Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/577

 

 

 

 

 

 

 

 

   2023         05          31                                  2023/ШЦТ/577    

 

 

                                 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

           Улсын яллагч: Э.Б,

Нарийн бичгийн дарга: Л.Х

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгч А.Н, Б.М тэдгээрийн өмгөөлөгч Д.Г, Б.Ш,

Шүүгдэгч Я.О, түүний өмгөөлөгч Н.Н

Шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч О.Б нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.Н, М овогт Б.М, Б овогт Н.Н, Ш овогт Я.О нарт холбогдох эрүүгийн 2209000001170 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Нэг. Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

            2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар,

            2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 460 дугаартай тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 425 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А.Н

Хоёр. Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт “Юбиксолюкшин” ХХК-д дампын оператор ажилтай , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,

2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгэгдэж уг ялыг тэнсэж хянан харгалзсан,

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1657 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон,

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 622 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон,

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1336 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 452 дугаартай шүүгчийн захирамжаар үлдэгдэл 5 сар 2 хоногийг хугацааны өмнө тэнсэж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Я.О

Гурав. Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын үүд сумын 1 дүгээр 116-21 тоотод бүртгэлтэй боловч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

2013 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн Төв аймгийн Сум дундын  шүүхийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаа  тэнсэж хянан харгалзсан,

2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1442 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, М овогт Б.М

Дөрөв. Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг эх дүүгийн хамт “Эм Си Эс” ХХК-д түгээгчээр ажилладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  3 удаагийн ял шийтгэлтэй,

2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1391 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, эдлээгүй үлдсэн 172 цагийн ялыг 21 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дууссан,

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1433 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н.Н

 

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.М А.Н, Н.Н Я.О нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 05 дугаар сарын 15-аас 16-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 69 дүгээр цэцэрлэгийн хажуу талын зогсоолд байрлуулсан хохирогч Ш.М-н эзэмшлийн 06-65 УБХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,400,000 төгрөгийн хохирол,

 

Хохирогч Г.Б-ын эзэмшлийн 15-93 УАР улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,400,000 төгрөгийн хохирол бусдад нийт 2,800,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан энэ гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасаэ гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид хэд тэр өдөр машинтайгаа явсан нь үнэн. Гэхдээ машинаа гаражийн тэнд хол тавьсан байсан. Тэгээд 2 яндан аваад цэцэрлэгийн хашааны тэнд модон доор нуусан байж байгаад хэсэг амраад яндангаа юманд боогоод 100 айлын Жобигийн тийшээ алхаж явсан. Тэгээд машинаа дуудсан. Түүнээс биш машинаараа хаагаагүй. Хулгай хийхэд машинтай байгаагүй. Мөн машиндаа ачсан зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч Я.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Машинаа хол тавиад цэцэрлэгийн хашаа руу шургаж ороод яндангаа модны доор нууж тавьсан...” гэв.

Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Эрүүгийн 2209000001170 дугаартай хэргээс:

Хохирогч Ш.М-ын мэдүүлэг /1хх-ийн 24-26 дугаар хуудас/,

Хохирогч Г.Б-ын мэдүүлэг /1-р хх-ийн 186-187 дугаар хуудас/

Гэрч Н.Н-гийн мэдүүлэг /1хх-ийн 38-39 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 18-21, 179-82 дугаар хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 27-28, 31-32, 192-193 дугаар хуудас/

Сидид үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 44-45 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Нэг. Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.М А.Н, Н.Н Я.О нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 05 дугаар сарын 15-аас 16-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 69 дүгээр цэцэрлэгийн хажуу талын зогсоолд байрлуулсан хохирогч Ш.М-ын эзэмшлийн 06-65 УБХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,400,000 төгрөгийн хохирол,

Мөн хохирогч Г.Б-ын эзэмшлийн 15-93 УАР улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,400,000 төгрөгийн хохирол бусдад нийт 2,800,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Ш.М-ын “...Өчигдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд 69 дүгээр цэцэрлэгийн баруун талын шороон зогсоолд өөрийн эзэмшлийн 06-65 УБХ улсын дугаартай приус 20 маркийн машинаа байрлуулж тавиад 2022 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 09 цагт ирж асааж үзэхэд нүүрсэн яндан алдагдсан байсан болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Б-ын “... Өчигдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 15-ны 22 цаг 30 минутын орчимд 69 дүгээр цэцэрлэгийн баруун талд байх шороон зогсоолд өөрийн эзэмшлийн 15-93 УАР улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг байршуулан тавьсан. Өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 16-ны 08 цагийн орчимд машинаа асааж үзэхэд нүүрсэн яндан нь алдагдсан байхаар нь 102-т дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Н-гийн “...Би 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр найз охиныхоо гэрт буюу Баянгол дүүргийн 25 дугаар хороо Голден паркт байж байхад миний 88750505 дугаар луу Н залгаад Тоёота приус-20 маркийн автомашины нүүрсэн яндан авах уу? гэж асуусан тэгэхээр нь авна гэж хэлсэн. Тэгээд удалгүй над дээр ирсэн Тэгээд машинаас тайлж авах байх гэж бодсон чинь хугалаад тасалцан яндан байсан. Тэгэхээр нь сэжиглээд хулгайн яндан байж магадгүй гэж бодоод асуудалгүй юм байгаа биз дээ гэж асуусан чинь манай ахын яндан асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд би 2 ширхэг нүүрсэн янданг 5.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Би авсан хоёр нүүрсэн яндангаа яндан худалдаж авдаг Доогий гэдэг Өвөр монгол хүнд 5.400.000 төгрөгөөр зарсан. Би Н-д мөнгө өгөхдөө Доогий гэдэг Өвөр монгол хүнээс мөнгө авч өгсөн...” гэх мэдүүлэг,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №СБ2-22-847 дугаартай “....тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2022 оны 07 сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.400.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Иймд шүүгдэгч Н.Н, А.Н, Б.М, Я.О нарт Сүхбаатар дүүргийн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч  нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Я.О-ын эзэмшлийн Hyundai sonata-NF маркийн 1764 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр халдлагын зүйл болох нүүрсэн янданг  тээвэрлэж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Улсын яллагчаас: “...Гэмт хэрэг үйлдсэн шинж болон хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тээврийн хэрэгслийн үнэ болох 2.404.507 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах саналыг,

Өмгөөлөгч нараас: “...Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцлүүдийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3-т  заасныг хэрэглэж  хорих  ялын доод хэмжээний ½-аас багагүй ял оногдуулах саналыг тус тус гаргаж, хохирогч Г.Б, Ш.М нараас хохирол төлбөрийг хүлээн авсан, гомдол санал байхгүй талаар хүсэлт /2хх-79,80 дугаар хуудас/-ийг хэрэгт хавсаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар шүүхэд эрх олгосон заалтыг хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч нарын  үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3-т заасныг  хэрэглэх боломжтой гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Н, А.Н, Б.М, Я.О нарыг тус бүрт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Б.М нь ам бүл тавуулаа байсан боловч эхнэрээсээ салаад 4-12 насны 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдарч байгаа эцэг хүн байгаа талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс мэдүүлэг тайлбар гаргаж байх боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул ганц бие эцэг гэж үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдав.

Хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан /2 дугаар хавтаст хэргийн 85 дугаар талд авагдсан Hyundai sonata-NF маркийн 1764 УБЯ улсын дугаартай/ автомашины үнэлгээ буюу 2.404.507 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н, А.Н, Б.М, Я.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шүүгдэгч нарыг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.2  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг тус тус журамлан шүүгдэгч Б овогт Н.Н, Б овогт А.Н, М овогт Б.М, Ш овогт Я.О нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Н, А.Н, Б.М, Я.О нарыг тус бүр 1эг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, А.Н, Б.М, Я.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Н.Н, А.Н, Б.М, Я.О нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Я.О-ын өмчлөлийн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгө орлогоос хувь тэнцүүлэн, шүүгдэгч тус бүрээс 601127 /зургаан зуун нэг мянга нэг зуун хорин долоон/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Н, А.Н, Б.М, Я.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н, А.Н, Б.М, Я.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН