Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2020/01378

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 3-р баг, 2/64 байр 41 тоот, “Гранд мийт” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Батцэндийн нэхэмжлэлтэй /утас:99095563/

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, Энхтайвны өргөн чөлөөнд байрлах, “TAB” ХК-ийн захирал С.Ганболдод холбогдох, /утас:99115489/

Гэрээний үүрэг 98 380 834 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батмөнх, хариуцагч С.Ганболд, гэрч Ц.Хурангаа,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл   болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралд  тайлбарлахдаа:  “Гранд Мийт” ХХК болон “Tав” ХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/49 дугаартай төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан болно. “Tав” ХК нь 21.683.333 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар “Гранд Мийт” ХХК-д төлж барагдуулсан байна. Төлбөр барагдуулах гэрээний 1.4-т заасны дагуу “Tав” ХК нь cap бүр 4 583 333 төгрөгийг мөн гэрээний 1.5-д заасны дагуу “Гранд Мийт” ХХК-ийн Хаан банкны 5800911166 тоот дансанд төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна. Гэвч “Тав” ХК-ийн зүгээс 2018 оны 11 сарын 27-ны өдрөөс хойш гэрээнд заасны дагуу нэг ч төгрөгийн төлбөр барагдуулахгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр нэхэмжлэгч “Гранд Мийт” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд “Tав” ХК-иас төлбөр барагдуулах гэрээний дагуу төлж барагдуулаагүй 98 316 333 төгрөг, алданги 64 167 төгрөг нийт 98 380 834 төгрөгийг “Гранд Мийт” ХХК-д гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Тав” Х  К-ийн захирал С.Ганболд  шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний  хооронд мөнгө зээлсэн, өгсөн  авсан  зүйл  болоогүй, харин манай компанийн өмчлөлийн 591 мкв байранд “Гранд мийт” ХХК одоо ч эзэмшиж байгаа юм.  “Гранд мийт” ХХК компанийг бид гурвуулаа анх 2010 онд байгуулсан юм. Ингэхдээ “Бумномин” ХХК, “Тав” ХК, иргэн Ц.Хурангаа нар тус тус 33,3 хувийн оролцоотойгоор байгуулсан. Манай “Тав” ХК-ийн үйлчилгээний зориулалттай 591м2 байранд махны чиглэлээр хамтран үйл ажиллагаа явуулахаар “Бумномин” компаний хүсэл санаачлагаар хийгдсэн ба тyc компани нь олон жил махны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлагатай гэж итгэн үйл ажиллагаа явуулахад нь өөрийн компани  байраа тодорхой хугацаагаар  ашиглуулсан. “Бумномин” ХХК нь махны бүхий л үйл ажиллагааг бүхэлд нь хариуцан шулааны тоног төхөөрөмж гаргах, Ц.Хурангаа нь хөргүүрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, би өөрийн байраар  хангах зэргээр 7 жил бизнесийн үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд манай “Tав” ХК нь “Гранд Мийт” ХХК-иас ямар нэгэн ашиг, мөнгө авч байгаагүй билээ. “Гранд Мийт” компани нь үйл ажилагаагаа явуулж байх хугацаандаа манай байрыг давхар хүнд түрээслүүлэн орлого олдог байсан боловч манай компани нь  ямар нэгэн төлбөр тооцоо авч байгаагүй. Анх тус компанийг байгуулж  захирлаар нь Ц.Хурангаа ажиллаж байсан ба олсон орлого нь “Гранд мийт” компанид үлдэж байсан. “Бумномин” компани 4 жил үйл ажиллагаа явуулаагүй байдаг. Энэ хугацаанд захирал Батцэндэд байр суллаж өгөхийг амаар санал тавьж байсан  боловч  байр  суллаж  өгөөгүй.  Хэрэв манай компани нь өөр хүмүүст түрээслүүлсэн бол  283 600 000 төгрөгийн орлого олох боломжтой байсан. Манай компани нь энэхүү алдагдлыг үл хайхран ямар нэгэн мөнгөний асуудал үүсгэлгүй хохирч байсан. Энэ  байдлыг  Ц.Хурангаа  мөн гэрчилнэ. Батцэнд нь нэг хэсэг өөрийнхөө дүү нарыг оролцуулж үйл ажиллагаагаа дахин эхэлсэн боловч мөнгө төгрөгийн асуудлаас болж дахин зогссон. Тэгээд урьдны 4 жилтэй адил байдалд хүрч магадгүй байдал бий болсон тул өөр хүмүүст түрээслүүлсэн. “Гранд мийт” компаний үйл ажиллагаанд 3 гишүүн бүгд өөрийн эрх үүрэгтэй оролцож байсан юм.  Нэхэмжлээд байгаа   төгрөгийг манай компани нь төлөх үндэслэлгүй  юм. Найзын   хувьд ярилцаж ширээний  ард сууж  байгаад л тус болох зорилгоор хүн чанар гаргаад хамтран ажил эхэлж байсан гэж бодсон. Мөн өөрийн байдлаа яриад эхнэр нь уурлаж  бухимдаад байна гэхээр нь гэрээ хийсэн болно. Өөрийн компанийн үйл ажиллагаанаас хамаарч бололцоогоороо 21 683 333 төгрөг өгсөн. Миний хувьд ямар нэгэн  байдлаар М.Батцэндээс мөнгө авсан, түүний  өгөх  ёстой  өрийг  төлөөгүй юм. Ер нь  төлбөр төлөх үүрэг үүсээгүй юм. Ийм  байдлаар шүүхэд хандаж  байгаад гайхаж  байна. Өөрөө надтай ярихгүй байгаад гомдож байна. Манай компанийн ажил саатаж ашиг орлого  буурсан, компанид том хэмжээний осол гарсан санхүүгийн хувьд  хүндрэл гарч байна шүү гэдгийг 2-3 удаа уулзахдаа хэлж байсан. Өгөх ёсгүй мөнгийг өгнө гэж сайхан  сэтгэл гаргасан  нь  буруу болсон байна.  Харин  олон жил байраа ашиглуулсны хувьд би нэхэмжлэл гаргах байтал, ямар шалтгаанаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй мөнгийг гэрээнд гарын үсэг зурсан гэж нэхэмжлээд байгааг  ойлгохгүй байна төлөх үндэслэлгүй гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Гранд мийт” ХХК нь хариуцагч “Тав” ХК-д холбогдуулж “төлбөр барагдуулах “ гэрээний үүрэг 98 380 834 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч нь: Төлбөр төлөх үүрэг үүсээгүй, манай компанийн байранд  нэхэмжлэгч нь олон жил  үйл ажиллагаа  явуулсан. Мөнгө  өгөх ёсгүй, тус болох үүднээс гэрээ хийсэн гэж маргажээ.

 

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:  Зохигчид нь 2018 оны 05 сарын 29-нд   1/49 дугаартай “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан байна. /хх-4/

 Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д “Энэхүү гэрээ нь махны хөргүүрийн гэрээг цуцалж, төлбөр барагдуулахаар тохиролцон хамтран ажиллах гэрээг цуцалж байна” гэж , мөн гэрээний 1.4-д “Тав” ХК нь сар бүр 4 583 333 төгрөгийг хүлээн авагчийн  дансанд шилжүүлнэ“ гэж тус тус заажээ.

          Талуудын хооронд байгуулсан“ төлбөр барагдуулах гэрээнд” хугацаа заагаагүй  бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй боловч хариуцагч С.Ганболд шүүх хуралд: манай “Тав” ХК-ийн өмчлөлийн байранд нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулдаг, одоо ч  эзэмшиж байгаа  би ямар ч  төлбөр авч байгаагүй. М.Батцэнд “Бум Номин ХХК-ийн захирал, манай “Тав” ХК, иргэн Ц.Хурангаа бид гурвуулаа “Гранд мийт” ХХК-ийг анх 2010.10.30-нд байгуулж   байсан. 2018 оны 08 сарын 29-нд байгуулсан гэрээ бол тус болох зорилготой байсан. Бизнесийг нь дэмжих санаа байсан. Миний хувьд төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж маргаж байна.   

         Хариуцагч нь татгалзлаа нотлохоор шүүхэд “2010.10.30-ны өдрийн “Гранд мийт” ХХК-ийн хурлын протокол”, “Тав” ХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулга зэрэг баримтуудыг наториатчаар гэрчлүүлэн ирүүлсэн ба уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн  44.2-д заасан шаардлагыг хангасан байна.

Мөн хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралд оролцсон гэрч Ц.Хурангаагийн  “...“Гранд мийт” ХХК нь одоо “Тав” ХК-ийн үйлчилгээний зориулалттай 591 мкв талбайтай байранд  махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Бид гурав анх 2010 оны 10 сард тус компагийг үүсгэн байгуулсан, М.Батцэнд “Бум Номин” ХХК-ийн  захирал байсан. С.Ганболд “Тав” ХК-ийн захирал, намайг “Гранд мийт” ХХК-ийн захирлаар нь томилж байсан” гэх тайлбар, дээрх баримтууд зэрэг нь урьд өмнөх цаг үеийн үйл явдлыг нотолж байгаа болохоос талуудын хооронд байгуулсан  төлбөр барагдуулах гэрээний үүрэгт хамаарахгүй, гэрээний агуулгыг тодорхойлоход   нөлөөлхөөр байна гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан “...шууд нэрлэгдээгүй гэрээ боловч ...үүргийн нийтлэг  үндэслэл  хамаарна” гэж шаардах эрхээ тодорхойлсон ба гэрээний  дагуу  төлбөр  төлж  байсан гэж  тайлбарлаж  нотлох баримтаар гэрээний хуулбар,  харилцагчийн гүйлгээ,” “Гранд мийт“ ХХК-ийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудыг мөн  ноториатчаар гэрчлүүлэн хуулийн шаардлагад  нийцүүлж ирүүлсэн боловч гэрээний агуулгыг  нотолж  чадахгүй байх тул ач холбогдолгүй гэж үнэлэв. /хх-4-6/        

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 1891.1-д “талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй  байгуулах, түүний агуулгыг  өөрсдөө  тодорхойлох  эрхтэй “  гэж  зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулж болох боловч тэдний байгуулсан “Төлбөр  барагдуулах гэрээг”  гэх  гэрээний агуулгыг толорхойлох боломжгүй байна гэж үзлээ.

          Талуудын хооронд байгуулсан “төлбөр барагдуулах гэрээ”-нд “махны хөргүүрийн гэрээ,” “хамтран ажиллах гэрээ”-г дурдсан боловч нэхэмжлэлийн  үндэслэл болгож байгаа дээрх гэрээ нь аль гэрээний төлбөрийн үндсэн дээр байгуулагдсан болон нэхэмжлэгч ямар гэрээний үүргийг  буюу ажлын хөлс,  хөрөнгө оруулалт, эсхүл хохирол эсэх нь тодорхой бус бөгөөд гэрээгээр тохиролцсон  тохиролцоо  нь баримтаар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, шалтгаант холбоо нь тодорхойгүй байна гэж үзлээ.        

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д “...гэрээний агуулгыг   тодорхойлох  боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг  тодруулах, ...гэрээ байгуулахаас өмнө  хийсэн хэлэлцээ,  харилцан илгээсэн  баримт  бичиг, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил  зэрэг нөхцөл  байдлыг  харгалзан  үзнэ  “гэж  заасан  дагуу 2018 оны 05 сарын 29-ний өдрийн гэрээ байгуулахаас өмнө   талуудын хооронд “махны хөргүүрийн гэрээ, “хамтран ажиллах гэрээ” гэж   байгуулагдаж байсан болох нь гэрээний 1 дүгээр заалтад дурдсан байдлаар  тогтоогдож  байна.  Харин хэрэгт нотлох баримтаар гэрээний хуулбарууд ирээгүй  байна.    

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр  үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг  үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс  уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэл болж байгаа төлбөр барагдуулах гэрээгээр шаардах эрхгүй байна гэж үзлээ.  

Түүнчлэн хариуцагчийн “...манай компаны байрыг эзэмшиж байгаа, тус болох л гэж гэрээ хийсэн” гэх мөн Төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зурсан,  тодорхой хэмжээний төлбөр төлсөн  байдлаа 2010 оны үед  анх  компани байгуулах  үеэс   ажил төрлийн холбоотой, өөрийн  байраар  үнэ төлбөргүй  эзэмшүүлж  хөрөнгө  оруулсан, найз  нөхдийн харилцаатай байсан, ярилцаж сууж байгаад тус болж  бизнесийг нь дэмжих зорилгоор  хийсэн юм. М.Батцэнд   өөрөө  ирсэн бол ойлголцох байсан гэж түүний тайлбарлаж байгаа нь нотлох баримт болох бөгөөд энэ тайлбарын үндэслэлээ нотолж анх “Гранд мийт” ХХК байгуулж байсан талаарх баримтыг ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  баримтаар няцааж, үгүйсгэсэн тайлбарыг гаргаж чадахгүй байна. 

                                                           Дээрх байдлаас үзэхэд

 

          Талууд  хамтран  ажиллах  зорилгоор  хуулийн  этгээд  байгуулсан үйл явдал болж байсан байна. Энэ  байдал нь талуудын маргаанд хамаарахгүй  учир  дүгнэлт өгөх шаардлагагүй юм. Харин хариуцагч С.Ганболдын “олон жил хамтран үйл ажиллагаа явуулж байсны хувьд тус болж гэрээ хийсэн, харин өөрийн байраа үнэ төлбөргүй олон жил эзэмшүүлсэн” гэж тайлбарласан нь бусдаас хариу  ашиг хонжоо харалгүй, тус болох үүднээс хэлсэн амлалтын дагуу “төлбөр барагдуулах гэрээ” байгуулж 21 683 333 төгрөгийг өгсөн болох нь баримтаар нотлогдож байна. /хх-5/

 Уг амлалтын дагуу хийсэн гэрээ нь үүргийн харилцаа үүсгэх эрх зүйн үндэслэл  болохгүй бөгөөд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан дагуу иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна гэж үзлээ.

            Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хөрөнгө олж  авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцлээс үүссэн үр дагаврыг   мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар арилгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115  дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.5,  мөн хуулийн   492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан “Гранд мийт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Тав” ХК-д холбогдох 98 380 834 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 649 854.17 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.ОЮУНЦЭЦЭГ