Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/519

 

 

 

 

 

 

 

 

   2023         05          18                                  2023/ШЦТ/519

 

 

                               

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат

Улсын яллагч: Э.Булганчимэг

хохирогч О.Б,

Шүүгдэгч: Н.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 2209000001865 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, “ТЭҮ” эмийн сангийн эрхлэгч, ам бүл 3 нөхөр, хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Н.Э

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э-ийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ТЭҮ” эмийн сан дотор иргэн О.Б-тай “эмийн сангийн өр авлагатай холбоотойгоор” маргалдаж улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, баруун гарын алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед хүүхдээ авах гээд эмийн сангаа хаачихаад ирэхэд хүлээж байсан. Э захиалагч энэ хүмүүсийг ирэхээс өмнө надтай утсаар холбогдсон байсан. Төлбөрөө төлөх талаар хэлээд утсаа тасалсан. Тэгээд утсаар яриад би өр зээлээ өгөх талаараа илэрхийлсэн байсан. Гэтэл орой нь ирээд дахиад мөнгөө нэхэж байсан. Түүнээс би хохирогчийн толгой руу нь цохиж байсан зүйл байхгүй. О.Б-тай яриад ойлголцохгүй байсан учир Этай ярина түр гараад хүлээж бай гэж хэлсэн. Мэдүүлгийг нь сонсоход би үзүүртэй зүйлээр цохисон зүйл байхгүй. Бичлэг байгаа. Гар ариутгагч гарт ойрхон байсан. Би түүнийг өөр газар тавих гэж байхдаа хохирогчид шаардлага тавьсан. Түүнээс цохиж байсан зүйл байхгүй. Ойлголцохгүй байсан гадаа хүлээж бай гэж хэлээд хэлсэн үг ойлгохгүй байсан учир биеэр мөргөсөн. Би эсрэгээрээ хохирогчид цохиулсан...” гэв.

Хохирогч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манай байгууллага 2021 онд “ТЭҮ” эмийн санд авлага үүсгэсэн. Авлага барагдуулах гэсэн боловч хаягаа өөрчилсөн байсан. Тэгээд авлага барагдуулах талаараа би борлуулалтын ахлах учир очиж уулзсан. Эмийн сан дээр нь очиход хаалттай байсан. Тэр үед ирнэ гэж байсан учир би хүлээж байсан. Тэгээд ирээд онгойсон учир би түрүүлж ирсэн учир асуудлаа эхлээд шийдье гэж хэлээд текний хажууд зогссон. Би эмийн сангийн эд зүйлд халдсан зүйл байхгүй. Миний ярьж байгаа зүйлийг ойлгохгүй, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан. Гэтэл Э цаанаас гарч ирээд үсдэж эхэлсэн. Авлагаа барагдуулж байж явна гэж хэлсний улмаас бид нарын хооронд маргаан үүссэн. Эийг санаатайгаар миний утсыг эвдсэн гэж үзэж байна. Хэрэв төлж барагдуулахгүй бол бичгээ бичих өгөх талаар хэлтэл, “чамд бичдэг зүйл чинь байгаа биз дээ гэж хэлсэн учир би утсаа гаргаж ирээд бичиж эхэлсэн. Гэтэл миний утсаа барьж байсан гарыг цохисноор би утсаа унагаасан. Миний утсыг цохиж эд мөрийн баримтыг санаатай устгасан гэж үзэж байгаа. Мөн гар ариутгагчийг өөр газар тавих гээгүй. Гартаа таарсан зүйлээр шууд далайсан...” гэв.

Эрүүгийн 2209000001865 дугаартай хэргээс:

Хохирогч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 26 дугаар хуудас/,

Гэрч Ц.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 29 дүгээр хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 12622 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Э-ийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ТЭҮ” эмийн сан дотор иргэн О.Б-тай “эмийн сангийн өр авлагатай холбоотойгоор” маргалдаж улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, баруун гарын алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч О.Б-ын “...Би гэмтлийн зэргийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Уг дүгнэлтэд миний биед тархи доргилт, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдсон байна. Тархи доргилт гэмтэл нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагийн үед ТЭҮ эмийн санд Н.Э гэх эмэгтэй нь миний толгойн үснээс зулгааж, маш олон удаа татаж, их ус унагасан бөгөөд энэ үед үүссэн гэж бодож байна. Зүүн гарын бугалга, зуун гуянд цус хуралт гэмтлүүд нь тухайн маргаан болох үед намайг түлхэж, татах үед би биеийн энэ хэсгүүдээ тэйк болон ширээнд цохисон байх гэж бодож байна. Тухайн үед миний толгой маш их өвдөж байсан юм. Манай компанийн захиалга хүлээн авагч Ц.Х нь хамт байсан юм... манай компаниас 2021 онд авсан барааны төлөлтийг хийхгүй байсан бөгөөд үүнийг авахаар очиход маргаан үүссэн юм....” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Х-н “... Миний бие 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс Омбол эм ханган нийлүүлэх төвд захиалга хүлээн авагчаар ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭУ нэртэй эмийн сан нь манай байгууллагад 2021 оны өглөгтэй байсан учир ажлынхаа борлуулалтын менежер Б-тай хамт 2022 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр 18 цагийн үед ТЭУ нэртэй эмийн санд очсон. Тэгээд Б бид хоёр эмийн санд очтол хаалттай байсан бөгөөд үүдэнд нь нэг эмэгтэй хүн хүлээгээд зогсож байсан. Тэр хүн утсаар нь ярихад одоо очиж байна гэхээр нь хүлээж байгаа гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёр хамт хүлээж байтал эмийн сангийн хүн нь хүүхдээ сургуулиас нь аваад ирж эмийн сангаа нээж орсон. Тэгээд Б бид хоёр дотогш ороход Б нь эмийн сангийн хүнтэй уулзаж танайх тухайн өглөгөө зуны 3 сард төлж дуусгана гэсэн байна лээ шүү дээ яагаад төлөхгүй байгаа юм бэ гэхэд тухайн эмийн санч нь төлнө өө, одоо төлөх боломжгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Б нь үгүй ээ, одоо мөнгөө авч байж явна гэсэн чинь эмийн санч нь та нар ажлын байранд ирж дарамталлаа гээд л гар ариутгагчаа барьж гарч ирээд гар ариутгагчаараа Б-ын толгой руу цохиод үснээс нь зулгааж бид хоёрыг гаргах гээд байсан. Тэгж байснаа мөнгөө маргааш хийчихье гэхээр нь Б тэгвэл бичиг хийж өг гэсэн. Тэгсэн чинь үгүй, та нар бичдэг юмаараа бич гээд байсан. Тэгсэн чинь Б утсаа гаргаж ирээд заа хэзээ өгөх үү гээд гар утсаараа рекорд хийж эхлэхэд би та нарт өгөхгүй гэж хэлээгүй, өгнө гэж хэлэнгүүтээ гар утсыг нь гараараа цохиж унагаасан. Тэгээд Б эгч уурлаад цагдаа дууд гэхээр нь би өөрийнхөө 86262256 дугаартай утсаар цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Эмийн санч нь бид хоёрыг хавж гаргах гээд гар ариутгагчаар Бын толгой руу цохиж, мөн хаалгаар түлхэж гаргах гээд байсан. Үснээс нь 2 удаа зулгааж биед нь халдсан, дараагаар нь Б гар утсаа гаргаж ирээд рекорд хийж эхлэх үед гар утсыг нь гараараа цохиж унагаасан. Тэгтэл Бын Айфоне-11 маркийн гар утасных нь ар тал нь хагарсан юм. Харин эмийн санчийн хувьд Б-ын гар утсыг цохиж унагаахад Б уурлаж яаж байгаа юм бэ гээд эмийн санчийн гар руу цохиж харагдсан, өөрөөр биед нь халдсан зүйл болоогүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Ч-н 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 12622 дугаар “1. О.Б-ын биед тархи доргилт, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт баруун гарын алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, өшиглөх үйлчлэлээр, 2022.09.13-нд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “.... Н.Э нь эмийн сангийн тейкний ар хэсгээс гарч О.Б дээр очиж, баруун болон зүүн гараараа толгойн үснээс зулгааж, татаж түлхэж байгаа бичигдсэн байна... үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 02:00 секундээс 12 минут 50 секунд хүртэл харилцан маргалдаж хэрэлдэж байгаа дүрс бичигдсэн байх бөгөөд үүнээс 12 минут 50 секундэд Н.Э нь О.Б-ын үснээс зүүн гараараа зулгааж баруун гараараа 2 удаа толгой хэсэгт нь цохиж үснээс нь зулгааж байгаа нь бичигдсэн байна...” гэх тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас О.Б-ын биед хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Н.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч О.Б нь эмчилгээ болон гар утасны төлбөрт 1.759.800 төгрөг нэхэмжилснээс толгойн дүрс оношилгоо хийлгэхэд  зарцуулсан 140.000 төгрөг, гар утасны төлбөрт  80.000 /эд хөрөнгийн үнэлгээ хийсэн дүн/, шинжээчийн зардал урьдчилан төлсөн 19.800 төгрөг буюу нийт 239.800 /хоёр зуун гучин есөн мянга найман зуу/ төгрөгийг шүүгдэгч Н.Э-ээс гаргуулан хохирогч О.Б-т олгон, гар утас худалдан авсан зөрүү төлбөрийг шүүгдэгч хариуцах үндэслэлгүй тул 1520.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Н.Э нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчид 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон  хувийн байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

   ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овгийн Н.Э-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Н.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Э-ээс 239.800 /хоёр зуун гучин есөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Б-т олгон, хохирогчийн нэхэмжлэлээс 1520.000 /нэг сая таван зуун хорин мянга/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН