Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2026/0014

 

 

 

 

 

                                       

А.А*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагч Т.Д*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч А.А*******

Хариуцагч “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагч

Нэхэмжлэлийн шаардлага: “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-67 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0507 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2025/0399/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.А*******оос “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан ““К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-67 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0507 дугаар шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, Банкны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 35 дугаар зүйлийн 35.5, 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.А*******оос К******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, К******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Авлагын эрсдэлийн сангаас хорогдуулах тухай А-67 дугаар тушаалыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагч Т.Д******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1....А.А******* нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд К*******инд ажиллаж байсан, орон сууц худалдаж авсан нийт 23 иргэн, орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан талын төлөөлөл 2 иргэн гэрчийн мэдүүлэг өгөхдөө орон сууцыг 1,350,000.00 төгрөгөөр худалдаж авахаар барилгын компанитай гэрээг байгуулж төлбөрийг төлсөн бөгөөд орон сууцны ипотекийн 8 хувийн зээл хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор К*******наас орон сууцны үнийг зохиомлоор 1,800,000.00 төгрөг болгож нэмэгдүүлж, зөрүү төлбөрийг ажилтантай тогтвортой ажиллах гэрээг байгуулж, ажилласан хугацаагаар тооцож хорогдуулах нөхцөлийг тохиролцож байсан ба уг авлагыг төлөх үндэслэлгүй, банкны удирдлагууд хуурамчаар хийсэн гүйлгээ, одоо Монголбанкны мэдээллийн санд авлагыг муу ангилалтайгаар бүртгэсэн нь тэдний санхүүгийн харилцаанд орох боломжийг хязгаарласан тул гомдолтой байгаа тухай мэдүүлсэн байдаг. Шүүх эдгээр иргэдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн, үүнийг эдгээр иргэдээс нэхэмжлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн учир "К*******" ХХК дахь Банкны эрх хүлээн авагч БЭХА 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-67 дугаар "Авлагын эрсдэлийн сангаас хорогдуулах тухай" тушаалаар 583,015,875.00 төгрөгийг авлагын эрсдэлийн сангаас хорогдуулж, хорогдуулсан дүнгээр А.А*******ын нэр дээр авлага үүсгэхдээ шүүхийн шийдвэрийг үндэслэсэн нь зүйтэй юм.

3.2.Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхэд маргаан бүхий тушаалд дурдсан 583,015,875.00 төгрөгийн авлагыг банкны эргэн төлөгдөх хөрөнгө 1387,839,880,355.00 төгрөг/-д оруулж тооцсон гэж зөв дүгнэсэн боловч шийтгэх тогтоолд уг авлагыг А.А*******оос нөхөн төлүүлэхээр шийдвэрлээгүй байхад А.А*******ын нэр дээр авлагын данс нээж бүртгэсэн нь үндэслэлгүй, муу ангилалтай активыг эрсдэлийн сангаас хорогдуулж болох ба энэ тохиолдолд тэнцлийн гадуур дансанд бүртгэж, төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр байна гэж дүгнэсэн нь буруу болсон. Өөрөөр хэлбэл захиргааны шүүх иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаанд хальж орж, төлбөр хариуцах этгээдийн талаар дүгнэлт хийсэн ба орон сууц худалдаж авсан иргэдээс нэхэмжлэх үндэслэлгүй байхад тэдгээр иргэдээс төлүүлэх ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй болсон. Банкны эрх хүлээн авагч 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-67 дугаар “Авлагын эрсдэлийн сангаас хорогдуулах тухай" тушаалаар 583,015,875.00 төгрөгийг авлагын эрсдлийн сангаас хорогдуулж, хорогдуулсан дүнгээр А.А*******ын нэр дээр авлага үүсгэж төлүүлэх ажиллагааг гүйцэтгэж буюу 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 892 дугаар албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШЗ2024/24549 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд явуулж байгаа тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байсан ба нэхэмжлэгч тал үүнийг үгүйсгэдэггүй.

3.3.Анхан шатны шүүх маргаан бүхий А-67 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 583,015,875.00 төгрөгийг төлөх эрх зүйн үр дагавар үүсч байх тул "К*******" ХХK дахь Банкны эрх хүлээн авагчийн энэхүү шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан "захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр" шинжийг бүрэн агуулсан захиргааны акт байна гэж дүгнэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй болно.

3.4.Захиргааны хэргийн шүүх нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох захиргааны байгууллагаас (актын хувьд) тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа (захиргааны акт)-тай холбоотой иргэн хуулийн этгээдээс гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй гэж үздэг. 

3.5.Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т "Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хувааарилах, чиг үүрэгтэй байна, 69.1-д "Банкны хөрөнгийг захиран зарцуулах, банкийг төлөөлөх, удирдах, банкны өр төлбөрийг хязгаарлах, шилжүүлэх, зогсоох, банкнаас байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээг цуцлах, шаардлагатай ажилтан авах, чөлөөлөх, банкны нэрийн өмнөөс гэрээ байгуулах" зэргээр банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрх тодорхойлогдсон бөгөөд үүнээс үзэхэд банкны эрх хүлээн авагч нь тухайн эрх хүлээн авч буй банкны удирдлагын зарим чиг үүргийг хууль болон Монголбанкнаас зөвшөөрөгдсөн хязгаарын хүрээнд хэрэгжүүлдэг этгээд болохоос нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу захиргааны байгууллага биш болно. 

3.6.Банкны эрх хүлээн авагчийн банкны активыг төлүүлэх ажиллагааны хүрээнд гаргасан тушаал нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн байх захиргааны актын шинжийг агуулаагүй.

3.7.Анхан шатны шүүх “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 221/ШТ2025/368 дугаартай тогтоолд уг маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх талаар дүгнэсэн, эцсийн шийдвэр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Банкны эрх хүлээн авагчийн банкны активыг төлүүлэх ажиллагааны хүрээнд гаргасан тушаал нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн байх захиргааны актын шинжийг агуулаагүй гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Тус тогтоол нь хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа биш, тухайн үед хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэсэн тул шүүгчийн энэ дүгнэлт үндэслэлгүй.

Банкны эрх хүлээн авагч нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу захиргааны байгууллага мөн эсэх, Банкны эрх хүлээн авагчийн тушаал, шийдвэр нь захиргааны актын шинжийг агуулдаг эсэх талаар маргаан өмнө нь үүсч байсан ба Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 356 дугаар тогтоолоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нэхэмжлэлтэй, "К*******" ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэхдээ Банкны эрх хүлээн авагч нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу захиргааны байгууллага биш бөгөөд тушаал шийдвэр нь актын шинжийг агуулдаггүй гэж дүгнэсэн нь хүчин төгөлдөр хэвээр байна.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2023/00040 дугаар "Бишрэлт пропертиз” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “К*******" ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ мөн адил дүгнэлт хийж байсан юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.                                                          

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

            1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2224 дүгээр захирамжаар:

            “...захиргааны байгууллагад нэхэмжлэл гаргагчийн хариуцагчаар тодорхойлсон “К*******” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч хамаарахгүй, түүний авлагын эрсдлийн сангаас хорогдуулж, хорогдуулсан дүнгээр нэхэмжлэл гаргагчийн нэр дээр авлагын данс нээж бүртгэсэн үйлдэл нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн гаргасан захирамжилсан шийдвэр биш,

…эрх хүлээн авагчийн 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А-67 дугаар тушаал нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 761 дүгээр магадлалд үндэслэсэн буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарахаар байх тул уг шийдвэртэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй” гэж дүгнэн дээрх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 368 дугаар тогтоолоор хүчингүй болгохдоо:

“…маргаан бүхий 2023 оны А-67 дугаар тушаал нь “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас дээрх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захирамжилсан шийдвэр байх тул уг маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл эрх хүлээн авагчийн А-67 дугаар тушаалаар шийдвэрлэсэн асуудал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй…” гэж дүгнэсний дагуу шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 3112 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн нь давж заалдах шатны шүүхийн дээрх тогтоолд нийцсэн, мөн тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7 дахь хэсэгт зааснаар эцсийн шийдвэр байх боловч Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 356 дугаар тогтоолоор банкны эрх хүлээн авагчийг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан захиргааны байгууллагад, гаргасан шийдвэрийг нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актад тус тус хамаарахгүй гэж дүгнэсэн төдийгүй “К*******” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан,

-Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор “…Банкны эрх хүлээн авагчийн татгалзлыг эс зөвшөөрсөн маргааныг Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэвэл зохих маргаан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хуульд нийцээгүй байна…” гэж дүгнэн, “К*******” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох иргэний хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байх тул эрх зүйн хүчин чадал, эрэмбэ, үр дагаврын хувьд давж заалдах шатны шүүхийн тогтоолоос илүү шүүхийн хуулийн хүчин төгөлдөр эдгээр тогтоолд дүгнэсний дагуу “К*******” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Хууль зүйн хувьд ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах нэг үндэслэлийг “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж тодорхойлсон, иймд энэхүү маргааны тухайд дээр дурдсан тогтоолоос өөрөөр дүгнэх эрхгүй тул давж заалдах шатны шүүхээс процессийн хүрээнд дүгнэлт өгч, харин шийдэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 24549 дүгээр захирамжаар “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.А*******од холбогдох “гэм хорын хохирол 583.015.875 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээр иргэний хэрэг үүссэн байх тул энэхүү маргаан иргэний журмаар шийдвэрлэгдэх болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0507 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А.А*******ын нэхэмжлэлтэй “К*******” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн “Авлагын эрсдэлийн сангаас хорогдуулах тухай” А-67 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хариуцагч “К*******” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч Т.Д*******гийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

 

                     ШҮҮГЧ                                                Н.ДОЛГОРСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                Э.ЛХАГВАСҮРЭН