| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 184/2018/03594/И/ |
| Дугаар | 1290 |
| Огноо | 2018-06-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 1290
Н.Оийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00577 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Н.Оийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “З” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Чинбаатар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Зүтгэл,
Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Нацагдорж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “З” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдож, хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж эхэлсэн. Гэтэл сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Батгэрэл нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот тушаал гаргаж ажлаас үндэслэлгүйгээр халсан. Тушаалд хөдөлмөрийн гэрээг баримталсан гэх боловч тодорхой бус дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу ажилтныг ажлаас халах тохиолдолд тухайн ажилтантай тохиролцсон тохиролцоо байх ёстой. Ямар зөрчил гарсан тохиолдолд ажлаас халах тухай тохиролцоогүй. Энэ талаар одоо болтол тайлагнахгүй байна. Аудитын дүгнэлтээр гэх ба энэ нь хэн, ямар зорилгоор хэнийг шалгах гэж хийгдсэн бэ, хэний гомдлоор шалгалт хийсэн бэ гэдэг тодорхойгүй. Өмнөх захиралтай холбоотой асуудлаар шалгалт хийсэн байхад Н.Отэй холбоотой зөрчил нь аль хэсэг вэ гэдгийг зааглаагүй. Ажлаас халсан үндэслэлээ тушаалд албан ёсоор дэлгэрэнгүйгээр тодорхой заах ёстой ч заагаагүй. СӨХ-ны дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэсэн байдаг. Гэтэл ажлаас халахаас 7 хоногийн өмнө хөдөлмөрийн дотоод журмыг баталсан байдаг. Эд хөрөнгө хариуцсан ажилтантай эд хөрөнгө хариуцсан гэрээ байгуулаагүй. Н.О ямар эд хөрөнгийг юуг хариуцаад байгаа нь огт тодорхойгүй. Ийм хууль бус шийдвэр гаргачихаад Н.Оюучимэгийн ажиллах хүсэл, урам зоригийг мохоож байгаа. Түүний амьдралын эдийн засгийн баталгааг нь хууль бусаар бүдүүлгээр зөрчиж байна. Цахилгаан шатны засвар үйлчилгээг хийгээд дууссан. Ажиллахгүй байсан лифт ажилладаг болсон. Хүснэгтэд заасан мөнгөн дүнг ажлын хөлс гэж сар болгон шилжүүлдэг. Гэрээний зөрчил гэдэгт юу хамааруулаад байгааг ойлгохгүй байна. Иймд хууль зөрчиж ажлаас халсан байх тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хамтарсан хуралдаанаар аудитын шалгалтын дүгнэлтийг үнэлэх, тайлагнах, түүнээс илэрсэн зөрчлийг үнэлээд холбогдох хүнд хариуцлага тооцох хуралдаан болсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хяналтын зөвлөлийн дарга нар санхүүгийн зөрчил байна гэж үзээд тухайн үед үүрэг хүлээж байсан захирал Н.Оийг ажлаас халах хурал болсон. Хурал хуулийн дагуу явагдсан. Санал хураалт хүчин төгөлдөр байх нөхцөлийг хангасан. Н.Оийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу тушаалыг гаргасан. Тушаал хангалттай хууль зүйн үндэслэлтэй. Талууд 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 2.18, 2.19, 4.8, 1.8-д заасныг харахад тодорхой байгаа. Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болох эсэх гэдэг дээр талууд гарын үсэг зурснаар гэсэн байгаа. Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр болохоор дотоод журам давхар хэрэгжиж эхэлнэ. 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл санхүүгийн баримтад аудит хийсэн. Эндээс Н.О нь мөнгө үрэгдүүлж завшсан гэдэг нь гарч ирдэг. Эрх бүхий байгууллагаас гаргасан аудитын дүгнэлтийг баримталсан. Н.О гүйцэтгэх захирал хийж байх хугацаандаа нягтлангаа мөнгө захиран зарцуулах ажилд оролцуулдаггүй, өөрөө өөртөө мөнгө хүсэж өөрөө өөртөө олгосон баримт байдаг. Лифтний засвар үйлчилгээ хийгдээгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Төлбөрийг төлсөн гэхдээ бараа материал болон үйлчилгээг аваагүй. Худалдах худалдан авах гэрээгээр лифтний эд ангийг авах юм бол заавал тэр компаниар засвар үйлчилгээ хийлгэх ёстой байдаг. Хэрвээ энэ үүргийг зөрчиж өөр хувь хүнээр хийлгэх юм бол тухайн компани манайхтай байгуулсан гэрээг цуцлах эрхтэй. Сольсон угсарсан, бас гэрээнд заасан бараа материалыг нийлүүлээгүй гэсэн албан бичгийг гэрээ байгуулсан компаниас ирүүлсэн. Цалин хөлс бодох журам байхгүй байж цалин илүү бодож олгосон, аудитын дүгнэлт гарсаны дараа ийм журам байна гэж гаргаж ирсэн. Иймд дээрхи зөрчлийг Н.О нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байсан тул ажлаас халах тушаалыг гаргасан гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтан Н.Оийг “З” СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ”З” СӨХ-ноос ажилгүй байсан хугацааны олговорт 3 195 268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.От олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Оийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг сууиган, нийгмийн өолон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Залуус-1 СӨХ-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч ”З” СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 206 474 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг эш татан хариуцагч тал шийдвэр гаргасан байхад уг шийдвэр нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нийцээгүй хэмээн шүүхээс дүгнэж байгаа нь хууль хэрэглээний хувьд алдаа юм. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль нь ажилтныг ажилд томилох болон чөлөөлөх харилцааг зохицуулаагүй бөгөөд энэ талаар уг хуулийн 1 дүгээр зүйлд тодорхой зааж өгсөн байгаа. Хариуцагчаас гаргаж өгсөн буюу нэхэмжлэгч этгээдийн ажиллаж байх үеийн санхүүгийн зөрчлийг нотолсон баримтыг хэрэгт хамааралтай эсэх нь тогтоогддоггүй хэмээн дүгнэсэн. Тухайн хэрэгт хамааралтай хэмээн хариуцагч тал гаргаж өгсөн ба хэрхэн үнэлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд үнэлэхгүй байгаа үндэслэлээ шийдвэрт зааж өгөх ёстой байсан. Хэрэв хэрэгт хамааралгүй баримт гэж үзвэл түүнийг нотлох баримтаас хасах эрх нь шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу олгогдсон байхад “хэрэгт ач холбогдолтой эсэх нь тогтоогдохгүй” гэсэн дүгнэлт хийж, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй байна. Иймд тухайн хэрэгт ач холболдолтой бөгөөд хамааралтай баримтыг үнэлээгүйгээс шалтгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч “З” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Ажил олгогч “З” сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2017 оны 10 дугаар сарын 29-ний 01 тоот тушаалаар Н.Оийг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэжээ. /хэргийн 4 дүгээр тал/
Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.7-д “… ажилтан нь дотоод журамд заагдсан эрхийн хүрээнд 4 000 000 төгрөгөөс дээш хэмжээний үнийн дүнтэй гэрээт ажил бүхий төсвийг удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнтэй зөвшилцөх ба хариуцлагын, сахилгын буюу эд хөрөнгийн зөрчил гаргахад хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг үндэслэж хариуцлага тооцно” гэж заасан байна. /хх-ийн 5-8 дугаар тал/
Уг тохиролцоо болон хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, зарлагын баримтууд, засвар үйлчилгээний гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар ажилтан Н.О нь мөнгө захиран зарцуулах эрхтэй байх тул эд хөрөнгө хариуцсан ажилтан мөн байна. Хэдийгээр талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан Н.Оийг эд хөрөнгө хариуцах талаар тусгайлан нэрлэн зааж, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй байх боловч тэрээр гүйцэтгэх захирлын хувьд байгууллагын мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж байсан, захиран зарцуулах эрхтэй байсан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 32-33, 44-103, 175-179, 191-195 дугаар тал/
“Их монгол хөлөг аудит” ХХК-иас 2017 оны 10 дугаар сард “З” сууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн баримтад хийсэн шалгалтын тайланд “... Н.О нь 2016, 2017 онуудад өөрийн цалинг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, нийт ажилчдын цалингийн нэмэгдлийн 48.6 хувийг Н.Оийн авсан цалин эзэлсэн, сар бүр үндсэн ажлын хоногоо нэмэгдүүлэн сарын үндсэн цалинг 92 308-430 768 төгрөгөөр нэмэгдүүлж, үүн дээр хоол унааны мөнгө 420 000 төгрөг, үр дүнгийн нэмэгдэлд 1 346 462 төгрөг, баярын нэмэгдэлд 131 111 төгрөгийг нэмэгдүүлж сард 996 154-1 300 469 төгрөгийн цалин авсан байна. Энэхүү нэмэгдлүүдийг олгох тухай ТУЗ-ийн шийдвэргүй, холбогдох тооцооллыг хийсэн баримт, тушаал шийдвэргүйгээр авсан” гэж дүгнэсэн байх бөгөөд уг аудитын дүгнэлт хүчин төгөлдөр байна. /хх-ийн 116-117 дугаар тал/
Уг аудитын дүгнэлтээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан нөхцөл байдал тогтоогдсон, ажилтан Н.О нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх тул ажил олгогчийн 2017 оны 10 дугаар сарын 29-ний 01 тоот тушаал хуулийн үндэслэлтэй. Хэдийгээр ажил олгогчоос 2017 оны 10 дугаар сарын 29-ний 01 тоот тушаалдаа ажилтаныг ажлаас халах болсон үндэслэлийг тодорхой заагаагүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зохицуулалтыг баримталсан байна. Энэ тохиолдолд тухайлан зөрчлийг дүрслэн заагаагүй гэдгээр уг тушаалыг хууль бус гэж үзэх боломжгүй юм.
Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал нь эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад өөрийн цалин хөлсөө нэмэгдүүлсэн нь ажил олгогчийн итгэл алдсан үйлдэлд хамаарана. Иймд нэхэмжлэгч Н.Оийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00577 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “З” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Н.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 000 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Г.ДАВААДОРЖ