Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 6

 

            Б.Б-т  холбогдох эрүүгийн 

               хэргийн тухай

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                    С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Б.Э

Шүүгдэгч                                                         Б.Б

Нарийн бичгийн дарга   Г.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар  сарын 18-ны өдрийн 1044 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Б-т холбогдох 1912002410158 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1,,, өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эмэгтэй, 43 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын,,, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Б.Б

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл  “АУУ” ХХК-ийн тэмдгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байр 302 тоотод зориуд нуусан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1044 дугаартай шүүгчийн захирамжаар...Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд “... байгууллагын тэмдэгийг би нуугаагүй хамгаалсан. Би тухайн байгууллагын нууцын ажилтан, уг тэмдгийг хамгаалалтанд авах хүсэлтийг Архангай аймаг дахь Цагдаагийн газар, Прокурорын газар, Тагнуулын газарт тус тус бичгээр гаргасан бөгөөд тухайн байгууллагууд энэ талаар миний хүсэлтэд хариу өгөөгүй тул байгууллагын тэмдгийг өөр дээрээ байлгаж байсан. Тус байгууллагуудад өгсөн хүсэлтийг хавтаст хэрэгт тусгуулах хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй гэж мэдүүлсэн. Мөн Архангай аймгийн Тагнуулын газрын дарга н.Г-аас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад н.Г гэх хүнээс мэдүүлэг аваагүй байх тул шүүх хуралдаанд гэрчээр оролцуулан мэдүүлэг авах боломжгүй юм.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух” гэмт хэргийг үйлдсэн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар шүүхээс дүгнэлт хийн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай баримт бүрдээгүй байна. 

Мөн Архангай аймаг дахь Цагдаагийн газраас “АУУ” орон нутгийн өмчит ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргад тухайн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилж өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд Орон нутгийн өмчит ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр Архангай аймгийн Засаг даргын орлогч тухайн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилсон нь үндэслэлгүй юм.  

Иймд хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв гээд 

 Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох 1912002410158 тоот хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЗ/1044 дугаартай шүүгчийн захирамжийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянавал:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл “АУУ” ХХК-ийн тэмдгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байр 302 тоотод зориуд нуусан гэмт хэрэгт холбогджээ.  Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Б-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 18-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд: 

Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд “... байгууллагын тэмдэгийг би нуугаагүй хамгаалсан. Би тухайн байгууллагын нууцын ажилтан, уг тэмдгийг хамгаалалтанд авах хүсэлтийг Архангай аймаг дахь Цагдаагийн газар, Прокурорын газар, Тагнуулын газарт тус тус бичгээр гаргасан бөгөөд тухайн байгууллагууд энэ талаар миний хүсэлтэд хариу өгөөгүй тул байгууллагын тэмдгийг өөр дээрээ байлгаж байсан. Тус байгууллагуудад өгсөн хүсэлтийг хавтаст хэрэгт тусгуулах хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй гэж мэдүүлсэн. Мөн Архангай аймгийн Тагнуулын газрын дарга н.Г-аас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад н.Г гэх хүнээс мэдүүлэг аваагүй байх тул шүүх хуралдаанд гэрчээр оролцуулан мэдүүлэг авах боломжгүй юм.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух” гэмт хэргийг үйлдсэн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар шүүхээс дүгнэлт хийн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай баримт бүрдээгүй байна. Мөн Архангай аймаг дахь Цагдаагийн газраас “АУУ” орон нутгийн өмчит ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргад тухайн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилж өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд Орон нутгийн өмчит ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр Архангай аймгийн Засаг даргын орлогч тухайн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилсон нь үндэслэлгүй юм гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь Архангай аймгийн орон нутгийн өмчит “АУУ” ХХК-ийн тэмдгийг хамгаалалтдаа авах зорилгоор ажлын байрнаас гаргах шаардлага, эрх зүйн зохицуулалт байхгүй байна. 

Учир нь Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолын хавсралтаар “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-т тэмдгийг ажлын байранд бөх бат саванд хадгалахаар зааварчилсан байхад Б.Б нь өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэхээр цагдаа, прокурор, тагнуулын газарт хандаж, уг тэмдгийг хамгаалалтад авахыг хүссэн нь үндэслэлгүй юм. Хэрэв ажил хэргийн хүрээнд хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн бол эрх бүхий байгууллагад мэдээлэх, гомдол хүсэлт гаргах журмаар шийдвэрлүүлэх боломжтой байсан. 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд шүүгдэгч Б.Б-ийг тус аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/21 дугаартай захирамжаар ажлаас халж, ажил хүлээлцэх, тэмдгийг хүлээлгэн өгөхийг ажил хүлээлцэх комисс  шаардсан боловч ажлыг хүлээлгэн өгөхгүй байх зорилго, сэдэлтээр 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тэмдгийг нуун дарагдуулж, энэ хугацаанд прокурорын зөвшөөрлөөр хэд хэдэн удаагийн нэгжлэгийн хүрээнд түүний гэрээс илрүүлэн хураан авсан байдаг. Иймд уг хэрэгт аймгийн Тагнуулын газрын дарга н.Г-аас гэрчийн мэдүүлэг авч, яллагдагч Б.Б нь түүнд байгууллагын тэмдгийг хүлээлгэн өгсөн эсэхийг тодруулах нь ач холбогдолгүй юм. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилгыг шууд тодорхойлоогүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад заавал тогтоохоор хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзнэ. 

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд “АУУ”ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Б-ийг Засаг даргын захирамжаар ажлаас халж, ажил хүлээлцэхээр комисс түүнтэй уулзсан боловч ажлаа хүлээлгэж өгөлгүй тэмдгийг авч явсан. Мөн ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгохоор захиргааны хэргийн шүүхэд хандсан зэргээс үзвэл тэрээр Засаг даргын Б/21 дугаар ажлаас чөлөөлсөн захирамжийг үл хүлээн зөвшөөрсөн шалтгаанаар, ажлаа хүлээлгэн өгөхгүй байх зорилго, сэдэлтээр “АУУ” ХХК-ийн тэмдгийг нуусан гэж үзэхээр байна. Эрүүгийн хэргийг шалгах явцад “АУУ” ХХК-ийн тэмдгийг олж илрүүлэх зорилгоор Б.Б-т тэмдгийг сайн дураараа гаргаж өгөхийг сануулж, тус компанийн захирлын ажлын өрөөнд нэгжлэг хийсэн боловч тэмдэг олдоогүй. Мөн түүний гэрт нэгжлэг хийхийн өмнө сайн дураараа гаргаж өгөхийг сануулсан боловч гаргаж өгөөгүй бөгөөд нэгжлэгийн хүрээнд түүний гэрээс буюу биенээс нь “АУУ” ХХК-ийн тэмдгийг олж ирүүлэн хураан авсан зэргээс дүгнэхэд тэрээр гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн болох нь тогтоогдсон. 

Б.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд түүний үндэслэлгүйгээр ажлаас халагдсан эсэх, түүнийг ажлаас халсан Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран гагцхүү тамга, тэмдгийг байгууллагын байрнаас санаатайгаар авч гарч, нууснаар төгссөнд тооцогдохоор хуульд тодорхой заасан гэмт хэрэг юм.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хохирогчоор “АУУ” ХХК-ийг тогтоож, уг компанийг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байгууллагыг төлөөлөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгохоор Ж.У-г томилсон албан бичгийг ирүүлсний дагуу түүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж, мэдүүлэг авсан нь хууль зөрчөөгүй байна. 

“АУУ” ХХК нь орон нутгийн өмчид хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд Компанийн тухай хуулиар эрх зүйн байдал нь зохицуулагдаж байгаагаас гадна Компанийн тухай хуульд төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах журмыг хуульчилсан байна. 

Засаг даргын орлогч П.Б нь “АУУ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ажилтай бөгөөд Компанийн тухай хууль болон тус компанийн дүрэмд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж, тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах журмын 2.23-т “ТУЗ-ын дарга нь компанийн хуулиар тогтоосон эрх хэмжээний дотор компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах болон компанийн эрх ашгийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасны дагуу “АУУ” ХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн асуудалд Ж.У-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан байна. 

Яллагдагч Б.Б-т холбогдох эрүүгийн 1,,,, дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын хийгдвэл зохих бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолж тогтоосон бөгөөд мөрдөн байцаалтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан байхад анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, илт үндэслэлгүй шийдвэр гаргажээ. 

Иймд Б.Б-т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЗ/1044 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Прокурорын зүгээс Б.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл  “АУУ” ХХК-ийн тэмдгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байр 302 тоотод зориуд нуусан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд гурван үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг. Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь Б.Б-т холбогдох “Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух” гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн Архангай аймгийн Тагнуулын газрын дарга н.Г-аас гэрчийн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад аваагүй, хохирогч “АУУ” орон нутгийн өмчит ХХК-ийн төлөөлөгчийг томилсон асуудлыг дурдсан байдаг. Прокурорын эсэргүүцэлд бичигдсэнээр Б.Б нь “АУУ” орон нутгийн өмчит ХХК-ийн тэмдгийг уг байгууллагаас гаргах болон өөрийн биед авч явах шаардлагагүй байсан. Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолын хавсралтаар “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-т тэмдгийг ажлын байранд бөх бат саванд хадгалахаар зааварчилсан байхад Б.Б нь өөрөө уг тогтоолыг зөрчиж, тэмдгийг байгууллагаас авч гарч байгаа нь түүнд холбогдох гэмт хэргийн үндсэн шинжийг харуулдаг. Б.Б нь дээд боловсролтой хүн бөгөөд тухайн ажил хэргийн хүрээнд дээрх Засгийн газрын тогтоолыг судалж мэдсэн байх боломжтой юм. Гэтэл түүний тэмдгийг өөр дээрээ хадгалсан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болсон. Уг гэмт хэргийн сэдэлт, зорилго хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад тогтоогдсон байдаг. Б.Б нь Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/21 дугаартай захирамжаар ажлаас халагдсан байдаг. Уг шийдвэрийн дагуу ажил хүлээлцэх комисс “АУУ” ХХК дээр очиход Б.Б нь ажлыг хүлээлгэж өгөөгүй байдаг. Энэ нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байдаг. Ажил хүлээлцэх комисс хэд хэдэн удаа Б.Б-ээс ажлыг хүлээж авахаар очиход тэрээр өрөөгөө түгжээд байхгүй байсан талаар гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Б.Б нь өөрөө “намайг шүүхийн шийдвэрээр ажлаа бүрэн гүйцэд хүлээж аваагүй байхад Засаг даргын зүгээс дахин халж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарладаг. “АУУ” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хурал зарлсан байдаг бөгөөд уг хурал дээр Б.Б очсон байдаг. Тэрээр хурал дээр миний сая дурдсан үндэслэлийг ярьсан байдаг. Мөн Б.Б-ийг ажлаас халсан шийдвэр гарсан байхад цалин олгох бичиг дээр тэрээр гарын үсэг зурсан талаар гэрчийн мэдүүлэг авагдсан байдаг. Б.Б нь Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгохоор хандсан байдаг бөгөөд энэ талаарх баримт хавтаст хэрэгдсэн авагдсан байгаа. Б.Б нь ажилдаа буцаад томилогдохын тулд тэмдгийг өөрөө зориуд нууж авч явсан сэдэлт, зорилготой байсан. Тэгэхээр гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилгыг хавтаст хэргээс бүрэн тогтоох боломжтой байна. Анх хэрэг бүртгэлтийн шатнаас тамга тэмдгийг олж авахаар холбогдох ажиллагаануудыг хийсэн. Хамгийн анх түүний ажлын байран дээр нэгжлэг хийсэн бөгөөд тухайн үед тамга тэмдэг гарч ирээгүй. Энэ тамга тэмдэг байхгүйгээс болоод тухайн компанийн санхүүгийн бүх гүйлгээ зогссон байдаг. Цаашлаад тухайн компани ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байдал үүсч, тухайн ажилчид өр зээлээ төлж чадахгүй эрсдэлд хүрсэн байдаг. Мөн байгууллага тогны мөнгөө төлөх боложгүй болж, тогийг нь тасалсан бөгөөд тог тасарснаас үүдэн байгууллагын хяналтын камер ажиллахгүй эрсдэлтэй байдалд хүрсэн байдаг. Б.Б тамга тэмдгийг өөрийн биедээ авч яваа талаар гэрчүүд мэдүүлсэн байдаг. Үүний хүрээнд дахин нэгжлэг хийсэн бөгөөд нэгжлэгийг гэрт нь хийсэн. Тэгээд гэрт нь нэгжлэг хийхэд түүний гэрээс тухайн компанийн тэмдэг гарч ирсэн. Нэгжлэг хийхээс өмнө Б.Б-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрөө сайн дураараа тэмдгийг гаргаж өгөхийг сануулсан байдаг. Компанийн тэмдэг нь Б.Б-ийн гэрээс гарч ирсэн нь  гэм буруугийн шууд санаатай хэлбэр юм. Б.Б-т гаргаж өгөх боломжийг олгож байхад тэрээр зориудаар нуугаад байсан байдаг. Б.Б нь нэг сар гаруй хугацаанд тэмдгийг нуусан байдаг. Уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд тухайн тэмдгийг авч яваад нууснаар гэмт хэрэг төгсөж байгаа юм. Хавтаст хэрэгт авсагдсан баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай тогтоох боломжтой байна. Тийм учраас анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрийг үнэлэх боломжтой юм. Прокурорын зүгээс н.Г гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг авах нь ач холбогдолгүй гэж үзсэн байдаг. Учир нь цагдаагийн байгууллагаас тагнуулын байгууллага руу албан тоот явуулсан байдаг. Цагдаагийн байгууллагын албан тоотод “Б.Б нь танай байгууллагад “АУУ” ХХК-ийн тэмдгийг хүлээлгэж өгсөн үү” гэсэн утгатай үгс бичигдсэн байдаг. Тэгээд тагнуулын газрын дарга н.Г нь “АУУ” ХХК-ийн тамга тэмдгийг өөрийнх нь байгууллагад өгөөгүй талаарх албан тоотыг цагдаагийн байгууллагад хариу болгож хүргүүлсэн байдаг. Энэ албан тоот нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Тагнуулын газрын ажилтан н.А нь “Б.Б нь манайд хайрцагтай зүйл авчирч өгсөн” гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн хайрцагт байсан тэмдгийг дараа нь цагдаагийн байгууллаас шалгаж үзэхэд тухайн тэмдэг нь “АУУ” ХХК-ийн тэмдэг биш, харин банк бус санхүүгийн байгууллагын тэмдэг байсан байдаг. Тэгэхээр н.Г-аас гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй байсан. Хуульд зааснаар Б.Б нь тамга тэмдгийг нуух, бичиг баримтыг хамгаалалтандаа авах эрх зүйн зохицуулалт байхгүй. Шүүгдэгч Б.Б-ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд сэдэлт, зорилгоо өөр тийшээ гуйвуулан ярьж байдаг. Мөн шүүгчийн захирамжид “Архангай аймаг дахь Цагдаагийн газраас “АУУ” орон нутгийн өмчит ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргад тухайн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилж өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд Орон нутгийн өмчит ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр Архангай аймгийн Засаг даргын орлогч тухайн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилсон нь үндэслэлгүй юм” гэсэн үндэслэлийг дурдсан байдаг. Компанийн тухай хуулиар албан тушаалтнуудын эрх хэмжээг тодорхой зааж өгсөн байдаг. Мөн дээрх хуульд компани нь дүрэмтэй байхаар заасан байдаг. “АУУ” ХХК нь дүрэм боловсруулан баталсан байдаг. Тус компанийн дүрэмд ТУЗ-ийн журмыг батлахар заасан байдаг бөгөөд холбогдох журмыг баталсан байдаг. Тухайн компанийн ТУЗ-ийн журам дээр ТУЗ-ийн даргын эрх хэмжээг тодорхой заасан байдаг. Засаг даргын орлогч П.Болормаа нь “АУУ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ажилтай бөгөөд Компанийн тухай хууль болон тус компанийн дүрэмд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж, тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах журмын 2.23-т “ТУЗ-ын дарга нь компанийн хуулиар тогтоосон эрх хэмжээний дотор компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах болон компанийн эрх ашгийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасны дагуу “АУУ” ХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн асуудалд Ж.У-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан байна. Харин П.Б-д тухайлсан албан бланк байдаггүй бөгөөд итгэмжлэлийг аймгийн Засаг даргын бланк  дээр гаргасан нь хэлбэрийн алдаатай болсон боловч агуулгын хувьд алдаатай биш юм. Тэгэхээр Б.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар нотолвол зохих байдлуудыг бүрэн дүүрэн нотолсон байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1044 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс Б.Б-т холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байгаа. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэсэн бөгөөд бодитой дүгнэлт хийгдсэн. Учир нь тухайн гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго тодорхой тогтоогдоогүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар нотолвол зохих байдлуудыг энэ хэрэг дээр бүрэн дүүрэн нотлоогүй байдаг. Тухайн гэмт хэргийг шалгахдаа яллах болон цагаатгах нотлох баримтыг давхар бүрдүүлэх ёстой байдаг. Гэтэл энэ хэрэг дээр зөвхөн яллах нотлох баримтыг бүрдүүлсэн байна. Хэдийгээр Б.Б нь анхан шатны шүүх хурал болтол өмгөөлөгчгүй явсан хэдий ч гэсэн мөрдөн байцаалтын шатнаас эхлэн бүх өргөдөл, гомдлоо гаргаж явсан байдаг. Б.Б нь “н.Г гэдэг хүн тэмдгийг өөрөө хүлээж авсан мөртлөө яагаад ийм тоот өгч байгаа юм бол” гэж ярьдаг. Тэгээд н.Г-аас гэрчийн мэдүүлэг авахуулахаар хүсэлтээ удаа дараа гаргасан байдаг. Б.Б нь шүүхийн шийдвэрээр дөнгөж ажлаа хүлээж авч байхад маш их гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд хийгдсэн байсан байдаг. Ингээд Б.Б нь тухайн асуудлыг цагдаа болон авилгатай тэмцэх газарт өгсөн байдаг. Харин цагдаагийн газар хүлээж авсан гомдлоо хаасан бөгөөд авилгатай тэмцэх газар хэрэг үүсгээд шалгаж байгаа. Үүнтэй холбоотой П.Б болон бусад эрх бүхий ажилчид тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдэлтэй орооцолдсон байсан тул тамга тэмдгийг өгч болохгүй байсан талаараа Б.Б өөрөө илэрхийлж байсан. Үүнийг нотлох баримтууд болох цагдаа, тагнуул, авилгатай тэмцэх газарт хандаж байсан өргөдөл, гомдлуудыг хэрэгт оруулж ирээгүй. Б.Б нь хэрвээ тэмдгийг нуусан бол өөрөө  цагдаа, тагнуул, авилгатай тэмцэх газарт хандахгүй байх байсан. Өнөөдөр хууль хяналтын байгууллага хэт нэг талыг барьж, хайнга ханддаг байдал энэ үйлдэл дээр харагдаж байна. Энэ хэргүүд нь Архангай аймгийн Прокурорын газар  хянагдаж байгаа бөгөөд тухайн хэргүүдээс зөвхөн Б.Б-т холбогдох хэргийг шүүх рүү оруулж ирж байгааг гайхаж байна. Мөн Б.Б-ийг ажил авах үед компанийн тамга тэмдэг нь байхгүй байсан байдаг. Ингээд Б.Б нь 2 сар гаруй хугацаанд хөөцөлдөж байж түр орлонгоор ажиллаж байсан н.Б-ын гэрээс нь авсан байдаг. Б.Б нь тамга тэмдэг байхгүй байна гэсэн үндэслэлээр цагдаад гомдол гаргахад тухайн гомдлыг нь хаасан байдаг. Үүнээс улбаалан яагаад хүмүүст ялгамжтай хандаж байна вэ гэдэг асуудал урган гарч ирнэ. Тэгэхээр хуулийн байгууллагууд хуулийг нэг мөр хэрэглэхгүй байна. Энэ хэрэг дээр гэм буруугийн сэдэлт, зорилго тогтоогдоогүй. Үнэхээр Б.Б нь ажлаа өгөхгүй гэсэн үндэслэлээр тэмдгийг нуусан юм уу эсхүл өмнөх шүүхийн шийдвэр биелэгдээгүй байсан юм уу, тухайн тэмдгийг өгөхөөр нөгөө хүмүүст холбогдох хэргийн  нотлох баримтууд устах эрсдэл байсан юм уу гэдэг асуудал яригдана. Гэтэл Б.Б нь яг ямар үндэслэлээр тухайн гэмт хэргийг үйллдсэн талаар шалтгаан нөхцөлийг тогтоож чадаагүй байна. Б.Б гурван шатны захиргааны хэргийн шүүхээр яваад дөнгөж ажлаа авч байхад нь дахин аймгийн Засаг дарга ажлаас халах шийдвэр гаргасан байдаг. Мөн Б.Б-ийн энэ нөхцөл байдлыг тогтоолгохоор өгсөн хүсэлтүүдийг яагаад хангаж шийдвэрлэж болоогүй юм бэ. Тухайн гэмт хэргийг тал бүрээс нь бодитой шалгаж шийдвэрлэх хэрэгтэй байна. Тухайн хэрэг дээр хохирогчийг тогтоож чадаагүй байна. Яагаад гэхээр Компанийн тухай хуулийн заалтыг буруу ойлгож, мөн дүрмийг уншаагүй байна. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.7-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 84.4-т заасан үүргээ биелүүлээгүй бол компанийн хувьцаа эзэмшигч уг албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.6-д “Энэ хуулийн 2.5-д заасны дагуу үүссэн төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их Хурал, орон нутгийн өмчит компанийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх олгосон этгээд байж болно” гэсэн байна. “АУУ” ХХК-ийн дүрмийн 5.1-д “компанийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хэрэгжүүлнэ” гэж заажээ. Дээрхээс харахад тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид байхаар байна. Гэтэл энийг ТУЗ-тэй андуураад байна. ТУЗ нь тухайн компанийн хохирогчоор тогтоогдох эрх зүйн үндэслэлгүй байна. Үнэхээр өөрсдөө ТУЗ-ийг хохирогчоор тогтоох үндэслэлтэй гэж үзвэл яагаад аймгийн Засаг даргын Тамгын газрын албан бланкаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилж байгаа юм бэ. Ийм зүйл байж болохгүй. ТУЗ нь өөрөө тогтоол гаргадаг бөгөөд зөвхөн П.Б гэдэг хүн ТУЗ-ийн нэрийн өмнөөс ганцаараа шийдвэр гаргах эрхгүй юм. ТУЗ-ийн дарга нь компанийн үйл ажиллагаатай холбоотой тус компанийн захиралд зөвлөж, чиглүүлэх үүрэгтэй хөндлөнгийн албан тушаалтан юм. Энэ хэрэг удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчээ ялгахгүй байна. Хохирогчийг тогтоох ажиллагаа нь анхан шатны шүүх дээр хийгдэх боломжгүй байсан. Мөн н.Г гэдэг хүнийг гэрчээр асуулгах зайлшгүй шаардлага үүссэн. Хэдийгээр Б.Б нь өөрөө гэм буруутай эсэхийг нотлох үүрэггүй хэдий ч гэсэн өөрт холбогдох хэрэгт цагаатгах талын нотлох баримт цуглуулах эрхээ эдлэх ёстой. н.Г нь тэмдгийг өөрийн гараар хүлээж авсан бөгөөд тэрээр дараа нь “манай байгууллага тамга тэмдэг авах ёсгүй юм байна, буцаагаад ав” гэсний дагуу Б.Б-ийг тэмдгээ авсан даруй прокурорын газраас нэгжлэг хийлгэсэн байдаг. н.Г хууль сануулаад гэрчийн мэдүүлэг авах юм бол тэрээр тухайн болсон нөхцөл байдлыг бодитой хэлэх байх. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1044 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Компанийн тухай хуулийн 78.2-т Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, хяналт тавих үүргийг гүйцэтгэнэ гэж хуульчилжээ.

 

           Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад АУУ ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн гэх тохиолдолд АУУ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргад тус компанийг төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр өөрөө төлөөлөх, өөр этгээдээр төлөөлүүлэхээр томилох эрх олгогдсон эсэх нь тодорхойгүй, дээрх асуудлыг шийдвэрлэсэн компанийн дүрэм байгаа талаар прокурор тайлбарласан ч компанийн дүрэм хэрэгт авагдаагүй байгаа болно.

 

          Мөн прокурор... П.Б-д тухайлсан албан бланк байдаггүй бөгөөд итгэмжлэлийг аймгийн Засаг даргын бланк  дээр гаргасан нь хэлбэрийн алдаатай болсон боловч агуулгын хувьд алдаатай биш юм...гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт АУУ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл гэсэн албан бланканд дарга П.Б гарын үсэг зурж эрх бүхий байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн нь АУУ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь албан бланк хэрэглэдэг гэж үзэхээр байна.

           

           Тагнуулын ерөнхий газрын Архангай аймаг дахь хэлтсийн АУУ ХХК-ийн тамга, тэмдгийг манай байгууллагад хүлээлгэн өгөөгүй гэх албан бичиг хэрэгт авагдсан.

 

            Гэвч шүүгдэгч Б.Б-ийн...тагнуулын дарга ажилтай н.Г тэмдгийг өөрийн гараар хүлээж авсан бөгөөд тэрээр дараа нь “манай байгууллага тамга тэмдэг авах ёсгүй юм байна, буцаагаад ав” гэсний дагуу би тэмдгээ авсан...гэж мэдүүлсэн мэдүүлгийг үнэн эсэхийг шалгаж тодруулах, шүүгдэгч Б.Б нь тухайн компанийн нууцын ажилтан мөн эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой гэж үзнэ.

 

           Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1044 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1044 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Т.ДАВААСҮРЭН

                                                                    ШҮҮГЧИД         Д.БЯМБАСҮРЭН

                                                                                              В.ЦЭЦЭНБИЛЭГ