Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2020/00065/и |
Дугаар | 133 |
Огноо | 2020-02-19 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 133
2020 оны 02 сарын 19 өдөр Дугаар 139/ШШ2020/00133 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн сумын 1-р баг, Э гэх газар оршин суух, Б овогт Лийн Д /ЗГ/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 139/2020/00065/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие улсад 20 жил ажилласан юм. Үүнээс 1979 оны 1 сарын 1-ний өдрөөс 1980 оны 6 сарын 30-ны өдрийг хүртэл, 1983 оны 8 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр нь Гурвансайхан сумын Тамгын газрын байр 2000 онд шатахад хамт шатаж үгүй болсон билээ. Би энэ хугацаанд Давших зам нэгдэлд үхэр хонь малладаг байсан ба 1980 оны 6 сараас 1983 оны 8 сарын 10-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд 1978 онд Давших зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчийн мэдүүлэг болон бусад холбогдох баримтуудыг үндэслэн 1979 оны 1 сарын 1-ний өдрөөс 1980 оны 6 сарын 30-ны өдрийг хүртэл, 1983 оны 8 сарын 10-ны өдрөөс 1992 оны 3 сарын 24-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар, 1992 оны 3 сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-нд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Лийн Д нь тус шүүхэд ажилласан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Л.Д нь 1979 оны 1 сарын 1-нээс 1980 оны 6 сарын 30-ныг хүртэл, мөн 1983 оны 8 сарын 10-наас 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 2000 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Тамгын газарт гал гарч Давших зам нэгдлийн архив шатсан. Энэ шаталтаар нэхэмжлэгч Л.Дэлгэрсуурийн 1983 оны 8 сараас 1994 оны 12 сарын 31-нийг дуусталх хугацаанд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр бусад холбогдох баримтууд шатаж үгүй болсон. Үүнтэй холбоотойгоор тэтгэвэрт гарах хугацаанд шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Тэгээд холбогдох баримтуудыг шүүхэд бүрдүүлж өгсөн. Тийм учраас Давших зам нэгдлээс нэхэмжлэгчид 1979 оны 1 сарын 1-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1979, 1984, 1985 онуудын бичилттэй нэгдлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг, бусад холбогдох баримтуудыг үндэслэн 1979 оны 1 сарын 1-нээс 1980 оны 6 сарын 30-ныг хүртэл 1983 оны 8 сарын 10-наас 1992 оны 3 сарын 23-ныг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг мөн 1992 оны 3 сарын 23-наас 1994 оны 5 сарын 28-ныг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-д, 1994 оны 5 сарын 28-наас 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ББХК-д тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Д нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Дундговь аймгийн Архивын тасгийн сан хөмрөгт Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1983 оны 6 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай Л овогтой Дт холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 3 сарын 18-ны өдрийн 90 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2020 оны 1 сарын 13-ны өдрийн 08/33 дугаартай “ Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших зам ХК, Давших зам ББХКомпани, Давших зам хоршоо”-ны талаарх тодорхойлолт /хэргийн 4-р хуудас /
-Л.Дт Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс олгосон 2061 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 5-р хуудас/
- Дундговь аймгийн Гурвансайхан сумын Элгэн багийн засаг даргын 2020 оны 1 сарын 13-ны өдрийн 07 дугаартай тодорхойлолт /хэргийн 13-р хуудас/
-Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 1 сарын 23-ны өдрийн 25/09 дугаартай акт /хэргийн 14-р хуудас/
-Гэрч Р.А-гийн “Л.Д нь Гурвансайхан сумын сургуулийн 8-р ангийг төгсөж 1979 оны 1 сарын 1-ний өдөр илгээлтээр гарч ээж аав нарын хамт нэгдлийн туслах малчнаар ажиллаж байсан. 1980 онд 3 жилийн цэргийн алба хааж ирсэн. Цэргийн алба хааснаас хойш 1983 оны 7 сараас 1994 оныг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Элгэн бригадад үхэр, тэжээлийн цэгийн малыг малладаг байсан. Л.Д нь 1979 оны 1 сараас 1980 оны 6 сард цэрэгт явах хүртлээ мал маллаж байсан. Цэргээс 1983 оны 6 сард ирээд 1983 оны 7 сараас 1994 оныг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших зам ХК, Давших зам ББХК-уудад тасралтгүй мал маллаж байсан. Би тэр үед нэгдлийн зоо техникч байсан болохоор малчдын гэрээр орж гардаг байсан болохоор сайн мэднэ. Анх 1979 онд нэгдэлд малчин болсноос хойш өөр ажил хийж байгаагүй, насаараа мал маллаж байгаа. Цэрэгт 1980 оноос 1983 оны 6 сар хүртэл явсан. Тэрнээс бусдаар бол нэгдэл, компани, хувиараа гээд тасралтгүй насаараа мал маллаж байгаа. Би Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1974 онд зоо техникчээр томилогдож 1991 он хүртэл ажиллаж тэрнээс хойш Давших зам ХК, Давших зам ББХК-д малчин байсан. Бид нэг нутаг усны хүмүүс ойр айл саахалт мал маллаж, нэг нэгдлийн нэг бригадын малчид учраас Л.Дэлгэрсуурийг нэгдэлд малчин байсан талаар нь мэдэж байна. Л.Дэлгэрсуурийг бага залуу байхаас нь мэднэ, хүүхэд байхаас нэгдэлд мал маллаж байгаа малчин хүн. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/
-Гэрч Ё.Э-ийн “ Л.Д нь Гурвансайхан сумын сургуулийн 8-р ангийг төгсөж 1979 оны 1 сарын 1-ний өдөр илгээлтээр гарч ээж аав нарын хамт нэгдлийн туслах малчнаар ажиллаж байсан. 1980 онд 3 жилийн цэргийн алба хааж ирсэн. Цэргийн алба хааснаас хойш 1983 оны 7 сараас 1994 оныг дуустал Дундговь Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Элгэн бригадад үхэр, тэжээлийн цэгийн малыг малладаг байсан. Л.Д нь 1979 оны 1 сараас 1980 оны 6 сард цэрэгт явах хүртлээ мал маллаж байсан. Цэргээс 1983 оны 6 сард ирээд 1983 оны 7 сараас 1994 оныг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших зам ХК, Давших зам ББХК-уудад тасралтгүй мал маллаж байсан. Анх 1979 онд нэгдэлд малчин болсноос хойш өөр ажил хийж байгаагүй, насаараа мал маллаж байгаа Цэрэгт 1980 оноос 1983 оны 6 сар хүртэл явсан. Тэрнээс бусдаар бол нэгдэл, компани, хувиараа гээд тасралтгүй насаараа мал маллаж байгаа. Би Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1974 онд илгээлтээр малчин болж Давших зам нэгдэл, Давших зам ХК, Давших зам ББХК-д малчин байсан. Бид нэг нутаг усны хүмүүс ойр айл саахалт мал маллаж, нэг нэгдлийн нэг бригадын малчид учраас Л.Дэлгэрсуурийг нэгдэлд малчин байсан талаар нь мэдэж байна. Л.Д нь бага залуу байхаас нь мэднэ, хүүхэд байхаас нэгдэлд мал маллаж байгаа малчин хүн. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас /
-Гэрч С.Б-ын “ Л.Д нь Гурвансайхан сумын сургуулийн 8-р ангийг төгсөж 1979 оны 1 сарын 1-ний өдөр илгээлтээр гарч ээж аав нарын хамт нэгдлийн туслах малчнаар ажиллаж байсан. 1980 онд цэрэгт явж 3 жилийн цэргийн алба хааж ирсэн. Цэргийн алба хааснаас хойш 1983 оны 7 сараас 1994 оныг дуустал Дундговь Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Элгэн бригадад үхэр, тэжээлийн цэгийн малыг малладаг байсан. Л.Д нь 1979 оны 1 сараас 1980 оны 6 сард цэрэгт явах хүртлээ мал маллаж байсан. Цэргээс 1983 оны 6 сард ирээд 1983 оны 7 сараас 1994 оныг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших зам ХК, Давших зам ББХК-уудад тасралтгүй мал маллаж байсан. Анх 1979 онд нэгдэлд малчин болсноос хойш өөр ажил хийж байгаагүй, насаараа мал маллаж байгаа. Тэрнээс бусдаар бол нэгдэл, компани, хувиараа гээд тасралтгүй насаараа мал маллаж байгаа. Би 1983 оноос эхлэн Гурвансайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид, түүхий эд бэлтгэлийн эрхлэгч, 1989 оноос 2005 он хүртэл Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших зам ХК, Давших зам ББХК-д малчин байсан. Бид нэг нутаг усны хүмүүс ойр айл саахалт мал маллаж, нэг нэгдлийн нэг бригадын малчид учраас Л.Дэлгэрсуурийг нэгдэлд малчин байсан талаар нь мэдэж байна. Л.Д нь бага залуу байхаас нь мэднэ, хүүхэд байхаас нэгдэлд мал маллаж байгаа малчин хүн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас /
-Гэрч Р.Алтанцэцэгт Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1992 оны 2 сарын 1-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 24-25 хуудас/
-Гэрч С.Буджавыг Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1991 оны 1 сарын 1-ний өдрөөс 1993 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 8 сарын 26-ны өдрийн 649 дугаартай шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 27-28 хуудас/
-Давших зам нэгдлийн контор шатахад үрэгдсэн зүйлийн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 29-32 хуудас/ баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Л.Д нь 1979 оны 1 сарын 1-ний өдрөөс 1980 оны 6 сарын 30-ны өдрийг хүртэл, 1983 оны 8 сарын 10-ны өдрөөс 1992 оны 3 сарын 24-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар, 1992 оны 3 сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ББХК-д малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Лийн Д /ЗГ/ нь 1979 оны 1 сарын 1-ний өдрөөс 1980 оны 6 сарын 30-ны өдрийг хүртэл, 1983 оны 8 сарын 10-ны өдрөөс 1992 оны 3 сарын 23-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд, 1992 оны 3 сарын 23-ны өдрөөс 1994 оны 5 сарын 28-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-нд, 1994 оны 5 сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ББХК-нд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У