| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 119/2025/0035/З |
| Дугаар | 221/МА2025/0761 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2025/0761
“Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А*******, Д.П*******, Д.Э*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Э*******” ХХК
Хариуцагч: “Э*******” ТӨҮГ
Нэхэмжлэлийн шаардлага: “Э*******” ТӨҮГ-ын 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/9781 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, “Э*******” ТӨҮГ-ыг “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “Э*******” ХХК-тай “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахыг даалгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 119/ШШ2025/0043 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Ө.А*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А*******, Д.П*******, Д.Э*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 119/2025/0035/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас “Э*******” ТӨҮГ-д холбогдуулан ““Э*******” ТӨҮГ-ын 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/9781 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, “Э*******” ТӨҮГ-ыг “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “Э*******” ХХК-тай “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахыг даалгуулах”-аар маргасан байна.
2.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 119/ШШ2025/0043 дугаар шийдвэрээр:
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.3, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.4, 26.6, 28 дугаар зүйлийн 28.1.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн “Э*******” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ““Э*******” ТӨҮГ-ын 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/9781 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, “Э*******” ТӨҮГ-ыг “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “Э*******” ХХК-тай “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А*******, Д.П*******, Д.Э******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Дээрх шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-д “Тодруулбал, тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2.1-ийн “Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээллийн жагсаалт”-ын 6-д Хүний тоо: 1 /Холбоо мэдээллийн технологийн инженер/ гэж захиалагчаас шаардсан ба нэхэмжлэгч компани холбоо мэдээллийн технологийн 2 инженер санал болгосон, нэг инженер болох Д.Б нь шаардлага хангаагүй боловч инженер М.Ц нь захиалагчийн шаардлагыг хангасан байхад “Э*******ө” ХХК-ийн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 26 дугаар зүйлийн 26.6-д “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй” гэсэн хуулийн заалттай захиалагчийн шийдвэр нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ” гэжээ.
“Э*******” ТӨҮГ-ын Ерөнхий инженерийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн М-ТБ-134-12/9131 дугаар албан бичгээр тендерт оролцогч “Э*******” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл хүргүүлсэн.
Монгол Улсын Сангийн яамнаас “Б” ХХК-иас гаргасан гомдлыг хянан үзээд, 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 02/7572 дугаар шийдвэрийг “Э*******” ТӨҮГ-т ирүүлсэн.
Сангийн яамны 02/7572 дугаар шийдвэрт:
1.“...“Э*******” ХХК-иас холбоо, мэдээллийн технологийн инженерт санал болгосон Д.Бын ОХУ-ын Иркутск хотын техникийн их сургуулийг холбооны сүлжээ болон шилжих системийн инженер мэргэжлээр төгссөн ДВС 466739 дугаартай дипломд “2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр, бүртгэлийн дугаар: 3257” гэж, харин дипломын хавсралтад “төгссөн огноо: 1999 оны 6 дугаар сарын 29, бүртгэлийн дугаар: 2499” гэж зөрүүтэй байх тул холбоо, мэдээллийн инженер Д.Быг дээрх шаардлагад нийцэхгүй гэж хянан үзэж, харин М.Цгийн мэдээлэлд үндэслэн дээр дурдсан шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
Д.Бын дээд боловсролыг нотлох баримт бичиг зөрүүтэй байгаа асуудлыг нягталж, “Э*******” ХХК хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтад нийцэхгүй тендер ирүүлсэн бол хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.10 дахь заалтад “энэ хуулийн 56.5-д заасан нөхцөл илэрсэн оролцогчийн талаарх мэдээллийг холбогдох нотлох баримтын хамт худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хянуулахаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх” гэж заасныг хэрэгжүүлж ажиллана уу.
Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн М-ТБ-134-12/9131 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна.
Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл Сангийн яам тус компанийн ирүүлсэн тендерийг бүхэлд нь хянан үзээд дээрх шийдвэрийг гаргасан.
Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тендер шалгаруулалт гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.3 дахь хэсэгт “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ” гэж хуульчилсан.
Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуулиас 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №11-3130/25 дугаартай албан бичгээр “... ДВС 4066739 (Д Б) диплом нь манай их сургуульд бүртгэгдээгүй байна гэдгийг мэдэгдэж байгаа” тухай хариуг “Э*******” ТӨҮГ-т ирүүлсэн.
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 119/ШШ2025/0043 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-д “... Д.Б нь шаардлага хангаагүй...” гэдгийг дүгнэсэн явдал нь Сангийн яамны 02/7572 дугаар шийдвэртэй нийцэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад тендерээс татгалзах үндэслэл болсон захиалагчийн шийдвэр хуулийн 26.6-д заасантай нийцэхгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Захиалагч “Э*******” ТӨҮГ нь 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ТБ-134-12/3817 дугаар албан бичгээр Сангийн яамны 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 02/7572 дугаар шийдвэрт: “... Д.Бын дээд боловсролыг нотлох баримт бичиг зөрүүтэй байгаа асуудлыг нягталж, “Э*******” ХХК хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтад нийцэхгүй тендер ирүүлсэн бол хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.10 дахь заалтад “энэ хуулийн 56.5-д заасан нөхцөл илэрсэн оролцогчийн талаарх мэдээллийг холбогдох нотлох баримтын хамт худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хянуулахаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх” гэж заасныг хэрэгжүүлж ажиллана уу” гэж заасныг үндэслэн “Э*******” ХХК болон ОХУ-ын Эрхүү хотын Техникийн их сургуулиас ирүүлсэн тодруулгыг Сангийн яаманд хүргүүлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасан бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа хүчин төгөлдөр байгаа Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 02/7572 дугаар шийдвэрийг хэрхэн үнэлж байгаа талаар дүгнэлт гаргаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 119/ШШ2025/0043 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, …үр ашигтай, …хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 26 дугаар зүйлийн 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” нь захиалагчаас тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх нэг шаардлага бөгөөд “Э*******” ХХК-ийн тухайд тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан, энэ талаар шийдвэрт үндэслэлтэй зөв дүгнэжээ.
Тухайлбал “Э*******” ТӨҮГ-аас зарласан “Үйлдвэр, технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн паркийн 110/35/6 кВ-ын 2х63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаж, үнийн хувьд бага үнийг санал болгосон буюу хамгийн сайн тендер гэж үзсэн болох нь Үнэлгээний хорооны 2025 оны 7 дугаар сарын 3-ны болон 8 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар тус тус гэрээ байгуулах зөвлөмж гаргаснаар, мөн захиалагч “Э*******” ТӨҮГ-аас 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосноор батлагдах бөгөөд харин тендерийн баримт бичгийн 19.1, 19.2, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 19.2.1.6-д заасан “Холбоо, мэдээллийн технологийн инженерээр 3-аас доошгүй жил ажилласан 1 хүн байх” шаардлагад санал болгосон Д.Бын дээд боловсролын диплом шаардлага хангаж байгаа эсэхээс үл хамаарч уг ажлын байранд нэхэмжлэгчээс Д.Баас гадна инженер М.Цг санал болгосон энэ тохиолдолд, өөрөөр хэлбэл тухайн ажлын байранд захиалагчийн шаардлагыг хангасан 1 хүнийг ийнхүү санал болгосон нь тус компанитай гэрээ байгуулах үндэслэл болно.
Учир нь дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй” гэсэн, гэтэл захиалагчаас холбоо, мэдээллийн технологийн инженерт 1 л хүн байх шаардлагыг тавьснаас бус 2 гэж шаардаагүй, “Э*******” ХХК-ийн тендерийн баримт бичиг инженер 1 байх шаардлагыг хангасан, энэ нь ч Сангийн яамны 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Гомдлыг хянасан тухай” 02/7572 дугаар албан бичигт “…М.Ц Үндэсний батлан хамгаалах их сургуулийг Цэргийн холбооны инженер мэргэжлээр 2021 онд төгссөн тухай дээд боловсролын сургалтын байгууллагын тодорхойлолт татагдсан байна. …М.Цгийн мэдээлэлд үндэслэн дээр дурдсан шаардлагад нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй…” гэж дүгнэсэн байгаагаас гадна нэгэнт холбоо, мэдээллийн технологийн инженерт 1 хүн шаардсан байхад 2 хүн санал болгосны 1 нь уг шаардлагыг хангасан эсэхээс үл хамаарч нэхэмжлэгчийг уг тендерээс татгалзаж болохгүй.
2.Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ хариуцагчийн давж заалдах гомдлын “…Сангийн яамнаас гомдлын хүрээнд тендерийг бүхэлд нь хянан үзсэн…” гэснийг, мөн Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.3-т “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ” гэж зохицуулсаныг тус тус үгүйсгээгүй, гагцхүү “Би Эс Би энерги” ХХК-ийн гомдлоор Сангийн яамны одоогийн маргаан бүхий тендер шалгаруулалтыг хянаж, захиалагчийн нэхэмжлэгчид гэрээ байгуулах эрх олгосон 2025 оны 7 дугаар сары 28-ны өдрийн М-ТБ-134-12/9131 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг мэдэгдсэн шийдвэр болон холбоо, мэдээллийн технологийн инженерт санал болгосон Д.Бын ОХУ-ын Иркутск хотын техникийн их сургуулийг Холбооны сүлжээ болон шилжих системийн инженер мэргэжлээр төгссөн эсэх талаарх лавлагаа, тендерийн баримт бичигт заасан энэ төрлийн 1 инженер байх шаардлага, мөн санал болгосон М.Ц уг шаардлагыг хангасан зэргийг хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан зохицуулалттай хэрхэн нийцүүлж хэрэглэх хүрээнд дүгнэлт өгсөн болно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс тендер шалгаруулалтын баримт бичигт шаардаагүй баримт бичгийг тендерийн баримтад нэмж ирүүлсэн нь, энэ тохиолдолд холбоо, мэдээллийн технологийн инженерт 1 хүн санал болгох ёстой байхад 2-ыг санал болгосон нь түүнийг тендерээс татгалзах хууль зүйн үндэслэл болох эсэхийг илүүтэй анхаарч үзэхээр байна.
3.Түүнчлэн Д.Бын диплом хуурамч эсэхийг нэхэмжлэгч мэдэх боломжгүй, мөн Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2.1.2-т “Маягт 2-т санал болгосон инженерүүдийн дипломын хуулбарыг ирүүлэх шаардлагагүй. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр шалгана. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /E-Mongolia/-д инженер, техникийн ажилтнуудын дээд боловсролын дипломын мэдээлэл байршсан эсэхийг лавлах шаардлагатай. Хэрэв зөрүүтэй бүртгэгдсэн бол тендерийн нээлтээс өмнө Боловсролын ерөнхий газарт хандаж Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгүүлсэн байх” гэж заасан, гэтэл Д.Бын дээд боловсролын дипломын мэдээлэл цахим системд татагдаагүй байгаа нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.
Сангийн яам ч тухайн үед гомдлын дагуу энэ талаар тодруулах боломжгүй байсан учраас захиалагч “Э*******” ТӨҮГ-т хандаж Д.Бын дээд боловсролыг нотлох баримт бичиг зөрүүтэй асуудлыг нягталж, тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.
Бодит байдалд “Э*******” ХХК нь холбооны инженер Д.Бтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг, тус компанийн 2025 оны 1-8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд Д.Бын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт сар бүрээр тусгагдсан, “Э*******” ТӨҮГ-аас тодруулга хүссэний дагуу нэхэмжлэгчээс ОХУ-ын Иркутск хотын Техникийн Их Сургуулиас лавлагаа хүссэн зэргээс үзэхэд “Э*******” ХХК-ийг тендерт зориудаар шаардлага хангахгүй баримт өгсөн гэж үзэхгүй, тэр тусмаа тендерийн баримт бичигт тавьсан шаардлагыг хангасан атлаа нэмж ийнхүү эрсдэл бүхий баримтыг өгөх шаардлагагүй.
Гэвч шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн боловч шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад бичиглэлийн алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 119/ШШ2025/0043 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “…нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Э*******” ТӨҮГ-ын 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/9781 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгож, “Э*******” ТӨҮГ-ыг “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Э*******” ХХК-тай “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгасугай.” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А*******, Д.П*******, Д.Э******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН