| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0126/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/152 |
| Огноо | 2023-07-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Хохирогч С.О
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-д холбогдох 2230000000133 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар аймгийн ... сумын ... дүгээр баг, .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Д-ын Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ... сумын ... дүгээр баг ... тоотод хохирогч С.О-тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүнийг зодож, эрүүл мэндэд нь “зүүн далны хүзүүвч хэсгийн зөрөөтэй хугарал, зүүн чихний дэлбэнд урагдсан шарх, зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би түүнийг газар унагаагаад өвдөглөөд дарсан. Би буруу зүйл хийсэн, миний буруу. Би хохирогчоос уучлалт гуйсан. Бид одоо эвлэрсэн. Би Э-д 450,000 төгрөг өгсөн.” гэв.
Хохирогч С.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тэр өдөр би гэртээ хэвтэж байхад Д.Э ах “эхнэрээс бензиний мөнгө авсан. Мөнгөнийхөө талаар нь бензин хийгээд, талаар нь архи аваад ирлээ. Хоёулаа ууя” гэсэн. Тэгээд бид хоёр манай хашаанд архи уусан. Гэхдээ намайг Улаанбаатар хотод эмчлүүлээд явж байхад бие асууж яриагүй би гомдсон. Одоо би 400,000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэв.
Эрүүгийн 2230000000133 дугаартай хэргээс:
2. Учирсан гэмтлүүд нь мохоо нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэгдсэн байна.
3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлт эмчилгээний байдлаас хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт / хх 13-14 дүгээр хуудас /,
Шүүгдэгч Д.Э нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1. Гэм буруугийн талаар:
- Шүүгдэгч Д.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ... сумын ... дүгээр баг ... тоотод хохирогч С.О-тай таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас зодож, түүний эрүүл мэндэд зүүн далны хүзүүвч хэсгийн зөрөөтэй хугарал, зүүн чихний дэлбэнд урагдсан шарх, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.О, шинжээч эмч А.Б нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 200 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.2.1. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан буюу ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Тодруулбал, шүүгдэгч Д.Э нь хохирогч С.О-ыг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулж, эрүүл мэндийг үлэмж хугацаагаар сарниулсан хор уршиг учруулсан нь гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.
1.2.2. Шүүгдэгч Д.Э нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
1.2.3. Прокуророос шүүгдэгч Д.Э-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.1. Шүүгдэгч Д.Э-гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас түүнд “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох саналтай. Хохирогч С.О нь баримтаар гаргаж өгсөн 373,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч С.О-т олгох, С.О нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх, шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх.” гэх саналыг гаргав.
Шүүгдэгч Д.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгийн торгох ял шийтгэхээр тогтоож, оногдуулсан торгуулийн хэмжээ, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
3.1 Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж бөгөөд шүүгдэгч Д.Э нь энэ хэргийн улмаас хохирогч С.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болно.
Шүүгдэгч Д.Э нь 450,000 төгрөг /хх 54-55/-ийг төлсөн бөгөөд хохирогчид гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн эмчилгээний зардалд 373,500 төгрөг /хх 50-52/-ийг шүүгдэгчээс гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.О нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
3.2 Хохирогч С.О нь өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгээс 419,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 419,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ын Э-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-г 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Э-д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Э-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 450,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
7. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хохирогч С.О-ын эмчилгээний зардалд 419,000 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-гаас гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-гаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 373,500 төгрөгийг гаргуулж, хохирогч С.О-т олгосугай.
9. Хохирогч С.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ