Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1274

 

 

 

 

 

 

 

 

 

С.Пийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00681 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Пийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Жт холбогдох

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16 500 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Гантөмөр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Бат-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Х.Жтэй  тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, мөн зээлийн гэрээг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээгээр 74-92 УНП улсын дугаартай, /HYUNDAI Aerospacs маркийн, Арал- KMJRL18TP6C004430/ мөнгөлөг өнгийн 45 хүний суудалтай автобусыг 35 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Худалдан авагч тээврийн хэрэгслийн үнийг хэсэгчлэн төлөх, худалдагч тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, түүнтэй холбоотой бичиг баримтыг хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн юм. Гэрээнд заасны дагуу худалдан авагч буюу хариуцагч нь 20 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 15 000 000 төгрөгийг зээлийн гэрээний 1 дэх хэсэгт заасны дагуу хэсэгчлэн төлөх үүрэгтэй байсан боловч өнгөрсөн хугацаан 4 000 000 төгрөгийг л төлсөн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс автобусны үнийг бүрэн төлөхийг удаа дараа шаардаж, сануулж байсан боловч маргааш, нөгөөдөр гэх зэргээр хугацаа хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн байна. Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр, хүү, алдангид нийт 18 892 500 төгрөг нэхэмжилсэн. Харин бид тооцоогоо буруу байснаа залруулж нэхэмжлэлийн шаардлагаа багасаж байна. Хариуцагч нь зээлийн гэрээний графикийн дагуу эхний 5 000 000 төгрөгийн төлөлт хийгээгүй, үүнээс хойш 2 000 000 төгрөгийн төлөлт хийсэн. Хүү огт төлөөгүй. Уг мөнгийг нь бид үлдэгдэл 15 000 000 төгрөгөөс хасч 10 000 000 төгрөгөөс зээлийн гэрээний дагуу хүү, алдангийг тооцсон. Өөрөөр хэлбэл үндсэн төлбөр 10 000 000 төгрөг түүний 1 сарын хүү 3 хувь нь 300 000 төгрөг, 5 сараар тооцож 1 500 000 төгрөг, алданги нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 000 000 төгрөгөөс хэтэрсэн тул хуульд нийцүүлж 50 хувь буюу 5 000 000 төгрөг, нийт 16 500 000 төгрөг болсон. Иймд 18 892 500 төгрөгийн шаардлагаа багасгаж 16 500 000 төгрөгийг хариуцагчаас зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байна гэжээ.

 

              Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х.Ж нь Баян-Өлгий аймаг Улаанбаатарын чиглэлд тээвэрт олон жил явсан ба зорчигч тээврийн зориулалтаар автобус худалдан авах шаардлагын дагуу Unegui.mn сайтаас 74-82 УНП улсын дугаартай автобус зарна гэсэн зарын дагуу С.Птой анх холбогдсон байдаг. Улмаар С.Птой уулзахад машин асахгүй, 6ш дугуй байхгүй, аккумлятор суучих байдалтай байсан. Ингээд талууд худалдах худалдан авах гэрээг 2016 оны 11 сарын 21-ны өдөр байгуулж 35 000 000 төгрөгөөр автомашиныг худалдан авсан. Худалдаж аваад Баян-Өлгийгөөс Улаанбаатарт чиглэлд зорчигч тээвэр явахад тухайн тээврийн хэрэгслийн эд анги эвдрэх үүний улмаас завсарлах тохиолдол бишгүй гарч байсан ба энэ тухай худалдагч талд мэдэгдэхэд за гэхээс өөр зүйлийг яриагүй. 20 000 000 төгрөгийг  худалдагч талд төлсөн. Өөрийн эхнэр Б.Женисгүлийн “Хаан” банкны 5180486788 тоот данснаас С.Пийн хаан банкны 5540221701 тоот данс руу 2017 оны 2 сарын 02-ны өдөр, 2017 оны 3 сарын 29-ны өдрүүдэд  нийт 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 4 сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны данснаас С.Пийн “Хаан” банкны 5540221701 тоот данс руу шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч С.Пийн хэлсэн данс руу 1 000 000 төгрөгийг бэлнээр банкинд очиж тушаасан. Нийт 6 000 000 төгрөг төлсөн. Харин сүүлийн 1  000 000 төгрөгийн баримт нь олдохгүй, С.Пийн дансны хуулгыг шүүхийн журмаар авахуулсан боловч гарч ирээгүй. Одоо С.Пид 9 000 000 төгрөг л төлнө. Харин зээлийн гэрээний дагуу мөнгө бэлнээр аваагүй, зээлийн гэрээ байгуулах хүсэл сонирхол байгаагүй учир хүү, алданги тооцохыг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн тул хүчин төгөлдөр бус болно. Иймд нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

  Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.Жаас 16 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Пид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С.Поос тэмдэгтийн хураамжид төлсөн 252 420 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Жаас 240 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Пид олгож  шийдвэрлэжээ.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний харилцааг  зээлийн харилцаа гэж дүгнэж  үндэслэлгүйгээр 6 500 000 төгрөг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул 6 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

   Нэхэмжлэгч С.П нь хариуцагч Х.Жт холбогдуулж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч  9 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

   Зохигчид 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч С.П нь 74-92 УНП улсын дугаартай, “Ньюндай айроспэйс” маркийн мөнгөлөг өнгийн, 45 хүний суудал бүхий автобусыг худалдах, хариуцагч Х.Ж нь 35 000 000 төгрөгийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээж, 20 000 000 төгрөгийг ББСБ-аас зээл авч төлөх, үлдсэн 15 000 000 төгрөгийг 2017 оны 5 сарын 25-ны дотор бүрэн төлж дуусгах нөхцөлтэйгээр тохирсон байна. /хх-ийн 6 дугаар тал/

    Мөн тус өдөр талууд зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч С.П нь хариуцагч Х.Жт 15 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлж, хариуцагч Х.Ж нь графикийн дагуу төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ.

 

Хэдийгээр талууд зээлийн гэрээ гэх нэршилтэй гэрээ байгуулсан байх боловч дээрх гэрээнүүдийн агуулгаас үзэхэд худалдсан автомашины үлдэгдэл төлбөр болох 15 000 000 төгрөгийг хэрхэн төлөх арга, хугацааг тодорхойлж тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “худалдан авсан автобус доголдолтой байсан, гэрээний үүрэгт төлөөгүй үлдэх төлбөр 9 000 000 төгрөг үлдсэн,  зээлийн гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн тул хүү алданги төлөхгүй” гэж тайлбарлаж маргасан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Худалдан авагч Х.Ж нь гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх уг мөнгөн хөрөнгөөс хүү тооцож 1 500 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 16 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. 

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.             

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00681 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА                                           

                                                          ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД                                                                                                   

                                                                                                       Г.ДАВААДОРЖ