Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл 

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат 

хохирогч А.Баярсайхан

хохирогчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр

шүүгдэгч Ж.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, мөн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад овогт Жанчивын Батжаргалд холбогдох 201619000580 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл-3 эцэг, эхийн хамт Төв аймгийн Цээл сумын Хүүлээ-Хан 5 дугаар багийн “Бугын ам” гэх газарт оршин суух, өмнө нь 2005 оны 05 дугар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 175 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж,

2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар  18 хоногийн хорих ялыг өршөөж хэлтрүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хиад овогт Жанчивын Батжаргал, /РД:НЩ85071774/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ж.Батжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 1 дүгээр багийн нутаг Дэл хадны энгэр гэх газарт А.Баярсайханыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар улсын дугааргүй Санио маркийн мотоциклийг зэвсгийн чанартай хэрэглэн мотоциклоороо мөргөж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Мөн Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 1 дүгээр багийн гутаг Дэл хадны энгэр гэх газарт 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр баруун хөл нь гэмтсэн уушигны хүнд өвчтэй хохирогч А.Баярсайханыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй зориуд орхиж, зохих байгуулагад мэдэгдээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Ж.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.  

 

Хохирогч А.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Намайг Батжаргал нь зүүн мөрнөөс татаад тавихад нь би мотоциклоос унаагүй. Тэгтэл хазайж ирснээ хөл рүү мөргөхөөр нь газарт унасан. Би Батжаргалаас эмнэлэгт хүргээд өгөөч, амьсгаа боогдоод болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд Батжаргалын мотоциклийн ард сундлаад явж байтал гэнэт зогсохоор нь би яваачээ, үхэх гээд байна гэтэл Батжаргал нь надад хамаагүй, үхвэл үхнэ л биз гээд мотоциклтойгоо уначихсан. Тэгэхээр нь дахиад гуйгаад эмнэлэгт хүргээд өгөөч гэж хэлсэн боловч тоогоогүй явчихсан. Босч чадахгүй болохоор нь мөлхөж зам руу дөхөж мотоциклтой хүн явахаар нь гараараа даллаж, мотоциклтой хүн ирэхээр ард нь суугаад эмнэлэгт ирсэн. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэв.

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8, 9-13 дугаар хуудас/

 

 Иргэний нэхэмжлэгч Б.Лхагвапүрэв мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Баярсайхан, Батжаргал бид 3 хөдөө айл руу явж айраг уухаар болж Баярсайханы гэрээс явсан. Тухайн үед Батжаргал араас суугаад Баяржаргал миний мотоциклийг түр унаж баймаар байна гээд миний улаан өнгийн мотоциклийг унаад хөдөлсөн. Өндөр толгой дээгүүр даваад сумаас 20 км зайтай Батжаргалын хамаатангийн айлд ортол айлынх нь эзэнгүй байхаар нь нэг, нэг аяга айраг уугаад тэндээсээ гарцгаасан. Би Баяржаргалын араар сундлаад Баярсайхан мотоциклоо ганцаараа бариад буцаад сумын төв руу явж байгаад Өндөр толгой дээр гарч ирээд зогссон. Тэгтэл Баяржаргал Шараваа гэх айлынх гүүгээ барьж байна лээ тийшээ явъя гэхээр нь Өндөр толгойгоос уруудаад сумын төв рүү явах замын хойно байдаг Шараваа гэдэг айлын гэрт очтол том хүмүүс байхгүй 2 хүүхэд байхаар нь айраг уугаад хөдөлсөн.  Би салхинд гарч нилээд согтуу байсан болохоор Батжаргал намайг Баярсайхны ард суу гээд байхаар нь үгэнд нь оролгүй Батжаргалын ард суугаад хөдөлсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Доржсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ орой 22 цагийн үед манай ахын хүүхэд Баярсайхан мотоциклоос унаад эмнэлэгт ухаангүй байна, яаралтай Улаанбаатар хот руу хүргэх шаардлагатай байна, унаа олох хэрэгтэй гэхээр нь би Угтаалцайдам сумын эмнэлэг рүү яваад орсон чинь Баярсайхан ухаангүй байгаа бололтой хүчилтөрөгч залгуулчихсан, баруун хөл нь мурийсан, хугарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд сумын эмч Тунгалаг тариа хийгээд эмчлээд байж байсан. Нарангэрэл, Цэндсүрэн нараас асуусан чинь мотоциклоос унасан юм шиг байна, ярьж чадахгүй байна, гараараа цаасан дээр бичиж байна гэхээр нь цаасан дээр бичүүлсэн чинь хүн түлхсэн, араас татсан гэж бичсэн. Хүн зодоогүй биз дээ хэн түлхсэн юм бэ, гэсэн чинь Батзулын дүү Эха гэж бичсэн. Би хэн бэ таних уу гэхэд тийм гэж толгойгоо дохиод тийм гэж бичээд байсан юм. Баярсайхан нь өндөр толгойн ард зөрөхөд хүзүү рүү цохиод зулгайлсан гэж бичсэн. Сумын эмнэлэг хөдөлхийн өмнө цагдаа Мөнхжаргал хүн зодсон уу гэж асуусан чинь тийм гэж толгойгоо дохиод цаасан дээр Баагий цохисон гэж бичиж байсан. Тухайн өдөр хэрүүл маргаан юунаас болсныг хэлээгүй, Баярсайхан тамирдаад байсан болохоор зүгээр явж байхад хажуунаас татаад унахгүй болохоор мотоцикльтой мөргөж, унагаагаад элэг рүү нь цохиод эмнэлэг хүргээд өг гээд уйлаад гуйхад хүргэж өгөөгүй ингээд үх гээд хөдөө хээр ганцааранг нь үлдээгээд явсан гэсэн ойлголт өгч байсан. Лхагвапүрэв гэдэг залуу эмнэлэг ороод ирэхэд энэ зодсон уу гэсэн чинь Баагий зодсон гэж бичиж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 103-105 дугаар хуудас/

 

Гэрч Д.Цэрэнбямба мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр Түмэндэлгэр, Баасандорж нартай машинтайгаа Асгат багийн нутаг Дэл хадны ар талын гарам гараад ар тал руу өгсөдөг зам дээр 2 мотоцикль зөрсөн. 2 мотоциклийн 1 нь замаар нэг хүн жолоодоод нөгөө мотоцикльтой хоёр хүнтэй зөрсөн. Замаар явж байсан мотоцикльд манай үеэл Баярсайхан жолоодоод над руу гараараа даллаад инээгээд өнгөрсөн. Нөгөө мотоциклийн 2 хүнийг нь би танихгүй, орой нь харанхуй болсон сумын төв дээр ирсэн чинь аав Доржсүрэн над руу залгаж Баярсайхан мотоцикльтой явж байгаад унаад эмнэлэгт байна гэхээр нь эмнэлэгт очсон чинь Баярсайхан хүчилтөрөгч залгуулчихсан баруун хөл нь хугархай байдалтай юм ярьж чадахгүй, Баагий гэдэг залуу мотоциклтой явж байхад нь татаж унагаах гээд унахгүй болохоор хажуунаас мөргөж унагаасан байсан. Дараа нь элэг рүү цохиод хээр ганцаараанг нь үх гээд үлдээсэн байсан. Энэ бүхийн Баярсайхан бичгээр ойлгуулсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 106-108 дугаар хуудас/

 

Гэрч Б.Түмэндэлгэр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 26-ны орой 17 цагийн үед намайг Халиугчин гэх газар руу Цэрэнбямба, Баасандорж нарын хамт ажлаар Дэл хадны орчим машинтай явж байсан чинь 2 мотоцикльтой 3 хүн зөрж өнгөрсөн. 1 мотоциклийг нь Баярсайхан уначихсан, гараараа биднийг таньсан бололтой өнгөрсөн. Цаад талд нь нөгөө мотоциклийг 1 хүн унаад ард нь 1 хүн нь сундлаад өнгөрсөн. Баярсайхан биедээ ил харагдах гэмтэл шарх аваагүй, зүгээр гараараа даллаад өнгөрсөн. Архи дарс уусан байсан эсэхийг мэдээгүй. Ганцаараа 1 мотоцикль унаад цаана нь замын хажуугаар нөгөө мотоциклийг нь 1 хүн унаад ардаа 1 хүн сундалсан байдалтай зөрсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 дугаар хуудас/

 

Гэрч П.Оюунбилэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Төв аймгийн Угтаалцайдам сумын Тамгын газрын дарга ажилтай бөгөөд нотариачдын үүрэг гүйцэтгэдэг. 2016 оны 07 дугаар сарын 26-ны орой гэртээ байж байтал манай сумын цагдаа Мөнхжаргал манай гэрт ирээд мотоцикльтой хүмүүс явж байгаад нэг нь нилээд хүнд бэртэл аваад амь насанд нь аюул учраад байна, ярьж чадахгүй дохио зангаагаар яриад байна, тэгэхдээ цаасан дээр юм бичиж өгсөн юм, тэрнийг нь баталгаажуулах гэсэн юм гээд 2 хуудас цаас бариад ирсэн. Тэгэхээр нь би эмнэлэг дээр очсон чинь Баярсайхан бие нь муу хүчилтөрөгч залгуулсан, байдалтай хэвтэж байсан болохоор нь би түүнээс чи үүнийг бичсэн үү гэсэн чинь тийм гэж толгойгоороо дохихоор нь Мөнхжаргалтай гарч яваад ажил дээрээ очин тухайн цаасан дээр бичсэн зүйлийг нь баталж өгсөн юм. Тухайн цаасан дээр ерөнхийдөө Барзулын дүү Баагий зодсон гэсэн утгатай зүйл бичигдсэн байсан. Би 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр амралтаа авсан учир 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөр нотариатаар баталгаажуулж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 120-121 дүгээр хуудас/

 

Гэрч А.Мөнхжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Төв аймгийн Угтаалцайдам суманд цагдаагаар ажилладаг бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед ажил дээрээ сууж байсан чинь гаднаас Ганбат орж ирээд сая зам дээр мотоциклтойгоо явж байсан чинь 1 хүн босож чадахгүй мөлхөөд явж байхаар нь аваад ирлээ гэхээр нь эмнэлэг дээр очсон чинь манай сумын Баярсайхан ярьж чадахгүй уушиг нь гэмтсэн бололтой, юу ч асуусан ч дохио зангаагаар мотоциклноос унасан, амьсгаа боогдоод байна гээд хоолой руугаа заагаад байсан. Тэгэхээр нь эхнэрийнх дугаарыг цаасан дээр бичүүлж, эхнэрийг нь дуудсан. Тэгээд эхнэр нь ирээд Баярсайхан хүчилтөрөгч залгуулаад ухаан алдах гээд сандаргаад байсан, эхнэр нь хамаатных нь хүмүүсийг дуудаж 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн ирсэн. Баярсайханаас хаана ойчсон, хүн зодоогүй биз дээ гэж асуусан чинь хүн түлхсэн, Баагий Барзулын дүү гэж бичсэн, бас дахиад 1 цаасан дээр мөлхөөд 2 цаг, өндөр толгойн ард хүзүү рүү цохиод унасан, эмнэлэг рүү хүргэж өгөөгүй гуйсан гэж бичээд байсан. Батжаргал гэх залуу Баярсайханыг мотоцикльтой явж байхад нь татаж унагаах гээд унахгүй болохоор цохиод хээр үлдээгээд явсан байсан, тэгээд Баярсайханы бие муудаад байхаар нь хот руу авч явсан. Баярсайханы баруун хөл нь хугарч хавдсан, уушиг нь гэмтэлтэй гээд дуугарч явж чадахгүй байсан, түүнээс юу болсон талаар асуухад цаасан дээр Барзулын дүү Баагий зодсон л гэж бичиж бас хаяад явсан, цохисон, унагасан гэж бичиж ойлгуулж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 122-124 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын гаргасан дүгнэлт: А.Баярсайханы биед баруун хөлний шилбэний шаант тахилзуур ясны далд хугарал, баруун шуу, баруун өвдөг, баруун шилбэнд зулгарал, хамар ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээш удаагийн үйлчилгээгээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 135 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшин, Ш.Цэцэгмаа, Г.Ханхүү нарын гаргасан дүгнэлт: Шүүх эмнэлэгийн хавтаст хэргийн материалын 10710 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

А.Баярсайханы биед баруун уушигны эдийн голомтлог няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин уушигны архаг бөглөрөлтөт өвчин дууны хөвчийн 2 талын саажил нь уг гэмтэлтэй шалтгаант холбоогүй.

А.Баярсайханы биед тухайн үед баруун хөлний шилбэний шаант тахилзуур ясны далд хугарал, баруун шуу, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт, хамар ясны далд хугарал, тархи доргилт, баруун уушигны голомтод няцрал гэмтэл учирчээ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 139-140 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Батжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 1 дүгээр багийн нутаг Дэл хадны энгэх гэх газарт А.Баярсайханыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар улсын дугааргүй Санио маркийн мотоциклийг зэвсгийн чанартай хэрэглэн түүнийг мотоциклоороо мөргөж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Мөн Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 1 дүгээр багийн гутаг Дэл хадны энгэр гэх газарт 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр баруун хөл нь гэмтсэн уушигны хүнд өвчтэй хохирогч А.Баярсайханыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй зориуд орхиж, зохих байгуулагад мэдэгдээгүй гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Д.Доржсүрэнгийн.... “манай ахын хүүхэд Баярсайхан мотоциклоос унаад эмнэлэгт ухаангүй байна, яаралтай Улаанбаатар хот руу хүргэх шаардлагатай байна, унаа олох хэрэгтэй гэхээр нь би Угтаалцайдам сумын эмнэлэг рүү яваад орсон чинь Баярсайхан ухаангүй байгаа бололтой хүчилтөрөгч залгуулчихсан, баруун хөл нь мурийсан, хугарсан байдалтай хэвтэж байсан. Сумын эмч Тунгалаг тариа хийгээд эмчлээд байж байсан. Хашааны хүмүүс болон Нарангэрэл, Цэндсүрэн нараас асуусан чинь мотоциклоос унасан юм шиг байна, ярьж чадахгүй байна. Гараараа цаасан дээр бичиж байна гэхээр нь цаасан дээр бичүүлсэн чинь хүн түлхсэн, араас татсан гэж бичсэн хүн зодоогүй биз дээ хэн түлхсэн юм бэ, гэсэн чинь Батзулын дүү Эха гэж бичсэн. Би хэн бэ таних уу гэхэд тийм гэж толгойгоо дохиод тийм гэж бичээд байсан юм”....гэх мэдүүлэг /хх-ийн 103-105/,

Гэрч Д.Цэрэнбямбын.... Орой харанхуй болсон сумын төв дээр ирсэн чинь аав Доржсүрэн над руу залгаж Баярсайхан мотоцикльтой явж байгаад унаад эмнэлэгт байна гэхээр нь эмнэлэгт очсон чинь Баярсайхан хүчилтөрөгч залгуулчихсан баруун хөл нь хугархай байдалтай юм ярьж чадахгүй, Баагий гэдэг залуу мотоциклтой явж байхад нь татаж унагаах гээд унахгүй болохоор нь хажуунаас мөргөж унагаасан байсан. Дараа нь элэг рүү нь цохиод хээр ганцаараанг нь үх гээд үлдээсэн байсан гэх мэдүүлэг”..../хх-ийн 106-108/

Гэрч П.Оюунбилэгийн.... “2016 оны 07 дугаар сарын 26-ны орой гэртээ байж байтал манай сумын цагдаа Мөнхжаргал манай гэрт ирээд мотоциклтой хүмүүс явж байгаад нэг нь нилээд хүнд бэртэл аваад амь насанд нь аюул учраад байна, ярьж чадахгүй дохио зангаагаар яриад байна, тэгэхдээ цаасан дээр юм бичиж өгсөн юм, тэрнийг нь баталгаажуулах гэсэн юм гээд 2 хуудас цаас бариад ирсэн. Тэгэхээр нь би эмнэлэг дээр очсон чинь Баярсайхан бие нь муу хүчилтөрөгч залгуулсан, байдалтай хэвтэж байсан болохоор нь би түүнээс чи үүнийг бичсэн үү гэсэн чинь тийм гэж толгойгоороо дохихоор нь Мөнхжаргалтай гарч яваад ажил дээрээ очин тухайн цаасан дээр бичсэн зүйлийг нь нотариатаар баталгаажуулж өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 120-121/,

Гэрч А.Мөнхжаргалын.... “2016 оны 07 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед ажил дээрээ сууж байсан чинь гаднаас Ганбат орж ирээд сая зам дээр мотоциклтойгоо явж байсан чинь 1 хүн эмнэлэг хүргээд өг гэхээр нь аваад ирлээ, босож чадахгүй мөлхөөд явж байхаар нь аваад ирлээ гэхээр нь эмнэлэг дээр очсон чинь манай сумын Баярсайхан ярьж чадахгүй уушиг нь гэмтсэн бололтой, юу ч асуусан ч дохио зангаагаар мотоциклноос унасан, амьсгаа боогдоод байна гээд хоолой руугаа заагаад байсан. Тэгэхээр нь эхнэрийнх дугаарыг цаасан дээр бичүүлж, эхнэрийг нь дуудсан”....гэх мэдүүлэг /хх-ийн 122-124/, шинжээчийн 10710, 1216 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч Ж.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 98 дугаар зүйлийн 98.1, мөн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан зүйлчилж ирүүлсэн зүйл хэсгээр Ж.Батжаргалыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Батжаргалд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, 55.1.9 дэх хэсэгт заасан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 

          

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэж заасан байх тул шүүгдэгч Ж.Батжаргалд оногдуулах хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзаж Цагдаагийн байгууллагын хяналтад байлгах нь түүний хувийн байдалд тохирно гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хавтаст хэрэгт авагдсан бодит хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Баярсайхан нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Мөрдөн байцаалтанд мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Sanyo маркийн мотоциклийг шүүгдэгч Ж.Батжаргал нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Батжаргалын эзэмшлийн Хюьндай Пронтер маркийн 45-79 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Б.Лхагвапүрэвийн эзэмшлийн Чансаа Yangang маркийн мотоцикь зэргийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгох нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Хиад овогт Жанчивын Батжаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Батжаргалыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ялд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт зааснаар оногдуулж, хөнгөн ялыг багтааж шүүгдэгч Ж.Батжаргалын биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  

5.   Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Батжаргалд  оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Sanyo маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Батжаргалд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2  жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Батжаргалд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цээл сумын цагдаагийн хэсэгт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Ж.Батжаргал нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ж.Батжаргалд урд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 11. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, ялтан Ж.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Баярсайхан нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Ж.Батжаргалын эзэмшлийн Хюьндай Пронтер маркийн 45-79 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Б.Лхагвапүрэвийн эзэмшлийн Чансаа Yangang маркийн мотоцикь зэргийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгосугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Sanyo маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба улсын орлого болготол хэвээр үргэлжлүүлж, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар улсын орлого болгомогц дээрхи битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ж.Батжаргалд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ