Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1292

 

 

 

 

 

 

 

 

 

                                           “Б”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00524 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Б”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ТХ”ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 54 117 773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Мөнх-Оргил,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Сувд,

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Ариунаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Мөрөн сумын төвд баригдсан "50 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажилд “ТХ”ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Манай зүгээс гэрээгээр тохирсон ажлыг 2015 оны 10 дугаар сарын 15-ний өдөр захиалагч талд 100 хувь гүйцэтгэж үр дүнг хүлээлгэн өгсөн. Харин нөгөө талаас гэрээгээр хүлээсэн үүрэг болох хөлс төлөх үүргээ 100 хувь гүйцэтгээгүй. Иргэний хуулийн 343.1-т зааснаар “... гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 206.1. Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ" гэж заасны дагуу захиалагч тал болох “ТХ”ХХК-иас ажлын хөлсыг хүлээлгэн өгөх үүргээ төлөх зохих ёсоор гүйцэтгээгүй буюу нийт ажлын үнэлгээ болох 60 000 000 төгрөгөөс 20 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 40 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа нь зохих ёсоор гүйцэтгээгүй гэж харагдаж байна. Манай зүгээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүрэг болох ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн. Гүйцэтгэгчийн зүгээс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр захиалагчид гэрээгээр тохирсон ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн. Захиалагч тал ажлын үр дүнг хүлээн авснаар хөлс төлөх үүрэг хүлээсэн. Гэвч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь хоёр талын гэрээнд гэрээний нэг тал үүрэг зөрчсөн байна. Гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 6.2-т хугацаа хэтэрсэн хоног тутамд буруутай тал гүйцэтгээгүй үнийн дүнгээс 0,01 хувийн алданги хүлээнэ, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4-т тус тус зааснаар алданги авах эрхтэй байна. Үүний дагуу гэрээг бичгээр хийсэн, хуульд заасан хэмжээгээр тогтоосон, хуулийн шаардлагад нийцсэн байна. Иймд 40 000 000 төгрөгийн нэг хоногийн алданги тооцогдох дүн 4000 төгрөг байгаа ба үүргийн гүйцэтгэлийг 473 хоног хэтрүүлсэн нь 1 892 000 төгрөгийн алданги бодогдсон тул үүнийг гаргуулан авахаар шаардаж байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал нь учирсан хохирлоо шаардах эрхтэй, 6.1-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг гэм буруутай тал хохирогч талд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхгүйгээр хугацаа хэтрүүлсэн нь үүргээ зөрчсөн гэж үзэж өөрт учирсан хохирол болох 12 225 773 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байна. Манай хувьд тухайн ажлыг 100% өөрийн хөрөнгөөр хийсэн бөгөөд ажлыг хүлээлгэж өгснөөр ажлын гүйцэтгэлийн хөлсөө аваад буцаан төлөх нөхцөлтэй бусдаас зээл авсан байсан. 2015 оны 10 дугаар сарын 15-нд захиалагчид ажлыг хүлээлгэн өгсөнөөр нөгөө талаас хөлс төлөх үүрэг үүссэн. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 40 000 000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги болох 1 892 000 төгрөг, үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрүүсэнээс үүссэн хохирол болох 12 225 773 төгрөг, нийт 54 117 773 төгрөгийг хариуцагч “ТХ”ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2013 онд Хэнтий аймгийн Мөрөн сумын төвд 50 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ хийж тус ажлыг 2015 оны 10 сарын 23-нд 43215 тоот комиссын шийдвэрээр улсын комисст хүлээлгэн өгсөн юм. Тус ажлыг гүйцэтгэхдээ “Б”XXК-тай 60 000 000 төгрөгийн \хяналтын төсөвт өртгөөр\ гэрээний дүн бүхий туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан. “Б”ХХК нь 2015 оны 7 сарын 15-наас 8 сарын 15 хүртэл хугацаанд ажлаа хийж гүйцэтгэх ёстой байсан боловч гэрээнд заасан ажлаа 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгэх ажлаа хийж дуусгаагүй, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын талаар тайлангаа гаргаж гэрээгээ дүгнээгүй байна. “Б”ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар захиалагч байгууллагаас удаа дараа гомдол гарч энэ талаар тус компанийн ерөнхий инженер Д.Дашдондогт удаа дараа хэлж доголдлыг засах шаардлага тавихад үүргээ гүйцэтгээгүй болно. Гэрээ байгуулагдах үед “Б”ХХК-ийн захирал Дугардоржийн аав Дашдондог нь тухайн үед Хэнтий аймгийн Барилга хот байгуулалт газрьн албаны даргаар ажиллаж байсан. Тухайн үед өөртөө ашиг хонжоо олох зорилгоор барилгын хяналтын төсөвт тулган манай компаний ерөнхий менежер Б.Гансүхтэй үгсэн хуйвалдаж гэрээг хийсэн байна. Мөн гэрээний дагуу барилгын ажлын санхүүжилтийг өгөх боломжгүй дараах нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Үүнд: Гэрээ байгуулагдсанаас хойш захиалагчийн хүсэлтээр бохирын шугам татах талбай багасаж, цэвэрлэх байгууламжийг хийхгүйгээр шууд цооногт дамжуулан бохирыг соруулах маягаар шийдвэрлэсэн. Цэцэрлэгийн хашааны хэмжээ багасгасан. Зурагт тусгаснаар халаалтын зуух нь Чех Улсын Dakon-dor хатуу түлшний зуух байхаас Хятад улсын F маркийн 220в-ын цахилгаан болон хатуу түлш хосолсон усан халаалтын зуух тавигдсан. Нэгэнт гэрээнд тусгагдсан ажлын өртөг багассан, хугацаа алдсан зэргээс гэрээгээ шинэчилж хийх шаардлагыг Д.Дашдондогт тавихад одоог хүртэл гэрээг шинэчлэх, дүгнэх ажил хийгдээгүй байна, гэрээ шинэчилж хийх ёстой байсан ч итгэлцлийн үндсэн дээр ажил эхлэн хийгдэж комисст хүлээлгэн өгөхөд гэрээнд заасан ажлуудаас 2 аваарын шат хийгдэхээс 1 хийгдээд 1 хийгдээгүй, 2 халаалтьн зуухны 1 ажилдаггүй, уурын зуухны 2 янданг гальн аюулгүй байдлаас урьдчилан сэргийлж зурагт заасны дагуу өндөрлөх, цэвэр усны нөөцийн сав солих гэсэн ажлууд өнөөдрийг хүртэл хийгдээгүй байна. Иймд манай компанийн ерөнхий менежер ажилтай Б.Гансүхэд гэрээг өөрчлөх шаардлага тавьж мөн Д.Дашдондог нарт удирдлагын зүгээс “Б”ХХК-ийн ажлын тоо хэмжээ багассан учраас бодит үнийн дүнгээр гэрээгээ шинэчлэн хийх шаардлагатайг удаа дараа сануулж байсан. Өнөөдрийг хүртэлх нөхцөл байдлаас харахад манай компанийн менежер ажилтай Б.Гансүх нь “Б”ХХК-ийн Д.Дашдондогтой үгсэн хуйвалдаж гэрээг шинэчлэлгүй цагдаа, шүүхийн байгууллагаар дарамтлуулж гэрээний үнийн дүнг авах сонирхолтой байсан нь харагдаж байна. Энэ нь дээрхи этгээдүүд гэрээгээр халхавчлан залилан хийх сонирхолтой байгааг илтгэж байна. Мөн Б.Гансүх манай компанийн бусад ажилчидтай утсаар холбогдон компанийн эсрэг мэдүүлэг өгч зарим 1 хүмүүсийг Д.Дашдондогоос хувь авч болно гэх зэргээр ятгасан байна. Манай компани нь дээрхи ажлуудыг хийж дуусгахаар “Б”XXК-ийн өмнөөс амлалт аван улсын комисст хүлээлгэн өгсөн, гүйцэтгэлээр үлдэгдэл санхүүжилтээ 2015 ондоо авах байсан боловч Сангийн яамны 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 9/7635 тоот албан бичгээр төсвийн орлого бүрдүүлэлтээс хамаарч санхүүжилтийг 2016 онд шийдвэрлэхээр болсон. Сангийн яамнаас 2016 оны 3 сард санхүүжилт орж ирэхэд бүх туслан гүйцэтгэгч болон бригадуудаа дуудан гүйцэтгэлээ баталгаажуулан гэрээгээ дүгнүүлж, тооцоо нийлж эхэлсэн. Манай компани “Б”ХХК-ийн ажил гүйцэтгэх хугацаанд нь санхүүжилт орж ирсэн тухай бүрд дараах хэлбэрээр санхүүжилт олгож, нийт одоогийн байдлаар 22 951 500 төгрөгийн санхүүжилт өгсөн байна. Гүйцэтгэлээ баталгаажуулахгүй, шалтаг тоочин бага багаар мөнгө нэхэж шилжүүлж авахыг дэмжихгүй гэж Д.Дашдондог, түүний эхнэр болон хүү Д.Дугардоржид нь хэлж байсан. Гэтэл 2016 оны 9 сараас Хэнтий аймгийн мөрдөн байцаалтанд эрүүгийн хэрэг үүсгэхээр байцаалтанд дуудан байцааж дарамтлах маягаар мөнгө авах гэсэн боловч гэрээтэй холбоотой маргаан гэж үзэн прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Үүнээс хойш “Б”ХХК-ийг гүйцэтгэлээ баталгаажуулж гэрээгээ шинэчлэх байх гэж өнөөдрийг хүртэл хүлээцтэй харсан ч шүүхэд хандан их хэмжээний мөнгөн төлбөр нэхэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч тал гүйцэтгэлээ баталгаажуулж гэрээг бодит үнийн дүнгээр тохиролцон хийснээр, дутуу гүйцэтгэсэн дээрхи ажил болон ажилладаггүй халаалтын зуухны ажлыг тус тус гүйцэтгэж дууссанаар шинэчлэн хийх гэрээний үндсэн дээр төлбөр хийх болно. “Б”XXK нь “ТХ”ХХК-тай байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд заасан гүйцэтгэгчийн хүлээх үүргээ биелүүлээгүй, гүйцэтгэсэн ажлын тайлангаа гаргаж өгөөгүй, гэрээг дүгнээгүй тул шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Манай компанийн зүгээс “Б”ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх ажлын нэр, тоо, үнийн жагсаалт бодит байдалтай нийцээгүй, хийж гүйцэтгэсэн ажлын төсөв өртөг, хийж гүйцэтгэсэн ажлын чанар зэргийг харгалзан үлдэгдэл төлбөрийг төлнө. Бидний тооцоогоор хэдийгээр гэрээгээр хүлээсэн үүргээ “Б”ХХК биелүүлээгүй ч тухайн компанийн хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилт 8 000 000 төгрөгт багтана гэж үзэж байна гэжээ.

 

  •               : Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасны дагуу хариуцагч ”ТХ”ХХК-аас 18 444 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”Б”ХХК-нд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35 673 773 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ТХ”ХХК-аас 250 170 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б”ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу шинжээчийн ажлын хөлс нь нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах тул хариуцагч “ТХ”ХХК-аас шинжээчийн ажлын хөлсөд төлсөн 2 192 400 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байдалд хувь тэнцүүлсэн 745 416 төгрөгийг нэхэмжлэгч “Б”ХХК-аас гаргуулан хариуцагч “ТХ”ХХК-нд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

              Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс "... захиалагч талаас улсын комисстой харилцах харилцаа нь тухайн ажлыг гүйцэтгэгч захиалагчид бүрэн гүйцэт хүлээлгэж өгсөнийг шууд нотлох үндэслэл болохгүй", "...захиалагчаас барилгын ажлыг улсын комисст хүлээлгэж өгсөн нь туслан гүйцэтгэгч захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлсэнийг шууд нотлохгүй", "... гүйцэтгэгч “Б”ХХК, захиалагч “ТХ”ХХК-д ажлыг хүлээлгэн өгсөн гэж дүгнэх хууль зүйн боломжгүй байна" гэж үзсэн байна. Барилгын тухай хуулийн 48.3-т "... дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно" Монгол Улсын засгийн газрын 2017 оны 69 дүгээр тогтоолын хавсралт Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4.7.3-т "...барилгын ажлын зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд заасан шаардлагууд хангагдаагүй гэж үзэх үндэслэл байгаа, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангаагүй, эсхүл холбогдох баримт бичгийн бүрдэл хангагдаагүй гэж үзсэн тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзаж, захиалагчийн хүсэлтийг буцаана" гэж заасан байх ба туслан гүйцэтгэгчийн зүгээс ерөнхий гүйцэтгэгчийн хийх ёстой байсан ажлыг хийгээгүй тохиолдолд улсын комисс ажиллаж хүлээж авах боломжгүй байсан гэдгийг харуулж байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг улсын комисс хүлээж авсан өдрөөс тооцох үндэслэлтэй байгаа тул гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алданги болох 1 892 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн талууд хийгдэх ажлыг төсөвт өртөгийг үндэслэл болгож үнийн дүнг дараах байдлаар тохирсон байдаг. Үүнд: Цэцэрлэгийн гадна хашаа 17 200 000 төгрөг, гадна бохирын шугам, цэвэрлэх байгууламж, цооногийн угсралт 22 200 000 төгрөг, аваарын шат 6 400 000 төгрөг,  халаалтын зуух 14 200 000 төгрөгийн үнэлгээтэй төсөвт өртөг нь батлагдсан ба үүний дагуу “ТХ”ХХК улсын төсөвөөс санхүүжилтээ бүрэн авсан тухайгаа шүүх хуралдаан дээр илэрхийлдэг. Гэвч шүүхээс ажлын цар хүрээ багассан учраас хийсэн ажлын хөлсөө авах нь зүй ёсных гэж үзсэн. Тэгвэл ерөнхий гүйцэтгэгч “ТХ”ХХК улсын төсвөөс өөрийн хийсэн ажлын хөлсөө авах нь мөн адил зүйд нийцэхээр байх ба тэдний хийсэн ажлыг багассан гэдэг үндэслэлээр хасалт хийгээгүй байна. Гэвч шүүх хэт нэг талыг баримтлан диспозитив байх зарчмыг зөрчиж “ТХ”ХХК-д үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг тухайн шийдвэрээр олгож, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байдлаар шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн гэрээний чөлөөт байдлын зарчим, тэгш эрхийн зарчим зэргээр үзвэл хэн? хэнтэй? юуг? ямар нөхцөлөөр тохирох нь талуудын эрхийн хүрзэний асуудал байдаг. “ТХ”ХХК гэрээнд заасан ажлуудыг 60 000 000 төгрөгөөр хийлгэхээр гэрээгээр тохиролцсон байх ба энэхүү хүсэл зориг нь хүчин төгөлдөр хэвээр буюу дээрх ажлууд хийгдсэний дараа тухайн төлбөрийг нэг нь өгч нөгөө нь авахаар тохиролцсон байна. Тухайн хэргийг шийдвэрлэхэд шинжээчийн дүгнэлтээр “Б”ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг 100 хувь байхаас зарим ажлууд дутуу байна гэж дүгнэсэн. Цэцэрлэгийн гадна хашаа-100 хувь, гадна бохирын шугам, цэвэрлэх байгууламж, цооногийн угсралт-90 хувь, аваарын шат-50 хувь, Халаалтын зуух-90 хувь гэж дүгнэсэн байх бөгөөд шүүхийн зүгээс хийсэн ажлын хөлсөө авах ёстой гэж үзэж байгаа бол хийх ёстой байсан ажлыг 100 хувь гэж үзээд хийсэн ажлын хувийг гаргуулан шийдвэрлэх боломжтой байсан. Гадна бохирын шугам, цэвэрлэх байгууламж, цооногийн угсралтийн ажлыг 90  хувьтай гүйцэтгэсэн байх ба гэрээгээр тохирсон үнийн дүнгийн 90 хувь буюу 19 980 000 төгрөг, халаалтын зуухны ажлыг 90 хувьтай гүйцэтгэсэн буюу гэрээгээр тохирсон үнийн дүнгийн 90 буюу 12 780 000 төгрөгийг гаргах хариуцагчаас гаргуулах нь шудрага ёсны зарчимд нийцэхээр байсан. Шүүхээс "халаалтын зуухтай холбогдсон өөрчлөлтийн 50 хувиар буюу 6 000 000 төгрөг" гэсэн байгаа нь 6 780 000 төгрөгийг дутуу хангасан, мөн "...гадна бохирын шугам, цэвэрлэх байгууламж, цооногийн угсралтын ажил обьемын хувьд анхны зураг төслөөс өөрчлөгдсөн бөгөөд ажлын 90 хувийг гүйцэтгэсэн гэж үзлээ. Иймд төсөвт өртөг бүхий ажлын 90 хувьтай тэнцэх хэмжээний ажлын хөлс буюу 14 400 000 төгрөг" гэсэн байгаа нь 90 хувьтай гүйцэтгэсэн буюу гэрээгээр тохирсон үнийн дүнгийн 90 хувь буюу 19 980 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас 5 580 000 төгрөгийг дутуу хангасан гэж үзэж байна. Иймд дээрх гэрээний дагуу 14 252 000 төгрөгийг хариуцагчаас нэмж нэхэмжлэгчид гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

                Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх, шинжээч хоёрын дүгнэлтийг залруулж үзвэл халаалтын тогоог шүүгчийн ойлгосноор тавиагүй харин шинжээчийн дүгнэснээр буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ямар нэг өөр халаалтын тогоонд өгсөн бичгийг ашиглан өөр тогоо тавьж хуурсан болох нь  шинжилгээний үед нотлогдсон. Халаалтын тогоог дутуу тоноглосон, ажиллах горим зааваргүй, 2 тогооны 1 нь ажиллахгүй болсон үед нөгөөг нь шууд ажиллуулах бол 1 тогоог галлах боломжгүй анхнаасаа ажиллаагүй гэж шинжээч дүгнэсэн байхад шүүгч шинжээчийн дүгнэлтийг сайн ойлгоогүй хөнгөн хандаж сайн тогоо биш гэж нотлогдохгүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Халаалтын тогоо гэж бүрэн тоноглогдсон тогоог хэлдэг болохоос галлах боломжгүй дан ганц бойлер биш юм. Шүүх хуралд шинжээчийн багийн ахлагч У.Ёндон хэлэхдээ “... халаалтын тогоог дутуу тоноглож, 1 тогоо огт ажиллахгүй байгаа нь аюулгүй ажиллах найдваргүй байгаа тул ажил гүйцэтгэсэн гэхэд хэцүү, улсын комисс ийм халаалтын тогоо хүлээж авдаг нь маш буруу алхам болсон. Би хувьдаа энэ тогоо хэзээ нэгэн цагт дэлбэрвэл цаазын яланд аваачна гэж дүгнэж байна. “ТХ”ХХК нь хяналт муу тавьсан гэж үзэж байна” гэснийг шүүх хурлын тэмдэглэл болон бичлэгт авагдсан байгаа.  Шүүгч шийдвэртээ “... халаалтын тогоо суурилуулсантай холбоотой ажлын зардлыг шүүх хуралдаанд оролцсон шинжээч 12 000 000 төгрөгийн төсөвт ажил гэж тайлбарлаж байна” гэжээ. Харин шинжээчийн баг дүгнэлтээ халаалтын тогооны гүйцэтгэсэн ажлын төсвийг гаргаж өгөөгүй ба төсвийг барилгын тухай хуулиар төсвийн программаар бодож гаргадаг. Шинжээчийн багийн төсөвчин  Ц.Алтансүх нь шүүгчийн гэнэтийн асуултанд байж боломжгүй өндөр үнэлгээг хийсвэрээр баримжаалах маягаар тооцоололгүй дүн гаргаснаар шүүгч буруу мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргасан. Төсвийг программаар тооцоолон гаргаж хэрэгт хавсаргах хугацаа өгөх ёстой байсан. Иймд халаалтын тогоог 12 000 000 төгрөгөөр үнэлэх нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Шинжээч гүйцэтгэлийн далд ажлын зураг байхгүй хийсэн ажлын гүйцэтгэл байхгүй, нүдээр харахад хийсэн ажлын гүйцэтгэлийг тодорхойлох боломжгүй байна гэхэд шүүгч шинжээчээс бодит хийсэн  ажлын төсвийг үнэлэхийг шаардахад шинжээчийн багийн төсөвчин Ц.Алтансүх нь баримжаагаар үнэлгээ гаргаж, шүүгч нотлох баримтын шаардлага хангахгүй хийсвэрээр баримжаалсан төсөв дээр дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн. Шинжээчийн багийн ахлагч У.Ёндон нь бохирын цооногийн тагийг нээж үзэхэд цооногийн нээлхийний хоолойг төмөр бетоноор цутгаж хийхээр төлөвлөгдсөнийг тоосгон өрлөгөөр хийсэн байлаа. Бохир бөглөрвөл цооног руу орох шат байхгүй лаг арилгах төхөөрөмж зэргийг нэмэлтээр суурилуулах шаардлагатайг тайлбарласан. Шүүгч тодорхой хэмжээгээр ажлын төлбөр өгүүлэхээр шийдвэр гаргасан нь дүгнэлттэйгээ нийцэхгүй байна. Талуудын хооронд байгуулсан 06/15 тоот гэрээний 5.2.3, 5.2.4, 5.1.2-т заасныг шүүх анхаараагүйд гомдолтой байна. Гэрээний 5.1.2-т заасныг “Б”ХХК нь биелүүлснээр шүүгчийн 18 444 000 төгрөгийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөд татгалзах зүйлгүй. “ТХ”ХХК-иас шинжээчийн зардалд 2 192 400 төгрөг биш нийт 2 891 481 төгрөг шилжүүлсэн. Шинжээчийн зардлыг буруутай тал хариуцах байтал нэхэмжлэхийг хэсэгчлэн хангаснаар хувилж гаргасан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

  Нэхэмжлэгч “Б”ХХК нь хариуцагч “ТХ”ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 54 117 773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

  Зохигчид 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр барилгын угсралтын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч “Б”ХХК нь Хэнтий аймгийн Мөрөн сумын төвд, 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын дотор халаалтын тогоо, түүний тоноглолын угсралт монтаж, гадна бохир усны шугам, бохир усны цооногын угсралт, гадна торон хашаа, гарц болон галын шатны угсралтын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч “ТХ”ХХК нь 60 000 000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 4-5 дугаар тал/

 

   Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

   Нэхэмжлэгч нь хариуцагч “ТХ”ХХК-д холбогдуулан гэрээгээр гүйцэтгэсэн  ажлын хөлсний үлдэгдэл 40 000 000 төгрөг, алданги 1 892 000 төгрөг, хохирол 12 225 773 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч ажлыг доголдолтой, дутуу гүйцэтгэсэн, гэрээ дүгнээгүй гэж эс зөвшөөрч маргажээ.

 

   Талуудын гэрээнд заагдсан ажлаас хариуцагч компанийн гүйцэтгэсэн төмөр хашаа барих ажлын хөлс 17 200 000 төгрөг болон галын шатны угсралтын  ажлын хөлс 3 200 000 төгрөг болсон талаар зохигчдын хэн аль нь маргаагүй тул анхан шатны шүүх дээрх ажлуудыг гүйцэтгэсэн хөлс нийт 20 400 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй талаар үндэслэлтэй дүгнэж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг зөв хэрэглэжээ.

 

   Харин талууд халаалтын тогоо суурилуулах, гадна бохир усны шугам угсралтын ажлын гүйцэтгэл, үр дүнгийн талаар маргаж, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байна. Анхан шатны шүүх тусгай мэдлэг бүхий шинжээчийн гаргасан дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь зөв байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

  Шинжээч халаалтын зуухны угсралт, тоноглолтын ажлын талаар дүгнэлт гаргахдаа тодруулах асуултад нийт ажлын 90 хувийг гүйцэтгэсэн гэж заасан бөгөөд шүүх хуралдаанд оролцож даргалагчийн асуултад 12 000 000 төгрөгийн хэмжээнд ажлыг гүйцэтгэсэн гэж тус тус тайлбарласан байхад анхан шатны шүүх ямар үндэслэлээр  хариуцагчийг уг ажлыг 50 хувиар гүйцэтгэсэн гэж үзсэн нь тодорхойгүй байна. Иймд халаалтын зуухны угсралт, тоноглолтын ажлын гүйцэтгэлийг 12 000 000 төгрөгөөр хийсэн гэж шинжээч шүүх хуралдаанд тайлбарласныг үндэслэн 12 000 000 төгрөгийн хэмжээний өртөг бүхий ажлыг хариуцагч гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. /1-р хх-н 251-р тал/

 

  Түүнчлэн шинжээч бохир усны шугам, цооног угсралтын ажлын талаархи дүгнэлтийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа 15 000 000-16 000 000 төгрөгийн орчим өртөгтэй ажил гүйцэтгэсэн гэж тайлбарласан байхад анхан шатны шүүх 16 000 000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтэд заагдсан хувь болох 90 хувиар тооцсон нь буруу болжээ. Иймд шинжээчээс шүүх хуралдаанд тайлбарласан үнийн дүнг бусад нотлох баримтуудтай харьцуулан үзэж бохир усны шугам, цооног угсралтын ажлын гүйцэтгэлийг шинжээчийн мэдүүлсэн үнийн дүнгийн дунджаар буюу 15 500 000 төгрөгөөр тооцов. /1-р хх-н 251-р тал/

 

  Дээрх үйл баримтуудаар гүйцэтгэгч нь нийт /20 400 000 + 12 000 000 + 15 500 000/ 47 900 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байх бөгөөд үүнээс захиалагчийн төлсөн 22 356 000 төгрөгийг хасч, үлдэх 25 544 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

 Гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон ажлын үр дүнг хугацаандаа хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул алданги болон хохирол шаардах эрхгүй талаар анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэгчийн алданги 1 892 000 төгрөг, хохиролд 12 225 773 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т  нийцжээ.

 

  Харин анхан шатны шүүх шинжээчийн ажлын хөлсийг талуудад буруу хуваариласан байна. Хэргийн 146 дугаар талд шинжээчийн ажлын хөлс нийт 2 891 481 төгрөг болох нь тогтоогдож байх тул энэ үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байдалд хувь тэнцүүлэн 1 532 484 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна.       

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00524 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 18 444 000 төгрөг ...” гэснийг “25 544 000 төгрөг” гэж, “... 35 673 773 төгрөг ...” гэснийг “28 573 773 төгрөг” гэж,

2 дахь заалтын “... 250 170 төгрөг ...” гэснийг “285 670 төгрөг” гэж,

3 дахь заалтын “... 2 192 400 төгрөг...” гэснийг “2 891 481 төгрөг” гэж, “... 745 416 төгрөг ...” гэснийг “1 532 484 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 210 төгрөгийг буцаан олгохыг дурдаж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 250 170 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ                                         

                                                          ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД                                                                                                   

                                                                                                       Г.ДАВААДОРЖ