| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2023/0966/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1001 |
| Огноо | 2023-10-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Буянхишиг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1001
2023 10 04 2023/ШЦТ/1001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Ц.Буянхишиг,
шүүгдэгч О.Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул нарыг оролцуулан эрүүгийн дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн дизайнер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О.Т нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 06 дугаар сард хохирогч Э.И-гийн цүнхэнд байсан бэлэн 1.200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд “.....” ХХК-ны захирал Д.Э-гийн эзэмшлийн Хаан банкны ....... дугаартай виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч улмаар уг картаас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 195.000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 1.075.000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 655.000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 680.000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 480.000 төгрөгийг, 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 890.000 төгрөгийг, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 780.000 төгрөгийг, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 700.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар авсны улмаас бусдад нийт 6.655.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-19/, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И-гийн мэдүүлэг /хх-ийн 23/, О.Тын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх тэмдэглэл /хх-ийн 37/, О.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 38-41/, О.Тын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-34, 52/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Т нь үргэлжилсэн үйлдлээр:
- 2022 оны 06 дугаар сард хохирогч Э.И-гийн цүнхэнд байсан бэлэн 1.200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд “.....” ХХК-ны захирал Д.Э-гийн эзэмшлийн ХААН банкны ....... дугаартай виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч улмаар уг картаас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 195.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 1.075.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 655.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 680.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 480.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 890.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 780.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 700.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар авсны улмаас бусдад нийт 6.655.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И-гийн /хх-ийн 23/: “...Миний бие “.....” ХХК-д менежерээр ажилладаг юм. Манай компани Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “.......” төвийн 101 тоотод үйл ажиллагаа явуулдаг ба 2022 оны 05 дугаар сараас хойш “.....” ХХК-д туршилтын хугацаагаар О.Т гэх хүн жолоочоор ажиллаж эхэлсэн ба компаний ажил зохицуулах зорилгоор О.Ттай хамт гадуур явдаг байсан. Гэтэл манай захирал Эрдэнэсүрэнгийн ХААН банкны карт буюу компаний үйл ажиллагааны зардалд зарцуулдаг картыг О.Т нууцаар авч мөнгө авсан болох нь санхүүгийн тайлан нэгтгэлээр захирлын данснаас тодорхойгүй мөнгөнүүд буюу 2022 оны 06 дугаар сарын 20-ноос 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд 12 удаагийн үйлдлээр мөнгө гарсан болж таарсан. Энэ тухай манай хүний нөөцийн мэргэжилтэн Оюунбат О.Ттай уулзахад авсан болохоо хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна гэсэн боловч одоо хүртэл төлөөгүй байдаг. Мөн миний бор цүнхэнд байсан 1.200.000 төгрөгийг авсан байдаг. О.Т нь намайг картын нууц код хийхэд хажууд байх тохиолдол байсан тул кодыг мэдэж байсан юм шиг байна лээ. Манай захирал Италид байгаа. Хэзээ ирэх нь тодорхойгүй ба ажил хэрэг болон хувийн асуудлаар явж байгаа. ...Манай компани оффис хэрэглээний зардалд захирал Эрдэнэсүрэнгийн уг картыг ашигладаг юм...” гэх мэдүүлэг,
дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-19/,
О.Тын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 33-34, 52/: “... Оффист жолооч хийж байх хугацаандаа бичиг баримт болон хүнс худалдан авах наашаа цаашаа явах болдог ба оффис менежер Э.И гэх хүн хааяа надтай хамт явдаг байсан. Э.И эгч миний барьдаг байсан, байгууллагын эзэмшлийн “Соната-8” загварын машинд суухдаа дунд талын хайрцагт захирал Эрдэнэсүрэнгийн эзэмшлийн алтан шаргал өнгийн картыг үлдээчихдэг байсан тул 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл картаас нь нийтдээ 6.050.000 төгрөгийг картыг нь зөвшөөрөлгүй авч, мөнгийг тухай бүрд нь хувьдаа ашигласан байдаг. Би картаас авсан мөнгөөрөө хувцас, “Iphone Xmax” загварын цагаан өнгөтэй 128 гб багтаамжтай гар утас 1.870.000 төгрөгөөр худалдаж авсан. Зээлийн аппликейшнүүдэд зээлтэй байсан. Тухайн зээлүүдээ төлсөн. ... Миний бие АТМ-ээс авсан дээрх мөнгөнүүдээ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах АТМ-үүдээс авсан. ...Э.И гэх хүнийг хүлээж байх зуураа цүнхнээс нь авсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Тд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үргэлжилсэн үйлдлээр бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй О.Тын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүгдэгч О.Тд ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний доторх хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хохирол төлбөр болох 6.655.000 төгрөгийг шүүгдэгч О.Т нь нөхөн төлж барагдуулсан талаарх баримтыг хохирогч “.....” ХХК-иас ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Т-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
4. О.Т нь цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. О.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ