| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0454/З |
| Дугаар | 221/МА2025/0799 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2025/0799
“А*******” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагч “А*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.М*******
Гомдол гаргагч: “А*******” ХХК
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Э*******
Гуравдагч этгээд Э.Б*******
Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 0080125 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0613 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн төлөөлөгч П.М*******
Хариуцагч Б.Э*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0454/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч “А*******” ХХК-иас Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Э*******д холбогдуулан “2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 0080125 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0613 дугаар шийдвэрээр:
“Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.1-д тус тус заасныг баримтлан “А*******” ХХК-ийн гомдолтой Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Э*******д холбогдох “2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 0080125 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн төлөөлөгч П.М******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...“А*******” ХХК нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Э*******ын 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 0080125 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан.
Тодруулбал “А*******” ХХК-д ажиллаж байсан Э.Б******* нь 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бага ангийн багшаар өдөр өнжүүлэхэд ажиллахаар ирж уулзсан. Тухайн өдөр манай байгууллага нь 20 хүүхэд бүртгэж авах бөгөөд зөвхөн 1 багш ажилд авна, 12:00-20:00 ажиллах боломжтой, ихэвчлэн 19:00 цагаас тардаг гэж аман байдлаар ойлгомжтой тайлбарлаж харилцан ойлголцсон. Мөн 6-9 насны хүүхдүүдийн гэрийн даалгавар хийлгэж, сургуулиас нь очиж авдаг тул хоцрох болон таслаж болохгүйг анхааруулаад өөрөө чадна, улсын сургуульд ажиллаж байсан туршлагатай гээд гэрээний гол нөхцөлийг харилцан зөвшөөрсөн.
Цалингийн хувьд өөрийнх хүсэлтээр сард нэг удаа 1.800.000 төгрөг сарын сүүлд 20-ноос 25 хооронд олгохоор харилцан тохиролцож Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураад ажиллахаар болсон байдаг. Э.Б******* нь ажиллаж эхэлснээс хойш хоцорч ирэх, эрт явах зэрэг асуудал их гаргасан. Мөн хүүхдийн даалгавар хийлгэхэд тэр хүүхдэд заамааргүй байна, тэр нь хөөрхөн, тэр нь муухай, чадахгүй гэх зэргээр хүүхэд ялгаварлан гадуурхах асуудал их гаргадаг байсан.
Тухайн үед багш хүн ингэж болохгүй гэж удаа дараа анхааруулж хэлдэг байсан боловч мэргэжлийн бага ангийн багшийн хувьд зөрчлийг байнга л гаргаж, “...хүүхэдтэй ажиллаж чадахгүйн байна” гээд байдаг байсан. Тэр болгонд аль болох ойлгож сэтгэл санааг нь дэмжээд ажиллуулж ирсэн.
2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хоолойны мах 3-р зэрэг болсон, Хөвсгөлд гэр рүүгээ очиж тэнд хоолойны махаа авхуулна. 14 хоногийн чөлөө өгөөч гэсэн. Хэзээ авхуулах юм гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2 долоо хоног буюу сурагчдын өвлийн амралтаар явчаад ирье гэсэн. Би “...за тэгвэл 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өвлийн амралт дуусаад хүүхдүүд буцаад сургууль орох тул 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ирээрэй” гэхэд “за” гээд явсан байдаг.
Гэтэл “2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өвлийн амралтаараа Хөвсгөл гэр рүүгээ явмаар байна, ажлаасаа гармаар байна, би Хятад руу аав дээрээ очоод тэнд сурмаар байна. Надад мөнгө чухал бишээ, манай аав Хятадад ажиллаж амьдардаг, аав дээрээ очно, сурна та өөр хүн хайж олоорой би сүүлийн цалингаа авахгүй ээ” гэсэн. Би “өгье өө, чи өвлийн сурагчдын амралтаар гэртээ амраад хүрээд ирээ” гэсэн. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “та хүнээ олсон уу” гээд мэссэж бичсэн би “олоогүй ээ” гэсэн чинь “би дараа долоо хоногоос яваад очих уу харин та 3 сарын 20 гэхэд хүн олоорой би тэр хүртэл ажиллаад аваагүй 1.800.000 төгрөгийн цалингаа аваад гарна шүү” гэсэн. Би “болж байна” гээд зөвшөөрсөн. 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажиллах өөр багш олоод ээлжээр ажиллуулж эхэлсэн бөгөөд нөгөө багш нь долоо хоногт 3 өдөр л ажиллах боломжтой гээд ажиллаж эхэлсэн байдаг. Харин Э.Б******* долоо хоногт 2 өдөр ажиллах болсон. Гэтэл Э.Б******* “2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж чадахгүй, би 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаад гарна” гэсэн. “Ингэж дураараа аашилж болохгүй ээ чи өөрөө л 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллана гээд байсан чи ямар их өөрчлөгддөг юм бэ амалсандаа 3 сарын 20-ны өдөр хүртэл ажиллаад гараа” гэж хэлсэн.
Гэтэл яг өөрийнхөө ажиллах өдөр утсаа авахгүй алга болсон. Тухайн өдөр 13:10 цагаас Монгол билиг оюун сургуулиас тарах хүүхдүүдийг очиж авах байсан, харин би 13:30 тарах Орчлон сургуулийн хүүхдүүдийг авах хуваарьтай байсан. Э.Б******* аваагүй над руу “би очихгүй” гээд мэссэж бичээд, утсаа авахгүй алга болсон.
Би их уурласан, тэр өдөр ганцаараа хүүхдүүдээ хоцроож 2 цаг гаруй хүлээлгэж нилээн асуудалд орж эцэг эх, сургуулийн багш нараас манайд гомдол гаргасан байдаг. Би Э.Б******* руу маш их залгаж байж яриад уурласан, ингэж болохгүй ир гэж. Гэтэл Э.Б******* буруугаа хүлээхгүй намайг загналаа, шүүхэд өгнө гэж өөрийгөө өмөөрсөн. Энэ өдөр хүртэл үргэлж Э.Б*******ын хүслээр, аргадаж гуйж ажиллуулдаг байсан. Ингээд энэ өдрийн маргааш нь Э.Б******* хөдөлмөрийн хэлтэст очиж гомдол гаргасан байсан. Би өөрийн биеэр очиж бүх учир шалтгаанаа тайлбарлаж хэлсэн боловч хариуцсан байцаагч нь Та цалингаа өгөөгүй тул 5.000.000 төгрөгийн торгууль ноогдууллаа гээд шууд хэлсэн. Би үгүй ээ энэ миний буруу биш шүү дээ би төлөхгүй, төлж ч чадахгүй гэдгээ хэлээд явсан. Бодит нөхцөл байдал дээр хариуцлагагүй, дураараа, дуртай үедээ ирж очдог энэ үйлдлийг тэвчиж ирсэн би торгууль 5 сая төгрөг, нэмээд ажил хийгээгүй хүний цалинг өгөх үүрэгтэй болсондаа харамсалтай байна. Ажиллах хүчний хомсдолтой, татвар өндөр, хүүхэдтэй харьцдаг, хариуцлагатай ажлыг хийж байхад энэ мэтчилэн хүмүүс дураараа аашлан хуулийн этгээдийг хохиролд учруулж байгааг төрийн байгууллага болон шүүх байгууллага үнэн бодитоор шударга ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0613 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т ажил олгогч “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” тохиолдолд …нөхөн төлбөрийг гаргуулж …хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор заасан, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Э.Б*******д олгоогүй цалингийн үлдэгдэл болох нийт 1.240.000 төгрөгийг “Анир бэхи” ХХК-иас гаргуулж, мөн хуульд заасны дагуу 5.0 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэснийг тус компаниас эс зөвшөөрч маргахдаа цалин хөлсийг олгосон эсэх тухайд бус харин ажилтан өөрөө цалин хөлсөө авахгүй гэсэн, ажлын байраа шалтгаангүйгээр гэнэт орхиж явсан гэх зэрэг үндэслэл гаргах боловч эдгээр нь цалин хөлсийг олгохгүй байх хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй.
Учир нь “Анир бэхи” ХХК-иас Э.Б*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өдөр өнжүүлэхийн багшийн албан тушаалд сарын 1,8 сая төгрөгийн цалин олгохоор тохиролцож, энэхүү гэрээний нэг жилийн хугацаа 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болохоор байсан бөгөөд дээрх олгогдоогүй гэх цалин хөлс 2024 оны 12 дугаар сар, 2025 оны 2 дугаар сард ажилласан 3 хоногт хамаарах болохыг “Анир бэхи” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ч, давж заалдах гомдолдоо ч тус тус үгүйсгээгүй төдийгүй зөрчлийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл”-д “…1.800.000 төгрөгийн үлдэгдэл байснаас 800.000 төгрөгийг өөрөө авъя гэхээр нь өгсөн. Одоо 1.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Сүүлд 3 өдөр ажилласан гэж бодож байна, тэрийг бүртгэлээ харж байгаад хэлнэ ээ…”, мөн “…сүүлд өдрийн 90.000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон…” гэснээр тус тус нотлогдож байна.
Нэгэнт ажил олгогчоос ийнхүү тохиролцсон цалин хөлсөө тогтсон хугацаанд нь бүрэн олгоогүй энэ тохиолдолд хуульд заасан шийтгэл ногдуулсаныг буруутгах үндэслэлгүй, нөгөөтэйгүүр Э.Б*******д 1.240.000 төгрөгийн цалинг дутуу олгосныг зөвтгөх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдсонгүй.
2.Харин шийдвэрийн үндэслэл хэсгийн 10-т “…ажилтан өөрөө цалингаа авахгүй гэж байсан… гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй,…” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн энэ талаарх тайлбарыг нотлох баримт хэргийн 57 дугаар талд авагдсан Э.Б*******, “Анир бэхи” ХХК-ийн захирал П.Мөнхзаяа нарын хоорондоо харилцсан месэнжер чатад Э.Б*******аас “…би танд гарна гэдгээ хэлсэн ш дээ, би цалин авахгүй, түлхүүрийг чинь эгчид өгөөд явуулья…” гэж бичсэнээр, мөн энэхүү чат өөрийнх нь мөн болохыг гуравдагч этгээд Э.Б******* хүлээн зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар тус тус батлагдах боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг болон давж заалдах гомдлыг хангах үр дагаварт хүргэхгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7 дахь хэсэгт “Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан, мөн 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор “гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй” гэж тайлбарласан байгаагаас үзэхэд “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгийг ажил олгогчоос ажилтанд цалин хөлсийг тогтоосон хугацаанд нь олгох бодит боломжгүй буюу өөрөөс нь үл хамаарах шалтгаан нөхцөл байсныг ойлгох тул хэдийгээр Э.Б******* өөрөө “цалингаа авахгүй” гэсэн нь түүнд ажилласан хугацааны цалин хөлсийг олгохгүй байх хүндэтгэх шалтгаанд хамаарахгүй.
Түүнчлэн нэхэмжлэлд “…Э.Б*******ыг 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ажлаа гэнэт орхиж явсан, үүнээс үүдэн компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хүүхдүүдийг харах, багшлах хүнгүй, хараа хяналтгүй болж, улмаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нараас гомдол гаргаж эхэлсэн…” гэх боловч энэ талаарх баримтаа зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч, мөн нэхэмжлэлдээ ч хавсаргаагүй, нотлох баримтаар гаргаж өгөөгүй, ажлын хариуцлага алдсантай нь холбогдуулан сахилгын ямар нэгэн арга хэмжээ аваагүй байх тул дээрх тайлбар нь цалин олгоогүй нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх хууль ёсны үндэслэл болохгүй.
Мөн давж заалдах гомдолд “…ажил хийгээгүй хүний цалинг өгөх болсондоо харамсалтай байна…” гэснийг нягталж үзэхэд шийтгэлийн хуудсанд хамаарах хугацаа нь ажиллаагүй бус харин ажилласан сар, өдрийн цалин болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Анир бэхи” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.М*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН