдоо 2024 онд импортоор гаднаас орж ирэх тээврийн хэрэгслийн талаар хийсэн тооцоо судалгаа болон үүнтэй холбоотой баримтуудыг цуглуулж,  нэхэмжлэгч төрийн бус байгууллагын маргаж буй 37,000 авто машин тус тооцоо, судалгаанд хамрагдсан эсэх, бодит байдал дээр эдгээр автомашинуудад дугаар олгогдох боломжгүй нөхцөл байдал үүссэн эсэх талаар талуудын маргаж буй үндэслэл тус бүрт дүгнэлт өгсний үндсэн дээр захиргааны байгууллага маргаан бүхий актыг өөрийн эрх хэмжээний хүрээнд, хуульд заасан журмын дагуу гаргасан эсэх, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд  үндэслэл бүхий дүгнэлт өгөх нь зүйтэй.

8. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нараас дээрх маргаан бүхий актууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйл Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ" гэж заасан баталгаатай эдлэх үндсэн эрх болох өмчлөх эрх түүний дотор өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах, эрхийг мөн хуулийн 19.2-д "Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно" гэж заасан нөхцөл бий болоогүй байхад тус хэм хэмжээний актаар хязгаарлаж байгаа нь Үндсэн хуулийн тус заалтуудыг зөрчсөн, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1-д заасан 60.1.1 "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх" мөн зүйлийн 60.1.4-д "шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх" гэж заасныг, мөн Авто тээврийн тухай хуулийн 171.2-д "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж буюу Зам тээврийн Сайдын хуулиар хүлээсэн онцгой бүрэн эрх байна”  гэж тус тус заасныг зөрчсөн хэмээн маргаж буй энэ тохиолдолд маргаан бүхий актууд нэхэмжлэлд дурдсан холбогдох хууль болон журмын заалтуудыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

9. Нэхэмжлэгч нараас “маргаан бүхий акт гарахаас өмнө гадаад улсаас худалдан авч тээвэрлэгдсэн байсан, импортолж оруулж ирсэн авто машинаа эзэмшиж, ашиглах боломжгүй болсон..., өмчлөх эрх зөрчигдөж байна...” хэмээн маргасан байхад шүүхээс үүнтэй холбоотой аливаа дүгнэлт өгөөгүй,  Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4.4-61.5 дахь хэсэгт заасан тухайн захиргааны хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн харилцаанд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг хэрхэн шинжилсэн нь тодорхойгүй.

Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нараас “730.000 тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох дээд хязгаарыг тогтоосон атлаа сонгуулийн өмнө Нийслэлийн авто тээврийн газраас нэмж 50.000 тээврийн хэрэгслийн дугаар олгосон боловч 180 гаруй аж ахуйн нэгжүүдийн Япон улсаас татан авсан төрийн бус байгууллагын маргаж буй 37.000 авто машинд олгогдоогүй” гэж маргахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “тодорхой мэдээлэл байхгүй учир хариу тайлбар хийх боломжгүй” гэсэн тул эдгээр үйл баримтын талаар тодруулах, тухайлбал ямар зорилго, зориулалтаар  нэмж 50.000 тээврийн хэрэгслийн дугаар олгогдсон, энэ нь нэхэмжлэгч нарын хүчингүй болгохоор маргаж буй тогтоол, захирамжтай холбоотой эсэхийг тогтоох нь зүйтэй.    

10. Түүнчлэн Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгохоор хуульчилсан атал хариуцагч захиргааны байгууллагаас анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Эдгээр зохицуулалт нь хөдөлшгүй, өөрчлөгдөх боломжгүй хатуу журам биш. Авто замын нягтрал, түгжрэлийн нөхцөл байдалд нийцүүлэн тогтоол, захирамжид өөрчлөлт оруулах бүрэн боломжтой...” хэмээн тайлбарлан маргаж байгааг тодруулах нь зүйтэй.

Тухайлбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоол,  Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 дугаар захирамж хэрэгжиж эхлэхээс өмнөх болон хэрэгжсэний дараах үеийн авто замын нягтрал, түгжрэлийн нөхцөл байдалд ямар өөрчлөлт гарсан талаар тооцоо судалгаа хийгдсэн эсэх, хэзээ, ямар тохиолдолд дээрх тогтоол, захирамжид ямар байдлаар өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа, захиргааны хэм хэмжээний актын хувьд  ийнхүү өөрчлөлт оруулах боломжтой эсэх, энэ нь нэхэмжлэгч нарын маргаж буй нэхэмжлэлийн шаардлага,     тэдгээрийн зөрчигдсөн гэх эрх, ашиг сонирхолтой хэрхэн уялдах талаар       хариуцагч захиргааны байгууллагуудаас тодорхой тайлбар авч, уг нөхцөл байдлыг нэг мөр тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана” гээд 121.3.4-т шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн..., 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” бол гэж тус тус заасны дагуу нэгэнт анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, маргааны нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй буюу нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0620 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ШҮҮГЧ                                                   С.МӨНХЖАРГАЛ

        ШҮҮГЧ                                                      О.ОЮУНГЭРЭЛ

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН