Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Б-т холбогдох эрүүгийн 2330000000106 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны ... дугаар сарын ... -ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, малчин, Сүхбаатар аймгийн ... сумын ... дугаар баг, .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Ө-ийн Б 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ө.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ... сумын нутаг “...” гэх газарт хохирогч В.О-ийг зодож эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний дотор зовхи, баруун нүдний хөмсөгт шарх, баруун чамархай, дагз, хамрын угалзанд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор алимны салст, зүүн нүдний дээд, доод зовхи, нуруу, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “О эгч байнга архи уудаг, уухаараа агсам тавиад байдаг. Тухайн өдөр айлд орж ирээд намайг “архи авч чадахгүй ядуу” гээд доромжлоод байхаар нь “150,000 төгрөгөө өгөөгүй байж тал пивонд ийм зүйл яриад хэрэггүй” гэж хэлсэн. Тэгээд намайг цохихоор нь эгч юм чинь гээд эхний удаа өнгөрөөсөн. Дахиад цохихоор нь бид хоёр харилцан зодолдсон. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Эрүүгийн 2330000000106 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би архи уух уусан байсан боловч болсон зүйлийг санаж байна. О бид хоёр хоорондоо зодолдсон гэх / хх 43-45 дүгээр хуудас /,
  • Хохирогч В.О-ийн “Бид хоёр пиво ууж дуусаад замдаа Т гэх бүтэн нэрийг нь мэдэхгүй айлд орсон. Б, Т гэх айлд ороод гарч ирэхгүй байхаар нь би араас нь орсон чинь тухайн айлд намайг муулаад “энэ муу пизда надад 150,000 төгрөг нөхрөөрөө өгүүлээгүй” гээд загнаад сууж байхаар нь “би чамд өргүй” гэж хэлээд баруун гарын шуун хэсэгт нь нэг удаа цохиход Б нь босож ирээд миний үснээс зулгаагаад толгой доош нь дараад нүүрэн тус газар хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. О-оо эгч бид хоёрыг салгасан. Тэгээд би уг айлын баруун орон дээр нь суугаад Б-тэй дахиад хэрэлдээд сууж байхад босож, ирээд үснээс зулгааж газар унагаад мөн толгой хэсэг болон нүүрэн тус газарт  хөлөөрөө  өшиглөсөн.  Тэгээд  О-оо  эгч  дахин  бид  хоёрыг  салгасан.”  гэх / хх 7-8-р хуудас /,
  • Гэрч Ж.О-ийн “Тухайн айл руу бид гурав ороод сууж байхад Отгонцэцэг нь гарч машинаасаа үлдсэн тал пивоо оруулж ирээд уг айлын эхнэр тэр гурав хувааж уусан. Б нь О-т хандаж “би 150,000 төгрөгөө аньчхаад байхад чи энэ тал пивоо манай найзаас харамлаад байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад гэнэт зодолдоод эхэлсэн. Хоёр биеэ үсдээд, гараараа нүүрэн тус газартаа цохилцоод байсан. Тухайн айлын эхнэр бид хоёр болиулаад Отгонцэцэгийг гэрээс аваад гарсан чинь буцаж гэрт орж ирээд зодолдоод байсан. Салгаад Отгонцэцэгийг гэрээс авч гараад байж байхад Б мөн араас гарч ирээд хоорондоо зууралдаад гэрийнх нь хойд талд гадаа зодолдоод байсан.” гэх / хх 11-12-р хуудас /,
  • Гэрч Б.М-ын “О нь Б-ийн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиод босож ирээд, Б-ийн үснээс зулгаасан. Б нь босож ирээд О-ийн үснээс нь зулгаагаад тэр хоёр хоорондоо зууралдаад манай баруун талын орны дээд тал, баруун хойд талын авдрын голоор хоёулаа зууралдаад унасан. О нь Б-ийг буриадын шээс гэж хэлээд мөн хоорондоо зууралдаад газар унасан.” гэх / хх 15-16-р хуудас /,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 154 дугаартай “1.В.О-ийн биед тархи доргилт, зүүн нүдний дотор зовхи, баруун хөмсөгт шарх, баруун чамархай, дагз, хамрын угалзанд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор алимын салст, зүүн нүдний дээд, доод зовхи, нуруу, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт / хх 21-22 дугаар хуудас/,

  • Хохирогч В.О-т үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт / хх 23 дугаар хуудас /,
  • Шүүгдэгч Ө.Б-т холбогдох Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт / хх 46-47 дугаар хуудас /,
  • Шүүгдэгч Ө.Б-ийн “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, “Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа”, “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа”, “Байнга оршин суугаа хаягийн лавлагаа”, “Иргэний үнэмлэхийн хуулбар” / хх 50-54 дүгээр хуудас /,
  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 26/107 дугаартай “В.О аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээг авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 86,000 төгрөгийн зардал гаргуулсан” гэх албан тоот, хавсралт / хх 61-62 дугаар хуудас /,
  • Шүүгдэгч Ө.Б нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Гэм буруугийн талаар:

  • Шүүгдэгч Ө.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ... сумын нутаг “...” гэх газарт хохирогч В.О-ийг зодож эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний дотор зовхи, баруун нүдний хөмсөгт шарх, баруун чамархай, дагз, хамрын угалзанд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор алимны салст, зүүн нүдний дээд, доод зовхи, нуруу, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч В.О, гэрч Ж.О, Б.М нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч В.О-т үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

    1. . Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч Ө.Б нь хохирогч В.О-ийн нүүрэн тус газарт цохиж, зодон түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

1.2.2. Шүүгдэгч Ө.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дотор зовхи, баруун хөмсөгт шарх, баруун чамархай, дагз, хамрын угалзанд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор алимын салст, зүүн нүдний дээд, доод зовхи, нуруу, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

1.2.3. Прокуророос шүүгдэгч Ө.Б-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ө.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.1. Шүүгдэгч Ө.Б-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнд “Шүүгдэгч Ө.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хохирогчоос уучлалт гуйсан, үнэн зөв мэдүүлэг өгсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч В.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, Шүүгдэгч Ө.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй. Хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг гаргав.

2.2. Шүүгдэгч Ө.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол, хор уршиг учруулснаа ойлгосон, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

3. Хохирол, хор уршгийн талаар

3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч В.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн эмчилгээний зардалтай холбоотой баримт хэрэгт ирүүлээгүй, энэ талаар нэхэмжлэл гаргаагүй болно.

Хохирогч В.О нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

3.2. Хохирогч В.О өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгээс 86,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 86,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

4. Бусад асуудлаар:

Шүүгдэгч Ө.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ө-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Б-т оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ө.Бт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ээс 86,000 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Шүүгдэгч Ө.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч В.О гомдолтой гэж байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, нотлох баримт ирүүлээгүй болохыг дурдсугай.

8. Хохирогч В.О энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ