Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2025/0708

 

 

 

 

 

 

                                       

                                  Б.Э*******ийн нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т***

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Э*******

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд “Ү*******” ХХК

Гуравдагч этгээд Ч.Э*******

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Э*******ийн эзэмшиж байсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1500500160 дугаар бүхий 170 м.кв газрын эрхийг нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А\1590 дугаар захирамжаар Ү******* ХХК-д шилжүүлснийг хууль бусад тооцож тус захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 566 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тулга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0629/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Э*******ээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Б.Э*******ийн эзэмшиж байсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1500500160 дугаар бүхий 170 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А\1590 дугаар захирамжаар Ү******* ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлснийг хууль бусад тооцож тус захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 566 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.5, 35.3.1, 35.3.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э*******ээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан Б.Э*******ийн эзэмшиж байсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1500500160 дугаар бүхий 170 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/1590 дүгээр захирамжаар Ү******* ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлснийг хууль бусад тооцож, тус захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т*** дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1.“...Шүүхийн шийдвэр бүхэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны акт үндэслэлтэй эсэхийг хянаж, шийдвэр гаргахаар хуульчлагдсан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа 2016 онд дуусгавар болж, нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах хүсэлтийг гаргаж байгаагүй, Газрын тухай хуульд заасны дагуу маргаан бүхий газрын эзэмших эрх дуусгавар болсон, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй, нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй байна гэж үзсэнийг доорх үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Б.Э*******ийн эзэмшиж байсан маргаан бүхий газрыг хариуцагч 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/1590 дүгээр захирамжаар Ү******* ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл хариуцагч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” гэж заасныг удирдлага болгон захирамжилж нэг этгээдээс /нэхэмжлэгчээс/ бусад этгээдэд шилжүүлсэн. Нэхэмжлэгч өөрийн эзэмшиж байсан газрыг өөрт нь мэдэгдэлгүйгээр хууль тогтоомж зөрчиж хууль бусаар бусдад шилжүүлсэн гэж үзэж энэхүү захиргааны актын холбогдох хэсгийг хууль бусад тооцож, тухайн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу нэхэмжлэгч Б.Э*******ийн эзэмшиж байсан газрыг хариуцагч тал ямар хуулийн хүрээнд бусад руу шилжүүлэх шийдвэр гаргасан, энэхүү шийдвэр нь хууль журамд нийцэж байсан уу гэдэгт л анхан шатны шүүх нотлох баримтанд тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой. Нийслэлийн Засаг даргын тус захирамжаар Б.Э*******ийн газрын эзэмших эрхийг дуусгавар болгож нийтийн эзэмшилд авсан шийдвэр гаргаагүй тул бид газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлага гаргах шаардлага байгаагүй. Түүнчлэн хариуцагч талаас ирүүлсэн хариу тайлбар болон, шүүхийн хэлэлцүүлэг дээр мэдүүлэхдээ “...Б.Э*******ийн эзэмшиж байгаа газар барьцаалбартай байсан, эзэмших эрх нь хүчин төгөлдөр гэж үзээд эзэмших эрх дуусгавар болоогүй, шилжүүлсэн /шүүхийн шийдвэрийн 11 тал 24 дугаарт/ гэж эзэмших эрхийг дуусгавар болгосон гэж огтоос маргаагүй байдаг. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэсэн хуулийн заалтыг анхан шатны шүүх зөрчсөн.

3.2.Түүнчлэн Б.Э*******ийн газар эзэмших эрх дуусаагүй байсан нь газрын төлбөрийг Нийслэлийн Газрын албанд 2021 оныг дуустал төлж байсан төлбөрийн баримтуудаар /шүүхийн шийдвэрийн 8 тал 12 дугаарт/, Жижиг дунд үйлдвэрийн газраас 2021 он хүртэл тус газрыг барьцаалсан байсан баримтуудаар, /шүүхийн шийдвэрийн 8 тал 10 дугаарт/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 он дуустал захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байсан баримтуудаар /шүүхийн шийдвэрийн 8 тал 11 дугаарт/ давхар нотлогддог. Хэрэв нэхэмжлэгчийн газар эзэмших эрх анхан шатны шүүхийн дүгнэснээр 2016 онд дуусгавар болсон байсан юм бол хариуцагч тал 2021 он дуустал газрын төлбөрийг нэхэмжлэгчээс авахгүй байсан байдаг. Энэхүү үйл баримтуудад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

3.3.Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс Ү******* ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргаагүй, газраа шилжүүлэх зорилгоор Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаагүй, бичгийн хэвийн шинжээчийн дүгнэлтээр давхар тогтоогдсон, нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна /шүүхийн шийдвэрийн 10 тал 22 дугаарт/, хариуцагч нь гуравдагч этгээд болох Ү******* ХХК газар эзэмших эрхгүй этгээд байсан байтал шалгаж тогтоогоогүй, /шүүхийн шийдвэрийн 11 тал 22 дугаарт/ газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг талууд байгуулаагүй байхад шилжүүлсэн, газар эзэмших эрх шилжүүлэх мэдүүлгийг нэхэмжлэгч Б.Э******* гаргах ёстой байсан боловч Ч.Б******* гэх хүн гаргасныг анхаарч үзээгүй, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг зөрчиж баримт бичгийн бүрдэл хангагдаагүй байхад газар эзэмших эрх шилжүүлсэн гэж үзэхээр байна, /шүүхийн шийдвэрийн 10 тал 23 дугаарт/ хариуцагчийн хууль зөрчсөн, маргаан бүхий газрыг шилжүүлэхдээ Газрын тухай хууль зөрчсөн, баримт бичгийн бүрдэл дутуу, байхад бусдад шилжүүлсэн /шүүхийн шийдвэрийн 11 тал 27 дугаарт/ гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй байна, газар эзэмших эрхийг шилжүүлсэн хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг нотолж дүгнэсэн атлаа энэхүү дүгнэлтээсээ эсрэгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй дүгнэлт хийсэн буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0566 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.                                                          

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.

1.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/1590 дүгээр захирамжаар иргэн Б.Э*******ийн эзэмшиж байсан 170 м.кв газрын эрхийг “Үлэмж ноёд” ХХК-д шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй, тухайлбал газар шилжүүлэх болон шилжүүлэн авч буй талуудын хооронд нотариатаар гэрчлүүлсэн гэрээ байгуулагдаагүй, хүсэлтэд ийм гэрээ хавсаргагдаагүй, мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа 2016 онд дуусгавар болсон, Б.Э*******ээс гэрээний хугацаа сунгуулахаар хүсэлт гаргаж байгаагүй талаарх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой талаас нь шүүхийн шийдвэрт үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

Анх нэхэмжлэгч Б.Э*******т нийслэлийн Засаг даргын 2011 оны 494 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 170 м.кв газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар олгосон, гэвч маргаан бүхий дээрх захирамж гарахаас 6 жилийн өмнө буюу 2016 онд газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу дуусгавар болсон, иймд уг газартай холбоотой аливаа шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

Түүнчлэн энэ тохиолдолтой адил маргааныг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолд “…нэгэнт газар эзэмших эрх дуусгавар болсон тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх сэргэхээргүй байна, …нэхэмжлэгч нар газар эзэмшиж байсан 5 жилийн хугацаанд газрын төлбөр төлөөгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй... тул газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байсан гэж үзэх боломжгүй…” гэж тус тус дүгнэснийг энэхүү маргаанд адилтган хэрэглэх боломжтой юм.

2.Хэдийгээр давж заалдах гомдолд “…нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй, барьцаалбартай байсан, тийм ч учраас эзэмших эрх нь хүчин төгөлдөр гэж үзээд шилжүүлсэн гэж хариуцагчаас тайлбарласан, гэтэл газар эзэмших эрхийг дуусгавар болгосон гэж огт маргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн…” гэх боловч анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Учир нь захиргааны шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тухайн шийдвэрийн улмаас зөрчигдөөгүй, эсхүл зөрчигдөж болзошгүй болох нь тогтоогдохгүй байх тохиолдолд нэхэмжлэл хангагдахгүй, эсрэгээрээ нэхэмжлэлийг хангах тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагаварт хүргэх эсэхийг шийдвэр гаргахдаа зайлшгүй харгалзах нь дээрх хуулийн шаардлага болно.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох тохиолдлуудыг л нэрлэн зааснаас бус Засаг даргад тухайн тохиолдол бүрт дуусгавар болгосон шийдвэр гаргахыг үүрэг болгоогүй, харин газар эзэмших эрх дуусгавар болох эсэх нь гагцхүү газар эзэмшигчид хамааралтай зохицуулалт.

Түүнчлэн давж заалдах гомдолд “…газрын төлбөрийг 2021 оныг дуустал төлж байсан талаар шийдвэрт дүгнэсэн…” гэх боловч тэдгээр нь хууль болон гэрээгээр үүрэг хүлээсний хувьд нэхэмжлэгчийн бус харин аливаа үүрэг хүлээгээгүй “Ү*******” ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Ч.Б*******ын нэхэмжлэгч Б.Э*******ийн өмнөөс нөхөн төлсөн 2012-2021 онд хамаарах хуримтлагдсан нийт төлбөр байгаагаас гадна нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас газрын захиран зарцуулах эрхийг 2021 он хүртэл барьцаалсан нь зөвхөн газрын эрх төдийгүй түүн дээр баригдсан 1035.32 м.кв талбай бүхий тус компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө мөн барьцаанд байсантай холбоотой байна.

Шүүхийн шийдвэрт эдгээр үйл баримтын талаар цаг хугацааны хамаарлаар нь, тухайлбал нэхэмжлэгчийн газар эзэмших эрх болон тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2017 онд “В*******” ХХК Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас авсан зээлийн барьцаанд тавьсан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд “Ү*******” ХХК-иас зээл, зээлийн хүүгийн тодорхой хэсгийг төлж, барьцааны гэрээнд өөрчлөлт оруулсанаар 2021 онд барьцааны зүйл болох газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдсөн, мөн өмнө дурдсанчилан газрын төлбөрийг нөхөн төлсөн зэрэгт нэхэмжлэгч ямар ч хамааралгүй, оролцоогүй байсан талаар бодитой дүгнэлт өгчээ.

Харин шүүх хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй дээрх үйл баримтыг үл харгалзан Засаг даргын газар шилжүүлэх захирамж зөвхөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд нийцсэн эсэх л дүгнэлт өгөх байдлаар маргааныг шийдвэрлэх тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтыг үнэлэх тухай 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасантай нийцэхгүйгээс гадна 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлага хангагдахгүйд хүрнэ.

3.Хэлбэрийн хувьд хариуцагчаас газар шилжүүлэх захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3.1-ийн “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”-ийг, 38.3.2-ын “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”-ийг тус тус тодруулах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй боловч нэгэнт газар эзэмших эрх нь дуусгавар болсон нэхэмжлэгчийн хувьд энэхүү захирамжийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “…бидний зээлийг төлөөд өгөөч гэсэн хүсэлт “Ү*******” ХХК-д огт гаргаж байгаагүй…” гэх тайлбарт, өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээдийн хоорондын иргэний эрх зүйн харилцааны талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх эрхгүй.

Гэхдээ шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо дээрх хуулийн хэрэглэвэл зохих заалтыг бүрэн баримтлаагүй, хэрэглэх шаардлагагүй заалтыг баримталсан байх тул хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 566 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…35.3.3, …” гэсний дараа “38 дугаар зүйлийн 38.2, 38.3.1, 38.3.2,” гэж нэмж, “…41 дүгээр зүйлийн  41.1…” гэснийг хассан өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тулгын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                 ШҮҮГЧ                                                 Л.ОДБААТАР

                     ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

                                ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН