Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 5

 

             Б.Н-д  холбогдох эрүүгийн 

               хэргийн тухай

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                    С.Б

Яллагдагч                                                       Б.Н

Нарийн бичгийн дарга   Г.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар  сарын 25-ны өдрийн 09 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Б-ий бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Н-д холбогдох 1912001620318 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эм найруулагч мэргэжилтэй, Монфа трейд ХХК-д эмийн захиалга олгогч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 07-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Б.Н

 

Яллагдагч Б.Н нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Х банкны салбараар үйлчлүүлэхдээ тус банкны теллер Б.Ц нь түүний данснаас МТ ХХК-ийн дансанд шилжүүлэх байсан боловч алдаатай гүйлгээ хийж, МТ ХХК-ийн данснаас 4.632.110 төгрөгийн зарлага гаргаж, Х банкны 5135460130 дугаартай данс руу шилжүүлснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай шүүгчийн захирамжаар: Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Н-д холбогдох эрүүгийн хэрэгт дараахь мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэлтэй байна. Үүнд:  

Яллагдагч Б.Н-ийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Х банкны салбараар үйлчлүүлэхдээ МТ ХХК-ний данснаас 4.632.110 төгрөгийн зарлага гаргаж, Хаан банкны 5135460130 дугаарын данс руу шилжүүлснийг бусдын өмчлөл,  эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.     

 Тухайн гэмт хэргийн эд зүйл болох МТ ХХК-ийн данснаас 4.632.110 төгрөгийг зарлагдаж, яллагдагч Б.Н-ийн Х банкны данс руу шилжүүлсэн гэх зүйл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байдаг учраас тухайн 4.632.110 төгрөгийг бэлнээр авсан эсэх, эсхүл хаан банкны данс руу орсон эсэхийг шалгах шаардлагатай байна. 

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Х банкны 4757288 журналын дугаартай зарлагын мэдүүлэгт МТ-ийн 5116003120 дугаартай данснаас 4.632.110 төгрөг, гүйлгээний утга зарлага Н ЦГ66052900 5135460130 дансны дугаар гэж тэмдэглэсэн байна. /хх-ийн 4 хуу/ мөн  МТ ХХК-ийн Х банкны 5116003120 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 48 минутад 4.632.110 төгрөгийн зарлага гэжээ, /хх-ийн 15 хуу/ яллагдагч Б.Н-ийн Х банкны 5135460130 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4.632.110 төгрөгийн орлого орсон нь харагдахгүй байна. 

Иймд Хаан банкны теллерийн алдаатай гүйлгээний улмаас МТ ХХК-ний Х банкны 5116003120 дугаартай данснаас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 48 минутад 4.632.110 төгрөгийн зарлага гүйлгээ хийгдсэн байх бөгөөд уг мөнгийг яллагдагч Б.Н нь бэлнээр авсан эсэх эсхүл түүний Х банкны 5135450130 тоот дансанд орлогын гүйлгээ хийсэн эсэхийг шалгаж, тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. 

Иймд Б.Н-д холбогдох эрүүгийн 1912001620318 тоот хэргийг дээрх мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэв гээд 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 1912001620318 тоот хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, Энэ шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Прокурор Э.Б-ий бичсэн эсэргүүцэлд: 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЗ/09 дугаартай шүүгчийн захирамжийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянавал:

Яллагдагч Б.Н нь МТ ХХК-ний дансанд тухайн компанийн борлуулалтын орлого болох 4.632.110 төгрөгийг шилжүүлэх  зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Х банкны салбараар үйлчлүүлэхэд тус банкны теллер Б.Ц нь түүний данснаас 4.632.110 төгрөгийг гаргаж, МТ ХХК-ийн дансанд шилжүүлэлгүй, харин тус банкны теллерийн данснаас 4.632.110 төгрөгийн зарлага гарган МТ ХХК-ийн дансанд шилжүүлэн алдаатай гүйлгээ хийсний улмаас Б.Н-ийн МТ ХХК-ийн данс руу шилжүүлэх ёстой байсан 4.632.110 төгрөг нь түүний Х банкны 5135460130 дугаартай дансанд хэвээр үлдсэнийг тэрээр мэдсээр байж банк болон МТ ХХК-д мэдэгдэлгүйгээр зориуд завшсан гэмт хэрэгт холбогджээ. Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.Н-д холбогдох хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд: 

Тухайн гэмт хэргийн эд зүйл болох МТ ХХК-ийн данснаас 4.632.110 төгрөгийг зарлагдаж, яллагдагч Б.Н-ийн Х банкны данс руу шилжүүлсэн гэх зүйл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байдаг учраас тухайн 4.632.110 төгрөгийг бэлнээр авсан эсэх, эсхүл хаан банкны данс руу орсон эсэхийг шалгах шаардлагатай байна. 

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Х  банкны 4757288 журналын дугаартай зарлагын мэдүүлэгт МТ-ийн 5116003120 дугаартай данснаас 4.632.110 төгрөг, гүйлгээний утга зарлага Н ЦГ66052900 5135460130 дансны дугаар гэж тэмдэглэсэн байна. /хх-ийн 4 хуу/ мөн  МТ ХХК-ийн Х банкны 5116003120 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 48 минутад 4.632.110 төгрөгийн зарлага гэжээ, /хх-ийн 15 хуу/ яллагдагч Б.Н-ийн Х банкны 5135460130 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4.632.110 төгрөгийн орлого орсон нь харагдахгүй байна. 

Иймд Х банкны теллерийн алдаатай гүйлгээний улмаас МТ ХХК-ний Х банкны 5116003120 дугаартай данснаас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 48 минутад 4.632.110 төгрөгийн зарлага гүйлгээ хийгдсэн байх бөгөөд уг мөнгийг яллагдагч Б.Н нь бэлнээр авсан эсэх эсхүл түүний Х банкны 5135450130 тоот дансанд орлогын гүйлгээ хийсэн эсэхийг шалгаж, тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. 

Иймд Б.Н-д холбогдох эрүүгийн 1912001620318 тоот хэргийг дээрх мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй байна гэжээ. 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

1. Иргэний хариуцагч Д.Л “... Иргэн Н нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн харилцах 5135460130 тоот данснаас 4.632.110 төгрөгийн зарлагын гүйлгээг хийх байсныг Х банкны теллер данс андуурч 5116003120 тоот данснаас гүйлгээ хийсэн. Дээрх мөнгө нь бэлнээр зарлагын гүйлгээ хийгдэж, харилцагч Б.Н бэлэн орлогын баримтаар буцааж, МТ ХХК-ийн данс руу тушаасан боловч теллерийн алдаанаас болж тухайн орлогыг Б.Н-ийн данснаас биш, харин МТ ХХК-ийн данснаас гаргасан бөгөөд иргэн Б.Н-ийн дансанд байсан мөнгө ямар ч гүйлгээ гаралгүй хэвээр үлдсэн. ... Харилцагч Б.Н-ийн данснаас гарах байсан 4.632.110 төгрөгийг Монфа трейд ХХК-ийн данснаас зарлагдсаны улмаас Б.Н-ийн МТ ХХК-ийн данс руу шилжүүлэх ёстой байсан 4.632.110 төгрөг түүний Х банкны 5135460130 дугаартай дансанд хэвээр үлдсэнийг тэрээр мэдсээр байж банк болон МТ ХХК-д мэдэгдэлгүйгээр зориуд завшсан болох нь тогтоогдож байна. Яллагдагч Б.Н-ийн эзэмшлийн 5135460130 дугаартай данснаас 4.632.110 төгрөгийг зарлага болгон гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл яллагдагч Б.Н нь МТ ХХК-нд тушаах ёстой байсан 4.632.110 төгрөг нь түүний данснаас шилжиж гараагүй байна. 

2. Гэрч Э.Г-ын “... 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Х банкны төв тооцооны төвийн гэрээт теллер Б.Ц дээр хариуцагч Б.Н нь МТ-ийн эмийн орлогын гүйлгээ хийлгэхээр ирээд гүйлгээ хийлгэсэн байсан. Теллер тухайн үед орлого хийсэн МТ ХХК-ийн данс руу Б.Н-ийн данснаас 4.632.110 төгрөгийг хийх ёстой байсан боловч данс андуурч орлого хийсэн. МТ-ийн 5116003120 тоот данснаас эргүүлээд зарлагын гүйлгээ хийж андуурсан байсан. Тухайн үед Б.Н-ийн данснаас гарах ёстой байсан 4.632.110 төгрөг гараагүй дансандаа үлдсэн. Энэ талаар Б.Н өөрөө мэдэж байж болох хирнээ 3 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 3 саяар нэг удаа, 2.275.00 төгрөгөөр нэг удаа гүйлгээ хийж данснаасаа гаргасан байсан. Энэ алдаатай гүйлгээний улмаас МТ ХХК-д учирсан 4.632.110 төгрөгийн хохирлыг манай банк төлж барагдуулсан” гэсэн мэдүүлгээр /хх-ийн 83-84 дүгээр хуудас/ яллагдагч Б.Н-ийн эзэмшлийн 5135460130 дугаартай данснаас 4.632.110 төгрөг нь зарлага болгон хийгдээгүй үлдсэн болох нь тогтоогдож байгаа тул түүний дансны хуулгаар дээрх мөнгө нь орсон болон гарсан болох нь харагдах боломжгүй юм. 

3. Гэрч Б.Б-ын “... Иргэн Б.Н нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5135460130 дугаартай дансанд 5000 /таван мянга/ төгрөгөөс дээш бүх орлого, зарлагын гүйлгээний мэдээллийг харах болон мэдэх боломжтой. Учир нь Б.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ухаалаг мэдээ үйлчилгээнд холбогдон гэрээ байгуулсан байх тул мэдээллээр хангагдана. Тухайн үед Б.Н нь ухаалаг мэдээнд холбуулсан дугаарыг ашиглаагүй, үйлчилгээний хураамж төлөхүйц хэмжээний үлдэгдэл байхгүй тохиолдолд мэдээлэл очихгүй. Бусад тохиолдолд бүх мэдээлэл очих боломжтой. Тухайн ухаалаг мэдээлэлд холбуулсан дугаарын гар утас унтарсан тохиолдолд буцааж гар утсыг асаахад мэдээлэл нөхөж ирэх бүрэн боломжтой. Мөн ухаалаг мэдээнд холбосон дугаарыг өөр гар утсанд шилжүүлэн хийсэн тохиолдолд ч мэдээлэл ирэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-90-91 дүгээр хуудас/

- Харилцагчийн цахим банкны мэдээлэл, иргэдийн цахим банкны үйлчилгээний гэрээ, харилцагчийн товч мэдээлэл /хх-ийн 20-27 дугаар хуудас/,

- Х банкны зарлагын мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/,

- Яллагдагч Б.Н нь өөрийн эзэмшлийн Х банкин дахь 5135460130 дугаартай данснаас 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 3 сая төгрөгөөр нэг удаа, 2.275.000 төгрөгөөр нэг удаа тус тус гүйлгээ хийж, бусдад шилжүүлэн ашигласан болохыг нотолсон дансны хуулга /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларчээ. 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд яллагдагч Б.Н нь өөрийн Х банкин дахь  5135460130 дугаартай дансанд үлдсэн байсан 4.632.110 төгрөгийг бусдад шилжүүлэх мөнгө, банкны алдаатай гүйлгээний улмаас шилжилгүй үлдсэнийг буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан болох нь тогтоогдож байна. Мөн энэ талаар Х банкнаас томилогдсон иргэний хариуцагч Д.Л-г шүүх хуралдаанд оролцуулж, энэ талаар түүнээс мэдүүлэг авч тодруулах бүрэн боломжтой юм. 

Иймд яллагдагч Б.Н-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЗ/09 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Прокурорын зүгээс Б.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Харин анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Яллагдагч Б.Н нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Х банкны салбараар үйлчлүүлэхдээ тус банкны теллер Б.Ц нь түүний данснаас МТ ХХК-ийн дансанд шилжүүлэх байсан боловч алдаатай гүйлгээ хийж, МТ ХХК-ийн данснаас 4.632.110 төгрөгийн зарлага гаргаж, Х банкны 5135460130 дугаартай данс руу шилжүүлснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс хэргийг Б.Н нь тухайн мөнгийг бэлнээр данснаас гаргасан юм уу, эсхүл данснаасаа өөр данс руу шилжүүлж гаргасан эсэхийг тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан. Үүнийг бол тогтоох боломжгүй гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Учир нь тухайн 4.632.110 төгрөг нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Н-ийн данснаас гараагүй байсан. Тухайн банкны теллер нь алдаатай гүйлгээ хийж, Монфа трейд ХХК-ийн дансанд орлого орох байтал тус компанийн данснаас зарлага гаргасан байдаг. Гэтэл Б.Н-ийн дансны хуулгаас харахад 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр түүний данснаас ямар ч мөнгө зарлагдаагүй, мөн орлого ороогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Тэгэхээр энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх ямар ч шаардлагагүй юм. Б.Н тухайн өдөр өөрийн дансанд байсан 5 сая гаруй төгрөгийг ямар ч хөдөлгөөнд оруулаагүй байдаг. Харин Б.Н нь өөрийн данснаас 1 хоногийн дараа 3.000.000 төгрөгийг, мөн 3 хоногийн дараа 2.275.000 төгрөгийг тус тус авсан байдаг. Тэгэхээр Б.Н тус мөнгийг мэдсээр байж завшсан нь тодорхой байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Б.Н нь өөрийн дансанд байгаа мөнгийг мэдэх боломжтой, тухайн дансанд гүйлгээ хийсэн тохиолдолд мобайл банкны мэдээлэл ирдэг болох нь тогтоогддог. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Э.Б-ий бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

Яллагдагч Б.Н нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Х банкны салбараар үйлчлүүлэхдээ тус банкны теллер Б.Ц нь түүний данснаас МТ ХХК-ийн дансанд шилжүүлэх байсан боловч алдаатай гүйлгээ хийж, МТ ХХК-ийн данснаас 4.632.110 төгрөгийн зарлага гаргаж, Х банкны 5135460130 дугаартай данс руу шилжүүлснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Б.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна. 

 

 Өөрөөр хэлбэл нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, үнэлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.

   

Яллагдагчийн хувийн байдлыг харгалзан үзэж хэрэг шүүхэд очтол яллагдагч Б.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг шүүхэд очтол яллагдагч Б.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ          Т.ДАВААСҮРЭН

                                                                ШҮҮГЧИД                     Д.БЯМБАСҮРЭН

                                                                                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ