| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0147/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/160 |
| Огноо | 2023-07-31 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч Д.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ш-д холбогдох эрүүгийн 2330000740078 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн .... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Сүхбаатар аймгийн ... сумын .. дугаар баг “...” гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Дын Ш
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Ш нь 2022 оны 12 дугаар сарын эхээр Сүхбаатар аймгийн ... сумын ... дугаар багт хохирогч А.Ж-ы 1 тооны хүрэн үрээг улсын дугааргүй хятад мотоцикл ашиглан хулгайлж иргэн Т.Д-ын гэрийн гадна махалж, бойнд өгч хохирогч А.Ж-д 981,000 мянган төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 12 дугаар сарын 20-ны үед Сүхбаатар аймгийн ... сумын ... дугаар баг “...” гэх газарт А.Ж-ы 1 тооны шүдлэн байдсыг иргэн Н.Б-ийн эзэмшлийн улсын дугааргүй мотоциклыг ашиглан хулгайлж 975,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлыг барагдуулсан.” гэв.
Эрүүгийн 2330000740078 дугаартай хэргээс:
2022 оны 12 дугаар сарын 20-ны үед манай аавын төрсөн дүү болох Ж ахын адуунууд оторт гарсан. Харин хүрэн азаргатай адуу нь манай тэнд үлдсэн байсан. Ж ахын хүү Б оторт явахдаа намайг “хүрэн азаргатай адууг харж байгаарай” гэж хэлээд үлдээсэн. Тэгээд би 2022 оны 12 дугаар сарын сүүлээр идэш идэх гэсэн чинь манай адуунд тарган адуу байхгүй байсан. Тиймээс Ж ахын адуунд байсан сартай бундан тамгатай бор байдсыг идшиндээ хэрэглэсэн юм.” гэх / хх 145-146 дугаар хуудас /,
- Хохирогч А.Ж-ы “Миний төрсөн ах Д-ын хүү Ш нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны үед тус сумын ... дугаар багийн нутаг “...” гэх газарт байсан миний 3 үрээнээс зөв талын гэр гуянд сартай бундан тамгатай нэг тооны хүрэн үрээг ажиллаад сумын төвд авч ирээд бойнд өгсөн гэж байсан. Би энэ талаар мэдээгүй байж байгаад сүүлд цагдаагийн байгууллага дээр ирээд мэдсэн.” гэх / хх 7-8 дугаар хуудас /,
“Би урьд нь цагдаагийн байгууллагад Д.Ш-ыг миний хүрэн азаргатай адуунаас хулгай хийсэн гэж мэдүүлэг өгсөн юм. Харин сүүлд хөдөө очоод өөрийн хүү А.Б-тай уулзахад “Д.Ш миний хүрэн азаргатай адуунаас бор байдас хулгай хийсэн” гэж ярьсан. Тэгтэл манай хүү А.Б- нь “ааваа би уг нь хүрэн азаргатай адууг Б.Аийг намар татаад ир гэж хэлэхэд татахгүй байхаар нь би Д.Ш-д захиад хөдөөгүүр явж байхдаа уг хүрэн азаргатай адууг харж байгаарай гэж захисан юм” гэж ярьж байсан. “Ш уг адуунаас бор байдсыг хулгай хийж идэх байсан бол өдрийн цагаан гэгээнээр айлын гадаа адуугаар нь хөөж очоод уг байдсыг барьж авахгүй байх”. Ш нь надад сүүлд хэлснээр “би уг адууг Буджав ах харж бай гэсэн. Тэгээд би уг адууг хөөж яваад идэх юмгүй болохоор нь арай тарганаар нь бор байдсыг нь барьж аваад идсэн. Сүүлд нь танд хэлнэ гэж бодож явсан тэгээд тантай таараагүй болохоор хэлж чадаагүй байсан. Тэгээд цагдаа дээр очоод таны адуунаас нэг байдас идсэн гэж ярьсан юм гэж хэлж байсан.” гэх / хх 103-104 дүгээр хуудас /,
- Гэрч Б.А-ийн “Би ... сумын 7 дугаар багийн нутаг .... говь гэх газар А.Ж гэдэг хүний адууг хариулдаг. 2022 оны 11 сарын эхээр А.Ж-ых намаржаанаасаа өвөлжөө рүү нүүх үед адуунаас нь 3 үрээ нь “...” гэх газар үлдсэн. Дунд нь байсан шарга үрээний хөл нь доголон явж чадахгүй байсан. Тэгээд нүүдлийн үеэр уг гурван үрээг олоогүй үлдээсэн. Гурван үрээний дунд нь явж байсан ширээтэй бундан тамгатай хязаалан үрээг Д.Ш нь ажилласан байна. Би энэ талаар тухайн үед мэдээгүй байсан.” гэх / хх 18-19 дүгээр хуудас /,
“Д.Ш нь манай адуунаас адуу идсэн талаар мэдээгүй. Сүүлд манай аав ““...” үлдсэн байсан хүрэн азаргатай адуунаас Ш 1 байдас идшиндээ хэрэглэсэн байна” гэж байсан. 2022 оны 09 сарын сүүлээр манайх зунжаанаасаа намаржаа руугаа буух үед манай хүрэн азаргатай адуу “...” гэх газар үлдсэн юм. Тэгээд уг адууг татах талаар адуу хардаг Б.А-т удаа дараа хэлсэн боловч татахгүй байсан юм. Тэгээд Д.Ш-ыг “...”-аар байнга явдаг болохоор хөдөө явж байх үедээ “уг азаргатай адууг харж байгаарай” гэж захиж байсан юм. Түүнээс биш дотроос нь адуу авч хэрэглэ гэж бол хэлээгүй юм.” гэх / хх 117-118 дугаар хуудас /,
- Гэрч Б.А-ийн “Би ... сумын 7 дугаар багийн нутаг “.... говь” гэх газар А.Ж-ы адууг хариулдаг. Би яг хэдэн сарын хэдний өдөр алга болсныг мэдэхгүй байна. Шинэ жилийн өмнө адуугаа хураасан чинь Ширээтэй бундан тамгатай хүрэн азаргатай адуунаас 2023 он гараад соёолон болж байгаа зөв талын гэр гуянд ширээтэй бундан тамгатай хязаалан байдсан гүү алга болсон байсан. Тэгээд уг гүүг ойр хавиар нь сураад байсан чинь Баарай гэх айлаас сураг гарсан. Тэгээд би Баарай гэх айлаас уг байдсыг хэн барьж авч ажилласан талаар асуухад манай адууны эзэн болох А.Ж-ы ахын хүүхэд болох Д овогтой Ш нь уг хүрэн азаргатай адууг Баарай гэх айлын гадаа хөөж ирээд дотроос нь бор гүүг барьж авч ажилласан гэж байсан. Тэгээд Д.Ш нь “би өөрийнхөө адууг идэх гэж байгаа юм” гэж хэлээд барьсан гэж байсан. Уг бор байдас нь А.Ж-ы адуу юм. Тэгээд би “бор байдас алга болсон, Д.Ш идсэн байна” гэж хэлэхэд А.Ж нь чи өөрөө адуу харж байгаа хүн наад байдсаа өөрөө төлөөрэй гэж байсан.” гэх / хх 113-114 дүгээр хуудас /,
- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн 2302038 дугаартай “алдагдсан гэх 1 тооны адууны зах зээлийн үнэлгээ 981,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт / хх 27-36 дугаар хуудас /,
- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн 2302036 дугаартай “алдагдсан гэх 1 тооны адууны зах зээлийн үнэлгээ 975,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт / хх 125-133 дугаар хуудас /,
- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2302093 дугаартай “БНХАУ-д үйлдвэрлэсэн “Dayun” маркийн мотоциклын зах зээлийн үнэлгээ 666,700 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт / хх 42-51 дүгээр хуудас /,
- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2302122 дугаартай ““БНХАУ-д үйлдвэрлэсэн “хуучин мотоциклын зах зээлийн үнэлгээ 600,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт / хх 152-161 дүгээр хуудас /,
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол / хх 69-70 дугаар хуудас /,
- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын “Мал мах авсан бүртгэл” / хх 92-93 дугаар хуудас /,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ш нь 2022 оны 12 дугаар сарын эхээр Сүхбаатар аймгийн ... сумын ... дугаар багт хохирогч А.Ж-ы 1 тооны хүрэн үрээг улсын дугааргүй хятад мотоцикл ашиглан хулгайлж иргэн Т.Д-ын гэрийн гадна махалж, бойнд өгч хохирогч А.Жд 981,000 мянган төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 12 дугаар сарын 20-ны үед Сүхбаатар аймгийн ... сумын 7 дугаар баг “Хүрэн хавцал” гэх газарт А.Ж-ы 1 тооны шүдлэн байдсыг иргэн Н.Б-ийн эзэмшлийн улсын дугааргүй мотоциклыг ашиглан хулгайлж 975,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч А.Ж, гэрч Б.А, Т.Д, Б.А нарын мэдүүлэг, Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн 2302038, 2302036 дугаартай “шинжээчийн дүгнэлтүүд, “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2302093, 2302122 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын “Мал мах авсан бүртгэл” зэргээр нотлогдож байна.
1.2 Эрх зүйн дүгнэлт:
1.2.1. Мал хулгайлах гэмт хэрэг гэдэгт: бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно. Энэ зүйлд “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.
Машин механизм гэж: “Зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл”-ийг ойлгохоор хуульчилжээ.
Тодруулбал, шүүгдэгч Д.Ш нь хохирогч А.Ж-ы 2 тооны адууг бэлчээрээс нь авчрахдаа БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклыг ашиглан тууж, нэг адууг нь айлын гадаа махалж, худалдан борлуулсан, нөгөө адууг нь махлан хувьдаа ашигласнаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.
1.2.2. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
1.2.3. Прокуророос шүүгдэгч Д.Ш-ыг машин механизм ашиглаж олон тооны мал хулгайлсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “машин механизм ашиглаж олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Шүүхээс шүүгдэгч Д.Ш-ыг “машин механизм ашиглаж”, “олон тооны мал хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ш-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.2 Шүүгдэгч Д.Ш-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Шүүгдэгч Д.Ш-д эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Тус хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Д.Ш-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай гэмт хэрэг . Шүүгдэгч Д.Ш гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа, хохирогчийн хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Ш-ын мотоциклыг прокурорын тогтоолоор битүүмжилсэн. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх тээврийн хэрэгслийг улсын орлого болгох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол битүүмжилсэн тогтоолыг хэвээр үргэлжлүүлэх, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Н.Б-ийн эзэмшлийн мотоциклын үнэлгээ 600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах саналтай. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас баривчлагдаагүй цагдан хоригдоогүй учир эдлэх ялд оруулах тооцуулах саналгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд прокурорын шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах.” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан заалтыг хэрэглэж өгнө үү гэж хүсэж байна. Мөн анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорихоос доогуур ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг гаргаж, мэтгэлцсэн.
2.3 Шүүгдэгч Д.Ш нь хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Хохирол, хор уршгийн талаар
3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Ш нь хохирогч А.Ж-ы эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар
4.1. Шүүгдэгч Д.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримт хураагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Ш нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Dayun” маркийн мотоцикл, иргэн Н.Баарайгийн эзэмшлийн мотоцикл зэргийг ашиглан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.
Иймд түүний өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Dayun” маркийн мотоциклыг улсын орлогод оруулж, иргэн Н.Б-ийн эзэмшлийн мотоциклын үнэлгээ болох 600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
4.3. Шүүгдэгч Д.Ш-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, түүний эзэмшлийн улсын дугааргүй “Dayun” маркийн мотоциклыг Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор битүүмжилсэн бөгөөд уг тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатгин овогт Д-ын Ш-ыг машин механизм ашиглаж олон тооны мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Ш-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ш-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ш-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Д.Ш шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
Шүүгдэгч Д.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч А.Ж гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Ш-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй “Dayun” маркийн мотоциклыг улсын орлогод, мөн түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Н.Б-ийн эзэмшлийн мотоциклын үнэлгээ болох 600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй “Dayun” маркийн мотоциклыг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай Прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ