Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1291

 

 

 

 

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд,

Нийгмийн даатгалын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00663 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ХУД-ийн ЭМННД нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х”  ХХК-д холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэлд нийт 206 443 826 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Шинэчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэстэй харилцагч “Х”  ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 16.1, 17.1.1-т заасныг тус тус зөрчин 2014 оны 7 дугаар сарын 01-нээс 2017 оны 11 дүгээр сарын 14-ний байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 137 629 217 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 68 814 609 төгрөг, нийт 206 443 826 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамжаар 79 030 787 төгрөгийн нийгмийн даатгалын өрийг 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх байдлаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус захирамжийн 79 030 787 төгрөгийг сүүлийн нэхэмжилж байгаа 206 443 826 төгрөгийн дүнд оруулаагүй хасаж тооцсон тул 2014 оны 7 сарын 01-нээс 2017 оны 11 сарын 14-ны байдлаар нэхэмжилж байгаа 206 443 826 өрийн дүн давхардаагүй дүн болно. Дээрх зөрчлийн улмаас тус компаний даатгуулагчдын “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.2-т зааснаар дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Иймд нийт 206 443 826 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг “Х”  ХХК-иас гаргуулж шимтгэл, алдангийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компанийг хариуцан ажиллаж байсан гүйцэтгэх захирал Л.Давааням, ерөнхий нягтлан бодогч Д.Баттуяа нар нь байгууллагын санхүүгийн тайлан балансыг өөрчилж анхан шатны баримтуудыг хулгайлж компанийн үйл ажиллагааг доголдуулж, тогтоох боломжгүй булхайтай болгон орхисон бөгөөд компанийн үйл ажиллагаа 2014-2016 оны 12 дугаар сарын  01-ний хүртэл хэдэн ажиллагсадтай хичнээн хугацаагаар хэрхэн яаж ажилласан нь тодорхойлогдох анхан шатны нотлох баримтуудыг үрэгдүүлсэн гэх зэргээр компанид нилээдгүй хохирол учруулсан байх тул нотлох баримт эрүүгийн хэргээр шийдэгдтэл иргэний маргаанд хариу тайлбар гаргах боломжгүй байна. Жишээ нь Л.Давааням, Д.Баттуяа нар нь өөрсөд дээрээ ямар ч тушаал шийдвэргүй байхад цалингаа өндрөөр үнэлэн эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл бодсон байгаа бөгөөд энэ асуудлыг эрүүгийн хэргээр шалгагдах учиртай билээ. Ийм учраас манай компанийн бодит татвар мөн эсэхэд эргэлзэж байгаа тул Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгтэй холбоотой нотлох баримт гаргуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа учраас шийдвэрлэсний дараагаар иргэний хэрэг шийдвэрлэгддэг. Тийм учраас өмгөөлөгчтэй энэ асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан. Хуулийн зүгээс нарийн тайлбар хэлж чадахгүй байна. Энэ хүн алдаатай шийдвэр гаргаад, компанид их хэмжээний хохирол учирсан бол гуравдагч этгээдээр татаад Компанийн тухай хуулиар эрх бүхий албан тушаалтан өөрийн хөрөнгөөр хариуцна гэсэн зүйл заалт байдаг. Д.Баттуяаг гуравдагч этгээдээр татан оролцуулж, эрүүгийн хэрэг баримттай нягтлах  шаардлагатай гэж үзэж байна. Гуравдагч этгээдээр татах гэхээр Д.Баттуяа нь нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа учраас гуравдагч этгээдээр татан оролцуулах боломжгүй. Яагаад гэвэл компани тайлан, тооцоон дээр гарын үсэг зурдаг захирал биш учраас хамгаалж мэтгэлцэх боломжгүй, мөн ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс нэг дор эрх бүхий албан тушаал хашиж байсан учраас манай байгууллагын зүгээс нийгмийн даатгалын байгууллагын өмнө өрийг хариуцах боломжгүй гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 20 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Х”  ХХК /РД: 2018098/-аас 137 629 217 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэстэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 68 814 609  /жаран найман сая найман зуун арван дөрвөн мянга зургаан зуун есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1-д зааснаар 846 096 төгрөгийг хариуцагч “Х”  ХХК-иас гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу алданги болох 68 814 609 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Алданги шаардах хуульд заасан урьдчилсан нөхцөл нь хариуцагчийн хууль зөрчсөн үүргийн зөрчил бий болсон буюу тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй байхыг л шаардана. Хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар болон хариуцагч талын тайлангаар нотлогддог. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу алданги ногдуулж шаардах эрх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон байна. Хуулиар олгогдсон шаардах эрхийг шүүх хязгаарлаж 68 814 609 төгрөгийн алдангийг шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00663 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

   Нэхэмжлэгч ХУД-ийн ЭМННД нь хариуцагч “Х”  ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт нийт 206 443 826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

   Хариуцагч “Х”  ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд нийт 137 629 217 төгрөгийн өр төлбөртэй болох нь шимтгэл төлөлтийн тайлан, улсын байцаагчийн авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 4-27, 37 дугаар тал/

 

   Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

   Хариуцагч “Х”  ХХК нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд 137 629 217 төгрөгийн өр төлбөрийг төлөөгүй байгаа үйл баримтад маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “... компанийн нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагааны улмаас тайланд зөрүү гарч, компанид хохирол учирсан” гэж тайлбарласан нь нийгмийн даатгалын өр төлбөрийг төлөхгүй байх, уг төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй юм.

 

   Иймд анхан шатны шүүх хариуцагч “Х”  ХХК-иас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд 137 629 217 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХУД-ийн ЭМННДт олгож шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

  Нэхэмжлэгч ХУД-ийн ЭМННД нь хариуцагч “Х”  ХХК-иас хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд алданги тооцож 68 814 609 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 3.2 дахь хэсэгт зааснаар шимтгэл төлөлттэй холбоотой улсын байцаагчийн акт гаргаж, уг актыг хариуцагчид мэдэгдэж, танилцуулсан болохоо баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00663 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ                                         

                                                          ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД                                                                                                   

                                                                                                       Г.ДАВААДОРЖ