Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/195

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам

 Улсын яллагч: Б.Байгал

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалтай хийсэн шүүх хуралдаанаар

          Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар

 Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Мазаалай паркад “Тэргүүн” гэх нэртэй түцэнд хулгай хийлээ гэх шалтгаанаар *******************ын хоолойг цахилгааны утсаар боож, толгойн дагз хэсэг рүү цохисны улмаас биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

  Шүүгдэгч ,,,,,,н мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би тухайн өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны шөнө Мазаалай паркад байх Тэргүүн гэх нэртэй түцэндээ хонож байсан чинь нэг хүн цүнх үүрчихсэн арын цонхоор орж ирээд хөргөгчийн өмнө тонгойгоод эргээд босоод ирэхээр нь би манай дэлгүүрт байсан цахилгаан утсаар биеийг нь ороох гэсэн нь эсэргүүцэл үзүүлээд миний барьж байсан утас тухайн хүний хоолойгоор нь орсон. Тэгээд би гэрэл асаагаад сүүлд нь гарыг нь хүлсэн юм. Тэгээд ноцолдож байгаа миний нүд хэсэг рүү мөргөсөн. Тэгээд цагдаа дуудсан чинь цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 88-89/

*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Тухайн өдөр манай найз ******* бид 2 булгаас гэр лүүгээ явах замдаа ******* гэж найзыгаа гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд мазаалай паркаар өнгөрч явахад ******* “Тэргүүн” рүү орох уу гэхээр нь тэгье гээд би цонхыг нь 2 цохиж үзэхэд онгойхгүй байсан. Би болъё гээд явах гэж байтал ******* онгойлгоод намайг цонхоор оруулж араас цүнх шидсэн. Гэтэл араас цахилгааны бүдүүн хар утсаар хоолой боож, дээрээс 2,3 удаа цохиод доошоо суухад дахиад хүчтэй цохихоор нь унасан. Тэгээд сэрэхэд 4 мөчийг маань хүлчихээд бос, суу гээд бичлэг хийгээд байсан. Дараа нь тэр бичлэг утаснаас нь олдоогүй байсан гэв.

*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байгаад 18 цагийн үед ээжийнхээ ажил дээр очоод удалгүй 19 цагийн үед ээжийн ажлаас гараад гэртээ очсон. Манай байранд байдаг найз болох дуудаад бид 2 булаг руу явсан. Булаг дээр тоглоод байгаад түрүүлээд яваад өгсөн. Би булаг дээр таарсан найзуудтайгаа шөнийн 00 цаг хүртэл тоглож байгаад хамт тоглож байсан найзууд маань гэр гэр рүүгээ тарсан ******* гэх найзтайгаа гэр лүүгээ явж байгаад замаараа Мазаалай паркаар дайрч яваад *******  хоёулаа ундаа уух уу гэхээр нь би Түцнүүд хаасан байна шүү дээ хаанаас авч уух юм гэсэн чинь ******* Тэргүүн гэх Түцний цонх нь онгорхой байна гээд Түц нь дээр очоод *******  би цонхоор багтахгүй юм байна чи орчих гэхээр нь би зөвшөөрч Түц рүү цонхоор нь орсон чинь миний араас гэнэт нэг хүн уяа гэмээр бүдүүн утсаар миний хоолойг боогоод намайг зодож эхэлсэн тэр үед намайг боосон чинь толгой эргээд нүд харанхуйлж ухаан алдаад сэргэсэн. Тэгээд тус Түцний эзэн бололтой нэг ах миний гар хөлийг холбож уяад намайг босож суу гээд дарамтлаад байсан тэр үед манай найз болох ******* зугтаагаад яваад өгсөн байсан,....амайг зодсон гэх ахын эхнэр болох нэг эмэгтэй хүн миний зургийг дараад миний таньдаг найзууд руу чатаар явуулсан байсан. Тус түцний эзэн гэх ах нь миний хоёр талын хацар луу нэг нэг удаа алгадсан мөн дагз болон хүзүүний хэсэгт 1 удаа гараа атгасан байдалтай цохисон. Мөн толгойны баруун талын чамархайны хэсэгт 1 удаа гараа атгаад цохисон мөн хоолой боосон өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй зодуулснаас хойш миний толгой, хүзүүний хэсэгт өвчтэй байгаад байгаа өөр ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 15-16/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шөнийн 02 цаг хүртэл цагдаагийн ахлагч*******гийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад цагдаагийн газрын жижүүрээс Мазаалай парк дотор үйл ажиллагаа явуулдаг Тэргүүн нэртэй Түцэнд хулгай ороод Түцний эзэн нь хулгайчийг барьсан гэх дуудлага ирсний дагуу эргүүлд хамт явж байсан*******гийн хамт очиход тус Түцний эзэн болох ******* гэгч манай Түц рүү энэ хүүхэд орж ирээд надад баригдлаа гэсэн. Тухайн үед Түц рүү орсон гэх насанд хүрээгүй хүүхэд болох Д.Мөнх-Оргил гэгчийн хамраас нь цус гарсан байдалтай 2 гарын хойд талд нь цахилгааны утас гэмээр хар өнгийн уяагаар багласан байдалтай байсанн. Мөн Түцний эзэн болох Д.Гантулгын зүүн талын духны хэсэгт бага зэргийн зүсэгдсэн гэмээр шарх үүсэж цус гарч байсан бид 2 тус 2 хүнээс юу болсон талаар асуутал ******* нь намайг Түцэндээ унтаж байтал Түцний цонх руу 2-3 удаа чанга цохиж онгойлгоод Түц рүү ороод ирэхээр нь уяагаар биеэр нь оруулаад бариад авсан чинь эргэж хараад намайг мөргөх шиг болсныг харанхуй байсан болохоор биеийнхээ аль хэсгээр мөргөсөн гэдгийг мэдээгүй тэгээд цагдаад дуудлага өгсөн. Харин тухайн хүүхэд нь ах нар намайг энэ түц рүү ороод юм авчрахгүй бол ална гээд байхаар нь би орсон гэсэн ба хамраас нь яагаад цус гарсан талаар асуутал юу ч дугарахгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21- 22/

     Гэрч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... тухайн үед би эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******гийн хамт үүрэг гүйцэтгэж ажилласан ба эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд цагдаагийн жижүүрээс 01 цагийн үед Мазаалай паркад дуудлага ирсний дагуу *******гийн хамт яваад очиход Түцний эзэн болох ******* гэгч нь эзэн хүүхэд намай Түцэндээ унтаж байтал Түцний хойд талын цонхоор орж ирж байгаад надад баригдлаа гэсэн ба тухайн үед ******* гэгч нь тус хүүхдийг зугтаахаас сэргийлээд хоёр гар хоёр хөлийг нь цахилгааны утас гэмээр хар өнгийн уяагаар уясан байсан. Тухайн үед ******* гэгчийн зүүн талын духны хэсэгт шалбарсан байдалтай цус гарч байсан ба Түц рүү орсон гэх хүүхдийн хамраас нь цус гарсан мөн айсан байдалтай уйлж байсан тэгээд тус хүүхдийн гар, хөлийг нь уясан цахилгааны утсыг тайлаад Түцний эзэнтэй хамт цагдаагийн газар луу явах гээд Түцнээс гартал эрүүгийн мөрдөгч нь ирэхээр нь ******* бид 2 тус хүүхдийг хүлээлгэж өгөөд явсан өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25/,

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “     ...Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 1,354,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,

  Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч ын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 278 дугаартай:

“...1. *******ын биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

3.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

            4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

  5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна..." гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч ын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 299 дугаартай:

“...1. Д.Гантулгын биед духанд нөсөө гэмтэл тогтоогдлоо.

    2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

    3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

   4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

    5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хуучин гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06/, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /хх-ийн 30/, шүүгдэгч Д.Гантулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа / хх-ийн 42/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа / хх-ийн 43/, депозит дансны хуулгууд /хх-ийн 46-56/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 81-84/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Мазаалай паркад “Тэргүүн” гэх нэртэй Түцэнд хулгай хийлээ гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч *******ын хоолойг цахилгааны утсаар боож, толгойн дагз хэсэг рүү цохисны улмаас биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхи хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох ньШүүгдэгч Д.Гантулгын...  түцэндээ хонож байсан чинь нэг хүн цүнх үүрчихсэн арын цонхоор орж ирээд хөргөгчийн өмнө тонгойгоод эргээд босоод ирэхээр нь цахилгаан утсаар биеийг нь ороох гэсэн нь эсэргүүцэл үзүүлээд миний барьж байсан утас тухайн хүний хоолойгоор нь орсон, сүүлд  гарыг нь хүлсэн, ... ноцолдож байгаад миний нүд хэсэг рүү мөргөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 88-89/

 

Насанд хүрээгүй хохирогч *******ын... Түц рүү цонхоор нь орсон чинь миний араас гэнэт нэг хүн уяа гэмээр бүдүүн утсаар миний хоолойг боогоод намайг зодож эхэлсэн тэр үед намайг боосон чинь толгой эргээд нүд харанхуйлж ухаан алдаад сэргэсэн,....миний хоёр талын хацар луу нэг нэг удаа алгадсан мөн дагз болон хүзүүний хэсэгт 1 удаа гараа атгасан байдалтай цохисон. Мөн толгойны баруун талын чамархайны хэсэгт 1 удаа гараа атгаад цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 15-16/,

Гэрч *******гийн...насанд хүрээгүй Д.Мөнх-Оргилын хамраас нь цус гарсан байдалтай 2 гарын хойд талд нь цахилгааны утас гэмээр хар өнгийн уяагаар багласан байдалтай байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21- 22/,

          Гэрч*******гийн... тус хүүхдийг зугтаахаас сэргийлээд хоёр гар хоёр хөлийг нь цахилгааны утас гэмээр хар өнгийн уяагаар уясан байсан....” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25/,

Иргэний нэхэмжлэгч *******ын....Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 1,354,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,

                 Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч ын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 278 дугаартай...*******ын биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 28-29/, болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******ын биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 28-29/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч  өөрийн эд зүйлсийг хамгаалах үүндээс  хохирогчтой хүлээцгүй хандсан, өөрийн эрх ашгийг тэргүүн ээлжид тавьж үйлдлийн улмаас хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн  буюу насанд хүрээгүй хохирогч *******ын биед хөнгөн гэмтэл учруулсан болно.

Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч *******ын буруутай үйлдлийн улмаас уг гэмт хэрэг харахад нөлөөлсөн байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь Д.Гантулгын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй , хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

арин насанд хүрээгүй хохирогч ******* нь унаж татдаг болсон,  толгойн томогарафикийн зураг авахуулах шаардлагатай талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул хууль ёсны төлөөлөгч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч ,,,,,, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар шүүгдэгч *******  нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /Тэрүүн нэртэй түргэн хоолын газар ажиллуулдаг, сард 10000000 төгрөгийн орлоготой/  хувьд ногдох үл хөдлөх хөрөнгөтэй /,шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт,шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Гантулгыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

Насанд хүрээгүй хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 1.354.000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******ас 1.354.000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 3, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Гантулгыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч *******д оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******ас 1.354.000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Ч.БАЙГАЛМАА