| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2021/0042/З |
| Дугаар | 126/ШШ2022/0006 |
| Огноо | 2022-03-14 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 126/ШШ2022/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг даргалж, Боржигон Н-ын Б-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 110 дугаар танхимд нээлттэйгээр, нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нарыг оролцуулан хийгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/50 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Агаар, орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт болон аюултай бодис хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох,
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Агаар, орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт болон аюултай бодис хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлж, нөөцөд бүртгүүлсэн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолын Б.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын баталсан ажлын байрны тодорхойлолтын дагуу сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн нэр дэвшигчдээс тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж, тус Төрийн албаны шалгалтад тэнцсэн Н.Б-ыг томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд даалгах.
2.Хэргийн нөхцөл байдал:
Н.Б нь Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/50 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.
3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:
Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/2424 тоот албан бичгээр Н.Б-ын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 278 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтын түүнд холбогдох хэсэг, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/50 тушаалд гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариу өгчээ.
Нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.Нэгдүгээрт. Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 371 дүгээр тогтоолын хавсралтад зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтын ерөнхий шалгалтад 81 хувийн оноо авч, нөөцөд бүртгэгдсэн байсан.
5.Хоёрдугаарт. Уг албан тушаалыг эрхлэхээс өмнө буюу 2015-2017 оны хооронд 2 жил гаруйн хугацаанд төрийн жинхэнэ албаны туслах түшмэлийн албан тушаалыг хашиж байсан бөгөөд тухайн үеийн удирдлага Р.Ж дарга нь Н.Б миний ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил /2019 онд Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийг Байгалийн ухааны магистраар төгсөж, Хог хаягдлын менежментийг сайжруулах нь сэдэвт эрдмийн ажил бичиж, хамгаалсан/ туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж, томилсон болно. Мөн миний хувьд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан нийтлэг шаардлагыг хангасан байсан учир тус байгууллагад ажил, албан тушаал эрхэлж байсан гэж ойлгож байгаа.
6. Харин намайг тус газрын Агаар, орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт болон аюултай бодис хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоос өмнө тус албан тушаалыг эрхэлж байсан Б.Х нь хүний нөөц, ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдсон. Энэ шалтгаанаар миний бие Төрийн албаны тухай хуулийн 43.3.3 дугаар зүйлд заасан ... энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх гэх төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журамд нийцүүлэн байгууллагын удирдлагатай тохиролцсоны дагуу тус албан тушаалд томилогдсон гэж үзэж байгаа.
7. Түүнчлэн ажлаас чөлөөлөх тухай тушаалын удирдлага болгосон заалт болох Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаартай Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай тогтоол нь миний эрхэлж байсан албан тушаалын сонгон шалгаруулалт явагдсаны дараа буюу төрийн албаны тусгай шалгалт явагдсаны дараа албажсан хэдий ч дээрх Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалт нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр явагдсан нь миний эрх зүйн байдалд хохиролтой шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлсэн.
8. Нөгөө талаас Коронавируст халдвар /ковид-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ гэх, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт энэ хууль 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ гэж тус тус заажээ. Харин 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан Төрийн албаны тусгай шалгалт нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байгаа тул тус сонгон шалгаруулалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.
9. Н.Б миний хувьд одоо 7 сартай жирэмсэн байтал дэс түшмэлийн албан тушаал дээр ганцхан миний албан тушаалыг зарлаж цар тахлын хүнд үед корона тусаад, ураг зулбах магадлалтай гээд эмнэлэгт хэвтэж байхад минь шалгалт зарласан нь албаар өөрийн хүнээ оруулах гэсэн санаатай үйлдэл гэж бодож байна.
10. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э нь тухайн үед Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан учраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Тодруулбал тус Төрийн албаны тусгай шалгалтын сонгон шалгаруулалтад оролцож, миний ажлын байран дээр нэгдүгээрт эрэмбэлэгдэж, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Агаар, орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт болон аюултай бодис хариуцсан мэргэжилтнээр томилогдсон Б.Э нь урьд төрийн захиргааны албан хаагчаар огт ажиллаж байгаагүй, ЕБС-д төрийн үйлчилгээний албан хаагчаар ажиллаж байсан иргэн юм.
11. Иймд Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/50 дугаартай ... ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, хүчингүй болгож, Н.Б намайг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Агаар, орчны бохирдол хог хаягдал, химийн хорт болон аюултай бодис хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
12. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 278 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтыг үндэслэн Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Агаар, орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт болон аюултай бодис хариуцсан мэргэжилтний ажлын байранд сонгон шалгаруулалт явуулахыг хүсэж, ажлын байрны захиалгаа хүргүүлсэн байдаг.
13. Тус сонгон шалгаруулалтад орсон иргэн Б.Э нь урьд төрийн захиргааны албан хаагчаар огт ажиллаж байгаагүй, ЕБС-д төрийн үйлчилгээний албан хаагчаар ажиллаж байсан иргэн юм. Түүгээр ч зогсохгүй, Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөл нь дээрх иргэнийг төрийн албаны тусгай шалгалтад бүртгэхдээ Төрийн албаны тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг ноцтой зөрчиж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 347 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасан Агаар орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын III-д заасан Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын Туршлага, туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх гэх шаардлагыг хангахгүй Б.Э-ийг тус шалгалтад бүртгэж, улмаар 1 дүгээрт эрэмбэлэн шалгаруулж, тус ажлын байраар хангасан нь миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэн хүн ажлын байраа чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх зэрэг эрх зөрчигдөх үндэслэл болсон.
14. Шалгалтад орж тэнцсэн иргэдээс Б.Э-ийг онооны дарааллаар уг ажлын байранд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол хүргүүлсэн нь төрийн албаны шалгалтын журмыг зөрчиж байгаа тухай гомдлоо аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 1 удаа, Төрийн албаны төв зөвлөлд 1 удаа тус тус хандсан боловч тухай бүр хурлаар хэлэлцэж шийдвэрлээгүй болно. ...Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа Г.Э нь 2021 оны 6 сард мэргэжилтнээ зодсон. Энэ тухай зураг нь дотоод сүлжээнд тавигдахад сэтгэгдэл бичсэн учраас хувийн өс хонзонгоор ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан. Бусад мэргэжилтнүүдийн ажлын байрыг зарлаагүй. ...
15. Иймд Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Агаар, орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт болон аюултай бодис хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлж, нөөцөд бүртгүүлсэн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолын Б.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын баталсан ажлын байрны тодорхойлолтын дагуу сонгон шалгаруулалтанд оролцож тэнцсэн нэр дэвшигчдээс тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж, тус Төрийн албаны шалгалтад тэнцсэн Н.Б намайг томилуулахаар нэр дэвшүүлэхийг төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
16. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэсэн заалтыг үндэслэсэн.
17. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтад тус газрын зөрчилтэй томилогдсон төрийн захиргааны албан хаагчдын нэрс, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг ирүүлсэн.
18. Н.Б-ыг шатлан дэвшүүлэх саналаар дэвшүүлэн томилсон гэдгийг нотлох боломжгүй тул тухайн үеийн удирдлагаар ажиллаж байсан Р.Жаргалсайханаас тодруулга авах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн 2020 оны Б/81 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нотлогдсон байна.
19. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ гэж заасан байдаг. ...
20. Хөвсгөл аймгийн Төрийн албан салбар зөвлөлийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Э-ыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн үндэслэлд холбогдолтой мэдээллийг манай байгууллагаас гаргах боломжгүй.
21. ...Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно гэж заасныг тусгай шалгалтад орсон хоёр хүний оноо тэнцсэн тохиолдолд харгалзан үзэх үзүүлэлт гэж ойлгоно. Хэрэв сонгон шалгаруулалтын дүнгээр оноо тэнцээгүй тохиолдолд журамд зааснаар хамгийн өндөр оноотой иргэнийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлнэ.
22. Г.Э миний бие тухайн үед Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Ямар нэгэн хувийн ашиг сонирхлоор тус ажлын байрыг зарлуулсан зүйл байхгүй. Ажлын байрны захиалгыг хуулийн дагуу өгсөн. 2021 оны 3 сард нэхэмжлэгчийг жирэмсэн байсан эсэхийг би мэдэх боломжгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэжээ.
Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөл шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
23. Иргэн Н.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: ... Уг сул орон тооны захиалгыг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101 дүгээр албан бичгээр захиалгыг салбар зөвлөлд ирүүлж, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3/871 дүгээр албан бичгээр захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.
24. Үүний дагуу тусгай шалгалтыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан оролцогчийг нэр дэвшүүлэх тогтоол 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдэж, батлагдан албажсан. Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалтын 2021 оны 278 дугаар тогтоол нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны огноо дугаартай болно. Тиймээс нэхэмжлэлд дурдагдсан асуудал зөрүүтэй мэдээлэлд үндэслэсэн байна.
25. Цар тахал дэгдсэнтэй холбогдуулж Төрийн албаны зөвлөл тусгай шалгалт 2021 оны 03 дугаар сараас 09 сар хүртэл зарлаагүй ба энэ хугацаанд нэг ч албан тушаалын тусгай шалгалт бүх аймгуудад зохион байгуулагдаагүй. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/1793 дугаар албан бичгээр салбар зөвлөлүүдэд тусгай шалгалтыг зарлаж зохион байгуулах чиглэл өгсөн ба Улсын онцгой комиссоос зөвшөөрсөний дагуу 10 хүртэлх хүний багтаамжтай танхимд авч болохоор зөвшөөрөл олгосон. Үүнийг дагуу салбар зөвлөлүүд тусгай шалгалтыг халдвар хамгааллын дэглэм баримталж зохион байгуулсан болно.
26. Нэхэмжлэлд ... Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага-ыг баталсан.
27. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Агаар орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт болон аюултай бодис хариуцсан мэргэжилтний албан тушаал нь ТЗ-5 буюу төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэлийн албан тушаал.
28. Уг албан тушаалын туршлагын шаардлагад Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлага тавигдаж байсан ба Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 372 дугаар тогтоолоор уг шаардлагад өөрчлөлт оруулж Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно гэсэн шаардлага 2020 оны 12 сараас хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байна.
29. Энэхүү журмын дагуу уг албан тушаалд 6 оролцогч бүртгүүлэхээр материал ирүүлж, шаардлага хангасан Б.Үржинсүрэн, Б.Э, Н.Б нар бүртгэгдэж, тусгай шалгалтад нэг албан тушаалд өрсөлдөж шалгалт өгсөн. Шалгалтаар Б.Э 75 оноо, Н.Б 64 оноо авсан ба Б.Ү ярилцлагын шалгалт өгөөгүй.
30. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын 7 дугаар зүйлийн 7.2-т Зөвлөл, салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ гэж заасны дагуу хамгийн өндөр оноо авсан Б.Э-ийг тухайн албан тушаалд томилуулахаар 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор нэр дэвшүүлж шийдвэрлэсэн.
31.Б.Э 2021 онд, Н.Б 2020 онд төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцөд тус тус бүртгэгдсэн болно.
32. Н.Б нь сул орон тоонд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн иргэний хувьд давуу эрх эдлэх боломжгүй юм.
33. Иймд Н.Б-ын Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
34. Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно гэж заасныг тусгай шалгалтад орсон хоёр хүний оноо тэнцсэн тохиолдолд харгалзан үзэх үзүүлэлт гэж ойлгоно. Хэрэв сонгон шалгаруулалтын дүнгээр оноо тэнцээгүй тохиолдолд журамд зааснаар хамгийн өндөр оноотой иргэнийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлнэ ..." гэжээ.
Гуравдагч этгээд Б.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
35. Н-ын Б-ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: ... Миний бие Б.Э нь 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтад зааснаар ерөнхий шалгалтад орж 86 оноогоор тэнцэж төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Агаар, орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалд тусгай шалгалт өгөн 75 оноогоор нэгдүгээрт эрэмбэлэгдэн тус ажлын байранд томилогдсон.
36. Би 2012 онд Монгол Улсын Их сургуулийг Экологи, байгаль хамгаалал мэргэжил-ээр төгссөн. 2017 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн харьяа Далайван дээд сургуулийн Байгалийн ухааны магистр-ийн зэргийг Хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах арга зүйн зарим асуудал /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын жишээн дээр/ сэдвээр хамгаалсан.
37. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 347 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасан Агаар орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын III-д заасан Албан тушаалд тавигдах тусгай шаардлага нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай тогтоолын зургадугаар хавсралт Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэл, түүнтэй адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага-д нийцүүлэн гаргасан албан тушаалын тодорхойлолт юм.
38. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 372 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг батлах тухай Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэл, түүнтэй адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах туршлагын шаардлага хэсгийн Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх гэснийг Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно гэж өөрчилсүгэй гэж заасан байдаг.
39. Иймд уг ажлын байранд намайг бүртгэсэн нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна.
40. Мөн Нэгдүгээрт эрэмбэлэн шалгаруулж тус ажлын байраар хангасан ... гэж бичсэн байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний бие Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан тусгай шалгалтыг холбох дүрэм, журмын дагуу өгч, тус ажлын байранд 1 дүгээрт эрэмбэлэгдсэн нь үнэн болно.
41. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ... шалгалт зарласан нь албаар өөрийн хүнээ оруулах санаатай үйлдэл гэж бодож байна гэж бичсэн нь намайг Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Г.Э-тай хамаатан мэтээр бичсэн байна. Миний бие Э нь Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн 2014 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд нөхөр, хүүхдийн хамт амьдарч эхэлсэн. Г.Э даргыг Байгаль орчин аялал жуулчлалын газарт мэргэжилтнээр томилогдох хүртлээ таньдаггүй байсан, төрөл садан биш болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
42. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Н.Б-ын Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/50 дугаартай тушаалыг хүчингүй болгох, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Агаар, орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт болон аюултай бодис хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд холбогдох Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Агаар, орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт болон аюултай бодис хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлж, нөөцөд бүртгүүлсэн аймгийн Төрийн албаны зөвлөлийн тогтоолын Б.Энхдэлгэрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын баталсан ажлын байрны тодорхойлолтын дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцсэн нэр дэвшигчдээс тухайн ажлын байранд тавьсан шаардлагыг бүрэн хангаж, тус төрийн албаны шалгалтанд тэнцсэн Н.Б-ыг томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
43. Нэхэмжлэгч Н.Б нь Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б-65 тушаалаар Баянзүрх сумын байгаль хамгаалагчаар мөн өдрөөс эхлэн туршилтын 6 сарын томилогджээ.
44. Н.Б Баянзүрх сумын байгаль хамгаалагчийн ажиллаж байх хугацаандаа 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөжээ.
45. Улмаар Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-15 дугаар тушаалаар Баянзүрх сумын байгаль хамгаалагчаар мөн өдрөөс эхлэн жинхлэн томилогджээ.
46. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б-30 дугаар тушаалаар Баянзүрх сумын байгаль хамгаалагчийн үүрэгт ажлаас нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөсөн байна.
47. Үүнээс хойш Н.Б нь Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б-61 дугаар тушаалаар Их-Уул сумын байгаль хамгаалагчийн түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл,
48. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар архив, бичиг хэргийн эрхлэгч, даргын туслахаар 2017 оны 11 дүгээр дугаар тушаалаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл,
49. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар мэргэжилтэн Б.Хандармаа жирэмсний амралттай тул түр орлон гүйцэтгэгчээр 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2018 оны 06 дугаар сарын 21-нийг өдрийг хүртэл,
50. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар архив, бичиг хэргийн эрхлэгч, даргын туслах, няравын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл,
51. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар дотоод ажил, агаар орчны бохирдол, химийн хорт бодис, байгалийн гамшиг, экологийн боловсрол, ТББ хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл,
52. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Ногоон хөгжлийн бодлого, дотоод ажил, хяналь шинжилгээ үнэлгээ, сургалт хариуцсан мэргэжилтнийг түр орлон гүйцэтгэгч, даргын туслахаар 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл,
53. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар архив, бичиг хэргийн эрхлэгч, няраваар 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл,
54. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар нярав, архивч, даргын туслахын албан тушаалд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ажиллуулаад тус байгууллагын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар үүрэгт ажилд нь өөрчлөлт оруулж байгууллагын нярав, биеийн тамирын арга зүйчээр 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл,
55. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/81 дүгээр тушаалаар Агаар орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт болон аюултай бодис хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байжээ.
56. Улмаар Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/50 дугаар тушаалаар Агаар орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Быг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлжээ.
57. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101 тоот албан бичгээр Хөвсгөл аймгийн Төрийн албаны зөвлөлд хандан Хөвсгөл аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын Агаар, орчны бохирдол, хог хаягдал, химийн бодис хариуцсан мэргэжилтний ажлын байран дахь сул орон тооны захилгыг өгчээ.
58. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:
27.1.1.төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;
27.1.2.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас;
27.1.3.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс;
27.1.4.энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах гэж заасан.
59. Хөвсгөл аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын Агаар, орчны бохирдол, хог хаягдал, химийн бодис хариуцсан мэргэжилтний ажлын байр сул орон тоо байсан, нэхэмжлэгч тухайн ажлын байранд төрийн албаны тусгай шалгалт өгөлгүйгээр ажиллаж байсан гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй.
60. Энэ шийдвэрийн 53 дахь хэсэгт дурдсан үйл баримт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ гэж заасны дагуу тул хууль зөрчөөгүй байна.
61. Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3/871 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын газарт хандан төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны захиалгыг хүргүүлсний 27 дугаарт Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Агаар орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис хариуцсан мэргэжилтэний ажлын байрын захиалга бичигджээ.
62. Н.Б тус сонгон шалгаруулалтад орж 64 оноо, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Энхдэлгэр 75 оноо авч тус тус тэнцсэн байна.
63. Улмаар Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Агаар, орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис хариуцсан мэргэжилтний албан тушаалын тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авсан Батсайханы Энхдэлгэрийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлжээ.
64. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12-т Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгөх болзол, журам, төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмыг Засгийн газартай зөвшилцөн төрийн албаны төв байгууллага батална, 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ, 66 дугаар зүйлийн 66.1-д Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 66.1.11.төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах гэж заасан.
65. Дээрх эрх хэмжээнийхээ хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын Долоо дахь хэсгийн 7.2-т Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ гэж заасан ба хариуцагч Хөвсгөл аймаг Төрийн албаны салбар зөвлөл журмаа зөрчөөгүй, хуульд нийцүүлэн шийдвэрлэжээ.
66. Нэхэмжлэгч Н.Б нэхэмжлэлийн үндэслэлдээ Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын баталсан ажлын байрны тодорхойлолтод туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх шаардлагыг тавьсан бөгөөд энэхүү шаардлагыг бүрэн хангаж байгаа тул намайг уг ажлын байранд нэр дэвшүүлэх ёстой хэмээн маргаж байгаад дараах тайлбар өгье.
67. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага-ын туршлагын шаардлагад Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг тавьж байжээ.
68. Харин Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 372 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага-ын туршлагын шаардлага хэсэгт байсан Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх гэснийг "Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно" гэж өөрчилсөн байна.
69. Уг өөрчлөлтийг Монгол Улсын хэм хэмжээ тогтоосон захиргааны актын эмхтгэлд нийтэлсэн тул хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр байх юм.
70. Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзаяа, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар шүүх хуралдаанд Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно гэж заасныг тусгай шалгалтад орсон хоёр хүний оноо тэнцсэн тохиолдолд харгалзан үзэх үзүүлэлт гэж ойлгоно. Хэрэв сонгон шалгаруулалтын дүнгээр оноо тэнцээгүй тохиолдолд журамд зааснаар хамгийн өндөр оноотой иргэнийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлнэ хэмээн тайлбарласныг үндэслэл бүхий байна гэж шүүх үзлээ.
71. Учир нь Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын Долоо дахь хэсгийн 7.2-т Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ гэж заасан бөгөөд бага оноо авсан боловч давуу тал бүхий иргэнийг нэр дэвшүүлнэ гэж заагаагүй байна. Иймд нэхэмжлэгч Н.Бын нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй юм.
72. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн ...-ээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино,
3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор,
106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох,
106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасан.
73. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд шүүх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаална. Нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдөөгүй тохиолд түүний нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй. Субьектив эрх гэдэг нь хууль тогтоомжид шууд заасан эсхүл, хуульд заасны үндсэн дээр олж авч болох нэхэмжлэгчийн эрх мэдэл буюу боломж юм.
74. Гэтэл нэхэмжлэгч Н.Б нь төрийн албаны тусгай шалгалтын дүнгээр хамгийн өндөр оноо авч чадаагүй тул түүнд тухайн албан тушаалд тэргүүн ээлжид нэр дэвших боломж үүсээгүй буюу субьектив эрх үүсээгүй байна. Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
75. Түүнчлэн хэргийн оролцогчдын маргаж буй бусад үндэслэлүүдэд дараах тайлбарыг өгөх нь зүйтэй байна.
76. Коронавируст халдвар /ковид-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газар энэ хуулийн 11.1-д заасан шаардлагад нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 7.1.1.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох, зайнаас харьцах зэрэг шаардлагатай арга хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагын саналыг үндэслэн авах, тэдгээрт мөрдөх журам, зааврыг батлах гэж заасан.
77. Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа зохицуулах түр журам-ын хавсралтыг Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 118 дугаар тогтоолоор өөрчлөн баталсан байна.
78. Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 118 дугаар тогтоолоор батлагдсан халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах чиглэлийг Улсын онцгой комиссын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1915 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд өгсөн байх тул нэхэмжлэгчийн маргаж буй Коронавируст халдвар /ковид-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн сонгон шалгаруулалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэх тайлбар үндэслэлгүй.
79. Хөвсгөл аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101 тоот албан бичгээр сул орон тооны захиалга хүргүүлсэн, Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3/871 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын газарт хандан төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны захиалгыг хүргүүлсний 27 дугаарт Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Агаар орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис хариуцсан мэргэжилтэний ажлын байрын захиалга бичигдсэн байна.
80. Иймд нэхэмжлэгчийн Н.Б миний хувьд одоо 7 сартай жирэмсэн байтал дэс түшмэлийн албан тушаал дээр ганцхан миний албан тушаалыг зарлаж цар тахлын хүнд үед корона тусаад, ураг зулбах магадлалтай гээд эмнэлэгт хэвтэж байхад минь шалгалт зарласан нь албаар өөрийн хүнээ оруулах гэсэн санаатай үйлдэл гэж бодож байна гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.
81. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгохоор заасан.
82. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э нь тухайн үед Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан гэдгийг түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал гэж үзэхгүй.
83. Тэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ гэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э нь тухайн үед Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан учраас ашиг сонирхлын зөрчилтэй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4, 33 дугаар зүйлийн 33.12, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.12-т заасныг баримтлан Боржигон Насантогтохын Болоржаргалын Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/50 дугаартай тушаалыг хүчингүй болгох, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Агаар, орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт болон аюултай бодис хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Агаар, орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт болон аюултай бодис хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлж, нөөцөд бүртгүүлсэн аймгийн Төрийн албаны зөвлөлийн тогтоолын Б.Энхдэлгэрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын баталсан ажлын байрны тодорхойлолтын дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцсэн нэр дэвшигчдээс тухайн ажлын байранд тавьсан шаардлагыг бүрэн хангаж, тус төрийн албаны шалгалтанд тэнцсэн Н.Быг томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ