Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1002

 

 

 

 

 

 

 

   2023        10          04                                     2023/ШЦТ/1002

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Г.Цогтмагнай,

шүүгдэгч Г.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул нарыг оролцуулан эрүүгийн   дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад хэлний орчуулагч мэргэжилтэй,  , ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт   урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Г.Б нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо “..... тоот гэртээ ажил гүйцэтгэх гэрээний үр дүн, гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар Т.Т-тэй маргалдан улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун завжинд шарх, баруун даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “2023 оны 01 дүгээр сарын 5-нд манай байрны засварыг хийсэн Т.Т-г гэртээ дуудаж дутуу ажлын талаар танилцуулж завсарлуулах шаардлага тавьсан. Тэрээр зөвшөөрөхгүй компанийн буруу гэсэн учир маргаан үүссэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид 1.500.000 төгрөг өгсөн. Хохирогчоос уучлалт гуйсан” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Т /хх-ийн 35/, гэрч Б.Ж /хх-ийн 37/, шинжээч Ц.Г /хх-ийн 56, 58/ нарын мэдүүлэг, Т.Тийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1189 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 45-47/, дууны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 59-63/, хохирлын баримтууд /хх-ийн 65-67, 69/, Г.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тэмдэглэл /хх-ийн 76/, Г.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 83/, Г.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7/, шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн хохирогч Т.Тийн хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо “..... тоот гэртээ ажил гүйцэтгэх гэрээний үр дүн, гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар хохирогч Т.Т-тэй маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч Т.Тийн /хх-ийн 35/: “...Би барилгын дотор заслын ажлыг хийдэг бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 13-наас 11 дүгээр сарын 23-ны хугацаанд Г.Б гэх айлын дотор заслыг хийж гүйцэтгэн эхнэр Б.Жөд хүлээлгэж өгсөн. 12 дугаар сард Г.Б эргэж холбогдоод агааржуулалтын хоолой байхгүй талаар хэлэхээр нь би цаг тохироод барилгын багажаа авч өмнө нь барилгын ажилтай холбогдуулан агааржуулалтын хоолой гаргах, паркетан шалыг шалгах зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн орчим ..... тоот Г.Бын гэрт очоод гэрийн эзэнтэй ярилцаад зогсож байтал Г.Б нь шалтгаангүйгээр надтай “ Чи юу гээд байгаа юм писда минь” гээд намайг 2 гараараа заамдаад хана руу түлхэж заамдсан, 2 гараараа эрүү рүү цохьсон. Гэтэл Г.Бын эхнэр Б.Ж бид 2-г салгахаар нь би “ Та тайвширчих аа. Би ерөнхий мужаанаа ирэхээр буцаад ирье” гээд том өрөөнд тайлж тавьсан хар өнгийн “Shark Force” брэндийн куртикээ буйдан дээрээс авч өмсөөд үүдэнд очоод гутлаа өмсөх гээд зогсож байтал Г.Б араас ирээд дахиад намайг заамдаж аваад үүднээс коридор руу татаад намайг хана руу түлхэж миний эрүү рүү заамдсан гараараа цохьсон. Хэдэн удаа цохьсныг нь сайн санахгүй байна. Тэгтэл эхнэр Б.Ж нь дахиад салгах гэж оролдож байхад Г.Б куртикээ тайлаад намайг биеэрээ буюу мөрөөрөө түлхсэн. Тухайн үед би газарт унаагүй ч миний куртик урагдсан. Тэгээд би бүх багажаа аваад тэдний гэрээс гарч явсан...” гэх мэдүүлэг,   

 

Шүүхийн шинжилгээний үндэссний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1189 дугаартай дүгнэлтэд:

1. Т.Тийн биед зүүн тархи доргилт, баруун завьжинд шарх, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-ийн 42-43/,  

 

Шинжээч Ц.Гын /хх-ийн 56, 58/: “... Мөргөх болон цохих гэдэг нь ижилхэн 1 ойлголт. Толгой орчим цохилтоос үүссэн доргилтод тархины доргилт, голдуу хацар руу цохих үед болон завж шүдэнд хазагдахад завжинд шарх гэмтэл үүсгэгддэг. Намайг уг хүнийг үзлэг хийх үед завжны шарханд өнгөр тогтсон байсан тул уг гэмтэл нь 1 хоногийн дотор үүсгэгдсэн байж болно. ...Тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мохоо зүйл гэдэг нь өөрийн гадаргуугаар гэмтэл учруулж буй бүх хүчин зүйлийг ойлгоно. Уг гэмтлүүд нь 1 хоногийн дотор үүссэн байна. Баруун завьжин дахь шарх нь эрүү рүү нь цохих үед шүдэнд цохигдох болон шанаа руу цохих үед үүсэх боломжтой. Даланд цус хуралт гэмтэл нь хана мөргөх үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг,

 

Г.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 7/: “2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай байрны засварын ажлыг өмнө нь дутуу буюу чанарын шаардлага хангаагүй хийсэн Т.Т-г дуудаж уулзсан. Тэгээд ирэхээр нь өөрийнх нь хийсэн ажлыг үзүүлсэн. “Шал нь хонхорхой, таазны ажлууд дутуу эдгээрийг дахин гүйцээж засварлаж өг” гэж хэлсэн. Тэгсэн “ Надаас шалтгаалсан зүйл биш байна. Барилгын компаниас шалтгаалсан зүйл байна. Барилгын компанийн хүнийг дуудаж янзлуулъя” гэж хэлсэн...”” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Бт ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Т.Т “..би Г.Баас хохирол төлбөрийг хүлээн авсан. Г.Бт ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ