| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0146/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/151 |
| Огноо | 2023-07-25 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.М-д холбогдох 2330000000148 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн ... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Хэнтий аймгийн ... сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух,
урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, Д овогт П-ийн М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч П.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч Б.С-ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, түүний өмсөж явсан цагдаагийн албан хаагчийн хувцаснаас заамдах, хоолойг боох, дүрэмт хувцсыг нь урах зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч Б.С-ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, түүний өмсөж явсан цагдаагийн албан хаагчийн хувцаснаас заамдах, хоолойг боох, дүрэмт хувцсыг нь урах зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна хохирогч Б.С-ын мэдүүлэг /хх 10-13/, гэрч Б.Л-ийн /хх 20-21/ мэдүүлэг, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, зураг /хх 3-6/, “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 2302168 дугаартай “цагдаагийн алба хаагчийн өдөр тутмын хувцасны хохирлын үнэлгээ 125,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх 29-38/, шүүгдэгч П.М-ы согтуурлын зэрэг 1.65 хувь байгааг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 64/, хохирогч Б.С-ын ажлын үнэмлэхийн хуулбар /хх 65/, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний Б/53 дугаартай “Б.С-ыг албан тушаалд томилсон” тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт /хх 66-71/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан бөгөөд яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч П.М өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байгаа ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэргийн улмаас хууль сахиулагч, цагдаагийн албан хаагч Б.С-ын ажлын өдөр тутмын дүрэмт хувцсанд 125,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт П-ийн М-ыг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгчид дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч П.М-д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.М-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч П.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 125,000 төгрөгийг хохирогч Б.Ст нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ