| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2023/0111/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/106 |
| Огноо | 2023-10-04 |
| Зүйл хэсэг | 13.5.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/106
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Д.А,
Нарийн бичгийн дарга П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн Д-ийн А-д холбогдох 2328000000150 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
С овгийн Д-ийн А, .........
Шүүгдэгч Д.А нь 2023 оны 07 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байхдаа “Baynaa Baynaa” гэх фейсбүүк хаягаас “Sun Sun” гэх фейсбүүк хаягийг ашигладаг Б.Н-тай харилцаж, өөрт нь түүний нүцгэн зургийг явуулж, 3,500,000 төгрөгийг өгөхийг шаардаж, түүнээс Б.И-гийн Хаан банкны ... тоот дансаар 2,500,000 төгрөг шилжүүлэн авч, эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахуйц зургийг тараахаар сүрдүүлж заналхийлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Аыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ зөвшөөрч байгаа гэв.
Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж Baynaa Baynaa гэх фэйсбүүк хаягтай хүнд дарамтлуулсан. Тухайн фэйсбүүк хаягаас миний Sun Sun (Н) гэх рүү миний нүцгэн зургийг явуулж намайг хэл амаар доромжилж хүсээгүй зүйлийг минь хийхийг шаардсан. Надтай секс хийхийг шаардсан, эсвэл мөнгө өг гэж чат бичсэн. Надаас 3,500,000 төгрөг нэхсэн бөгөөд боломжгүй байна гэхэд 2,500,000 төгрөг болгож дарамталж нэхсэн. Над руу Хаан банкны ... дугаартай дансыг явуулсан. Утга дээр нь зураг гэж бичээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би айсандаа уг мөнгийг шилжүүлсэн. Намайг мөнгө шилжүүлэхгүй бол миний нүцгэн зургийг манай ажлын групп болон нөхөр, ах, дүү, хамаатан садан руу явуулна гэж дарамталсан. Манай нөхрийн фейсбүүк хаяг руу миний нүцгэн зургийг явуулсан байсан. Иймд би гомдолтой байна. Уг хэргийг хийх боломжтой нэг хүн байгаа бөгөөд А гэх залуу байж магадгүй. Яагаад гэвэл би тэр залуу руу л ганцхан тэр нүцгэн зургийг явуулж байсан. Тухайн үед бид хоёр чат бичиж байгаад явуулсан зураг байгаа.” /хавтаст хэргийн 13-14 дэх тал/
Гэрч Б.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хаан банкны ... дугаартай дансыг 2009 оноос хойш эзэмшиж байгаа. Улмаар миний данс руу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр миний найз Д-ийн А гэж эрэгтэй над руу ... дугаарын утаснаас яриад “надад Хаан банкны данс, карт байхгүй байна, чи дансаа өгч байгаач, би хүнээс мөнгө авах ёстой юм, чи ороод ирэхээр нь миний Төрийн банкны данс руу шилжүүлээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.Ад өөрийнхөө Хаан банкны дансыг өгөхөд миний данс руу 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 21 минутад 2,500,000 төгрөг “Зураг” гэсэн утгаар орж ирсэн. Уг мөнгийг би Д.А-тай утсаар ярьж байгаад 16 цаг 29 минутад түүний Төрийн банкны 108800505059 дугаарын данс руу шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь би бас зураг гэсэн утгаар шилжүүлсэн.” /хавтаст хэргийн 18-19 дэх тал/
Б.И-гийн Хаан банкны ... тоот депозит дансны хуулга /хавтаст хэргийн 38 дахь тал/
“Baynaa Baynaa” гэх фейсбүүк хаягтай Д.А-тай “Sun Sun” гэх фейсбүүк хаягнаас Б.Н нарын харилцсан зурвасууд /хавтаст хэргийн 51-66 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.А-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.А нь 2023 оны 07 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байхдаа “Baynaa Baynaa” гэх фейсбүүк хаягаас “Sun Sun” гэх фейсбүүк хаягийг ашигладаг Б.Н-тай харилцаж, өөрт нь түүний нүцгэн зургийг явуулж, 3,500,000 төгрөгийг өгөхийг шаардаж, түүнээс Б.И-гийн Хаан банкны ... тоот дансаар 2,500,000 төгрөг шилжүүлэн авч, эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахуйц зургийг тараахаар сүрдүүлж заналхийлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Б.Н-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/, гэрч Б.И-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, Б.И-гийн Хаан банкны ... тоот депозит дансны хуулга /хавтаст хэргийн 38 дахь тал/, “Baynaa Baynaa” гэх фейсбүүк хаягтай Д.А-тай “Sun Sun” гэх фейсбүүк хаягнаас Б.Н нарын харилцсан зурвасууд /хавтаст хэргийн 51-66 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардах гэж гэмт этгээдээс тухайн хүн эсхүл ойр дотны хүнээр нь өөрийн хүсэл сонирхолд нийцсэн үйлдэл хийлгүүлэхийг албадсан хууль бус аливаа үйлдлийг,
Эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл гэж тухайн хүнд олгосон эрх, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй агуулгатай мэдээ, баримт бичиг биет зүйлийг,
Тараахаар сүрдүүлсэн гэж эдгээр мэдээллийг олон нийтэд, эсхүл ач холбогдол бүхий бусад хүмүүст шилжүүлэх, танилцуулахаар заналхийлснийг тус тус ойлгохоор хуульчилсан.
Тодруулбал: Шүүгдэгч Д.А нь хохирогч Б.Н-ыг өөртэй нь уулзах, эсхүл мөнгө өг гэх зэргээр тодорхой үйлдэл хийхийг шаардан заналхийлж, урьдын харилцаатай байсан үеийн гэрэл зургийг ажлын групп болон нөхөр, ах, дүү, хамаатан садан руу нь явуулна хэмээн сүрдүүлсэн үйлдэл нь хохирогчийн хувийн эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрхэд учирсан хор уршиг, хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж хохирогчийн хувийн эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Д.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Аыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч Б.Н нь шүүхэд хандан “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлсэн ба шүүгдэгч нь хохирогчид 2,500,000 төгрөгийн хохирол, хор уршгийн төлбөрийг төлсөн болох нь эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 46-47 дахь тал/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Д.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Д.А-ыг бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Н-д 2,500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Улсын яллагч 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 86 дугаартай яллах дүгнэлтдээ гэмт хэрэг гарсан он, сар, өдрийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэж бичигдсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулан шалгаж үнэлэх, гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт сонсох ажиллагааны шатанд оролцогчдын гаргасан тайлбар, дүгнэлт зэргээс үзэхэд 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байхдаа шүүгдэгч бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлсэн болох нь тогтоогдсон байх тул гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөвтгөж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн Д-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Нд 2,500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ