Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 7

 

             Д.Б-д холбогдох эрүүгийн 

               хэргийн тухай

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                    С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Д.Б

Шүүгдэгч                                                         Д.Б

Иргэний нэхэмжлэгчийн 

                                             өмгөөлөгч                                  Б.А

Нарийн бичгийн дарга   Г.Д нарыг оролцуулан

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Б-д холбогдох 1912002230216 дугартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, эмээгийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Чулуут гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан Д.Б

Шүүгдэгч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Ухаагийн үзүүр гэх газарт засмал зам дээр 18-98 УНЭ улсын дугаартай Ниссан Экстраль маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Н.Л-ийн жолоодож явсан 74-99 УНП  улсын дугаартай Пусо маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зам тээврийн осол гаргаж, зорчигч Ч.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас Д.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч  Д.Б-ийг жолооч согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ээс 3.401.500 /гурван сая дөрвөн зуун нэг мянга таван зуу/ төгрөг гаргуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн Худалдааны гудмжны 11 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Н.Л-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Б-ийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Д.Б миний бие Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулий тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, мөн 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн юм. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би энэ хэрэгт холбогдох өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үүрээр 05-06 цагийн үед Ч.Г-тай анх уулзахад тэрээр надад “мотоцикльтой цуг явсан хүн намайг нүдчихээд явчихлаа,  хавирга өвдөөд байна” гээд байсан юм. Тэгээд би Ч.Г ыг машиндаа суулгаад Хотонт сум орох гэж яваад уг аваарт орсон юм. Иймд би Ч.Г-ыг өмнө нь мотоцикльтой хамт явсан хүнтэйгээ зодолдож, маргалдаж байгаад хавиргануудаа хугалуулсан гэж үзэж байна. Иймд миний авто аваарын хэргийг дахин хянан үзэж, мөрдөн байцаалтанд буцаан дахин шалгаж өгнө үү. Энэ тухай Ч.Г өөрөө сайн мэдэж байгаа болно гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Б-ийн гомдолдоо бичсэн хохирогч Ч.Г-ыг өмнө нь хүнд зодуулсан байх магадлалтай гэсэн үндэслэлийн талаар шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж байгаагүй бөгөөд энэ талаар хавтаст хэрэгт баримт авагдаагүй байдаг. Хохирогч Ч.Г ч гэсэн хүнд зодуулсан талаар мэдүүлэгтээ дурдаагүй байдаг. Хохирогчийн хувьд зам тээврийн ослын улмаас хавирга нь хугарч, бусад гэмтлийг авсан талаар мэдүүлдэг. Тэгэхээр шүүгдэгч Д.Б ял авсны дараа ийм асуудал яриад байгаа нь үндэслэлгүй юм. Мөн үүнийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэх боломжгүй. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Д.Б-ийн гомдлыг дэмжиж байна. Өөр саналгүй гэв. 

 

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Д.Б нь иргэний нэхэмжлэгч Н.Л-д 3.401.500 төгрөгийн хохирол төлөхөөр байгаа. Шүүгдэгчийн хувьд иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн байгаа. Өөр саналгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Ухаагийн үзүүр гэх газарт засмал зам дээр 18-98 УНЭ улсын дугаартай Ниссан Экстраль маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Н.Л-ийн жолоодож явсан 74-99 УНП  улсын дугаартай Пусо маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зам тээврийн осол гаргаж, зорчигч Ч.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Д.Б-ийн үйлдсэн үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

 

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Б-ийг жолооч согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирчээ.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Б ...хохирогч Ч.Г өмнө нь мотоцикльтой хамт явсан хүнтэйгээ зодолдож, маргалдаж байгаад хавиргануудаа хугалуулсан гэж үзэж байна. Иймд миний авто аваарын хэргийг дахин хянан үзэж, мөрдөн байцаалтанд буцаан дахин шалгаж өгнө үү...гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Ч.Г зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хохирогч Ч.Г бусдад зодуулсны улмаас түүний биед гэмтэл учирсан, шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалжийг баталсан зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн гомдлыг хангах боломжгүй юм. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Шүүгдэгч Д.Б нь 52 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Т.ДАВААСҮРЭН

                                                          ШҮҮГЧИД                    Д.БЯМБАСҮРЭН

                                                                                               В.ЦЭЦЭНБИЛЭГ