Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0272

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Б

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.М нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн Т.Б-н зүгээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/587 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Т.Б нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/667 дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17554 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан. Гэвч Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/587 дугаар захирамжаар Т.Б-г газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр уг газрын хүчингүй болгосон байна.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 02-06/4849 дугаар албан бичгээр гардан авчээ. Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ханджээ.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/667 дугаар захирамж, мөн тус захирамжийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Т.Б-д олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 17.554 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан.

Гэтэл Т.Б-н газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/587 дугаар захирамжаар хүчингүй болгож, газар эзэмших эрхийг нь дуусгавар болгож шийдвэрлэсэн тухай 02-06/4849 дүгээр мэдэгдлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас захирамжийн хамт вайбераар 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр явуулсан. Үүнээс өмнө 2021 оны 6 дугаар сарын сүүлд нэхэмжлэгч газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчлүүлэх хүсэлтийг Газар зохион байгуулалтын албанд гаргасан бөгөөд энэхүү хүсэлтийнхээ шийдвэрлэлтийг тодруулахаар 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дүүрэг хариуцсан газрын албаны ажилтантай уулзахад 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 02-06/4414 дүгээр мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн. Уг мэдэгдэлд нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар дурдаж, тайлбар, нотлох баримт ирүүлэхийг мэдэгдсэний дагуу тайлбар бичиж өгсөн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Т.Б-н тайлбар, баримтыг судлалгүй Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг гаргасан нь Т.Б-н Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т заасан газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрхийг ноцтой зөрчиж байгаа төдийгүй маргаан бүхий А/587 дугаар захирамж гарахаас өмнө “М” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийг өөрийн эзэмшлийн газар дээрээ хашаа барих үйл ажиллагаанд хууль бусаар саад учруулан нурааж, газар дээр цаашид хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалт,  цаг хугацаа алдах нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байна. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48 1-т “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгоход хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран хүчингүй болгоно” гэж заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн захирамжийн хууль зүйн үндэслэлээ тодорхойлохдоо Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүргээ зөрчсөн” мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг зөрчсөн гэжээ. Нэхэмжлэгч нь газар эзэмшүүлэх гэрээнд заасан аливаа нөхцөл, болзлыг зөрчөөгүй, газрын төлбөрийг гэрээнд заасан төлбөрийн хэмжээгээр төлж ирсэн. Газар эзэмших гэрээ, гэрчилгээг гардан авснаас хойш газрын зориулалтыг өөрчлөх, үүний дагуу хүсэлтээ хуульд зааснаар гаргаж шийдвэрлүүлэх, хөрөнгө оруулалтаа төлөвлөх, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаажуулах ажлыг хийлгэх зэрэг цаг хугацаа шаардсан ажлуудыг тасралтгүй хийж ирсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга захирамждаа Газрын тухай хуулийн 35.1 дэх хэсгийг үндэслэсэн байх боловч нэхэмжлэгчийг гэрээнд заасан яг ямар эрх, үүргээ зөрчсөн болохыг тодорхой заагаагүй байна. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчөөгүй.

 Учир нь Т.Б-д Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/667 тоот захирамжаар тус газрыг эзэмших эрх олгосон тус захирамжийн 2 дахь заалтад зааснаар газар эзэмших эрхийг шилжүүлж авч байгаа иргэн буюу Т.Б-д хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үүргийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан байдаг. Нэгэнт газар эзэмшүүлэх захирамж шийдвэр гарсан бол газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ, түүн дээр үндэслэн гэрээ байгуулах үүрэг нь төрийн байгууллагын өөрийн чиг үүрэг болохыг Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт баталгаажуулсан байдаг. Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны зүгээс дээрх захирамжийг биелүүлэхгүй, ямар нэг үндэслэл, шалтгаангүйгээр Т.Б-тай гэрээ байгуулж гэрчилгээ олгохгүй явсаар 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн огноо бүхий газар эзэмшүүлэх гэрээнд гарын үсэг зуруулж мөн өдөр хэвлэгдсэн 000048797 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Т.Б-д 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл, гэрчилгээ, гэрээг хүлээн авсан энэхүү өдрөөс газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрх, гэрээний үүргээ биелүүлэх нөхцөл, боломж нэхэмжлэгч Т.Б-н хувьд бүрдэж байгаа болно.

Энэ талаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу Т.Б-д газар эзэмших эрх газрын гэрчилгээг гардуулан өгч,  газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үүсэж буйг, мөн Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно” гэж тодорхой тайлбарласныг онцлон дурдмаар байна. Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаас хойш нэг жил орчим, гэрчилгээ гарснаас хойш 6 сарын дараа гэрчилгээг өгч, гэрээ байгуулж байгаа талаараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд Т.Б-н зүгээс дэлхий нийтийг хамарсан цар тахлыг төрийн зүгээс дотооддоо алдахгүй байх, төрийн байгууллагын ажлын чиг үүрэг, уялдаа холбоо бүхий л анхаарлаа тус өвчинтэй тэмцэхэд зориулж байгаатай холбоотой байх хэмээн ойлгож, хүлээцтэй хандаж ирсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “...бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж” гэж заасныг зөрчиж Т.Б-н сонсох ажиллагаанд гаргасан тайлбар үндэслэлийг судалж тодруулалгүй газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуулийн болон бодит үндэслэлгүй байна.

Түүнчлэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хэвлэгдсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг надад 2020 оны 6 дугаар сард хүлээлгэн өгсөн боловч гэрчилгээ хэвлэгдсэн огнооноос хойш 2 жилийн хугацаа ч дуусаагүй байгааг хараад мэдэхгүй байх учиргүй. Иймээс Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хуулийн болон бодит үндэслэлгүйгээр зөрчиж хүчингүй болгож байгаа нь хууль бус.

Шүүхээс маргаан бүхий А/587 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосноор газраа Газрын тухай хуульд заасан гэрээнд заасан нөхцөл болзлоор эзэмшиж, ашиглах нэхэмжлэгчийн эрх хамгаалагдаж сэргэнэ. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосноор Т.Б-д газар эзэмших эрх олгосон 2019 оны А/667 дугаар захирамж түүний дагуу олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний үйлчлэл сэргэх юм.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/587 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны тайлбар байдаг. Тус тайлбарт гэрээ хийгдэж, гэрчилгээ гарснаас хойш 2 жилийн хугацааг тоолно гэж дурдсан. Учир нь гэрчилгээ гарсны дараа газар эзэмших эрх үүсдэг. Гэрээний дагуу талууд эрх, үүрэг хүлээдэг. Хариуцагч захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулдаг. Хуульд зааснаар энэхүү гэрээ нь эрх зүйн үр дагавар үүсгэдэг бөгөөд талуудын хоорондын харилцааг зохицуулдаг.

Захиргааны байгууллага нь тухайн гэрээнд “та газраа гэрчилгээ гарснаас хойш 2 жил ашиглахгүй байвал бид цуцална” гэж тодорхой тусгасан байдаг тул гэрчилгээ авснаас хойш 2 жил ашиглахгүй байвал цуцлах юм байна гэсэн ойлголтыг нэхэмжлэгч авсан. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллагад итгэх, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэл хамгаалагдах учиртай. Энэ 2 жилийн хугацааг тоолохдоо 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буюу гэрээний огноогоор тоолох нь үндэслэлтэй байна. Шилжиж ирсэн газрын хувьд Нийслэлийн Засаг дарга захирамж гаргана, дараа нь гэрчилгээ гарч, гэрээ байгуулагдана. Тэгэхээр хэзээ шийдвэр хүчин төгөлдөр болох талаар Газрын тухай хуульд тодорхой заасан. Газар эзэмших эрхийг анх шилжүүлж авах 2 төрөлтэй байдаг. Эхний хүнээс дараагийн хүнд шилжүүлж авах үед Т.Б*******д хэзээ эрх үүсэх талаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т тодорхой заасан буюу “... гэрчилгээ гарснаар ...” гэж заасан. Гэрчилгээ гараад 2 жил болоогүй учраас газар ашигласан, ашиглаагүй нь маргаанд хамааралгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү“ гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/799 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 8000 м.кв газрыг амины орон сууцны хотхоны зориулалтаар иргэн Ш.Я-д 9554 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар иргэн Х.Э-д 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн байна. Иргэн Х.Э, Ш.Я нарын газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/667 дугаар захирамжаар иргэн Т.Б-д амины орон сууцны хотхоны зориулалтаар 17554 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 115 дугаар захирамжаар яармагийн 5 дугаар хорооны нутагт иргэн Д.Г-т морин тойруулга барьж ашиглах зориулалтаар 70 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/725 дугаар захирамжаар иргэн Д.Г-т Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 541400 м.кв газрыг морин тойруулгын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/991 дүгээр захирамжаар иргэн Д Г-с “М-к” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 115 дугаар захирамжаар иргэн Д.Г-т эзэмшүүлсэн анхны газар олголттой холбогдуулан маргаан үүссэн байдаг. Иргэн Т.Б нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заалтад заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 02-06/4414 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгдсэн.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/587 дугаар захирамжаар иргэн Т.Б нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх” 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/587 дугаар захирамж нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Нийслэлийн Засаг даргын зүгээс 2021 оны А/587 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 02/14410 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн. Тухайн шийдвэрийг гаргахдаа буюу маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг үндэслэсэн. Гэрээнд заасны дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй гэдэг нь үйл баримтаар тогтоогдсон.

Нийслэлийн Засаг даргаас тухайн маргаан бүхий актыг гаргахдаа өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлж гаргасан. Тухайн газарт Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан инженерийн шугам сүлжээтэй давхцаж, олгох боломжгүй газар юм. Иймд шүүх шийдвэрээ гаргахдаа Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг харгалзан үзнэ үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

8. Нэхэмжлэгч Т.Б-сгаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

9. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Газрын албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/667 дугаар захирамжийн хавсралтад зааснаар найман иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж шийдвэрлэсний нэг нь нэхэмжлэгчийн шилжүүлж авсан газар эзэмших эрх ажээ.

10.Тодруулбал, Т.Б-д Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/667 захирамжийг үндэслэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 178110493 дугаар бүхий 17554 м.кв газрыг амины сууцны хотхон зориулалтаар 15 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлж эрхийн улсын бүртгэлийн Э-22** дугаарт бүртгэж, 0000**97 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосноор нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр газар эзэмших эрхтэй болжээ.

11. Хариуцагч нийслэлийн Засаг даргаас дээрх захирамжийн дагуу газар эзэмшигч иргэн Т.Б-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгож, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/587 дугаар захирамжаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь энэхүү захирамжийг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, “газар эзэмших эрхийн гэрчилгээг гардан авснаас хойш 2 жилийн хугацаа дуусаагүй, гэрчилгээ авснаас хойш дэлхий нийтийг хамарсан цар тахал тархсаныг үнэлээгүй, шийдвэр нь бодит байдалд нийцэж гараагүй” зэргээр болон Тодорхойлох хэсгийн 4-д заасан үндэслэлээр маргаж байна.

12. Маргаан бүхий захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1. “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг тус тус үндэслэн гарсан ба шүүхээс маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахдаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн.

13. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д газар эзэмших эрх ямар тохиолдолд дуусгавар болохыг заасан бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ямар тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг нэрлэн заажээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэхдээ маргаан бүхий захирамждаа Газрын тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг үндэслээгүй нь буруутай байна.

14. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарласан эх сурвалж болох Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд: “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Харин “...зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно...” гэж заасан.

15. Маргаан бүхий энэ тохиолдолд газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсон өдрөөс хойш хуанлийн бүтэн хоёр жил өнгөрөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, дээрх тайлбарт нийцээгүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1. “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” заалтыг зөрчсөн зөрчилгүй гэдэгт хэргийн оролцогчид маргаагүй байна.

16. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг хариуцагч захиргааны байгууллага хэрэгжүүлж ажиллаагүй.

17. Энэ байдал нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 07/4690 дүгээр албан бичиг, түүний хавсралтаар “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/587 дугаар захирамжийн хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Хяналтын дагалдах хуудас”, Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн төсөл хоёр хувь, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн Т.Б-д хүргүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 02-06/4414 дүгээр албан бичиг, газрын мэдээллийн сангаас татсан кадастрын болон сансрын зураг” ирүүлснээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагчаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахдаа дээр дурдсан хуульд заасан ямар нөхцөл байдлууд тогтоогдсоныг тэр дундаа нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүргээ хэрхэн хэрэгжүүлээгүй вэ гэдгийг тогтоосон баримтууд байхгүй байна.

18. Иймээс хариуцагч нь Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах талаарх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1. “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж шүүх дүгнэлээ.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэснийг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг баримтлан иргэн Т.Б-с Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/587 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.Б