Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 124/ШШ/2022/0026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн,захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын иргэн Д.Г,

         Хариуцагч: Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргад  холбогдуулан гаргасан,

         Гуравдагч этгээд: Увс аймгийн Улаангом сумын иргэн Б.Б гуравдагч этгээдээр татагдсан,

       “Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 01 сарын 10-ны өдрийн Б/07 дугаар “Ажлаас түр чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагважав хариуцагч Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Э, гуравдагч этгээд Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Г нь тус шүүхэд Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргад холбогдуулан “Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 01 сарын 10-ны өдрийн Б/07 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Хариуцагч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Д.Гийг төрийн албанаас чөлөөлжээ.

3. Нэхэмжлэгч Д.Г  Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг  эс зөвшөөрч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх ба Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 01/393 дугаар албан бичгээр маргаан бүхий Б/07 дугаар тушаалыг “хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэсэн хариуг өгчээ.

4.Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн хариуг аваад 2022 оны 03 сарын 07-ны өдөр нэхэмжлэл ирүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв..

5.Нэхэмжлэгч Д.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 тоот "Ажилд түр томилох тухай" тушаалаар Увс аймгийн Хяргас сумын Байгаль хамгаалагчаар түр томилогдож улмаар Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/40 тоот "Ажилд түр томилох тухай" тушаалаар Хяргас сумын байгаль хамгаалагчаас чөлөөлөгдөн Улаангом сумын Байгаль хамгаалагчаар түр томилогдсон ба 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тухайн үеийн төрийн албаны хуулийн үйлчлэлийн хүрээнд Төрийн захиргааны ангиллын ТЗ-5 зэрэглэлээр Дэс түшмэлийн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт орж тэнцсэнээр ТАЗ-ын Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 41 тоот "Нэр дэвшүүлэх тухай" тогтоолоор нэр дэвшин Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/47 тоот "Ажилд томилох тухай" тушаалаар Улаангом сумын Байгаль хамгаалагч албан тушаалд жинхлэн томилогдон тус тус ажиллаж байсан.

Ингээд 2019 онд Увс аймгийн Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний сул орон тоо гарсан тул анх ТЗ-5 буюу дэс түшмэлийн шалгалтад орж тэнцэж байсан тул тухайн үеийн даргад хүсэлтээ гаргаж Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлж ажилд, томилох тухай” тушаалаар дээрх албан тушаалд томилогдсон.

Би 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон. Ажиллах хугацаандаа төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг биелүүлж, төрийн албаны зарчмыг баримталж ажиллаж ирсэн.

Ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалаас Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Б/07 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн ба миний бие энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь энэхүү тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй. Ямар үндэслэлээр миний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох гэж байгаа, тухайн үндэслэлд тайлбар гаргах эрхийг минь зөрчсөн. Намайг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасныг үндэслэл болгосон байна. Миний бие хуульд заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болохоо одоо болтол мэдээгүй байна. Улмаар миний бие 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн албаны Зөвлөлд хандаж гомдол гаргасан.

Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Б/07 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий тушаалд Д.Г-ийг төрийн албанаас түр чөлөөлсөн боловч дараагийн албан  тушаалд томилсон зүйл байхгүй байгаа. Д.Г нь төрийн албанд тавигдах шаардлагуудыг хангасан. Дэс түшмэлийн шалгалтад орж тэнцэж байгаль хамгаалагчаар ажиллаж байсан.Шатлал дээшилж мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэх болсон нь хууль зөрчөөгүй. Мэргэжилтний албан тушаалд дахин шалгалт өгөх шаардлага байхгүй байсан ба сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт явуулсан нь үндэслэлгүй.Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орж, тусгай шалгалт авах журам гарсан нь төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан Д.Г-ийн эрх зүйн байдлыг дордуулах ёсгүй.Иймд түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь үндэслэлгүй байна...” гэв.

7. Хариуцагч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2021 оны 01 сарын 26-ны өдрөөс Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа.

Намайг анх ажилд томилогдон ирэхэд 5 сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт зарлан явуулах тухай хүсэлтийг өгсөн байсан боловч Ковид цар тахлын улмаас шалгалт авагдаагүй байгаа тухай хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан танилцуулсан, энэ 5 орон тоонд ойн асуудал хариуцсан 2 мэргэжилтэн, 3 сумын байгаль хамгаалагч байгаа гэсэн бөгөөд 2021 онд тусгай шалгалтууд зарлагдан, хууль журмын дагуу шалгалт явагдан, Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолын дагуу нэр дэвшүүлсэн тогтоолууд, албан бичгийн хамт ирснээр тогтоолыг хэрэгжилтийг ханган ажилласан.

Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаартай албан тоотоор "Ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний ажлын байранд тусгай шалгалт зарлуулах”-аар Төрийн Албаны Зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд хандсан байдаг.

2021 онд Увс аймагт Төрийн Албаны Зөвлөлийн бүрэлдэхүүн Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн хэрэгжилтийг шалган, зөвлөн туслахаар ажилласан бөгөөд Д.Г болон бусад сул орон тоонд ажиллаж байгаа ажилтнуудыг албан тушаалын тусгай шалгалтад оруулан баталгаажуулах ёстойг байгууллагын удирдлага надад сануулахад 2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тоотоор Төрийн Албаны Зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд хандсан байгаа, КОВИД-1 9 цар тахалтай холбоотой өдийг болтол ямар ч сонгон шалгаруулалт явуулаагүй байгааг хэлж байсан.

2021 оны 09 сард Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтууд зохион байгуулагдаж, Төрийн албаны Зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн ашиглалт, хамгаалал хариуцсан мэргэжилтний болон Ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний ажлын байранд тусгай шалгалтыг зарласан бөгөөд уг шалгалтад 3 иргэн бүртгүүлж, харин Д.Г нь уг шалгалтын бүртгэлээс хоцорсон байсан. 12 сард дахин тусгай шалгалт зарлахад Д.Г болон бусад 2 хүн шалгалтад орсон, Д.Г нь 3-р байрт шалгагдсан тухай шалгалтын дараа ажил дээр ирж өөрөө хэлсэн. Үүний дараа ТАЗ-ын Увс аймаг дахь зөвлөлөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийн 144 тоот албан бичиг ирж, ТАЗ- ийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 51 тоот тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг даалгасан.

2022 оны 01 сарын 03-ны өдөр Төрийн Албаны Зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 51 тоот тогтоол, 144 тоот албан бичгийг манай байгууллагын Захиргаа удирдлага хяналт шинжилгээний албаны дарга Ч.Даваадоржид өгч, Д.Г-т танилцуулаарай, байгууллагаас олгох боломжтой тэтгэмж, дэмжлэг байгаа эсэх талаар нягтлан бодогч Ж.Мөнхцэцэгтэй ярилцаж танилцуулж, Д .Гэрэлцэцэгийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын төсөл бэлдэж, танилцуулахыг үүрэг болгосон. Өгсөн үүргийн дагуу Ч.Д-ж дарга Д.Г-ийн өөрийнх нь ажлын өрөөнд албан ёсоор ТАСЗ-ийн тогтоол, албан бичгийг танилцуулсныг надад мэдэгдсэн. Д.Г-т Төрийн Албаны Зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн тогтоол, албан тоотыг Ч.Д-ж дарга танилцуулсны зэрэгцээ миний бие өөрийг нь дуудаж уулзан, цаашид хэрхэх бодолтой байгаа талаар ярилцаж, Улаангом тохижилт үйлчилгээ ОНТҮГ-ын дарга Э.Б-ай утсаар ярьж, манайхаас Гэрэлцэцэг ажлаас чөлөөлөгдөх гэж байгаа юм, танайд байгаа орон тоонд энэ хүнийг авч ажиллуулаач, үржүүлэг, ногоон байгууламжийн ажлыг хийж чадах хүн байгаа тухайгаа ярьсан, чи очиж уулзаарай, мөн Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулагдах мод үржүүлгийн газрыг ахалж ажиллах, манай газрын ойжуулагчаар авбал цалин бага, яаж гэрээтээр ажиллах вэ, сургагч багшийн сургалтад яваад эрхээ авчихвал бас боломжтой хамтарч ажиллая гэх зэргээр ярилцаж, зөвлөгөө өгсөн, Д.Г нэгдүгээрт би ямар ч байсан шүүхээр явна гэдгээ хэлсэн бөгөөд энэ бол чиний эрхийн асуудал гэх мэтчилэн илэн далангүй ярилцсан.Түүнчлэн 2022 оны 01 сарын 04-ны өдөр би газрын ажилтнуудынхаа өглөөний яриан дээр ТАЗ-ийн албан бичиг тогтоолыг танилцуулан, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахаас өөр аргагүй болсон тухайгаа бүх ажилтнууддаа ил тод мэдэгдэж байхад Д.Г өөрийн биеэр хуралд сууж байсан.

Төрийн Албаны Зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн тогтоол албан тоотын дагуу 2022 оны 01 сарын 10-ны өдөр Д.Г-ийг ажлаас чөлөөлж, Төрийн албаны Зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 51 тоот тогтоолоор нэр дэвшүүлсэн Б.Б-г уг албан тушаалд томилсон.

Ийм нөхцөл байдалтай удаа дараа мэдэгдэж байхад болон өөрөө төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хэрхэн юуны учир, яагаад төрийн албаны тусгай шалгалтад орж байгаа, ороод 3-аар шалгагдсан, Төрийн албаны тухай хууль болон тусгай шалгалт авах журмын хэрэгжилтийн талаар тодорхой мэдлэгтэй хүний хувьд Д.Г нь танайд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие хуульд заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болохоо одоо болтол мэдээгүй байна... гэдэг нь тун ойлгомжгүй байна.

Учир нь өөрөө тусгай шалгалтад орсон нь, Төрийн албаны Зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн тогтоол албан тооттой танилцсан нь, миний бие өөрөө дуудаж уулзан зөвлөгөө өгсөн өглөөний яриан дээр ТАЗ-ийн тогтоол, албан бичгийг бүгдэд танилцуулсан зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 27.4-д заасан сонсох ажиллагааг явуулах арга хэлбэрийн 27.4.3 "биечлэн уулзах", 27.4.6 "төлөөлөгчөөр дамжуулан санал авах" 27.4.7 "бусад" буюу 2022 оны 01 сарын 04-ний өдрийн өглөөний яриан дээр танилцуулсан зэргээс Д.Г-т аж тухай сонсох ажиллагааг явуулсан, мөн хуулийн 28.1.5 "захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол" гэсэн заалтын дагуу ТАЗ-ын Увс аймаг дахь зөвлөлийн 2021 оны 51 тоот тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж болсныг Д.Г бүрэн дүүрэн ойлгож мэдэж байгаа гэж үзэж байна.

2021 оны 12 сард тусгай шалгалтад орж, 3-р байрт шалгагдаж, ажлаас чөлөөлөгдөх нь ойлгомжтой болсон цаг хугацаанаас хойш, тогтоол ирж, мэдэгдсэн 2022 оны 01 сарын 03, 04-ны өдрөөс хойш буюу 2022 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Д.Г нь энэ шийдвэрийн талаар тайлбар гаргах боломжгүй байсан боловч - би энэ хугацаанд маш их ядарч байсан, Б.Батбаяр дарга намайг 2 сартай нялх хүүхэдтэй байхад дуудаж ажилд оруулсан, ойн ангиуд миний үгэнд орж хамтарч ажиллахгүй байснаас бүх ажлыг ганцаараа хийдэг байсан, одоо нэг хэсэгтээ амарч байгаад дараагийн ажил амьдралынхаа талаар бодно гэж манай өрөөнд өөрөө орж ирж ярьснаас өөрөөр ямар нэгэн тайлбар хийгээгүй.

Төрийн албаны тухай хуулийн 46.2.5-д " хуульд заасан бусад үндэслэл"- ээр төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлнө гэж заасан. Миний гаргасан тушаалд тус хуулийн 33.1, 33.2.2, 33.3 дахь заалтууд хамтад нь үндэслэгдсэн бөгөөд тухайн заалтууд нь төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна", "тусгай шалгалт /тухайн албан тушаалын/”, 33.3 -т" тухайн албан тушаалын тусгай шалгалтыг энэ хуулийн 27.1.1, 27.1.2 -т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3- т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна" гэж заасны дагуу Д.Г нь хэдийгээр манай байгууллагын ажилтан боловч тухайн албан тушаалын шалгалтад орж байж ажлын байр нь баталгаажих тул тухайн үед ажиллаж байсан Б.Батбаяр дарга тусгай шалгалтыг зарлуулах хүсэлтийг явуулж, Д.Г хуулийн дагуу шалгалтад орсон байгаа. Ингэхээр ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөнөө төрийн албаны жинхэнэ албан хаагчийн хувьд мэдэж байгаа байх гэж найдаж байна.

2019 онд Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн хэрэгжиж эхэлснээс хойш хуулийн дагуу сул орон тоо гарсан нөхцөлд тухайн албан тушаалын тусгай шалгалт авдаг болсон бөгөөд Д.Г-ийн 2017 онд дэс түшмэлийн шалгалтад орж тэнцэж байсан нь манай газрын ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан албан тушаалд шууд ажиллуулах үндэслэлгүй нь харагдаж байна. Энэ албан тушаалд томилсон 2019 оны 10 сарын 14-ны өдрийн Б/37 тоот тушаалд Д.Г-ийг тухайн албан тушаалд дэвшүүлэн томилоогүй, харин ч байгаль хамгаалагчийн ажлаас \ТЗ-2\ чөлөөлж, тус газрын ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний \ТЗ-5\ ажилд томилсон байгаа нь ТАЗ-ийн 2019 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албанд шатлан дэвшүүлэх журам"-ын 3.1 дэх хэсэгт "Төрийн жинхэнэ албаны сул орон тоог зарлах, шатлан дэвшүүлж сонгон шалгаруулах ажиллагааг" Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам"-аар зохицуулна гэж заасан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27.1 дэх хэсэг, дээрх журмын 2.3.1 дэх заалтад төрийн албаны сул орон тоог тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас болон бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, нөхөх боломжгүй бол төрийн албаны нөөцөд байгаа иргэдээс нээлттэй сонгон шалгаруулалт явуулах замаар нөхөхөөр журамласан байдаг. Гэтэл дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж, албан тушаалын тусгай шалгалт авалгүйгээр манай газрын ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний сул орон тоонд шууд томилсон нь хуулийг зөрчсөн шийдвэр байсан нь харагдаж байна. Энэ тухай Д.Г-ийн Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлын дагуу ирүүлсэн ТАЗ-ийн 2022.02.23-ны өдрийн 01\393 тоот хариу хүргүүлэх тухай албан бичигт дурджээ.

Иймд Д.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Б нь ам бүл 4 нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 2015 онд Ховд Их Сургуулийг "Ойжуулалт-цэцэрлэгжүүлэлт" мэргэжлээр суралцан төгссөн. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Увс аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газарт "Ойжуулагч"-аар ажиллаж байсан.

2021 оны 11 дүгээр сард төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцэн төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн. Төрийн албаны зөвлөлөөс Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын "Ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн"-ий ажлын байрны сул орон тоонд "Төрийн албаны тусгай шалгалт" зарласан уг шалгалтад 3 хүн орсон бөгөөд миний бие 46.0 оноогоор 1-р байранд орж, тус ажлын байранд тэнцсэн.

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус орон тоонд төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор намайг нэр дэвшүүлсэн тогтоол БОАЖГ-т ирсэн.

Тогтоолын дагуу 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн БОАЖГ- ын даргын Б/12 тушаал гарч “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн” албан тушаалд томилогдон тушаалын дагуу ажил хүлээлцэх комисс Д.Г бид хоёрын ажлыг хүлээлцүүлсэн болно” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

9. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Нэхэмжлэгч иргэн Д.Г нь Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргад холбогдуулан “Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 01 сарын 10-ны өдрийн Б/07 дугаар “Ажлаас түр чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж оролцсон болно.

11.Нэхэмжлэгч талаас маргаан бүхий “Ажлаас түр чөлөөлөх тухай” тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй. Ямар үндэслэлээр миний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох гэж байгаа, тухайн үндэслэлд тайлбар гаргах эрхийг минь зөрчсөн,Төрийн захиргааны албан хаагчийн дэс түшмэлийн ангилалд шалгалт өгч тэнцсэн байхад тусгай шалгалтыг авсан, тусгай шалгалтгүйгээр дэвшин ажиллах боломжтой” тухай тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

12.Хариуцагчаас “Д.Г нь тусгай шалгалт өгөөд оноогоороо 3-т орсон байсан тул Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэн ажилласан” тухай тайлбар гарган нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрөөгүй байна.

13. Гуравдагч этгээд Б.Б-ийн зүгээс “Төрийн албаны зөвлөлөөс зарласан төрийн албан хаагчийн тусгай шалгалтыг өгч 1-р байранд орж Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолоор нэр дэвшин Ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон” тухай тайлбар гаргажээ.

14. Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, 33 дугаар зүйлийн 33.1,Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ойжуулалт,нөхөн сэргээлт,ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Д.Г нь тухайн албан тушаалын тусгай шалгалтад ороогүй томилогдсон, 2021 онд зохион байгуулагдсан албан тушаалын тусгай шалгалтад 3 дугаарт шалгагдсан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

15. Нэхэмжлэгч Д.Г нь анх Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар Хяргас сумын байгаль хамгаалагчаар түр томилогдож 2016 оны 12 сарын 05-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөн, мөн өдрийн Б/40 дүгээр тушаалаар Улаангом сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд түр томилогдон ажилласан ба Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Д.Г-ийг Улаангом сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд нэр дэвшүүлснийг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 11 сарын 23-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар Улаангом сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд томилон ажиллуулсан байна.

Үүний дараа Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 10 сарын 14-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар Д.Гийг Улаангом сумын байгаль хамгаалагчийн албан тушаалаас чөлөөлж, Ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилжээ.

16. Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 09 сарын 16-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрч хүсэлт гаргасан ойн нөөцийн ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Б.О-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2020 оны 10 сарын 08-ны өдрийн 198 дугаар албан бичгээр Ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Отгой өндөр настны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдсөн тул Ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний ажлын байрны сул орон тооны захиалгыг Төрийн албан зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлжээ.

Иймд Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний орон тоо нь төрийн жинхэнэ албаны сул орон тоо байсан болох нь тогтоогдож байна.

17. Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 05 сарын 22-ны өдрийн 43 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанд  “Коронавирусын тархалттай холбоотойгоор төрийн албаны тусгай шалгалт зарлагдахгүй байсан бөгөөд 2021 оны 11 сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулагдах шалгалтын жагсаалтад Ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний ажлын байр орж зарлагдсан боловч оролцох иргэн бүртгүүлээгүй тул дахин 2021 оны 12 дугаар сард шалгалтыг зохион байгуулж, сул орон тоог нөхсөн болно” гэсэн ба тус мэргэжилтний ажлын байранд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрийн албаны тусгай шалгалт зарлагдаж Б.Б 46 оноо, Б.П-аа 45,3 оноо, Д.Г 42.3 оноог тус тус авсан байна.

18.Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний ажлын байрны сул орон тоонд 46 оноо авсан Б.Б-г томилуулахаар нэр дэвшүүлснийг үндэслэн Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 01 сарын 10-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд Б.Б-г томилжээ.

19. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох журмыг зохицуулсан байх ба 27 дугаар зүйлийн 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас”, мөн зүйлийн 27.1.3-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс” уг орон тоог нөхөхөөр, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтыг /тухайн албан тушаалын/ мөн хуулийн 27.1.1, 27.1.2 мөн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авах”-аар зохицуулжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 2.3-т Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх, туслах албан тушаалын сул орон тоог дараах дарааллаар нөхнө гээд 2.3.1-т “шатлан дэвшүүлэх журмын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас”, 2.3.2-т “төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс” гэж тус тус заасан байна.

20. Нэхэмжлэгч Д.Г нь Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 сарын 20-ны өдрийн 41 дугаар тогтоолоор дэс түшмэлийн ангиллын нөөцөөс Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Улаангом сумын байгаль хамгаалагчийн ажлын байрны сул орон тоонд нэр дэвшин томилогдсон, ТЗ-2-р сүлжээний 1-р шатлалаар цалинждаг төрийн жинхэнэ албан хаагч байсан боловч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 10 сарын 14-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар түүнийг уг ажлаас чөлөөлж, ойжуулалт,нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний /ТЗ-5 зэрэглэл/ буюу дэс түшмэлийн албан тушаалд томилсон байна.

Өөрөөр хэлбэл Д.Г-ийг 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан журмаар буюу “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас эхний ээлжид тусгай шалгалтыг өгөх” эрхийн хүрээнд Улаангом сумын байгаль хамгаалагчийн албан тушаалыг эрхэлж байгаагийн хувьд тусгай шалгалтыг өгч тухайн албан тушаалд шатлан дэвших зарчмын дагуу дэвшин ажиллахаар байжээ.

Гэтэл Д.Г-ийг Улаангом сумын байгаль хамгаалагчийн албан тушаалаас нь чөлөөлснөөр төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлын талаарх баталгааг эдлэх эрхгүй болсон байх бөгөөд Д.Гийг ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд шууд томилсон нь хуульд нийцээгүй шийдвэр болсон байна.

Харин Д.Г-ийг Улаангом сумын байгаль хамгаалагчийн албан тушаалаас чөлөөлөхгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн албан тушаалын үүргийг түр орлон гүйцэтгүүлж байсан тохиолдолд тэргүүн ээлжинд тусгай шалгалтыг өгөхөөр байжээ.

21. Хариуцагчаас маргаан бүхий актаар Д.Г-ийг тухайн албан тушаалын тусгай шалгалтад ороогүй томилогдсон, тусгай шалгалтад 3 дугаарт шалгагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, хуульд заасан журмын дагуу Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нэр дэвшүүлж ирүүлсэн Б.Б-г тухайн албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуульд нийцсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

22. Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “дэс түшмэлийн шалгалтад тэнцсэн байсан тул тухайн албан тушаалд тусгай шалгалт өгөх шаардлагагүй байсан” гэх тайлбар, үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

23. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийг оролцуулан тайлбар санал гаргах боломж олгож сонсох ажиллагааг явуулахаар заасан бөгөөд энэ үүргээ биелүүлсэн талаараа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч талаас бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

24. Гэрч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Захиргаа, удирдлага,хяналт шинжилгээний албаны дарга Ч.Д шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “2022 оны 01 сарын 03-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 51 тоот тогтоол,144 дугаартай албан бичгийг дарга Б.Энхтуяа надад өгч Д.Г-т танилцуулахыг даалгасан.Би тогтоол,албан бичгийг Д.Г-ийн өөрийнх нь албан өрөөнд орж танилцуулаад Б.Б-г өөрийн чинь албан тушаалд нэр дэвшүүлсэн байгаа учраас албан тушаалаас чинь чөлөөлөх шаардлагатай байгаа талаар мэдэгдсэн” гэж мэдүүлсэн, нэхэмжлэгч Д.Г гэрчийн мэдүүлгийн талаар маргаж тайлбар гаргаагүй тул маргаан бүхий акт гарах  болсныг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Мөн Д.Г нь өөрийн эрхэлж буй албан тушаалд тусгай шалгалт зохион байгуулагдах талаар урьд мэдэж байсан, шалгалтыг өгсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон ба нэхэмжлэгчийн санал, тайлбарыг авч баримтжуулаагүй нь маргаан бүхий актын үндэслэлд нөлөөлөхөөргүй байна.

Иймд нэхэмжлэгч талын “сонсох ажиллагааг хийгээгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

25. Дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн нэхэмжлэгчийн “Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 01 сарын 10-ны өдрийн Б/07 дугаар “Ажлаас түр чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

26. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 33.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-ийн “Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 01 сарын 10-ны өдрийн Б/07 дугаар “Ажлаас түр чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЛТАНЦЭЦЭГ