Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2020/01310

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хоро, 60-15 тоотод оршин суух Яруу овогтой Дамдинжамцийн Эрдэнэчимэг, рд:ИГ66031702/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3 тоот хаягт байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас  зохион байгуулсан   албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, Э.Идэрмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Н.Батмандахын хамт 2013.04.12-ны өдөр Хас банктай 1020011524  тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 60 дугаар байрны 15 тоот, 2201031989 улсын бүртгэлийн дугаартай 68м2  байрыг 105 000 000 төгрөгөөр худалдан авсан. Үүнээс урьдчилгаа 35 000 000 төгрөг төлж 70 000 000 төгрөгийг 180 сарын хугацаатай жилийн 20 хувийн хүүтэйгээр тус орон сууцны зээлд хамрагдсан. 2013 оноос 2016 он хүртэл зээлээ хугацаанд нь 3 жил 7 сар төлж явсан.

 2016.11 сараас гэр бүлийн хүн хүндээр өвдөж, санхүүгийн хүндрэлтэй байдалд орсноос үүдэн зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Энэ байр нь Н.Батмандахын нэр дээр 1 хүний өмчлөлөөр байгаа боловч Хасбанк нь Д.Эрдэнэчимэг намайг 2013.04.12-нд зээл олгохдоо хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулж үүрэг хүлээлгэсэн. Зээл төлж байх хугацаандаа өөрийн цалин орлого бүх боломжоороо Н.Батмандахтай хамтран зээлээ төлж байсан. 2018.01.15-ны өдөр Хасбанк нь  шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2018.04.05-ны өдрийн 4100 дугаартай захирамжаар Н.Батмандах, Д.Эрдэнэчимэг нараас 67 114 521 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэн баталгаажуулсан байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь энэ хугацаанд зөвхөн нэг л төлбөр төлөгчид эрх үүрэг хүлээлгэж, шинжээчийн үнэлгээ, дүгнэлт, албадан дуудлага худалдааны мэдэгдэл зэргийг гаргуулахдаа Н.Батмандахад мэдэгдсэн байдаг.

Д.Эрдэнэчимэг би хамтран зээлдэгч, зээлээ хамтран төлж байсан гэр бүлийн хүний хувьд 2019.06.26-ны өдрийн шинжээчийн үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс  хэт доогуур бидний өмчийг үнэлж, байрыг үнэгүйдүүлж, зөвхөн Хасбанкны эрх ашигт нийцүүлэн 1 талыг барьсан. Хамтран зээлдэгч  гэж   төлбөр төлөхөд  шаардаж  байсан атлаа байрыг зарах болохоор  надад мэдэгдэлгүй   эрхийг хассан.  Би  дуудлага худалдааны мэдэгдлийг  гардаж аваагүй ,  Эрдэнэчимэг миний хууль ёсоор итгэмжлэн төлөөлөх эрх олгосон этгээд  ч  дуудлага худалдаа болохоос өмнө танилцуулж мэдэгдээгүйд гомдолтой байна.

 Банкинд нийт 31 515 000 төгрөг  төлж 2016 оны 11 сараас хойш гэрээний үүрэг  зөрчсөн  боловч    3,0  сая   төгрөг өгсөн.   ...  Нийт  зээлийн байранд  70 000 000 төгрөг төлсөн. Харин 58 000 000 төгрөгөөр байраа заруулж алдаад шүүхээр 67 114 321 төгрөг Хасбанкинд төлөх захирамжаас 9 114 321 төгрөгийг дахин төлөх өртэй үлдсэн байгаа. 105 000 000 төгрөгийн байрыг 58 000 000 төгрөгөөр дуудлага худалдаагаар зарж байхад 70 000 000 төгрөг хамтраад төлчихсөн Д.Эрдэнэчимэг  миний  эрх ашгаа хөндөгдөж, хохирсон байхад   үл хөдлөх хөрөнгө  зарагдах   үйл ажиллагаанд оролцох эрхийг   хязгаарлаж  байгаад  гомдолтой байна. Бид Хасбанкинд зээл төлөх олон  нөхцөл боломжийг гаргаж байсан боловч  хүлээн зөвшөөрдөггүй байсан.  Би 539 000 төгрөгийн цалинтай, өвчтэй нөхөртэй  ямар ч боломж гараагүй.  Зах зээлийн ханшаар зарж өрөө төлмөөр байна. Эрдэнэчимэг намайг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхээр хангаагүй, энэ талаар хэд хэдэн удаа ахлах шийдвэр гүйцэтгэгчид бичгээр хүсэлт гаргасан ч хариуг хуулийн хугацаанд өгөөгүй. Шүүхэд хандах эрхтэй,Шийдвэр гүйцэтгэгчийн алдааг бид засах болно гэсэн боловч одоог хүртэл алдааг засалгүй өдийг хүрлээ.

  2019.09.06-ны өдөр  ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Даваадоржид дуудлага худалдааг хүчингүй болгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааг зогсоох хүсэлт гаргасан боловч 2019.09.25-ны 4/607 албан бичгээр хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан хариу өгсөн. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Даваадоржийн татгалзсан хариуг хүлээн зөвшөөрөөгүй байгаа талаар өргөдөл өгсөн.  2019.11.06-ны өдрийн хариуг  2019.11.15-нд хүлээлгэн өгсөн. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 ...шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн ...хурааснаас хойш 1 сарын дотор ...хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтөлнө.

Мөн хуулийн 55.3-т ...Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэсэн  байхад  санал хүсэлт аваагүй,   гардуулж ч өгөөгүй, мэдээгүй.    Мөн хуульд   үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан ...анх тогтоосон үнийн гуравны  нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт гэх үндэслэлтэй тохиололд ...анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно...гэх мэт заалтуудыг зөрчсөн юм.

Иймд хууль бус дуудлага худалдаа болсон гэж үзэж байна. Мөн хуулийн 27.2.4,   27.2.5-, 27.2.7 зэрэг хуулийн заалтуудыг зөрчиж удаа дараа байр суллах мэдэгдэл өгч дарамталсаар байна. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Нямбаяр нь Хан-Уул дүүргийн хаягтай байсан учир нэхэмжлэлийн хаягийг Нямбаяр өөрийн хаягаар бичиж байсан ба иргэний  хэргийг   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд шийдвэрлэгдсэн.  Д.Эрдэнэчимэг миний бие үл хөдлөх хөрөнгөө  зарж борлуулах  эрхтэй .   Үнэн бодит байдалд нийцэхгүй хэт нэг талын  буюу  Хас банкны эрх ашгийг дэмжсэн хууль бус албадан дуудлага худалдааг хүчингүй болгож   өгнө үү гэжээ.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2018/00517 дугаартай захирамжтай, 2018 оны 04 сарын 05-ны өдрийн 184/ГХ2018/00545 дугаартай гүйцэтгэх хуудсаар төлбер төлөгч Н.Батмандах /ЧП69032331/, Д.Эрдэнэчимэг /ИГ66031702/ нараас 67,114,321 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031989 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 60 дугаар байр, 15 тоотод байрлах 68 м.кв 2 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай 18270941/01, 18270941/02, 18270941/04, 18270941/05 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Н.Батмандах, Д.Эрдэнэчимэг нарт гардуулан өгсөн боловч  хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

 Шүүхийн шийдвэрт төлбөр гаргуулахаар заасан орон сууцыг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 18270941/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 18270941/05 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл болон 18270941/06 дугаартай зарлан дуудах мэдэгдлийг гардуулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд /эхнэр Д.Эрдэнэчимэгт 1 хувыг гардуулж танилцуулна / гэснийг тэмдэглэж гарын үсэг зуруулсан. Төлбөр төлөгч Н.Батмандахад 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 18270941/01 дугаартай зарлан дуудах мэдэгдлийг гардуулж шийдвэр гуйцэтгэгчийн тэмдэлэлд /төлбөрийн асуудлаа 2019 оны 6  сард төлж барагдуулна, 1 хүнтэй зөвшилцөж байгаад шийднэ/ гэснийг тэмдэглэж гарын үсгээр баталгаажүулсан.

 Мөн төлбөр төлөгч Н.Батмандах өөрийн гараар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтдээ төлбөрийг 1 жил 6 сарын хугацаанд төлж барагдуулна, хэрвээ төлөөгүй тохиолдолд уг орон сууцыг Хас банкны эзэмшилд шилжүүлж өгнө гэх хүсэлтийг гаргаж байсан. Төлбөр төлөгч Н.Батмандах, Д.Эрдэнэчимэг нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хөндлөнгийн гэрчээр М.Одбаяр, Б.Мэргэнсанаа нарыг оролцуулан 18270941/02 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хурааж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг хөтөлсөн болно.  Уг орон сууцыг  Д.Эрдэнэчимэг, Н.Батмандах нар  иргэн Ч.Сарантуяа гэгчид түрээсэлсэн  байсан учир  байрны   хадгалалт хамгаалалтыг түрээслэн амьдарч байсан Ч.Сарантуяад хариуцуулсан. Энэ талаар    төлбөр төлөгч нарт битүүмжлэн хураасан орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд   Н.Батмандах, Д.Эрдэнэчимэг нар  2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 150,0 сая  төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан.

Төлбөр авагч Хас банкнаас тухайн орон сууцанд харилцан тохиролцож үнэлгээ тогтоох боломжгүй тул шинжээчээр үнэлгээ тогтоож өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Иймд  битүүмжлэн хураасан орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч шинжээч томилж  зах зээлийн үнийг 80.276.000 төгрөгөөр тогтоосон байна.

Үнэлгээ болон шинжээчийн тайлантай ирж танилцахыг төлбөр төлөгч Н.Батмандах, Д.Эрдэнэчимэг нарт дахин  мэдэгдэхэд төлбөр төлөгч Н.Батмандах өөрийн биеэр ирж үнэлгээний тайлантай танилцаж, үнэлгээний 4/15305 тоот мэдэгдлийг хүлээн авсан.  Төлбөр төлөгч Д.Эрдэнэчимэг хүрэлцэн ирээгүй тул түүний нөхөр Н.Батмандахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6- д зааснаар Д.Эрдэнэчимэгт дамжуулан өгөх мэдэгдлийг мөн адил гардуулсан.

Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч, нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг, Н.Батмандах нар хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар  Д.Эрдэнэчимэг өөрөө    2019 оны  07 сарын  01 нд  манай  байгууллагад  хүсэлт   гаргасан  байдаг.  Уг  хүсэлтэд  “ ...68мкв талбайтай орон сууцаа ШШГТХ-ийн 62- дугаар  зүйлд зааснаар   бие даан худалдан борлуулах хүсэлтэй  байна”  гэж  бичгээр ирүүлж байсан  энэ  тухай  нотлох баримт   хэргийн   64 дүгээр талд байгаа. Шинжээчийн тоггоосон үнээс багагүй үнээр худалдан борлуулж төлбөр төлөх хүсэлтийг ирүүлсэн учир өөрсдийг  нь зарах  боломж  олгосон.  Гэвч төлбөр төлөгч нар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, төлбөрт хураагдсан орон сууцыг худалдан борлуулаагүй хугацаа авч ажилд  хүндрэл учруулж ёс зүйгүй харьцаж байсан   тул 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан.  Албадан дуудлага  худалдааг  хуулийн  дагуу  явуулсан  төлбөр  төлөлгч нар  мэдэж  байсан. Баримтаар нотлогдоно.

 Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг анхнаас нь мэдэж байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирдэггүй, шийдвэр гүйцэтгэгчийг хаягт мэдэгдлийг хүргүүлэхэд хүлээн авахаас татгалзаж, өгсөн мэдэгдлийг базан шиддэг  зүй бус     үйлдэл удаа дараа гаргаж байсан  энэ талаар  сиди бичлэгээр  бэхжүүлсэн баримтыг нотлох баримтаар  ирүүлсэн  болно.  Нэхэмжлэнч  дэндүү  бүдүүлэг  харьцаж  шийдвэр гүйцэтгэх  ажиллагаанд санаатай  саад  учруулж,  хугацаа  хожих сонирхолтой   байсан.  Иймд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй гэсэн зорилгоор гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хууль бус явуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй  болгуулахаар шаардлага  гаргасан  байна.

Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ:  дуудлага худалдаагаар  үл хөдлөх хөрөнгө  зарж борлуулах, үнийн  санал авах  мэдэгдлийг  гардуулж  өгөөгүй  гэжээ.

Хариуцагч нь: нэхэмжлэлийн шаардлагыг   хүлээн  зөвшөөрөхгүй, хуульд заасан журмын дагуу  явуулсан, шийдвэр гүйцэтгэх  ажиллагаанд санаатай  саад  учруулж,   зүй бус  харьцаж   ажилд  хүндрэл учруулсан  гэж  маргаж    нотлох   баримтаар  сиди  болон түүнд  бичигдсэн  үйл явдлыг баримтжуулж  ирүүлсэн байна.   

Хэрэгт ирүүлсэн  нотлох  баримтууд  болон   зохигчдын тайлбаруудаас үзвэл дараах  байдлууд тогтоогдож  байна  Үүнд:   

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газар нь  Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 184/ШШ2018/00517 дугаартай захирамжаар  хариуцагч Н.Батмандах , Д.Эрдэнэчимэг  нараас 67,114,321 төгрөгийг гаргуулан,  Хас банк ХХК-д олгохоор, үүргээ  биелүүлээгүй тохиолдолд  барьцаа хөрөнгөөр үүргийн  гүйцэтгэлийг хангуулахаар   тохиролцсон  зохигчдын  эвлэрлийг  баталсан захирамж ,  уг захирамжийг   албадан гүйцэтгэх  тухай  шүүгчийн  2018 оны 04 сарын 05-ны  04100 дугаар  захирамж,  мөн өдрийн 184/ГХ2018/00545 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу  шийдвэр гүйцэтгэлийн  ажиллагаа  явуулжээ. /хх12-15,39 /

Нэхэмжлэгч  нарт  Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай 18270941/01, 18270941/02, 18270941/04, 18270941/05 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Н.Батмандах, Д.Эрдэнэчимэг нарт 2019.01.17, 2019.01.22, 2019.03.05, 2019.05.28 нд тус тус  гардуулан өгч  шийдвэр гүйцэтгэгчийн  тэмдэглэл үйлдсэн  байна.  /хх 43-52 /   Төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тул  дараах  ажиллагааг явуулсан байна.

а/. Шүүхийн шийдвэрт төлбөр гаргуулахаар заасан орон сууцыг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 18270941/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 18270941/05 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл болон 18270944/06 дугаартай зарлан дуудах мэдэгдлийг гардуулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд /эхнэр Д.Эрдэнэчимэгт 1 хувыг гардуулж танилцуулна / гэснийг тэмдэглэж гарын үсэг зуруулсан байна.

 Төлбөр төлөгч Н.Батмандах   2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 18270941/01 дугаартай зарлан дуудах мэдэгдлийг гардуулж шийдвэр гуйцэтгэгчийн тэмдэглэлд /төлбөрийн асуудлаа 2019 оны 6 дугаар сард төлж барагдуулна, 1 хүнтэй зөвшилцөж байгаад шийднэ/ гэснийг тэмдэглэж гарын үсгээр баталгаажуулжээ.  / хх 56-57 / 

б/.2019 оны  06 сарын  13 нд  18270941/02 тоот    эд хөрөнгө  хураах тогтоолоор барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031989 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 60 дугаар байр, 15 тоотод байрлах 68 м.кв 2 өрөө орон сууцыг  хурааж тэмдэглэл үйлдсэн  байна.  /хх 58,59/

 Дээрх явуулсан  ажиллагаа нь шүүхийн  шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн  14 дүгээр зүйлийн  14.3-д “ Шийдвэр гүйцэтгэгч  мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах, ... бөгөөд  биечлэн, эсхүл  шуудангаар хүргүүлнэ” гэж зааснаар  төлбөр төлөгч нарт   биечлэн гардуулж  тэмдэглэл   хөтөлж гарын үсэг зуруулсан  нь баримтаар тогтоогдож байгаа ба    хуулийн  дагуу  явуулсан  байна.         Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэн  мэдэгдэх хуудас  гардуулж өгөөгүй, мэдэгдээгүй  хууль бус  явуулсан  гэх үндэслэл  тогтоогдохгүй  байна. 

 в/.  Дараа  нь Иргэний хуулийн  177 дугаар зүйлийн  177.1-д зааснаар  төлбөр төлөгч Д.Эрдэнэчимэг, хөрөнгийн  өмчлөгч  Н.Батмандах, төлбөр  авагч нараас 2019 оны  06 сарын 19 нд  тус тус  үнийн санал авсан байна. /хх 60-61/

 Төлбөр төлөгч үнийн саналаа   150,000 000  сая гэснийг   төлбөр авагч  Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч  үнийн саналыг  зөвшөөрөхгүй гэжээ. Талууд үнийн  саналыг тохиролцоогүй тул  Шийдвэр гүйцэтгэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  55  дугаар  зүйлийн 55.2.2.д  зааснаар     2019 оны  06 сарын 24 нд  шинжээч томилох тухай  205 тоот  тогтоол гаргасан байна. /хх 62 /

 Хөрөнгийн  үнэлгээний   “Баян модот” ХХК   үл хөдлөх хөрөнгийг  80 276 000 төгрөгөөр тогтоожээ. /  хх  93-103/  

Шинжээчийн тогтоосон үнэлгээг   төлбөр төлөгч Д.Эрдэнэчимэг, Н.Батмандах нарт  2019 оны  06 сарын  28 нд  мэдэгдэж       2019 оны 7 сарын 01 нд  Д.Эрдэнэчимэг  нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  “ өөрөө  зарж  борлуулах тухай “ хүсэлт бичсэн байна. /хх 64/,

 Шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх  тухай хуулийн  55 дугаар зүйлийн  55.3-д “ ...  шинжээчийн дүгнэлтийг ажлын  3  хоногийн  дотор  талуудад    мэдэгдэж, дүгнэлтийг  танилцуулж, санал хүсэлтийг  авч  тэмдэглэл   хөтөлнө”  гэж  зааснаар  хуульд заасан    ажиллагааг  явуулсан  болох  нь   тогтоогдсон  байна.

Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  62 дугаар зүйлийн  62.2-д  “ ...  бие даан  худалдан борлуулах  1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ  хугацаанд албадан  борлуулах ажлыг зогсооно” гэж  зааснаар  төлбөр  төлөгчид   хуульд заасан  хугацаа олгож   7 сарын  1-ээс  9 сарын  06  хүртэл хугацаанд   албадан  борлуулах хугацаа зогссон  байна.    

   2019 оны 08 сарын 22 нд албадан дуудлага  худалдаа явуулах тухай  №9/4 тогтоол  гарч 2019.08.22 нд  талуудад   мэдэгдсэн   байна.  / хх 63-68/.

 Иймд хариуцагчийг    орон сууцны  үнэлгээг   төлбөр  төлөгчид   мэдэгдээгүй,үнэлгээг  танилцуулаагүй гэсэн нэхэмжлэгчийн  тайлбар нь  баримтаар нотлогдохгүй  байна.   

 2019 оны 09 сарын  06 нд  анхны  албадан дуудлага  худалдаа явагдаж  анхны  дуудлага  худалдаагаар  борлогдсон  тухай   мөн өдрөө  4/19197  тоот албан  тоотоор  мэдэгдсэн  болох нь  хэрэгт авагдсан   баримтуудаар тогтоогдож  байна.   / хх 69-73/    Нэхэмжлэгч  нь  албадан  дуудлага  худалдаа  явуулах үнийн саналын талаарх гомдлоо хуульд зааснаар   7  хоногийн  дотор    ахлах  шийдвэр гүйцэтгэгчид гаргах  байсан  байна. Өөрөөр хэлбэл   2019  оны  9  сарын  14 ны  өдөр гаргах  байжээ. Гэтэл 2019.10.9 нд гомдол гаргасан нь     хуульд заасан  хугацааг хэтрүүлсэн   байна.      / хх 76/  

 Нэхмжлэгчээс   2 өрөө  орон сууцыг  зах зээлийн үнээс доогуур  үнэлсэн гэх талаар  нотолсон  баримтаа  шүүхэд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2,  38 дугаар зүйлийн  38.1.1-д  зааснаар     нэхэмжлэлийн  шаардлага, түүний үндэслэлийн  талаарх  нотлох  баримтыг өөрөө  цуглуулах,  үүргээ  хэрэгжүүлээгүй  гэж  үзлээ.    

   Шийдвэр гүйцэтгэх газраас албадан дуудлага  худалдаагаар  төлбөрт хураагдсан Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 60 дугаар байр, 15 тоотод байрлах 68 м.кв 2 өрөө орон сууц нь  2019.09.06 нд  худалдан борлогдсон тул   2019.11.21 нд  чөлөөлөхийг  мэдэгдсэн   мэдэгдлийг   2019 оны 11 сарын 15 нд  4/25800 тоотоор хүргүүлсэн болох нь , мөн албадан дуудлага  худалдаа  дуусгавар  болж өмчлөх эрх шилжүүлэх тогтоол, битүүмжилсэн, хураасан  хөрөнгө чөлөөлөх тогтоол зэргийг   төлбөр  төлөгч  нарт мэдэгдсэн үйл   баримтууд   тогтоогдож  байна.  / хх -77-90 /  

Дээрх  үйл  баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1-д  зааснаар   хэрэгт хамааралтай     ач  холбогдолтой  гэж үнэлэв. Хариуцагч  талыг   хууль зөрчиж албадан дуудлага худалдаа  явуулсан  гэх  үндэслэл  баримтаар тогтоогдохгүй  ба  хуулийн шаардлагад  нийцүүлж  явуулсан байна.

Иймд нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгт  мэдэгдэлгүйгээр зах зээлийн үнээс доогуур үнээр үнэлж   албадан дуудлага  худалдаа  явуулсан  гэх үндэслэл нотлогдохгүй   байх  тул  нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэв.      

                    Хэрэг хянан  шийдвэрлэх   ажиллагаа  явуулсан тухайд:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг шүүхэд  2019 огы  12 сарын  9  нд  нэхэмжлэл гаргаж, иргэний хэргийг мөн оны  12 сарын 16 нд үүсгэжээ. Нэхэмжлэгч нь  иргэн  О.Отгонцэцэгт   2020 оны  02 сарын 13 нд    итгэмжлэл олгосон  байна.  / хх 107/,

Шүүх  хуралдаан  нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн   хүсэлтээр 2020.02.14,  2020.03.12, мөн  3 сарын 26 ны  өдрүүдэд  тус тус    хойшилсон  байна. 

2020 оны  04 сарын  17-ны  өдрийн хурлын  товыг  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 3 сарын  26 нд мэдэгдсэн ба хурлын товд  гарын  үсэг  зуруулж  баталгаажуулсан  байна.  /хх 128 /

      Гэтэл   итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь өмгөөлөгчтэй  оролцох тухай  хүсэлтээ  хурал болох  16.00 цагт   бичгээр ирүүлсэн  нь   хүндэтгэн үзэх шалтгаан гэж  үзэх үндэслэлгүй  ба  хурал болохоос  өмнө  ирүүлэх боломжтой  байсан  гэж үзлээ.

     Түүнчлэн  хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч  нараас    удаа  дараа   шүүх хуралдаан  хойшилж  байгаа нь  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа  болон  шүүн  таслах  ажиллагаанд  санаатай  саад  учруулж  байна.   Хуульд зааснаар  хавтаст хэрэгт  цугларсан  нотлох  баримтыг  үндэслэн  шийдвэрлэх  талаар   бичгээр хүсэлт ирүүлсэн нь    Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн  100 дугаар зүйлийн  100.2-д зааснаар  хариуцагчийн  хүсэлтээр  шүүх  хэргийн  нотлох баримт болон  бусад нөхцөл  байдлыг харгалзан  нэхэмжлэгч  нарыг  эзгүйд шийдвэрлэнэ гэсэн хуулийн  шаардлагад  нийцэж  байх тул  түүнийг  эзгүйд  шийдвэрлэсэн  болно.  

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн  100.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д  заасныг баримтлан Д.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Албадан дуудлага худалдааг  хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ОЮУНЦЭЦЭГ